Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 39

 

 

Б-, Ба- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2020/0039/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Ба-,  

Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл  нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 335 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн давж заалдах гомдлоор Б-, Ба- нарт холбогдох эрүүгийн 1939005430284 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Ба- суманд 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Ба- сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Зоригт овогт Оюунчимэгийн Б- /РД: СГ88041510/,  

Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Ба- сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Гн Ба-

Б- нь 2018 оны 5 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрээгийн уул” гэх газраас Бат-ын 5 тооны адууг хулгайлж, бусдад 3650000 төгрөгийн хохирол учруулсан,

Ба- нь эрүүгийн 1939005430284 дугаартай хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө эрх үүрэгтэйгээ танилцан, баталгаа гаргаж гарын үсэг зурсны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б-, Ба нарт холбогдох 1939005430284 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Б-, Ба- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан гэж үзэж байна.  Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2-т заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн давж заалдах гомдлоор Б-, Ба- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Б-, Ба- нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүд бүрэн хангагдаагүй, шүүхээс өмнө нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамжид заасан болон Ба-ийн найзууд гэх хүмүүс нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай байна. Иймд нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 335 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б-, Ба- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО