Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0013

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын 6-р баг, Жаргалан багийн 2-30 айлын орон сууцны 07 тоот хаягт оршин суугч Олхонууд овогт Д.Д миний бие Монгол улсын газрын тухай хуульд заасны дагуу Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваагийн 2008 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 27 дугаар захирамжийн 9 дүгээр заалтаар Жаргалан багийн иргэн Д.Д-д Жаргалан багийн Ховд их сургуулийн хойд талд, МАН-ын байрны хашааны урд, 11 жилийн I сургуулийн хашааны зүүн хойд талд 1035 метр квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон юм.

Захирамжийн 2 дугаар заалтанд газар эзэмшүүлсэн иргэдэд эзэмшүүлэх  гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, төлбөрийн тооцоо хийж, газар хэмжиж олгохыг газрын албаны дарга О.Батсайханд даалгасны дагуу 2008 оны 02 сарын 21-нд 200710643 нэгж талбайн дугаартай 1035 м2 газрыг 30 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх 0145534 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа юм.

2008 онд энэхүү захирамж гарсан С.Д  нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болохыг мэдэж Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга У.Батзаяа, мэргэжилтэн Ш.Түвшинбаттай удаа дараа уулзаж ашиг сонирхолын зөрчилтэй байна гэж үзэж шүүхэд хандана гэхэд. Ш.Түвшинбат болон Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтан нь хэл ам бололгүйгээр энэхүү захирамжийг хүчингүй болгож гэрчилгээг хураан авна гэсэн аман хэлцэл хийсэн.. С.Д нь төвд ойрхон буух газар, хашаагүй гэж манай хашаанд гуйж буусан.

Гэтэл Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваа 2008 оны 03 дугаар сарын 27-нд 60 хоногийн дараа 93 дугаар захирамжийн 19-т Жаргалан багийн Иргэн С Д-д Жаргалан багийн 1-1 тоотод 750 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр захирамж гаргасан нь:

1. Монгол улсын Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох гэж заасныг

2. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтаны өөрийн шийдвэр, үйлдэл эс үйлдэхүй гэрээ газрын тухай хууль тогтоомж газар эзэмшигч Д.Д  миний эзэмшилийн Жаргалан багийн Ховд их сургуулийн хойд талд, МАН-ын байрны хашааны урд , 11 жилийн 1-р сургуулийн хашааны зүүн хойд талд 1035 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн 0145534 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэгж талбарын 200710643 дугаартай 1035 м2, 2008 оны 02 сарын 27 - нд иргэнд газар эзэмшүүлсэн гэрээтэй Д.Д миний эзэмшилийн газар дээр давхцуулан иргэн С Д-д 750 м2 газрыг 2008 оны 03 сарын 27 -ны өдрийн 93 дугаар захирамжийн 19 дугаарт Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваа давхардуулан олгосон байх тул Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваагийн 2008 оны 03 дугаар сарын 27-ны 93 дугаар захирамжийн 19 дугаар заалт Монгол улсын Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д заасан заалтыг үндэслэн Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваагийн 2008 оны 03 сарын 27-ны 93 дугаар захирамжийн 19 дугаартай С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож ….....тоот газрын гэрчилгээ гэрээг хураан авч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв. Би 1997 онд анх энэ газрыг авах талаар газрын албанд хандахад хотын төвийн “А” зэрэглэлийн бүс гэсэн шалтгаанаар материал хүлээж авахгүй  байж байгаад 2008 онд уг газрыг Газрын албанд холбогдох бичиг баримт бүрдүүлж өгч өөрийн эзэмшилдээ авсан. Тухайн үед ХААИС-ийн талаас манй сургууль одоохондоо хогийн цэг байхгүй байна та хашаа барихаа түр хүлээж байна уу гэхээр нь би тэр үед хашаа бариагүй. Дараа нь 2009 онд Банзрагч гэж хүн тухайн тус газар дээр чулуу буулгахаар нь ямар учиртайг асуухад С.Д гэж хүн энэ хашааг 3000000 төгрөгөөр зарна гэж хэлсэн гэхээр нь би Банзрагчид энэ газар миний нэр дээр байдаг гээд газар эзэмших гэрчилгээгээ үзүүлэхэд С.Д-д мөн адил энэ газар эзэмших гэрчилгээ байдаг гэхээр нь тухайн үед газрын албан дээр очиж тэр үед ажиллаж байсан мэргэжилтэн Ш.Түвшинбаттай уулзахад та битгий хэл ам хийгээрэй, С.Д гуай тухайн үеийн Засаг даргад хаягийн өөрчлөл гэж хандаад захирамж гаргуулсан байна. Би тухайн үед хаягийн өөрчлөлтийг хараагүй учраас зөвшөөрлийг гаргасан байна гэж хэлж байсан. Мөн энэ газар дээр граш барьж Газрын албанд хандаж үл хөдлөх гэрчилгээ авах талаар хандахад танай грашийн газар доор шугам явж байгаа учир өгөх боломжгүй тул түр хүлээн үү гэхээр нь би 2012 онд дахин хандахад миний газрын хэмжээ өөрчлөгдөж грашийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Би 2009 онд багийн Засаг даргаар ажиллаж байсан Насандэлгэртэй уулзаж та яагаад миний газар дээр С.Д-г буулгаж давхар тодорхойлолт олгосон талаар лавлахад энэ хүн ядарсан хөгшин байгаа юм. Газар олдохгүй болохоор нь буулгасан гэсэн. 2016 оны 9 сард би уг газартаа байшин бариулж байтал С.Д гуай манай дүү нар дээр ирж энэ газар миний газар байсан, иймд та нар энэ барьж байгаа байшингаасаа надад газрын төлбөр болгож байр өг гэж хэлсэн байсан. Тэгээд би ямар учиртай талаар Газрын албан дээр очиж уулзахад мэдэхгүй байна гэсэн хариулт өгсөн. Тэр үед манай аав өвчтэй байсан учир би дахин хөөцөлдөж чадаагүй байж байгаад 2017 оны 01 сард тус газраа компанийн нэр дээр болгож зээл хөөцөлдөхөд тус газар чинь маргаантай газар байна гээд би газрын албан дээр ирж уулзахад та энэ асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлж гэж хариу өгсөн гэв.

Хариуцагч, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог шүүхэд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт ”...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ...” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд газар эзэмших эрхийн харилцаа нь зохих шатны Засаг даргын газар эзэмших зөвшөөрөл олгосон захирамжийн дагуу газар ззэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг.

Аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар захирамжийн 19 дэх заалтаар С.Д-д Жаргалан багийн 1-1 тоотод 750 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших зөвшөөрөл олгожээ.

Гэвч иргэн С.Д  газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нэгж талын хувийн хэрэг байхгүй зэргээс үзэхэд тухайн иргэнд Жаргалан багийн 1-1 тоотод 750 м2 газрыг эзэмших эрхийн харилцаа үүсээгүй байна. Энэ талаар иргэн С.Д-д мэдэгдэхэд нэхэмжлэгч Д.Д-ийн эзэмшиж буй газартай давхцуулан газар эзэмшүүсэн шалтгаан, уг газрын хаяг өөр өөр байгаа учир шалтгааныг шалгуулах тухай тайлбар гаргасан болно.

Үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэхэд хариуцагчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Д нь Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар захирамжийн 2 дахь хэсэг С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлд дурдсан гомдлын дагуу шалгаж үзэхэд:

  1. Энэ захирамжийн дагуу С.Д нь газар эзэмших гэрээ хийгээгүй, Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хувийн хэрэг үүсээгүй, газар эзэмших төлбөрөө хийгээгүй зэргээс үзэхэд тухайн газрыг эзэмших эрх үүсээгүй байна.
  2. Хаягжилтын асуудал зөрүүтэй байдал үүссэн зэргээс үзэхэд Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар захирамжийн хүчингүй болгох боломжгүй байна гээд нэхэмжлэгчийг шүүхэд ханд гэж  явуулсан.

           Бодит байдал дээр нь очиж үзэхэд тухайн газар нь нэг л газар бөгөөд давхцуулж олгосон байсан. Энэ асуудлыг шийдэхэд Ховд аймгийн Засаг даргаас тусгайлан гаргах санал байхгүй гэв.

Гуравдагч этгээд С.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Жаргалан багийн 01-01 тоотод олон жил эзэмшин амьдарч байсан билээ. Би анх энэ хашаанд 2003 онд ирсэн ба анх ирхэд уг хашааны газар нь ХААИС-ийн хогийн цэг байсан ба эзэнгүй хог шороондоо дарагдсан газар байсан. Би энэ хашаанд бууж хог шороог нь цэвэрлэж хашаа татаж авсан билээ. Харин манайх буугаад жил гаруй болсны дараа Д.Д-ийн нагац эгч гэх  2 эмэгтэй тухайн үед ХААИС-ийн дотуур байранд амвдарч байгаад, дотуур байр нь засвар хийгдэх гэж байна гээд гэр барин манай хашаанд буусан билээ. Тэр цагаас хойш 2009 он хүртэл нэг хашаанд айл хөрш болон амьдарч байсан. Би 2003 онд буугаад 2008 онд хөөцөлдөж тухайн газраа өөрийн нэр дээр болгон авч гэрчилгээ авсан. Тухайн үед Газрын албаны дарга О.Батсайхан, мэргэжилтэн Ш.Түвшинбат нар байсан ба би шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Засаг дарга Н.Нямдаваагийн 93 тоот захирамжаар Жаргалан баг 01-01 тоот гэсэн 0145562 дугаар, нэгж талбарын 200710681 дугаар бүхий 750 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрчилгээ авсан. Тухайн үед багийн айл өрхүүдэд хаягжилт хийж байсан бөгөөд МАХН-ын байрнаас дугаарлах гэж байгаад албан газар тусдаа, айл өрхөөс эхлэнэ гэж манай хашаанаас эхлэн Жаргалан багийн 01-01 гэж дугаарласан. Тухайн үеийн багийн Засаг даргаар Насанжаргал ажиллаж байсан. Гэвч гэрчилгээ давхардсан асуудал нь 2009-2010 оны хооронд яригдаж хэрүүл болж манайх энэ хашаанаас нүүж явсан. Намайг гэрчилгээ авахад гэрчилгээ сансраас авсан тойм зургийн хамт өгсөн ба одоо надад эдгээр бичиг баримт байгаа.

Бидний энэхүү гомдлыг харгалзан үзээд газрын харъяа газрууд үзэж шалгаад иргэн С.Д надад үүнтэй адил “А” зэрэглэлийн бүсэд 750 м2 газрыг дахин олгож миний нэр дээр шилжүүлэн өгвөл уг маргааныг дуусгавар болгож болох болно. Хэн нэгэн  төрийн ажилтаны буруутай үйлдлээс болж бид хохирмооргүй байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн маргаад байгаа газар нь тэр үедээ ХААИС-ийн хогийн цэг байсан. Манайх тэр хогийг цэвэрлээд хашаа татаж 2011 он хүртэл амьдарч байсан. Манайхыг байх үед газрын маргаан гарч байгаагүй. Тухайн газрын гэрчилгээ авахдаа хуулийн дагуу зохих шатны байгууллагад холбогдох материалуудыг нь бүрдүүлж өгч гэрчилгээ авсан. Энэ маргаан гарсны дараа би тухайн үед газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Түвшинбаттай уулзахад одоо тэр талаар сайн санахгүй байна гэж байсан. Энэ бүхэн Газрын албаны ажилтаны буруутай үйл ажиллагаанаас болж 1 газар дээр 2 гэрчилгээ гаргасны улмаас хохироход хүрээд байна. Бид газрын албаныханд дахиж энэ хэмжээний газар бидэнд олгоод өгвөл бид энэ газар дээр маргаад байх зүйлгүй гэж хэлж байсан боловч Газрын албанаас тийм боломж байхгүй гэж мэдэгдсэн. Иймд бид хохироход хүрээд байх тул тус газрын маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар захирамжийн С.Д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр  нэхэмжлэгч Д.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” 93 дугаар захирамжаар С.Д-д Жаргалан багийн 01-01 тоотод 750 м.кв газрыг  гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Д.Д-ийн газартай  давхацсан, улмаар түүний газар эзэмших эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгч маргажээ.

Хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс   маргаан бүхий 93 дугаар захирамжаар С.Д-д эзэмшүүлсэн гэх газар нь Д.Д-ийн эзэмшлийн газартай давхцаж байгаа талаар тайлбарлаж байгаа ба энэ талаар маргаагүй байна.

Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Д-д  Жаргалан багийн ХоИС-н хойд талд, МАХН-ын байрны хашааны урд, 11 жилийн сургуулийн зүүн хойно 1035 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх эзэмшүүлж, дараа нь 1035 м.кв газрын талбайн хэмжээ инженерийн шугамын байршлаас шалтгаалж  өөрчлөгдсөн тул  2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаар захирамжаар Д.Д-д Жаргалан багийн 1 дүгээр гудамжны 2 тоот хашааны 852,3 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан  газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг болон бусад нотлох баримтуудаар нотлогддог ба Д.Д нь уг газрын хууль ёсны эзэмшигч нь байна. /хх-45-64, 67,68,72-75/

Харин Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93  дугаар захирамжаар /хх-69-71/ С.Д -д  Жаргалан багийн 1-ийн 1 тоотод 750 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн боловч газар эзэмших гэрээ, нэгж талбарын байршлыг харуулсан кадастрын зураг байхгүй болох нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын  газрын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 145 дугаар албан бичиг /хх-83/ болон гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож  байна.

Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаар албан бичигт “С.Д-ийн эзэмшлийн гэх Жаргалан багийн 01-01 тоот газрын хувийн хэрэг манай мэдээллийн санд байхгүй болно” гэжээ. /хх-44/

Нэхэмжлэгч Д.Д-д Жаргалан багийн 01-02 тоот,  гуравдагч этгээд С.Д-д Жаргалан баг 01-01 тоотод байршилтай газрыг эзэмшүүлэхээр Ховд аймгийн Засаг даргын захирамж гарсан ба Жаргалан баг 01-01, 01-02 тоот нь нэг  байршилтай газар болох талаар хэргийн оролцогч нар хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.Д-д  газар эзэмшүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар захирамжийг алдаатай болсон талаар дурдсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий 93 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар нь  Д.Ду-ийн эзэмшлийн газартай давхцаж байгаа талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч Д.Д-ийн эзэмшлийн газартай маргаан бүхий 93 дугаар захирамжаар  гуравдагч этгээд С.Д-д эзэмшүүлэхээр олгосон газар нь давхцаж байгаа болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр давхар  нотлогдож байх ба Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар захирамжаар С.Д-д эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчиж олгосон  нь нэхэмжлэгчийн хууль ёсны газар эзэмших эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар  “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЯНЖИНДУЛАМ