Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/336

 

 2024              05           09                       2024/ШЦТ/336                                  

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХХ овогт А.Э-д холбогдох эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч А.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Э нь 2024 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн хх дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Сод монгол” шатахуун түгээх газрын баруун урд талын засмал замын хажуу хэсэгт “Тоёота приус 30” маркийн ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолооны ард унтсан байдалтай байхад нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн, “чи муу яасан хүний муу үзэх дуртай пизда вэ, адилхан эр хүмүүс байж, чамайг бүлээд алчихъя л даа, чамайг одоо энд бүлж ална” гэх мэтээр хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун гарын ядам хуруу, чигчий хуруунд шарх, хүзүүнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч А.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.  Үүнд:

1. Шүүгдэгч А.Э-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Тухайн үед машинаа тавиад, 3 хундага архи уусан байсан. Би шаардлага тавих тухайн цаг хугацаанд хохирогчийг цагдаагийн алба хаагч байна гэдгийг мэдээгүй. Тухайн үед цагдаагийн албан хаагч дүрэмт хувцас өмссөн байсан. Өмнөх оройн нь таксинд явж байхдаа 3 залууд боолгосон учраас айгаад хутга авч явсан байсан.  

Хохирогч баримтаар 302.000 /гурван зуун хоёр мянган/ төгрөг нэхэмжилсэн, үүнийг нь нөхөн төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлын мөнгийг төлнө, ажил хийгээд цувуулаад төлнө. Дахиад ийм үйлдэл гаргахгүй. Такси дуудаад явах боломж байсан. 2012 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Сарын 1.700.000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийн цалин орлоготой. Шинжээчийн дүгнэлттэй маргах зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу.” гэсэн мэдүүлэг, 

 

Гурав. Эрүүгийн 00000 0000 0000  дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 8 дахь тал),

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 9-13 дахь тал),

 

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хэргийн 14, 15-16 дахь тал),

 

4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 17-19 дэх тал),

 

5. Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0000 дугаартай мэдэгдэх хуудас болон ажлын байрын тодорхойлолт (хэргийн 52-58 дахь тал),

 

6. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 00000 дугаартай албан бичиг (хэргийн 61 дэх тал),

 

7. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 000 дугаартай шийтгэвэр (хэргийн 71-72 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...Өчигдөр буюу 2024 оны 02 сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд гэртээ байж байхад Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэв журмын тасгийн ахлах байцаагч, ахмад М.Б “Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7-р хэсгийн 14 тоотод очиж хэргийн гарын хамгаалалт авч хонох” үүрэг өгсний дагуу 22 цагийн орчимд гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэх газар луу явж байхад ...Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Сод Монгол ШТС-ын шатахуун түгээгүүрээс урагш 50 метр орчим зайд ХХХХ ХХХ улсын дугаартай, хар саарал өнгийн Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрж замын хажуугийн цас руу орсон, асаалттай зогсож байхыг хараад “жолооч нь ямар нэг байдлаар бие нь муудаж, урсгал сөрж орсон байж магадгүй” гэж бодоод шалгахаар очсон.

Ингээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга дээр очоод цонхыг нь тогшиход ямар нэг чимээ гаргахгүй, гадна талаас нь харах гэхэд жолооч болон доторх орчин сайн харагдахгүй, хар өнгийн цонхны хальсан хамгаалалттай байсан. Тэгэхээр нь жолоочийн хаалгыг татаж үзэхэд цоожгүй, онгойсон бөгөөд архи, согтууруулах ундааны үнэр шууд үнэртсэн. Жолооч нь жолооны хүрдээ тэврээд унтаж байгаа байдалтай байсан.

Энэ үед би өөрийн гар утсаа гаргаж ирээд дуу, дүрсний бичлэг хийж "жолоочоос таныг хэн гэдэг вэ, та хаана явж байгаагаа мэдэж байна уу" гэж асуухад хариулахгүй байсан. Тэгэхээр нь би “та цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээрэй” гэж шаардлага тавьж сануулсан ба “Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн офицер Б.” гэж танилцуулж байтал нөгөө жолооч шууд миний өөдөөс “чи чи ер нь” гээд машин дотроосоо миний гар руу цохиж, түлхэх үед миний гараас гар утас газарт унасан.

Тэгтэл тухайн тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа гарч ирээд “чи муу яасан хүний муу үзэх дуртай пизда вэ, адилхан эр хүмүүс байж” гээд миний нүүр, уруул хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад эргээд хартал тухайн жолооч өөрийн баруун бүсэлхий, ташаа орчимд баруун гараараа тэмтэрч байгаад хутга мэт зүйл гаргаж ирэн “чамайг бүлээд алчихъя л даа” гэж хэлэх үед нь би гартаа хутга барьсан байна гэж ойлгосон.

Тэгээд над руу чичиж дайрахад нь би хутга болон сарвуу хэсгээс нь хоёр гараараа барьж доош нь дарж хутгыг тавиулах гэж ноцолдон түүнийг хавирч газар унагасан. Газарт унаад хутгаа хаяагүй болохоор нь тэр хутгыг нь тавиулах гээд газар ноцолдож байх үед жолооч “чамайг одоо энд бүлж ална” гээд орилоод байсан ба би гараас нь хутгыг нь тавиулж, авч хажуу тийш нь шидсэн ба тухайн жолоочийн дээр нь гарч, цээж хэсэгт нь өвдгөөрөө тулж, зүүн гарыг нь баруун гараараа барьж, дээр нь сууж тухайн хүнийг аюулгүй болгоод, зам дагуу ойролцоо явж байсан тээврийн хэрэгслийг даллан зогсооход улаан өнгийн Тоёота акуа загварын тээврийн хэрэгсэл зогссон.

Дотроос нь эмэгтэй хүн гарч ирэхэд нь “та миний гар утсыг олоод өгөөч, энэ хавьд цасанд байгаа” гэхэд тухайн эмэгтэй “эгч нь айгаад байна, өөр хүн дуудаад ирье” гээд эсрэг урсгалаар явж байсан тээврийн хэрэгслийг зогсооход дотроос нь 2 эрэгтэй хүн бууж ирээд “юу болсон бэ, яасан бэ” гэхээр нь би мөн “миний гар утсыг олоод өгөөч” гэж тусламж хүссэн.

Тэгэхэд нэг эрэгтэй нь газраас миний гар утсыг олж өгөөд, би Эрхэс-10 буюу жижүүрийн ахлахад мэдэгдсэн. Өөрөөр биед нь халдсан зүйл байхгүй. Тухайн үед надад туслалцаа үзүүлж миний гар утсыг газраас олж өгсөн хүмүүсийн машины дугаар, утасны дугаар, хувийн мэдээллийг авч чадаагүй. Миний уруул хэсэгт хавдаж дотор талдаа язарсан, мөн баруун гарын ядам болон чигчий хуруу зүсэгдсэн байна. Тухайн гэмтлийг миний очиж шалгасан тээврийн хэрэгслийн жолооч учруулсан. Намайг анх харахад тухайн хүний зүүн нүдний доод хэсэгт хавдсан юм шиг харагдсан, гэхдээ нарийн сайн анзаарч хараагүй. Гомдолтой байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23-24 дэх тал),

 

9. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Хүний биед хийсэн хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дугаартай:

“1. Ц.Б-ийн биед баруун гарын ядам хуруу, чигчий хуруунд шарх, хүзүүнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх “баруун гарын ядам хуруу, чигчий хуруунд шарх” гэмтэл нь хурц ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 29-30 дахь тал),

 

10. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хэргийн 79 дэх тал),

 

11. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Хүний биед хийсэн хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 0000 дугаартай:

“1. А.Э-ын биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн дотор үүсэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 34-35 дахь тал),

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Э-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн:

“...2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр таксинд явж байгаад нойр хүрээд байхаар нь CU дэлгүүрийн гадна зогсоод жаахан унтъя гэж бодсон юм. Тэгээд би CU дэлгүүр рүү орж Ub hero гэх нэртэй 0.5 литрийн 2 лааз пиво худалдаж аваад, машин дотор байсан Талын хар нэртэй архинаас 3 хундага байсныг уугаад, нэг лааз пиво уусан. Уучхаад гэртээ харьж унтъя гэж бодоод дуудлагын жолооч дуудах гэсэн боловч 50.000 төгрөг гэсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй.

Тэгээд зогсож байсан газраасаа бага зэрэг хөдлөөд явах гэж байгаад болиод машинаа эсрэг талын замын хажуу руу оруулаад, машиныхаа жолооч талын суудлыг хэвтүүлээд унтсан. Унтаж байсан чинь миний талын цонхыг хүн цохиод, хаалга онгойлгохоор нь сэрээд харсан чинь цагдаагийн хувцастай, цагдаагийн алба хаагч нь “би Хан-Уул дүүргийн цагдаа байна” гээд өөрийнхөө нэрийг хэлээд, “юу хийж байгаа юм бэ, яагаад замын хажуу тал руу орчихсон юм бэ” гэхээр нь би “өөрийнхөө машиндаа унтаж байна аа, бага зэрэг юм уучихсан байна” гэсэн чинь тухайн албан хаагч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж болохгүй гэсэн шаардлага тавиад байсан бөгөөд би бага зэрэг бухимдсан.

Тэгээд би сандраад баруун талын тэлээнд хутганы даавуун уутанд хутга байгаа гэдгийг санаад, өө уучлаарай миний энд хутга байгаа гээд баруун гараараа гаргаж ирж байсан чинь шууд намайг татаж машинаас буулгаад газар унагасан бөгөөд бид хоёр бага зэрэг ноцолдоод тухайн цагдаа миний гарыг хутгалчихлаа гээд байсан, миний гарыг ард гаргаж машины баруун ард хэсэгт тонгойлгож дарж байсан.

Би гэхдээ архи бага зэрэг уучихсан, халуун паар тавиад машиндаа унтаж байсан болохоор толгой тархи эргээд зарим нарийн зүйлсийг санахгүй байна. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн санагдаж байна. Миний баруун талын шанаа хавдсан, дух хамрын хэсэгт бага зэрэг шалбарсан. Тухайн гэмтлийг цагдаагийн алба хаагч л учруулсан байх. Би ойрын хугацаанд зодож цохиулсан зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би хутга байгаа гэдгээ л илэрхийлж гаргаж ирж байх үед л тийм зүйл болсон. Тухайн хутгыг би 1 жилийн өмнө Хархорин зах дээрээс худалдаж авсан юм. Би орой үдэш таксинд явдаг болохоор биедээ хутга авч явдаг бөгөөд ямар нэгэн гэнэтийн зүйлд зориулж өөртөө бэлдэж авч явсан. Тухайн хутга хар бараан өнгийн төмөр, болон ясан бариултай, бариулын хойд хэсэгт барын дүрс бүхий дүрстэй, эвхэгддэг тонгорог нэртэй хутга.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26-27, 77-78 дахь тал) болон хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 38 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 43 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 44 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 45 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 46-47 дахь тал), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 63-66 дахь тал)  зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Э нь 2024 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Сод Монгол” шатахуун түгээх газрын баруун урд талын засмал замын хажуу хэсэгт “Тоёота приус 30” маркийн ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай жолооны ард унтсан байхад нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Б нь албан үүргийн хувьд жолоочоос “таныг хэн гэдэг вэ, та хаана явж байгаагаа мэдэж байна уу, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн офицер Б. байна, та цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээрэй” гэх зэргээр шаардлага тавихад нь согтуурхан “чи муу яасан хүний муу үзэх дуртай пизда вэ, адилхан эр хүмүүс байж, чамайг бүлээд алчихъя л даа, чамайг одоо энд бүлж ална” гэж дайрч давшлан нүүр, уруул хэсэгт гараараа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар зэвсэг буюу хутга хэрэглэн заналхийлж, эрүүл мэндэд нь “баруун гарын ядам хуруу, чигчий хуруунд шарх, хүзүүнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт шарх” бүхий хөнгөн хохирол  учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн хохирогч Ц.Б нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой, халдлагад өртсөн 2024 оны 02 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “хэргийн газрын хамгаалалтад гарах” үүрэг гүйцэтгэхээр албаны хувцас, хэрэгсэлтэй явж байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тэрээр Цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэг бүхий Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан төрийн тусгай алба хаагч юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон, түүний эсрэг бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, тавьсан шаардлагыг нь үл биелүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрнэ.

 

Хохирогчийн хувьд үүрэг гүйцэтгэхээр явж байхдаа сэжиг бүхий зогссон тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн жолоочийг шалгах зорилгоор шаардлага тавьсан үйлдэл нь “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийхийг,  мөн нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардах, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд учирсан саадыг арилгах зорилгоор хүнийг тодорхой байр, газрыг орхин явахгүй байх, эсхүл өөр газар шилжин байрлахыг тус тус шаардаж болно” гэсэн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3 дахь хэсэгт заасан эрх үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйлдэл тул “хууль бус шаардлага” гэж үзэх боломжгүй юм.

 

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн аудентик тайлбарт: “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлж тайлбарласан байна.

 

Шүүгдэгч А.Э-ын албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч Ц.Б-ийн нийтийн хэв журмыг сахиулах үүргээ биелүүлэхэд нь саад учруулан шаардлага тавихад нь эсэргүүцэж, зэвсэг хэрэглэн заналхийлж, улмаар алба хаагчийн бие эрхтэнд хүч хэрэглэн халдаж хөнгөн гэмтэл учруулж буй гэмт үйлдэл нь “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, ийнхүү эсэргүүцэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос А.Э-ын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон байна.

Хэргийн шүүгдэгч А.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч А.Э-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, ийнхүү эсэргүүцэх явцдаа хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “баруун гарын ядам хуруу, чигчий хуруунд шарх, хүзүүнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт” шарх гэмтэл нь шүүгдэгч А.Э нь түүнийг цохиж, хутга барьж дайрсан үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Ц.Б нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Э нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хохирогч Ц.Б-ийн нэхэмжилсэн  эмчилгээний зардлын 302.000 /гурван зуун хоёр мянга/ төгрөгийг 2024 оны 04 сарын 15-ны өдөр нөхөн төлсөн нь шүүгдэгчээс хэрэгт гаргаж өгсөн Капитрон банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдсон байна. (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан)

 

Түүнчлэн “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэл гэж тогтоосныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид танилцуулахад хүлээн зөвшөөрч маргаагүй байна. (хэргийн 79 дахь тал)

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А275 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр, мөн Улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг хор уршгийн хувийг 4-8  хувь, сэтгэцийн эмгэгийн “Хоёрдугаар” зэрэглэлд хамааруулж, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээтэй байхаар тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус зааж хуульчилсан.   

 

Шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд тооцон шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүх, шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Ц.Б нь “гомдол саналгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан

- эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялын нийт хэмжээг 6500 /зургаан мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоож, шүүгдэгчийн цалин хөлс, хөдөлмөр эрхлэлт, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн 20 см урттай хутга нэг ширхгийг зохих журмын дагуу устгуулахаар шийдвэрлэж, энэ хэргийн улмаас А.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б нь “гомдол саналгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. ХХ овогт А.Э-ыг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. А.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан А.Э-д оногдуулсан торгох ялын хөнгөнийг хүндэд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 6500 /зургаан мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт А.Э нь хохирогч Ц.Б-д 302.000 /гурван зуун хоёр мянга/ төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорын хохиролд тооцож 3.000.000 /гурван сая/ төгрөгийг А.Э-аас гаргуулж хохирогч Ц.Б-д нөхөн төлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдан ирсэн 20 см урттай, нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт А.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б нь “гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД