Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/00947

 

 

 

 

 

 

 

 

 

                      2021              05             10

                                               183/ШШ2021/00947

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, А З гудамж, М таун хотхон, ХХ дугаар байрны ХХ тоотод оршин суух, Б овогт П-ийн Э /рд:ХЕ00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, А З гудамж, М таун хотхонд байрлах, М С ХХК /рд:0000ХХ/-д холбогдох,

 

21 155 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.                                                                                                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Э нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М С ХХК-ийн захиалгаар баригдаж, 2012 онд ашиглалтад орсон М С хотхоны 98 дугаар байрны ХХ тоот 132,22 м.кв талбайтай орон сууц, ХХ-03, ХХ-ХХ тоот тус бүр нь 15,5 м.кв талбайтай авто зогсоолыг 2014 оноос өнөөг хүртэл хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байна. Дээрх орон сууц болон 2 авто зогсоолыг анх 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.С М С ХХК-тай захиалгаар орон сууц, барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр, улмаар Н.С нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Д.Б-д худалдаж, эрх шилжүүлэх гуравласан гэрээг 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр М С ХХК, Н.С, Д.Б нар байгуулж, мөн өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг М С ХХК Д.Б нар шилжүүлж байгуулсан, 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр М С ХХК, Н.С нарын тооцоо нийлсэн актаар хоорондын ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй гэсэн байдаг. Улмаар 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр М С ХХК, Д.Б, П.Э нар мөн эрх шилжүүлэх гэсэн нэртэй гуравласан гэрээг байгуулж, уг гэрээг үндэслэн 2014 оны 5 дугаар сарын  28-ны өдөр М С ХХК, П.Э нар захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг дахин шинэчлэн байгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Д.Б, П.Э нарын тооцоо нийлсэн акт байдаг бөгөөд мөн 2014 оны 10  дугаар сарын 02-ны өдөр хоёр авто зогсоолтой холбоотой гэрээ байгуулан одоог хүртэл амьдарч байна. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр М С ХХК-аас улсын бүртгэлд П.Э-тай холбоотой төлбөр тооцооны асуудал байхгүй гэсэн албан бичгийг өгсөн. Гэтэл М С ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан бөгөөд М С ХХК нь дээрх 98 дугаар байрыг бүрэн баригдаж, ашиглалтад орохоос өмнө өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, Худалдаа хөгжлийн банктай 2011 онд Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, барьцаалснаас үүдэн миний өмчлөх эрх баталгаажихгүй байх нөхцөл бүрдсэнийг би хожим олж мэдэж, мэдсэн даруйдаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч М С ХХК-д холбогдуулан тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, тус шүүхийн шүүгчийн мөн өдрийн 101/ШШ2020/01399 дүгээр захирамжаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, намайг маргаан бүхий орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосон, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бидэнд шүүх хэдийгээр П.Э-ыг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудал байхгүй ч гэсэн Улаанбаатар хотын банкны барьцааны эрх цаг хугацааны хувьд эхэнд үүссэн байгаа учраас тухайн банкны эрхийг зөрчих боломжгүй тул танай зүгээс Улаанбаатар хотын банктай асуудлаа шийдвэрлээрэй гэсэн хариуг өгсөн. Улаанбаатар хотын банктай очиж уулзахад М С ХХК-ийн төлөх үүрэгтэй төлбөрийг төлсөн тохиолдолд манай банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлүүлэн, дараа нь тухайн төлбөрөө М С ХХК-аас нэхэмжлэн авч болох юм гэсэн. Ингээд өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр МБЧ-68 тоот Төлбөр барагдуулах, хөрөнгө барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх гэрээг Худалдаа хөгжлийн банк болон М С ХХК-тай байгуулж, уг гэрээний 2.1-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 400011526 тоот дансанд 21 155 200 төгрөгийг М С ХХК-ийн өмнөөс төлж, үл хөдлөх хөрөнгөө банкны барьцаанаас чөлөөлүүлсэн. Гэвч Улсын бүртгэлийн газарт очиход дахин асуудал үүссэн нь мөн л хариуцагч М С ХХК-тай холбоотой, өөрөөр хэлбэл тухайн барилгыг барьсан газартай нь холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгалт хийх ажиллагаа явагдаж байгаа учраас иргэдийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж болохгүй гэсэн тул одоог хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй байна. Төлбөр барагдуулах, хөрөнгө барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх гуравласан гэрээнд тухайн төлбөрийг П.Э нь буцаан авах буюу М С ХХК-аас нэхэмжлэх эрхгүй гэсэн агуулга бүхий заалт байдаггүй. Иймд дээрх гэрээгээр орон сууц захиалагч буюу нэхэмжлэгч П.Э-ын хувьд ямар нэгэн байдлаар Худалдаа хөгжлийн банкны өмнө үүрэг хүлээгээгүй бөгөөд төлөх ёсгүй мөнгийг төлсөн тул хариуцагч М С ХХК-аас 21 155 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын банк /одоогоор Худалдаа хөгжлийн банк/, М С ХХК болон П.Э нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр МБЧ-68 дугаар “Төлбөр барагдуулах, хөрөнгө барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний 1.2 дугаар зүйлийн 1.2.e-д “Орон сууц захиалагч болон банк нь дээр дурдсан шүүхийн шийдлийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож аль аль талын ашиг сонирхолд нийцүүлэн орон сууц захиалагчийн орон сууцны хувьд асуудлыг эвлэрлийн байдлаар шийдвэрлэхээр тохиролцсон болно” гэж, 1.2.g-д “...Орон сууц захиалагч нь энэ зүйлийн (е)-д дурдсанчлан өөрийн хөрөнгийг чөлөөлөх зөвшөөрлийг банкнаас авсны дараа энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, барьцааны хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлүүлэхээр дахин маргах, энэ гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар шаардах зэрэг болон бусад байдлаар маргахгүйгээр, шударгаар уг асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр зөвшөөрсөн... ” гэж тус тус зааснаар П.Э нь сайн дураар энэхүү төлбөрийг төлж, буцаан шаардахгүй гэдгээ илэрхийлж гэрээг байгуулсан. Мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-д “Энэ гэрээнд Барьцаалуулагч төлбөрийг орон сууц захиалагчид нөхөн төлөх хугацааг зориуд тусгайлан дурдаагүй бөгөөд орон сууц захиалагч гэрээг байгуулахдаа богино хугацаанд уг төлбөрөө барагдана гэх төсөөллөөр байгуулаагүй, Барьцаалуулагчийн төлбөрийн чадвар уг төлбөрийг төлөх боломжтой хэмжээнд хүрч чадахгүй байж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгуулсан болно” гэж зааснаар барьцаалуулагч болох М С ХХК-ийн төлбөрийн чадвар тус гэрээг байгуулах үе буюу 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөх хэмжээнд хүрч чадаагүй буюу үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул П.Э-ын хүлээн зөвшөөрсөн гэрээний дагуу нэхэмжлэгчид уг төлбөрийг шаардах эрх үүсээгүй гэж үзэхээр байна. П.Э нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг өөрөө тодорхойлон хүлээн зөвшөөрч, уг гэрэг байгуулсан атал ийнхүү М С ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр, эвлэрлийн бус журмаар төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд  М С ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ''Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй' гэж заасны дагуу Улаанбаатар хотын банк / одоогоор Худалдаа хөгжлийн банк/, М С ХХК болон П.Э нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр МБЧ-68 дугаар “Төлбөр барагдуулах, хөрөнгө барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх гэрээ”-нээс татгалзаж байгаа болно. Иймд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор М С ХХК нь П.Э-д төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч М С ХХК-д холбогдуулан 21 155 200 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...М С ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан, ... гэтэл тус компани уг байрыг бүрэн баригдаж, ашиглалтад орохоос өмнө өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, ...барьцаалсан байсан, ... шүүхийн шийдвэрээр намайг маргаан бүхий орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосон, ...Төлбөр барагдуулах, хөрөнгө барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх гэрээг Худалдаа хөгжлийн банк болон М С ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр орон сууц захиалагч буюу нэхэмжлэгч П.Э Худалдаа хөгжлийн банкны өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй бөгөөд М С ХХК-ийн өмнөөс банканд 21 155 200 төгрөг төлсөн. Иймд хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул уг төлбөрийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...М С ХХК нь тухайн үед орон сууцны 1 м.кв-ийг 1 800 000 төгрөгөөр худалдаж байсан боловч тус орон сууцны анхны захиалагч Н.С-д уг орон сууцыг хөнгөлөлттэй үнээр буюу 1 м.кв-ийг 1 450 000 төгрөгөөр тооцож, орон сууцны үнэнд 191 719 000 төгрөг, авто зогсоол нь 32 000 000 төгрөг, нийтдээ 223 719 000 төгрөгөөр худалдсан. Үүний дараа Н.С нь Д.Б гэх хүнд зөвхөн орон сууцыг 223 719 000 төгрөгөөр худалдсан, Д.Б нь нэхэмжлэгч П.Э-д цааш дамжуулан худалдсан. Иймд анхны захиалагчид бид бага үнээр орон сууцыг худалдсан байхад худалдан авагч нь цааш бусдад дамжуулан худалдсан орон сууцыг чөлөөлж авахдаа төлсөн төлбөр 21 155 000 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж маргасан.

  

Хэргийн баримтаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууц хотхоны ХХ байрны ХХ тоот 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, ХХ-3, ХХ тоот зогсоолыг иргэн Н.С нь М С ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу эзэмшсэн, улмаар Н.С нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний уг орон сууцыг Д.Б-д 232 720 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсны дагуу 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр М С ХХК, Н.С, Д.Б нарын хооронд эрх шилжүүлэх гуравласан гэрээ, Д.Б М С ХХК-ийн хооронд тай захиалгаар орон сууц, барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан,  Д.Б нь уг орон сууцыг П.Э-д 304 106 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тэдгээрийн хооронд эрх шилжүүлэх гэрээ, М С, П.Э нарын хооронд Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх, М С ХХК болон Н.С нарын хооронд 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээнд “...4 өрөө орон сууц, ХХ-3, ХХ тоот зогсоол” гэж дурдсан нь Н.С орон сууцыг зогсоолын хамт Д.Б-д, Д.Б нь мөн орон сууцыг зогсоолын хамт П.Э-д худалдсан болохыг нотолж байх тул хариуцагчийн гаргасан “...зөвхөн орон сууцыг 223 719 000 төгрөгөөр худалдсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч нь “...гэрээгээр, уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлүүлэхээр дахин маргах, энэ гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар шаардах зэрэг болон бусад байдлаар маргахгүй байхаар тохиролцсон. Мөн гэрээнд барьцаалуулагч төлбөрийг орон сууц захиалагчид нөхөн төлөх хугацааг зориуд тусгайлан дурдаагүй, богино хугацаанд уг төлбөрөө барагдана гэх төсөөллөөр байгуулаагүй, барьцаалуулагчийн төлбөрийн чадвар уг төлбөрийг төлөх боломжтой хэмжээнд хүрч чадахгүй байж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгуулсан атал нэхэмжлэгч нь М С ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр, эвлэрлийн бус журмаар төлбөрийг шаардаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж байна” гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1399 дүгээр шүүгчийн захирамжаар, нэхэмжлэгч П.Э-ын гаргасан орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М С ХХК зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Улмаар дээрх шийдвэрийг биелүүлэх зорилгоор, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр П.Э, Худалдаа хөгжлийн банк, М С ХХК гэсэн талууд Төлбөр барагдуулах, хөрөнгө барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх гэрээг байгуулж, тус гэрээний 2.1 дэх заалтаар орон сууц захиалагч буюу П.Э нь барьцаа хөрөнгөд ногдох төлбөр 21 155 200 төгрөгийг банканд сайн дураар төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Үүний дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч М С ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгөд ногдох хэсгийн төлбөрийг болох 21 155 200 төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд төлсөн байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгчийг сайн дураар төлбөр төлөхөөр талууд тохиролцсон байх тул үүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй, харин нэхэмжлэгч ийнхүү төлбөр төлснөөр түүнд хохирол учирснаас гадна хариуцагчид 21 155 200 төгрөгийн үр шим бий болсон байх тул энэ хэмжээгээр хариуцагч М С ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.   

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь М С ХХК-ийн ашиг сонирхлын төлөө, мөн өөрийн эд хөрөнгө өмчлөхөд бодитоор учирч болзошгүй гэм хорыг урьдчилан зайлуулах зорилгоор төлбөр төлсөн нь хариуцагчид илтэд ашигтай, мөн хариуцагчийн өөрөө хийх байсан хэмжээ, хэлбэрээр хийгдсэн нь хариуцагч М С ХХК-ийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй байх тул  дээрх харилцаа нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасан  бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх үүргийн харилцаанд мөн хамаарч байна.

 

Иймд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй”, 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасныг баримтлан хариуцагч М С ХХК-аас 21 155 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Э-д олгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263 730 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Зохигчид 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах, хөрөнгө барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2.g дэх заалтаар “...гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлүүлэхээр дахин маргах, энэ гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар шаардах зэрэг болон бусад байдлаар маргахгүй...”  гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байх боловч мөн гэрээний 2.3 дахь заалтад “...захиалагчийн банканд төлсөн төлбөрийг барьцаалуулагч буюу М С ХХК захиалагчид буцаан төлөх үүрэгтэй” гэж тусгасан байх тул энэ үндэслэлээр гэрээнээс татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, хариуцагчийн гэрээнээс татгалзаж байгаа талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг, мөн зохигчид гэрээний 1.2.е-д заасны дагуу маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М С ХХК-иас 21 155 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Э-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263 730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Э-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ