Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 40

 

 

Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0040/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттайгаар,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Н.Амаржаргал,

Шүүгдэгч Ц-, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар, Х.Баатарбилэг нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ц- давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2040000000006 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Дархан суманд 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн уулын цехэд жолооч ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, Хангайн 7-700 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт О-н Ц- нь

2019 оны 12 дугаар сарын 01-ний орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 7-700 тоотод оршин суух өөрийн гэртээ, хамтран амьдрагч Б.Бо- бага насны 8 нас 5 сартай Т-ыг эрхшээлдээ байгааг далимдуулан өмсөж байсан цээживч, турсикийг хүчээр тайлж, улмаар 2 өвдөгнийх нь завсраар бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, мөн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө А.Т-ын өмсөж байсан турсикийг тайлж, дээш харуулан хэвтүүлж 2 гуяны завсраар бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Оюунбилэгийн Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц- 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц-д оногдуулсан 12 /арван хоёр/ жил хорих ялыг хаалттай  хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

Шүүгдэгч Ц- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т-тай бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийгээгүй, охинтойгоо нялуурч, “мөнгө аваарай” гэж хэлсэн нь үнэн. Би эхнэртэйгээ ч охин Т-ын мэдүүлсэн шиг бэлгийн харилцаанд ордоггүй. Миний утсан дээр ажлын хүмүүсийн групп чатад бэлгийн харилцаанд орж буй хүмүүсийн дүрс бичлэг байсан. Тэрийг охин Т- үзсэн байх. Тэгээд л ийм зүйл ярьсан байх. Харин би Я-тэй харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Иймд хэргээ дахин шалгуулах хүсэлттэй байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, дан ганц насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд мөрдөгч, прокурор энэ үүргээ биелүүлээгүй, үүнээс үүдэн шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гарсан гэж үзэж байна. Тус хэрэг нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, эргэлзээтэй зүйлүүд байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан. Тухайн хэрэг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 7-700 тоот хаягт үйлдэгдсэн гэдэг. Хэргийн газрын үзлэг хийж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон тухайн хаяг байдаг эсэхийг шалган тогтоох шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох шаардлагатай бөгөөд анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг үндэслэн хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан байтал мөрдөгч, прокурор энэ заалтыг нэг мөр хэрэгжүүлээгүй. Мөн шүүгдэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Я-тэй бэлгийн харьцаанд орсон нь хэрэгт хамааралтай эсэхийг шалгаж тодруулах, насанд хүрээгүй хохирогч “...миний боожгой өвдөөд байсан...” гэж мэдүүлэг. Тэгвэл охины бэлэг эрхтэнтэй шүүгдэгчийн бэлэг эрхтэн хүрэлцсэн эсэх, хүрсэн бол охин хальс цоорох боломжтой эсэхийг мэргэжлийн шинжээч томилж шалгуулах шаардлагатай байна. Өмнөх шинжээчийн дүгнэлтээр зөвхөн гэмтлийн зэргийг тогтоосон байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Ц- нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн газрын үзлэг хийлгэх саналыг гаргаж байгаа бөгөөд үзлэгээр юуг тогтоох гэж байгаа, хэрэгт ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй. Мөн Я- гэх хүнийг дахин асуух шаардлагатай гэж байгаа боловч Я- нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр тодорхой мэдүүлэг /хх 48х/  өгсөн байдаг. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр мэдүүлэг нь тогтоогдсон. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Ц- давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Насанд хүрээгүй хохирогч А.Т-ын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон эх Бо- нь шүүгдэгчийн хамтран амьдрагч, түүний хүүхдийг төрүүлсэн ашиг сонирхлын зөрчилтэй байхад хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн ...ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.

Насанд хүрээгүй хохирогч А.Т- нь “...аав боожгойгоо миний аманд хийсэн, намайг дараа нь хэвтүүлж байгаад миний боожгойг долоож сороод байсан...” гэж мэдүүлсэн байхад яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт энэ талаар бичилгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, шүүгдэгчийн дээрх үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн тус хэрэгт хүүхэд хамгаалах байгууллагаар нөхцөл байдлын үнэлгээ гаргуулах, О.Ц- бэлгийн амьдрал хэвийн эсэх талаар гэрч асууж, шинжээчийн дүгнэлт гаргуулах, шүүгдэгч нь бусдын бэлгийн харьцаанд орж буй бичлэгийг гар утсанд суулган үзүүлж, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг шалгаж тогтоох зэрэг ажиллагаануудыг хийгээгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд эдгээр ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай. 

 

2. Хэргийг прокурорт очтол Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА