Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 111/2016/0035/з |
Дугаар | 125/ШШ/2017/0017 |
Огноо | 2017-05-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 125/ШШ/2017/0017
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6-р багт оршин суух Б.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Б.М намайг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах, 2015 оны 07 сараас 2017 оны 4 сарыг дуустал нийт 22 сарын 14.424.146 төгрөг /арван дөрвөн сая, дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан/-ийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Б.С , гуравдагч этгээд М.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр ажиллаж байх үед 2014 оны 01 сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар тус орон тоо хасагдсанаар цомхтголд орсон тухайн өдөр Төрийн албаны тухай хуулийн 27 зүйлийн 27.2 4-д заасны дагуу мэргэжил, мэргэшлийн дагуу тус хөдөлмөрийн хэлтсийн сул орон тоо болох Шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилогдох ёстой байлаа. Гэтэл тухайн үеийн тус хэлтсийн дарга асан Н.Саматын хариуцлагагүй байдлаас болж томилогдох боломж алдаж эрх зөрчигдсөн болохоор, миний бие хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 110/ШШ2016/0019 тоот шийдвэр гаргаж намайг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 06 сарын 29-ний хүртэл Хөдөлмөрийн хэлтсийн Шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажилласнаар тогтоож, миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олговрыг тус хэлтсээс гаргуулан олгож шийдвэрлэсэн ба шийдвэр 08 сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон.Мөн энэ шийдвэрээр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн намайг цаашид төрийн албаны баталгаагаар хангаж, үргэлжлүүлэн ажиллуулахаар зөвшөөрсөн тэдний зөвшөөрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Тус шүүхийн шийдвэрээр намайг 2015 оны 06 сарын 29-ний хүртэл ажилласнаар тооцох болсон учир шалтгаан нь тус маргаан бүхий орон тоо нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 сарын 29 өдрийн А/127 тоот тушаалаар мөн хасагдсан болохоор энэ өдөр хүртэл ажилласнаар тооцсон ба миний цаашид төрийн албаны тухай хуулийн дагуу дахин баталгаагаар хангагдах эрхийг минь нээлттэй орхисон болно. Үүнээс хойш Хөдөлмөрийн хэлтсээс ямар нэгэн баталгаагаар хангасан талаар захиргааны шийдвэр гараагүй болно.
Учир нь тус шүүхийн шийдвэрт 2015 оны 06 сарын 29-нөөс хойш баталгаагаар хангагдах эсэх талаар, мөн миний эрхийг дордуулсан талаар үйл баримт дурдагдаагүй бөгөөд нэхэмжлэгч надаас шалтгаалах буруутай үйлдэл байхгүй гэдгийг шүүх дүгнэж, зөвхөн баталгаагаар хангах үүргээ биелүүлээгүй, баталгаагаар хангах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа гэдгийг шүүх тогтоосон байгаа.
Хэрэв ажил олгогч Хөдөлмөрийн хэлтсийн дарга хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэн намайг тухайн үед ямар ч маргаангүй баталгаагаар хангаж маргаан бүхий орон тоонд шилжүүлэн томилж, хэвийн ажиллуулж байсан бол миний бие ийм олон хоногоор маргаж, хохирох ёсгүй байсан.Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргах эрхгүй ба маргаан гаргаагүй болно.Төрийн албаны тухай хуульд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдсан нөхцөлд дахин баталгаагаар хангагдах талаар зохицуулсан заалт байгаа болохоос түүнийг үгүйсгэсэн заалт байхгүй юм.
Иймд шүүхээс хүсэх нь: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.3.4, 106.3.5-д зааснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсоны дагуу намайг 2015 оны 06 сарын 29-нээс эхлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоон өгч, баталгаагаар хангах тухай захиргааны шийдвэр гаргахыг Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү.
Жич: Маргааны талаар урьд нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж 18, 19 тоот тогтоолуудыг гаргасан ба, баталгаагаар хангах талаар үүрэг өгч байсан талаарх тайлбрыг урьд нь шүүхэд ирүүлж байсан тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн 162 дугаар тогтоолын дагуу эрх эдэлж Төрийн жинхэнэ албан хаагч болсон. 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүтцийн өөрчлөлт гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг эс зөвшөөрч Баян-өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, хариуцагч тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүх миний гомдлыг хянан хэлэлцэж 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус гомдлыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 475 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Дараа нь уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан Хуатхан нь хяналтын шатны шүүхэд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 475 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай тогтоолоор Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 475 дугаартай магадлалыг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Дараа нь гуравдагч этгээд Уатхан нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн уг орон тоонд томилогдсон нь шүүхээр тогтоогдож шүүхээр ял авсан. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Дээд шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай тогтоолыг хянуулахаар хүсэлт гаргасан. Дээд шүүх миний хүсэлтийг хянан хэлэлцэж 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай тогтоолоор урьд нь гаргасан шийдвэр, магадлал, тогтоолуудыг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлэхээр Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай шийдвэрээр 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл маргаан бүхий орон тоонд ажиллаж байсан байдлаар тооцож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажлын байраар хангах хүсэлт гаргасан. Гэтэл 2016 онд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хариуцагч болох Хөдөлмөрийн хэлтэс маань татан буугдаж хариуцагч маань байхгүй болсон. Ингээд миний бие аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандаж аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын 03-нд таны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай юм байна гэсэн хариулт өгсөн. Ингээд миний би Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргаж өгсөн.
Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш Төрийн албаны албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу баталгаагаар хангагдах эрх зүйн үндэс байгаа эсэхийг тогтоож өгнө үү гэсэн утгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хооронд хэргийн хариуцагч солигдож Баян-өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.С болсон. Төрийн албаны зөвлөлийн 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот, 04 дүгээр сарын 12-ны өдрийн 19 тоот дугаартай тогтоол гаргаж, надтай холбоотой бүх шийдвэрүүдийг гаргаж, намайг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргаар ажиллах тухай тогтоол гаргасан байдаг. Уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа учир энэ тогтоолын дагуу миний урьд эрхэлж байсан ажил албан тушаалыг өөр ажил мэргэжлээр сольж томилсон учир би энэ ажил албан тушаалд томилогдон ажиллах ёстой юм. Гэтэл тус байгууллага нь тухайн шийдвэрийг биелүүлж намайг ажилд эгүүлэн томилоогүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Мөн Баян-өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, маргаан бүхий ажлын байранд намайг томилуулан ажиллуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Тус тушаалд заасан ажлын байранд ажлын байрны тодорхойлолтод багш мэргэжилтэй хүн байна гэж заагаагүй байдаг бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу баталгаагаар хангагдах эрх зүйн үндэстэй гэж бодож байгаа. Учир нь 2015 оноос тус газарт ажиллаж байсан. Тухайн үеийн Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учир энэ эрхийг эдлэх ёстой. Иймд тус эрхийн хүрээнд уг тушаалын ажлын байранд томилохыг тус газрын даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хөдөлмөрийн хэлтсийн үе үеийн дарга нараас болж ажил хийж чадахгүй, цалин хөлс авч чадахгүйн улмаас хохирсон. Энэ тухай тодорхой баримтууд хэрэгт авагдсан байгаа. Миний бие 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан хугацааны нийт 22 сарын цалин хөлсний нөхөн олговор 14424146 төгрөгийг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагатай нэхэмжлэлийг мөн гаргасан.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн хоёрт 2014 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 06 дүгээр сарын 29-ний өдрийн хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 8893861 /найман сая найман зуун ерөн гурван найман зуун жаран нэг/ төгрөгийг аймгийн Хөдөлмөрийн Хэлтсээс гаргуулан олгохоор шийдвэрлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тоотын дагуу олгох болсон мөн үлдсэн хэсэг болох Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул тоонд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, 2015 оны 06 дугаар сарын 29-нээс 2016 оны 07 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацааны цалин хөлс болон 2014 оны 01 дүгээр сарын 24-ноос хойшхи хугацааны хоолны мөнгө нийт 10911707 /арван сая есөн зуун арван нэгэн мянга долоон зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд Б.М нь 2015 оны 06 дугаар сарын 29-нээс хойш Хөдөлмөрийн хэлтэст ямар нэгэн албан тушаал эрхлээгүй гэдэг нь тодорхой батлагдсан энэ шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болж хүчин төгөлдөр болсон тул Хөдөлмөрийн хэлтэстэй холбоотой мөн шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжин орох албан тушаал эрхлэх эрх зүйн ямар ч үндэслэлгүй байна. 2016 оны 07 дугаар сарын 05-аас эхлэн Б М-тай Хөдөлмөрийн хэлтэст ямар нэгэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй болох нь уг шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан, Хөдөлмөр. халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан энэ тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаа хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх тушаалын хавсралтад Б.М-ын нэр ороогүй байгаа нь тус хэлтэст ажиллаж байгаагүй гэдэг нь батлагдаж байна. Мөн тухайн тушаалын хавсралтад байгаа албан тушаалуудын дотор Шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй тийм орон тоонд ажиллаж байсан мэргэжилтэн ч тусгагдаагүй байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар батлагдсан орон тоонд Б.М-ын нэхэмжлэлд дурдсан албан тушаал батлагдан ирээгүй мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдаж дотроо Хөдөлмөрийн хэлтэстэй боловч таван орон тоотой батлагдаж ирсэн. Үүнд. Хөдөлмөрийн хэлтсээс шилжин ирсэн 5 хүнийг тухай албан тушаалд ажиллаж байгааг нь харгалзан томилон ажиллуулж байгаа юм.
Иймд Б.М-ыг тухайн хэлтэст томилон ажиллуулах боломжгүй.
Мөн иргэн Б.М шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт иргэний хувьд ажилтай болгох талаар шинээр хувийн өргөдөл гаргах зам нь нээлттэй байна.
Дээрх үндэслэлүүдийг харгалзан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэр эцсийн шийдвэр учир Б.М-ын гаргасан хоёр нэхэмжлэлийг хангах боломжгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хуулийн дагуу зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайдын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ажиллаж байгаа сая удирдах ажилтны шалгалт өгч жинхэлсэн байгаа.
Б.М нь 2014 оноос эхлэх шүүхээр яваад Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 19 дугаартай шийдвэрээр 2014 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 06 дугаар сарын 29-ныг хүртэл 8893861 төгрөгийн хөдөлмөрийн хөлс олгохоор шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу энэ хүн тус мөнгөө манайхаас гаргуулан авсан. Хөдөлмөрийн хэлтсийн даргад хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилох тухай заалт орсон байсан. Тухайн үед Хөдөлмөрийн хэлтэст тийм орон тоо байгаагүй. Тус орон тоо нь бүтцийн өөрчлөлтөөр цомхтгосон байсан.
Мөн 2015 оны 06 дугаар сарын 29-нөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цалин хөлс болох 10911707 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тухайн үед анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Гэтэл Б.М нь тухайн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй байсан тул тухайн хугацаанд гомдол гаргаагүй байдаг. Энэ нь тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг байгаа юм. Ийм учир миний бие Б.М-ыг ажилд авах боломжгүй байгаа юм.
Хоёрдугаарт Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолоор бүтцийн өөрчлөлтийг баталсан. Энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэж байгуулагдсан. Тус тогтоолын дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08 тоот тушаал гаргаж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт 23 хүнийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаал гарсан. Тухайн 23 хүнийг бүтцийн орон тооны өөрчлөлтөөр шилжүүлэх ажилд авахад Б.М-ын нэр тухайн шилжүүлэн ажиллуулах хүмүүсийн нэрс дотор байгаагүй учраас би Б.М-ыг ажилд авах боломжгүй байсан.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тоог 3 хэлтэстэйгээр 45 хүний орон тоотой баталж, тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтсээс 4 хүний ажлын байрыг хэвээр баталж өгсөн. Би тухайн үед ажиллаж байсан 23 хүнээс тухайн 5 хүнийг авахдаа хамгийн олон жил ажилласан хүнийг ажилд нь авсан. Тухайн үед би 2014 онд ажиллаж байгаагүй. Тухай үеийн Хөдөлмөрийн сайдын ажлын байрны тодорхойлолтоор Төрийн албаны тухай хууль Төрийн албаны зөвлөлийн гаргасан журамд “…ажил олгогч ажлын байрны тодорхойлолтыг гаргана..” гэж заасан байдаг. Тэрнээс биш хэн нэгэн хүн би тийм ажилд орно, ийм ажилд орно гэвэл хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэрийг Төрийн албаны зөвлөл, гаднын шинжээч нар дүгнэлт хийж тогтоох боломжгүй. Тэрнээс биш тухайн хүн багш байна уу, эмч байна уу хамаагүй, тухайн ажлын байранд тэнцэх эсэх дээр л дүгнэлт хийж М.Гүлияаг ажилд авсан. Энэ тухай би Б.М-д зөндөө хэлж байсан. Тийм учир маргаан бүхий ажлын байранд энэ хүнийг авах боломжгүй байсан. Тухайн үеийн шүүхийн шийдвэрээр энэ хүнд ажилгүйдлийн тэтгэмж гэж мөнгийг нь бид гаргаж өгсөн. Бид бүтэц орон тооны өөрчлөлтөөр гаднаас нэг ч хүн ажилд аваагүй, зөвхөн тухайн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан ажилтнуудаас 5 хүнийг ажилд авсан. Мөн сая шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн материал дээр уг хүнийг 2013 оноос хойш огт ажил хийж байгаагүйг нотолж байна. Тухайн үед шүүхийн шийдвэрээр 8893861 төгрөг гаргуулан авсан байж яагаад эрүүл мэнд, нийгмийн даатгалаа нөхөн төлөөгүй байгаа юм бэ? Энэ нь тодорхой харагдаж байна. Энэ хүн ажил хийе гэж бодоогүй зөвхөн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой байна.
2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтыг мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Тухайн үед энэ хүн огт ажиллаж байгаагүй. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргасан юм бол яагаад тухай үед ажиллаж байсан гэх 2013 оны ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй юм бэ? Энэ тухай Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд маш тодорхой зааж өгсөн байдаг. Энэ хүн тухайн үед ажиллаж байх үедээ тодорхой хугацааны дотор ажлын байрны тодорхойлолтоо хийлгүүлж, гаргуулж авах ёстой байсан.
Иймд энэ хүнийг ажилд авах болон тус нэхэмжлээд байгаа цалин хөлсийг өгөх ямар ч боломж байхгүй байна гэв.
Гуравдагч этгээд М.Гүлия шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Гүлия Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь заалт, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны "Нэр дэвшүүлэх" тухай 24 тоот тогтоол, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 64 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 59 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 62, 66 дугаартай тогтоолууд, Авилгатай тэмцэх газрын хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссарын 2014 оны 05/5263 тоот албан бичиг зэргийг үндэслэн гаргасан Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Хавшаны Б/22 тушаалын дагуу Хөдөлмөрийн хэлтсийн Мэргэжлийн боловсрол сургалт хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар ажилд орсон юм. Тус мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг түр сургалтад хамруулж, тэдгээрийг ажлын байранд зуучлан LMIS программд цаг тухайд нь оруулж байдаг. Мөн МСҮТ-ийн төгсөгчдийг хөтөлбөрт хамруулж ажлын байранд зуучлан LMIS программд шивж оруулдаг байсан
2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галиягийн Б/33 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ, ажил олгогчийг дэмжих арга хэмжээ хариуцсан мэргэжилтнээр томилогдсон юм. Тус албан тушаалын чиг үүрэг урьд нь хариуцаж байсан албан тушаалтай чиг үүргийн хувьд адилхан учраас хууль зөрчсөн зүйл байхгүй болно.
Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолоор Хөдөлмөрийн яам татан буугдсантай холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галиягийн Б/О8 дугаар бүхий тушаал мөн Төрийн албаны тухай хуулийн27 дугаар зүйлийн 27.2-т заасан заалтуудыг тус тус үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-ы тушаалаар Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр томилогдсон болно. Тус албан тушаал нь ажилд зуучлах үйлчилгээ авсан иргэдийн мэдээг нэгтгэн гаргаж сар бүр мэдээ тайланг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлдэг ба шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг мөн адилхан сар бүр гаргаж тайлагнадаг тул чиг үүргийн хувьд урьд ажиллаж байсан албан тушаалтай адилхан чиг үүрэгтэй болно. Иймээс нэхэмжлэгч Б.М нь Хөдөлмөр эрхлэлтийн албаны нийтлэг үйлчилгээний ерөнхий чиг үүрэг адилхан байдгийг одоо хүртэл ойлгохгүй яваа нь тухайн салбарт ажиллаж чадахгүй болохыг харуулж байгааг нотолж байгаа явдал болно. Мөн Б М нь нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээ мэдээлэл, ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн болгон өөрчлөн бий болгожээ гэсэн байна. Нэгдүгээрт энэ орон тоо статистик мэдээ, мэдээлэл биш хоёрдугаарт энэ орон тоог дур мэдэн өөрчлөх эрх мэдэл бидэнд байхгүй ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваагийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 дугаар бүхий тушаалаар өөрчилснийг нэхэмжлэгч болох Б.М-д сануулахад илүүдэхгүй болно. Нэхэмжлэгч Б.М нь миний бие ажилд томилогдсоноос хойш Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаагүй учраас тус орон тоонд ажиллах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй болно. Ажил олгогч Хөдөлмөрийн хэлтсийн үе үеийн дарга нарын буруутай үйл ажиллагаанаас болж хохирч байгааг нэхэмжлэгч Б.М бас дурдсан байна. Хөдөлмөрийн хэлтсийн үе үеийн дарга нар Б.М-д тухайн үед ажлын байр санал болгож байсан боловч Б.М нь татгалзаж байсан. Мөн Б.М-ын Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 110/ШШ2016/0019 тоот шийдвэрээр хүчингүй болгож, Б.М нь давж заалдаагүй нь тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байгаа болно. Иймд Б.М нь Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй болно. Б.М нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар орон тоо нь хасагдаж цомхтголд орж ажлаас халагдаад 3 жил болж байгаа нь Төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй, Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацаа хэтэрсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэвэл Б.М-ыг Төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн 2014 онд ажлаас халагдсан Б.М нь 2016 онд нэхэмжлэл гаргаж түүнийг шүүх хүлээн авч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.
Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж Б.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд М.Гүлия шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, Баян-өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны “Нэр дэвшүүлэх тухай” 24-р тогтоол, Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 64 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 59 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 66, 62 дугаар тогтоолууд, Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний газрын даргын 2014 оны 05/5263 дугаартай албан бичиг зэргийг үндэслэн Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан Х.Хавшаны 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар тус хөдөлмөрийн хэлтэст мэргэжлийн боловсрол, түр сургалт хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Тухайн үед уг ажлын байрны сонгон шалгаруулалтад орж байхад тавигдах шаардлага нь багш, нийгмийн ажилтан гэж заасан байсан.
Мөн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөн Б/33 дугаартай тушаалаар хэлтсийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсноор ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, ажил олгогчийг дэмжих арга хэмжээг хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Тэгээд Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолоор Хөдөлмөрийн яам татан буугдсантай холбогдуулан Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.
Би Б.М гуайтай 2014 оноос хойш Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байх хугацаандаа хамт ажиллаж байгаагүй. Өмнө нь сар гаруй ажиллаж байгаад Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрээр ажлаасаа гарсан байсан. Хөдөлмөрийн хэлтэст ажилд орохдоо Хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа ажлаа хийж чадахгүй байснаас болж 2013 оны манай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хөдөлмөрийн харилцаа хариуцсан ажлын дүнгээр улсын хэмжээнд хамгийн сүүлийн байр эзэлж байсан үзүүлэлттэй гарч байсан. Энэ нь тухайн үедээ ямархуу ажиллаж байсан талаар харуулж байна. Б.М-ын хэлээд байгаагаар тухайн үед манай Хөдөлмөрийн хэлтэст Хөдөлмөрийн статистик судалгаа гэж орон тоо байгаагүй. Тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар Б.М-д олон удаа ажлын байр санал болгож байсан. Миний мэдэхийн Дэлүүн сумын мэргэжилтнээр ажиллах тухай санал тавьж байсан. Энэ хүн тухайн үед очиж ажиллаагүй, Сагсай сумын мэргэжилтнээр ажиллах санал тавьж байхад мөн очиж ажиллаагүй. Тэгэхээр энэ хүн үнэхээр ажил хийх хүсэл сонирхолтой байсан эсэх нь эргэлзээтэй байна.
Мөн Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай шийдвэрээр 8893861 төгрөгийн хөдөлмөрийн хөлс олгохоор шийдвэр гарсан. Энэ нь 2015 оны 06 дугаар сарын 29-нийг хүртэл Б.М-ын хэлээд байгаа шинэ ажлын байр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацааны мөнгийг гаргуулан авсан. 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тус ажлын байрны орон тоо бүр хасагдсан. Тухайн үед Б.М нь тус шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө авчихаад гомдол гаргах хугацаандаа шүүхэд гомдлоо гаргаагүй байдлаас харахад тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байгаа юм.
Б.М нь Хөдөлмөрийн яамны сайдын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар тус орон тоо нь цомхтголд орж ажлаас халагдаад 3 жил болж байгаа. 2016 онд Хөдөлмөрийн яам татан буугдаж тухайн үед тус хэлтэст ажиллаж байсан хүнээс 5 хүнийг ажилд авсан, тэр үед Б.М нь ажиллаж байгаагүй учир ажилд авах боломжгүй байсан.
Иймд Б.М нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тухайн ажлын байр 2014 онд цомхтголд орсноос хойш 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа тул тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлдөө: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Хамгийн гол нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох үндсэн шаардлага байгаа. Нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 18, 19 дүгээр тогтоолоор Б.М-ыг үргэлжлүүлэн ажиллахыг даалгасан шийдвэр гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажиллагааг Төрийн албаны салбар зөвлөл хийдэг. Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны журамд зааснаар төрийн албаны маргааныг шийдвэрлэнэ. Төрийн албаны зөвлөлийн 18, 19 дүгээр тогтоолыг өмгөөлөгчийн хувьд шүүхэд нотлох баримтаар үнэлэгдэх, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна. Мөн өнөөдрийг хүртэл Б.М-ыг төрийн албаны нөөцөөс хассан гэх баримт орж ирээгүй байгаа. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох гэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 –д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллаж байсан байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан бол ижил төрлийн өөр албан тушаалт шилжүүлэн ажилуулах гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч маргаан үүсгэсэн байгаа. Өнөөдрийг хүртэл Б.М-ыг ажилаас чөлөөлсөн гэх тушаал хэрэгт нотлох баримтаар орж ирээгүй, мөн шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон тушаал байгаа юм.Иргэний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар байгууллага татан буугдаад, ажлын байрны чиг үүрэг нь шинээр байгуулагдсан газарт нэгдсэн байх юм бол тухайн байгууллагын эрх үүрэг хэвээр хадгалагдана гэж заасан байдаг.
Хариуцагчийн тайлбарлаад байгаагаар энэ хүний нэр нь бүтэц орон тооны өөрчлөлтөөр орж ирээгүй гэж хэлээд байгаа, мөн гарсан тушаал, орсон тушаал зэргийг мэдэхгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Архивийн тухай хуулиар тухайн байгууллагын бичиг баримт нь 10 жилийн хугацаанд тухайн байгууллагынхаа архивт хадгалагдана гэж заасан байдаг. Иймд хариуцагч шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Мөн тухайн ажлын байрны тодорхойлолтыг гаргахдаа хүндээ тохируулж гаргасан байдал харагдаж байна. Цалин хөлсний тухайд бол төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлсийг Монгол улсын Засгийн газраас тогтоодог. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа цалингийн үнийн дүн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэтрүүлээгүй гэж үзэж байна . Учир нь эс үйлдэхүй гэж асуудал гарч ирж байгаа бөгөөд тухайн хүнийг ажилд авахгүй вэ гэдгийг хэзээ мэдсэн талаар тогтоох шаардлагатай байгаа. Нэхэмжлэгч маань хариуцагчтай уулзаж ажил эргүүлэн авах тал дээр бичгээр хүсэлт гаргасан боловч харицагч тал уг хүсэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Нэхэмжлэгчийг тухайн ажлын байран эгүүлэн ажиллуулахыг, мөн төрийн жинхэнэ албан хаагч мөн, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч тал байгууллага татан буугдсан гэсэн шалтгаанаар тайлбарлаад байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр буцалтгүй тусламж олгосон эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд Б.М-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүргээс халагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн гуравдагч этгээдийг ажилд авах шаардлага байна уу, эсвэл Б.М-ыг ажилд авах эсэх тал дээр эрх зүйн харилцаа байгаа тал дээр тогтоолгох шаардлагатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр[1] Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс /тухайн үеийн нэршлээр/-ийн даргад холбогдуулан ”Төрийн жинхэнэ албан хаагч намайг хуулийн дагуу баталгаагаар хангах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, Хөдөлмөрийн хэлтсийн даргад захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийг гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр[2] нэхэмжлэлийн шаардлагаа “Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С-д даалгаж, М.Г-г 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус орон тоонд томилсон 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж, 2017 оны 04 дгээр сарын 19-ний өдөр[3] “2015 оны 07 сараас 2017 оны 4 сарын нийт 22 сарын 14.424.146 төгрөг /арван дөрвөн сая, дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан/-ийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах” гэж тус тус нэмэгдүүлсэн ба 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг асууж тодруулсан[4], нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр[5] шүүхэд бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсаныг шүүх хуралдаан дээр дахин асууж тодорхойлсоноор “Б.М намайг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах, 2015 оны 07 сараас 2017 оны 4 сарыг дуустал нийт 22 сарын 14.424.146 төгрөг /арван дөрвөн сая, дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан/-ийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэж, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Б.М намайг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.М нь “намайг шүүхийн шийдвэрээр 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажилласныг тогтоосон тул энэ хугацаанаас эхлэн төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй” гэж маргана.
Б.М-ын нэхэмжлэлтэй,Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн110/ШШ2016/0019 дугаар шийдвэрт[6] нэхэмжлэгч Б.М-ын ажилласан байдал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхзүйн эрхзүйн үндэслэлийн талаар дүгнэхдээ “Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаарыг шинэчлэн батласнаар Б.М-ын ажлын байрны орон тоо хасагдаж, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар сул байгаа орон тоонд шилжин ажиллах эрхтэй бөгөөд түүнийг 2014 оны оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр, 2014 оны оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалууд төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг бүрэн хангаж чадаагүй, хариуцагчаас тухайн үед сул байсан ажлын байранд шилжүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнээд нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээс ажлаас чөлөөлсөн 2014 оны оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгож, нэхэмжлэгчийн маргаж буй Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан бөгөөд нэхэмжлэгч нь тус албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байх тул томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 05-ны хүртэлх цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар нэхэмжлэгч Б.М-ын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажилласан байдлын талаар дахин дүгнэх шаардлагагүй бөгөөд энэ талаар талууд маргах эрхгүй байна.
Шүүхээс 2014, 2015, 2016 ондуудад Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоонд хийгдсэн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, хуульд заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг хянаад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан байх ч ажилд эгүүлэн тогтоогоогүй буюу маргаж буй ажлын байранд томилох үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Ийм учраас хариуцагч Хөдөлмөрийн хэлтэс /тухайн үеийн нэршлээр/-ийн дарга нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүрэг хүлээгээгүй байна. Харин нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 18 дугаар, 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 19 дүгээр тогтоолуудаар намайг ажиллах эрхтэй болохыг тогтоосон” гэх үндэслэлийн тухайд хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан Д.Хуатханыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон нь тус албан тушаалд Б.М-ыг шууд томилох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох зэрэг нэмэлт баталгаагаар хангагдах эрхтэй талаар байхад нэхэмжлэгч Б.М-ын хувьд ажлын байранд шилжин ажиллах баталгаагаар хангагдах эрхтэй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
Учир нь дээрх хуульд заасан баталгаанаас боломжит хувилбарыг хуульд нийцүүлэн сонгож шийдвэрлэх нь эрх бүхий этгээдийн эрх хэмжээний асуудал хэдий ч нэхэмжлэгч нь 2014 оны 01 сарын 24-ний өдөр Б/09 дүгээр тушаалаар орон тоо хасагдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн болон өөр ажилд шилжүүлэн томилсныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шинээр бий болсон, шилжин ажиллах боломжтой гэж үзэж байгаа ажил, албан тушаалын нэр заан маргаж байсан. Шүүхээс уг ажлын байранд шилжүүлэн томилох боломжгүй талаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад уг хугацаанаас хойш дахин нэхэмжлэгч Б.М-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуульд заасан баталгаагаар хангах эрх зүйн үндэслэлгүй юм.
Мөн Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 8893861 /найман сая найман зуун ерэн гурван мянга найман зуун жаран нэгэн/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Б.М-д олгосон талаар хариуцагч тайлбарласаныг тэмдэглэж байна.
Хоёр. ”Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсантай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 сарын 18-нй өдрийн Б/08 тушаалаар[7] тус хэлтэст ажиллаж байсан 23 ажилтныг цалингийн сангийн хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлжээ.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын[8] хавсралтаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг 45 орон тоотой баталснаас Хөдөлмөрийн хэлтсийн хэрэгжүүлж байсан чиг үүргийг хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс буюу 5 орон тоогоор хэрэгжүүлэхээр баталсан байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Хөдөлмөрийн хэлтсээс 23 ажилтныг шилжүүлэн ирүүлсэн тушаалд Б.М-ын нэр байгаагүй. Б.М надтай ирж уулзаж, шүүхийн шийдвэр үзүүлж байсан. Би түүнд нэр чинь уг тушаалд байхгүй учраас чамайг ажилд шилжүүлэн томилох боломжгүй. Харин шинээр ажилд орох өргөдөл гаргаж болно гэж хэлсэн. Хөдөлмөрийн хэлтээс шилжиж ирсэн 23 ажилтнаас ажлын туршлагыг харгалзан 5 ажлын байранд томилж бусдад хуулийн дагуу тэтгэмж өгсөн.” гэжээ.
Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 сарын 18-ны өдрийн Б/08 тушаалын хавсралтаар хүргүүлсэн 23 ажилтны нэрсийн жагсаалтын 10-т М.Г ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн гэж бичигдсэн байх ба Б.М-ын нэр байхгүй байна. Иймд өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Б.М-ыг ажлыг байраар хангах эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн тухайн үед Б.М-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байжээ.
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагчид ажлын байраар хангах талаар хүсэлт гаргаж байсанаа тайлбарлахдаа урд эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг хадгалагдан үлдсэн гэх М.Г-ийн ажлын байранд ажиллах эрхтэй гэж маргасан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл тус албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргаагүй атлаа М.Г-г томилсон тушаалтай маргасан нь үндэслэлгүй. М.Г нь 2014 оны 8 сараас эхлэн Хөдөлмөрийн хэлтэст ажилласан, байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор ажилтныг шилжүүлэхэд мөн ажиллаж байсан бөгөөд бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий ажлын байранд томилогдсон нь хууль зөрчөөгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим гэж заасан бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т төрийн жинхэнэ албан тушаалын болзол гаргасан тус байгууллагад ажилласан байсан төрийн жинхэнэ албан хаагчдаас сул орон тоог нөхөж ажиллуулж болохоор заасан байх тул М.Г-г маргаан бүхий ажилд томилсон хариуцагчийн үйлдлийг буруутгахааргүй байна.
Иймд М.Г-г маргаан бүхий ажилд томилсон нь нэхэмжлэгч Б.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь М.Г-г ажлын байранд тавигдах шаарлага хангаж байгаа эсэх талаар маргах эрхгүй юм.
Гурав. 2015 оны 07 сараас 2017 оны 4 сарыг дуустал нийт 22 сарын 14.424.146 төгрөг /арван дөрвөн сая, дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан/-ийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” Гэжээ.
Нэхэмжлэгч Б.М нь 2015 оны 06 сарын 29-ний өдрөөс хойш төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуульд заасан баталгаагаар хангагдах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий ажлын байранд томилохыг хариуцагчид даалгах эрх зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул 2015 оны 07 сараас 2017 оны 4 сарыг дуустал нийт 22 сарын 14.424.146 төгрөг /арван дөрвөн сая, дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан/-ийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэрт 2013 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, ажиллсан байдлын хувьд 2013 оны 02 сарын 20-ны өдрийн 29 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр түр томилсоныг хойш тэмдэглэгээ хийгдээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ын “Б.М намайг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах, 2015 оны 07 сараас 2017 оны 4 сарыг дуустал нийт 22 сарын 14.424.146 төгрөг /арван дөрвөн сая, дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан/-ийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ