| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2020/04237/И |
| Дугаар | 183/ШШ2021/01570 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2021/01570
2021 оны 07 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2021/01570 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хххххххх дүүрэг, ххх дүгээр хороо, ххххх хотхон, ххххх тоотод оршин суух Б овогт О.А /РД:хххххххх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххх дүүрэг, хх дүгээр хороо, хххх хотхон, ххх байр, ххх тоотод оршин суух Б овогт Б.Б /РД:хххххххх/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А, хариуцагч -, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.А миний бие 2007 онд Б.Б-той танилцаж 2018 оноос хамтран амьдарч 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтийн ХХХХХХХ дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү Б.И хххх оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Сүүлийн 9 сар бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Б.Б-той хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй, өмнө нь эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байхад дахин эвлэр гэснийг ойлгохгүй байна. Б.Б нь надад болон хүүхдээ огт туслаж дэмждэггүй, анхаарал халамж тавьдаггүй, тиймээс цаашид эвлэрэх боломжгүй. Одоо шүүхээс хүсэхэд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, нэг хоногийн өмнө нь гэсэн хүүхдийн тэтгэлэг гаргуулмаар байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхэддээ анхаарал тавьдаггүй байж уулзана гээд байгааг зөвшөөрөхгүй, долоо хоног бүр хүүхдээ уулзуулахгүй. Сард нэг удаа гэж байгаа боловч гэрийнхэн зөвшөөрөхгүй. Тиймээс хүүхэдтэйгээ уулзана гэдгийг нь зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид салаад удаагүй байхдаа эвлэрүүлэн зуучлалд хандсан. Тиймээс эвлэрээгүй, хурлаар биднийг эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй нь үнэн. Өнгөрсөн 3 сарын хугацаанд О.А-тай холбоо барих гэсэн боловч ярилцах боломж олгоогүй. Хүүхэдтэйгээ уулзах гэхээр гадуур өвчин их байна гээд жил уулзаагүй тул мөнгөн туслалцаа үзүүлээгүй. Хэрвээ уулзуулвал өгнө, уулзуулахгүй болохоор өгсөн мөнгийг хүүхэд зарцуулж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Миний зүгээс одоо ч эвлэрнэ гэвэл эвлэрэх боломжтой. Би өөрөө эцэггүй өссөн, манай эхнэр ч мөн эцэггүй өссөн тул тэр зовлонг мэднэ гэж бодож байна. Би хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байгаа учраас эвлэрмээр байна гэсэн. Гэтэл нэхэмжлэгч өөрөө эвлэрэхгүй гээд байгаа. Би бас энэ хугацаанд уулзаагүй нь үнэн, өөрөө утсаар ярихаар болохгүй байсан. Гэрлэлтээ цуцлуулвал хүүхдээ ээжийн асрамжид байлгахтай маргаан байхгүй, харин хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна. Сардаа 1 удаа уулзаж байя, долоо хоног бүр гэвэл нөгөө тал өгөхгүй гэж зөвшөөрөхгүй байж магадгүй. Гэрлэлт цуцалвал хүүхдийн тэтгэлэгийг төлнө. Эд хөрөнгийн маргаан бол байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
О.А, Б.Б нар нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас хххх оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүү Б.И төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, хххххххх дугаарт бүртгэгдсэн Б.И-ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 4-5-р хуудас/
Нэхэмжлэгч О.А нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №ххх дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. /хэргийн 8-р хуудас/
Мөн тус дүүргийн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №ххххххххх дугаар шүүгчийн захирамжаар хүү Б.И болон гэрлэгсдийн эрх ашгийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч эвлэрээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч нь эвлэрэх хүсэлтэй байгаа гэсэн боловч эвлэрэх талаар ямар нэгэн идэвхи санаачлага гаргаагүй, тус шүүхийн эвлэрлүүлэн зуучлалд болон сэтгэл зүйчид хандаагүй, нэхэмжлэгчээс эвлэрч амьдрах талаар хүсэл сонирхол байхгүй гэж тайлбарлаж, гэрлэлт үргэлжлэх бодит нөхцөл бололцоо байхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д “гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана” гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш хүү Б.И нь эхийн асрамжид байсан, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.И-г эх О.А-ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.И-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасан байна.
Иймд хариуцагч нь шүүх хуралдаанд хүүтэйгээ сард 1 удаа уулзаж байх хүсэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрийнхэн зөвшөөрөхгүй учраас саналыг дэмжихгүй байна гэсэн боловч хүүхдийн эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхийг хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар хүү Б.И-г эцэг Б.Б-той сард 1 удаа уулзуулж байхыг эх О.А-д даалгахаар шийдвэрлэв.
Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт зааснаар О.А , Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.И-ийг эх О.А-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгүүдэд зааснаар зааснаар хххх оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.И-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх О.А-д даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч О.А нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Бид, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.А-д тус тус даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дах хэсэгт зааснаар хүү Б.И-г сард 1 удаа эцэг Б.Б-той уулзуулж байхыг эх О.А-д даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 865 төгрөгийг гаргуулан төрийн сангийн хххххххххххххххххх тоот дансанд оруулсугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН