| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0001/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/133 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн, улсын яллагч ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, хохирогч Т. түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, иргэний хариуцагч Б. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2336002180326 дугаартай, 178/2024/0001/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, одоо У******* хотын *******-******* дүүргийн 8 дугаар хороо, гийн 1-р гудамж 9 тоотод оршин суудаг, ******* ургийн овогт *******ын *******
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ******* аймгийн Буянт сумын “Шохойтын хөтөл” гэх газар ХОА улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс зам дээр байсан Т.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-р хуудас)
1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн болон автотээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-26 дугаар хуудас)
1.3.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл(хавтаст хэргийн 27- 36 дугаар хуудас)
1.4. Шүүх химийн шинжээчийн 642, 117,118,120 шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 68,133 дугаар хуудас)
1.5. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 8523 дугаартай “...Т.гийн биед их тархины баруун тал бөмбөлөгийн дух чамархай, зулай, зүүн духны дэлбэн дэх тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, эрүү болон хамар яс, баруун нүдний ухархай дотор хана, тагнайн хугарал, хугарлын харалдаах 16-р шүдний булгарал, дагз, доод уруулд шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, нүүр 2 гарын шуу, сарвуу, нуруу, баруун мөр, зүүн зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун 4,5-р хавирганы хугарал, 2 уушигны эдийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нурууны Тh12-L3 нугалмын зүүн хөнлөн сэртэнгийн хугарал, зүүн дунд чөмөг ясны ил хугарал, баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн ташаанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12, 3.1.20-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт(хавтаст хэргийн 141 дүгээр хуудас)
1.6.******* аймгийн авто тээврийн төвийн техникийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 153 дугаар хуудас)
1.7.Эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн осол дээр гаргасан магадлагаа (хавтаст хэргийн 164 дүгээр хуудас)
1.8. Техникийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06/64 дугаартай “... Хохирогч Т. нь МУ-ын ЗХД-ийн 5.12”б”-р заалт буюу “Явган зорчигчид... аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр... саатахыг хориглоно.”
ХОА улсын дугаартай автотээврийн хэрэгсэлийн жолооч Н.******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7”а”-р заалт буюу “Жолоочид... тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг... хориглоно.” гэснийг зөрчсөн.”мөн “... хохирогч, жолооч нар нь дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон” гэх шинжээчдийн дүгнэлт(2хавтаст хэргийн 36 дугаар хуудас)
1.9. Хохирогч түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эмчилгээний болон бусад зардлын баримтууд (1,2-р хавтаст хэргийн 246-15 дугаар хуудас)
1.10. Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эмчилгээний зардал төлсөн баримт (1-р хавтаст хэргийн 212-218 дугаар хуудас)
1.11. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон тухай баримтууд (1-р хавтаст хэргийн 231-238 дугаар хуудас)
1.12.Хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 23-ны өглөө Эрдэнэбаатар нэг эмэгтэйтэй хамт цементын үйлдвэрийн арын гол дээр очиж архи ууж байгаад тэр 2 явсан. Би ганцаараа үлдээд шөнө сэрээд майханаа хураагаад ******* руу алхаж явж байгаад засмал зам дээр гараад замын хажуугаар явж байгаад гэрэл гарах шиг болсон тэгээд юу болсныг санахгүй байна.Би хохиролоо бүрэн барагдуулж авмаар байна. Анх У******* хот руу явахад эмчилгээний зардал гэж 1,500,000 төгрөг өгсөн. У******* хот руу 2 удаа эмчилгээнд явсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 171,229 дүгээр хуудас)
1.13.Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдрийн орой Н.*******, Б. нарын хамт ******* сжмаас ******* аймаг руу явсан. -ХОА приус тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Буянт сум өнгөрөөд Шохойтын хөтөл хавид ирээд нэг гэрэлтэй машин өнгөрөөд л зам дээр цагаан өнгөтэй юм өнгөрөх шиг болсон. Н.******* зогсоож чадалгүй дээгүүр нь өнгөрсөн буугаад харсан хүн байсан.тэгээд л эмнэлэг цагдаа, дуудсан. Н.******* архи, пиво уугаагүй Б.д нэг аяга уусан үлдсэнийг би уусан.тэр хүн замын гол дунд байсан. Яагаад жолоогоо шилжүүлснийг мэдээгүй...” гэх мэдүүлэг(1-р хавтаст хэргийн 38 дугаар хуудас)
1.14.Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр өдөр Ц., Н.******* бид 3 ******* сумаас гараад явж байгаад би Ц.той пиво уусан тул цагдаа зогсоож магадгүй гээд жолоогоо Н.*******эд шилжүүлээд Буянт сумын Шохойн хөтөл хавьцаа ирж байгаад хар замын урсгал хэсгийн гол дунд нэг цагаан даавуу хөнжилөөр ороосон юм харагдах шиг болсон чинь Н.******* дээгүүр нь гараад зогссон. Буугаад харсан хүн байсан.Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Н.Буяннэмэх жолоодох эрхийн үнэмлэхгүй байх.тухайн үед хүн гэж харагдаагүй цагаан юм л харагдсан.Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй..” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46,227 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг нэгтэн дүгнэвэл: шүүгдэгч Н.******* нь 2023 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ******* аймгийн Буянт сумын “Шохойтын хөтөл” гэх газар ХОА улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тухайн зам дээр байсан Т.г дайрч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1.Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Мөн 3.7”а”-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... тээврийн хэрэгсэл жолоодох”
явган зорчигч нь 5.12”б”-д “ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” хориглохоор тус тус заасан байна.
2.2.2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06/64 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчдийн нэмэлт дүгнэлтээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7”б”, хохирогч нь мөн дүрмийн 5.12”б”-д заасан заалтыг тус тус зөрчсөн гэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь: Гэрч Ц., Б., яллагдагч Н.******* нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 09 дүгэр сарын 01-ний өдрийн Зам тээврийн осол дээр гаргасан магадлагаа, шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06/64 дугаартай дүгнэлт зэргээс ХОА улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Н.*******ийг зөвхөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7”б”-д заасныг хохирогч Т.г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12”б”-д заасныг тус тус зөрчсөн ба жолооч Н.*******ийг хурд хэтрүүлсэн, тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй гэх шалтгаанаар буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
2.3.Хэдийгээр хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт замын хажуугаар алхаж байсан гэж мэдүүлдэг ч дээрхи нотлох баримтуудаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
2.4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг.
2.5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, 2.3-т ” хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилсан.
2.6.Шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Т.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
2.7.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.”мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ “ гэж тус тус хуульчилсан.
2.8.Иргэний хариуцагч Б.ын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоогоо эрхгүй этгээдэд шилжүүлсэн, үүнийхээ хариуцлагаа зөрчлийн тухай хуулиар хүлээсэн байдаг.
2.9.Шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж бусдын жолоог шилжүүлж авсан нь санаатай үйлдэл харин хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч түүнийг гаргахгүй гэж тооцож хохирол хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
2.10.Иймд шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
2.11.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан байдаг.
2.12.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар иргэний хариуцагчаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг гаргуулах саналтайгаа илэрхийлсэн боловч шүүх шүүгдэгч Н.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд /2.8-2.10-д заалт/ тооцсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар дараах нэхэмжлэлийг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож, заримыг хэлэлцээгүй орхисон болно.
2.13.Гэмт хэргийн улмаас хохирогч Т.д хүнд зэргийн гэмтэл учирсан нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 8523 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч түүний өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн 8,992,430 төгрөгийн баримтаас 5,400,093 төгрөгийн баримтыг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 3,615,683 төгрөгийн баримтаас 1.333,648 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул нийт 6,733,741 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Харин бусад баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гаргацгүй, баларч арилсан, зарим баримт хүний хэрэгцээнд хэрэггүй эд зүйл болон хүнсний зүйлсийг нэхэмжилсэн тул 12,608,113 төгрөгөөс 5,874,372 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч Н.******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс 5,887,850 төгрөгийг хохирогчийн эмчилгээний болон У******* хот руу тээвэрлэсэн тээврийн зардалд төлсөн гэх боловч хэзээ, хэнд өгсөн нь хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил өгсөн гэж мэдүүлдэг ч хэнд хэрхэн өгсөн, шилжүүлсэн тухай нотлох баримтаа ирүүлээгүй харин хохирогч Т. нь шүүгдэгчийн мэдүүлэг, 216 дугаар талд авагдсан ХААН банкны хуулгаар шүүгдэгч нь эмчилгээний зардал гэж 1.500.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон байх тул уг үнийн дүнгээс хасаж 5,233,741 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1,3-д зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дөрөвт заасан тавдугаар зэрэглэлийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 540,000 төгрөгийг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 25,300,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Н.*******ээс гаргуулж хохирогч Т.д олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Т. нь ажилгүй байсан хугацааны цалин 10,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирогчийн ажиллаж байсан гэх “НЬЮ МИНЕРАЛ”-ХХК-ны ерөнхий нягтлан бодогчийн ажлын тодорхойлолтоор түүний сарын цалинг тогтоох боломжгүй, бусад нотлох баримт дутуу тул хэлэлцэхгүй орхиж, энэ талаар болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хариуцагч Б.аас шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Н.*******ийн эхнэрт хохирогчийн эмчилгээний зардал гэж 3,200,000 төгрөг өгсөн” гэж мэдүүлдэг ч энэ талаар хэрэгт нотолсон баримт байхгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 231 дугаар хуудас), шүүгдэгч Н.*******ийн өгсөн “...Би өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч нь гэм буруугийн холимог хэлбэрээр анх удаагаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-т заасан ”...хохирогчид шууд эмнэлгийн тусламж... туслалцаа үзүүлсэн” гэх,1.4-т заасан “хохирогчийн хууль бус зүй бус, үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг” мөн хохирогчид учирсан хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн, зохих хэмжээнд төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хохирогчид учирсан хор уршгийг шүүгдэгчээр төлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хос пүүз-1ширхэгийг буцаан олгож, бусад эд зүйлсийг устгуулах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах” гэх санал;
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Н.******* нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн талаар маргаагүй болно. Харин хохирол, хор уршгийг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчээс: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан үеийн буюу нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх заалтыг баримтална.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Нийслэлийн *******-******* дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэцгэн хээтэй цагаан өнгийн урагдаж цоорсон цус мэт шингэнээр бохирлогдсон хөнжил-1ш, цэнхэр саарал өнгийн урагдаж цоорсон майхан-1ш, хар өнгийн хуванцар эд зүйлийн хагархай-2ширхэгийг устгаж, ногоон өнгийн хос пүүз-1ширхэгийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгчидээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01(нэг) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух У******* хотын *******-******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******эд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.*******ээс 5,233,741 төгрөгийг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1,3-д зааснаар 25,300,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.д олгуулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон ажиллаж байсан хугацааны цалингийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Н.*******ээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн цэцгэн хээтэй цагаан өнгийн урагдаж цоорсон цус мэт шингэнээр бохирлогдсон хөнжил-1ширхэг, цэнхэр саарал өнгийн урагдаж цоорсон майхан-1ширхэг, хар өнгийн хуванцар эд зүйлийн хагархай-2ширхэгийг устгаж, ногоон өнгийн хос пүүзийг хохирогч Т.Буяннэмэхэд буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС