Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Иргэдийн төлөөлөгч                                  Д.Оюунчимэг

 Улсын яллагч                                              Л.Энхтайван

 Хохирогч                                                    Г.Мөнхбаяр

 Шүүгдэгч                                                      Ц.Жаргалсайхан

                                                                         С.Лхагвабаяр

Тэдний өмгөөлөгч                                       Д.Даваасүрэн, А.Ариунзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар  оролцов. 

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Харчин  овогтой Цэндсүрэнгийн Жаргалсайхан, Боржигон овогт Содномцэрэнгийн Лхагвабаяр нарт холбогдох 201618000230 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            1.Монгол улсын харъяат, 1977 оны 06 дугаар  сарын 05-нд Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Цөх гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан саруул гэх Харчин овогт Цэндсүрэнгийн Жаргалсайхан /РДИУ77060519/ 

 

            2.Монгол улсын харъяат, 1978 оны 07 дугаар  сарын 12-нд Сэлэнгэ  аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Цөх гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан саруул гэх Боржигон овогт Содномцэрэнгийн Лхагвабаяр /РДМЖ78071201/ 

 

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч Ц.Жаргалсайхан, С.Лхагвабаяр нар нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Мөнхбаярын өмчлөлийн малыг итгэмжлэн хариулж маллаж байхдаа 2014 оноос 2016 оны 08 дугаар сарын 15-н хүртэлх хугацаанд 151 хонь, 79 ямаа, 20 үхэр, 1 адуу нийт 251 тооны малыг завшиж, үрэгдүүлэн иргэн Г.Мөнхбаярт 43.650.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулан Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт холбогджээ.

 

     

Тодорхойлох нь:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

       1.Шүүгдэгч Ц.Жаргалсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ....Мэдүүлэг өгөхгүй гэв.   

       2.Шүүгдэгч С.Лхагвабаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... Мөнхбаяр гуайн малыг 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхэлж өрхийн тэргүүний хамт маллаж эхэлсэн. Энэ хугацаанд 2004-2009 оны хооронд сарын 50.000 төгрөг өгдөг байсан. 2009 оноос эхэлж сарын 200.000 төгрөг өгнө гэсэн нэрийдлээр 2016 он хүртэл сард 100.000 төгрөг өгч байсан. Энэ мөнгөний зөрүү болох 1.200.000 төгрөгийг би Мөнхбаяр гуайн гэрээс очиж авсан. Энэ үрэгдсэн малын хариуцлагыг би хүлээхгүй гэв.

      3.Хохирогч Г.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... 2005 оноос мал маллуулах зарын дагуу 2 шүүгдэгч ирж мал малласан. Анх өгсөн малын тоо байгаа. Сүүлдээ мал 1000 гарч байсан. Хохирлын асуудлыг буруу ярьж байна. Манай малыг үнэхээр сайн маллаж байсан. Энэ дутагдал 2009 оноос эхэлсэн. Би малаа ямаа самнахдаа байнга тоолдог байсан. Эднийд 200 гаруй мал өгсөн. Үүнийгээ үрэгдүүлсэн байсан. 2015 онд малаа тоолоход 65 ямаа дутсан. Надад 25 ямаа өгсөн. Тэгээд 40 ямаа дутсан гэсэн үг. Үхэр, адуунд би ерөөсөө хүрэээгүй. Үхрийг 2015 оны 12 сараас 2016 оны 7 сар хүртэл дутаасан. Амралтаар явж байсан хүмүүс хонь, ямааг зараад байсан байна лээ. 2015 оны 4 дүгээр сарын 23-нд тоолоход дутсан 127 хонь ямаа дутаж байсан. Чононд өгсөн хонь ямааны мөнгө төлүүлж байгаагүй. 2009-2010 онд болсон зуданд 300 гаруй малыг би нэхээгүй. Одооны дутаж байгаа малыг 2015 оноос 2016 оны 7 дугаар сарын хооронд дутаасан. 2 шүүгдэгч 2014 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ойд явсан. Явахад нь малыг тоолоход миний мал бүрэн байсан. 2009 онд ямаагаа самнах гээд ирсэн байхад Жаргалсайхан Лхагвабаярыг зодсон тул би ах эгчийг нь дуудаад эзгүй хээр газар хүн амины хэрэг гарах вий дээ гээд малаа аваад өөр хүнээр малаа маллуулъя гээд тоолоход 24 хонь 28 ямаа дутсан. Гэтэл 2 шүүгдэгч маань буруугаа хүлээж малаа маллая гэсэн тул би алга болгосон малыг нэхээгүй. Гэтэл 2 шүүгдэгч маань эксэл авч унасан. Дараа нь портер авч унасан. Дараа нь мотоцикл авч унасан. Тэгэхээр нь би сэжиг авчихаад байж байтал дахиад микр худалдаж авсан байсан. Одоо нөгөө эксэл нь айлын хашаанд байгаа. Мотоцикл нь Оюундарийн хашаанд байгаа. Энэ хэрэг бол Жаргалсайханы эмэгтэй хүнтэй холбогдсоноос болж байсан байх. Жаргалсайхан морьтой хүн буудаж байсан. Морийг нь оносон. Би морийг нь төлж өгөөд гомдолгүй гэж болгож байсан. Би энэ 2-ыг эцэг шиг нь л хайрлаж байсан. Хайрлахаар ийм зүйл болдог юм байна. Надад махны ченж 2016 оны 08 дугаар сарын 13-нд залгаад танай малаас авах гээд ирсэн чинь мал алга гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн. 2014 онд манай мал бүрэн байсан нь айлын малтай нийлүүлсэн байсан байна лээ. Тэгээд айлын малыг өгсөний дараа 2015 оны 4 сард 127 мал дутсан юм байна лээ. 2016 оны 8 сард малаа авах гээд очиход хонь ямаа гэж цөөхөн юм байсан. Үхрээ ойртуулчихаад Жаргалсайхан зугтаасан байсан. Би улсад 40 гаран жил ажилласан. Миний идэж уудаг малыг юу ч үгүй үлдээсэн байсан. Зун алаад идэх мал байсангүй. Итгэл, сэтгэл 2 дээр ингэж хандаж болохгүй. Надад үлэмж хэмжээний хохирол учруулсан. Би тэтгэвэрт 400.000 гаруй төгрөг авдаг. Миний 10 жил гаруйн тэтгэврийг үгүй хийчихлээ. Мал нь байсан бол өсөх учиртай. Ноос ноолуур нь ч гарах учиртай. Би үнэлгээ гаргаж өгөхдөө 60.000 гэж нэхэмжилсэн. Үнэлгээний комисс 43.650.000 төгрөг гэж гаргасан байна лээ. Жаргалсайхан Завхан яваад ирлээ. Би Завханаас 200 хонь, ямаа авсан. Ах дүү нар маань 40 хонь ямаа өгсөн. Үүнийг Хялгантаас тосож явах хэрэгтэй гэж хэлж байсан. Үнэн худлааг нь мэдэхгүй байна. Мал бол төрийн хамгаалалтанд байх ёстой. Би хулгайчийн хамгаалалтанд өгсөн байна. Миний хохирлыг

 барагдуулаад өгвөл 3 хүүхэдтэй 2 хүнийг шоронд оруулмааргүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

4.Хохирогч Г.Мөнхбаярын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Ц.Жаргалсайхан, С.Лхагвабаяр нарт өөрийн өмчийн малаа 2005 оноос эхлэн одоог хүртэл маллуулж байсан. Энэ хугацаанд малыг сүүлийн хоёр жилээс өмнө сайн маллаж байсан.Тэгтэл 2015 онд мал зарж машин, мотоцикль, хонда мотор болон үнэт эдлэл худалдан авч байсан сураг сонссон. Би тэгэхээр нь 2015 оны 04 сарын 23-нд Жаргалсайхан, .Лхагвабаяр хоёртой малын тооцоо бодож малаа авах санаатай ирээд тоолоод үзэхэд 87 хонь, 40 ямаа дутаасан байсан. Би ерөөсөө малаа авъя та хоёрыг хуулийн байгууллагад шилжүүлье гэхэд Жаргалсайхан, Лхагвабаяр хоёр надаас гуйж бид нар нэг жилийн дотор хохирлыг малаар юм уу мөнгөөр төлж барагдуулж дуусгая гэж гуйгаад бичгээр хохирол төлж барагдуулна гэж тодорхойлолт өгч гарын үсэг зуруулсан. Гэтэл 2016.05.07-нд Алтанбулаг сумын иргэн Ундраа танай эмтэй малаас Лутаагийн мал дотор байна гэхээр нь би очиж Лутаагийн хонинд эм тамгатай малаа хайхад 6 хонь, 3 ямаа байсан ба малдаа үсийг нь хайчилж тэмдэг тавьсан. Тэгэхэд надтай Ганаа түүний эхнэр Ундраа хүү Батаа нар надтай хамт явсан Амраа Лхагваа нар байлцсан. Дараа нь 2015.05.15-нд Алтанбулаг сум орж Лутаатай уулзахаар гэрт нь очиход түүний эхнэр Чимгээ байсан. Чимгээд би түрүүнд ирээд танай малд малаа шүүгээд тэмдэглэсэн малаа авъя гэхэд танай мал байгаа нь үнэн. Жаргалсайхан манай бог малыг маллаж байгаад буцааж өгөхдөө мал дутааж оронд нь надад танай тэмдэгтэй хонь ямааг өгсөн. Тэгэхдээ би танай хонь ямааг таньд өгөхгүй Жаргалсайхантай л та учраа ол гэхээр нь би за тэгж ярьж байгаа бол би хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ гэж хэлээд явсан. 2015.05.29-нд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар өргөдөл өгсөн. Тэгтэл 2015.05.31-нд Цагдаагийн газрын дэд хурандаа И.Эрдэнэбилэг нэг цагдаагийн албан хаагчийн хамт надтай Лутаагийнд очиж манай хонь ямааг авч өгөхөөр болоод манай малчин Жаргалсайхантай тэд нар уулзсан. Би тэр цагдаагийн дэд хурандаа Эрдэнэбилэгт Жаргалсайхан Лхагвабаяр хоёртой хийсэн гэрээгээ үзүүлж, эд нар нэг жилийн дотор эдгээр дутаасан малаа төлж барагдуулна гэснийг тайлбарлаж хэлэхэд цагдаагийн хурандаа Эрдэнэбилэг, Жаргалсайханд хандаж айлд байгаа хонь ямааг очиж аваад хариу мэдэгдээрэй, энэ хэлцэл гэрээний дагуу нэг жилийн дотор төлбөрөө барагдуулж дахиж мал зарах, дутаах асуудал гаргаж болохгүй, асуудалд орвол хуулийн байгуулагад зохих журмын дагуу асуудлыг шийдвэрлүүлнэ гэж хэлээд явсан. Би энэ асуудлаас хойш сар бүр малдаа хяналт тавьж байхад дутааж үрэгдүүлсэн асуудал байхгүй байсан. 2015.12.01-нд өвлийн идшээ хийхэд мал 2015.04.23-нд тоолсон тоо ёсоороо байсан. Харин манай халтар саарал бух байхгүй болохоор нь Жаргалсайханаас асуухад айлын үхэрт яваа гэж байсан. Намайг байхгүй хойгуур сумаас малын тооныхон ирээд мал тоолоод явсан байсан. Би 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр Алтанбулаг суманд ирж багийн даргаас А дансаа үзэхэд малын тоо зөрүүтэй байсан ба миний малаас 2 эр үхэр, 2 тугалтай үнээ, 38 хурга, 8 ямаа дутуу тоолуулсан байсан. Тэрнээс хойш малчин Жаргалсайхантай уулзаж амжаагүй байж байгаад 2016 оны 01 сарын сүүлээр А дансаа аваад Жаргалсайханыд цагаан сараар хэрэглэх ууц, тавгын боовыг аваад оройхон очсон. Жаргалсайхантай уулзаад яагаад мал зөрүүтэй тоолуулсан талаар асуухад малын тооныхон чинь мал тоолдоггүй би амаар багцаалж хэлсэн мал бүрэн байгаа гэхээр нь орой болж байсан учир малаа тоололгүй явсан. 2016.04.18-нд малчин Жаргалсайханыд ямаа самнах 7 хүний хамт очиж ямаа самнаад малаа тоолоход ямаа бүрэн, 5 хонь, 1 тугалтай үнээ, бух байхгүй байсан. Мал дутсан талаар Жаргалсайханаас асууж лавлахад тугалтай үнээ айлд байгаа, бух Улаан бургаснаас хүн ирээд малаа хээлтүүлэхээр аваад явсан. Харин хонь хурганаас үхэж үрэгдсэн гэж хэлэхээр нь сэг зэм нь хаана байгаа юм бэ гэж хэлэхэд би таньд үзүүлнэ гэж хэлээд сэг зэмээ хайгаад олоогүй. 2016.05.11-нд малчин Жаргалсайханыд ирж хурга ишиг, тугалаа хөнгөлөөд үхрээ тоолох гэсэн боловч бэлчээрт явсан учир тоолоогүй. Хонь, ямаа бүрэн байсан. Үүнээс хойш малаа тоололгүй явсаар өдий хүрлээ. 2016.08.10-ны өдөр махны ченж Пагам утсаар над руу яриад мал зарна гэхээр нь яваад очтол танай мал байна. Танай үхрээс 2 үхэр зарна гээд байна нэгийг нь 650000 төгрөг гээд байна. Тэгэхээр нь би наад Жаргалсайхан гэдэг хүнд мал байхгүй, гэтэл танай үхэр юм бол би авахаа болилоо гэхээр нь наад зарах гэж байгаа үхрийнхээ зургийг нь аваад ирээрэй гэсэн. Би Пагамаас чамд үхэр зарах талаар ярьсан хүн чинь хэн юм гэхэд энд Даваадорж гэдэг хүн байна гэхээр нь надтай яриулаач гээд Даваадорж гэдэг хүнтэй ярихад Жаргалсайхан намайг ирээд хэрэгцээнийхээ хирээр үхэр ав надад үхэр байна гэхээр нь би ирсэн. Учир нь манай хүүхэд Солонгос явах гээд мөнгө хэрэг болохоор нь Жаргалсайханаас мөнгө гуйхад оронд нь үхэр аваад борлуул гэж ярьсан юм гэж хэлсэн. Тэгээд Пагам Сүхбаатар суманд ирээд над руу утсаар залгаад зургийг нь аваад ирлээ гэхээр нь очиж үзэхэд манай үхэр мөн байсан. Тэгэхээр нь утас руугаа шилжүүлэн зургийг нь авсан. Тухайн үед Жаргалсайхантай утсаар яриад чи юун үхэр зараад байгаа юм гэж асуухад Жаргалсайхан би үхэр мал зараагүй ганцаараа малдаа явна. Манай эхнэр Лхагвабаяр хүүхдүүдээ аваад аймаг явсан гэж ярьсан. 2016.08.14-ний орой Алтанбулаг сумын иргэн Ганаа над руу утсаар залгаж яриад та мал дээрээ ирэхгүй бол болохоо байлаа. Жаргалсайхан эхнэрээсээ салсан байна. Малыг чинь зараад байгаа сураг байна. Сая гэхэд Мөнхбатынд 6-н тугалтай үнээг чинь туугаад авчирч өгч байна би бэлчээрээсээ танай үхрийг чинь тоолоход бэлчээр дээр 19 тооны үхэр харагдаж байна гэж хэлсэн. Би тэгээд 2016.08.15-нд мал дээрээ очихоор явж байгаад замдаа Ганаа Бааска хоёртой уулзаж ярилцахад урд өдөр утсаар ярьсан асуудлаа ярьж байсан. Би малчин Жаргалсайханыд очиход гэр нь хөндий хоосон гэр доторх эд зүйл нь байхгүй ганцаараа байсан. Жаргалсайханаас эхнэр хүүхэд чинь хаашаа явсан гэж асуухад эхнэр хүүхэд ногоо хураалтанд явсан гэж байсан. Тэгээд хонь ямаа гэрийн гадна байхаар нь хашиж байгаад улаан будгаар тэмдэг тавьж тоолоход их хэмжээгээр хонь ямаа дутаж нийт 64 хонь, 39 ямаа дутаасан байсан. Хонь ямаагаа тоолж дуусаад гэртээ ороод хоол хийгээд идэх зуураа Жаргалсайханд мал дутаж байна шүү гэж хэлсэн. Жаргалсайхан хариуд нь би 2016.07.17-нд Завхан аймгийн Отгонтэнгэрийн тахилга болон ангийн уулзалтанд яваад ирлээ. 7 сая төрөгтөгтэй явсан нэг хонийг 30000 төгрөгөөр тооцож 200 хонь худалдаж авсан. Ах дүү нар бэлгэнд 50 гаруй хонь өгсөн. Тэндээс Булганы Хялгант руу 3-н айл нүүхээр нь малаа тэдний малтай нийлүүлээд нааш нь туулгасан. Би Хялгантаас өөрөө тосч авна гэж ярьсан. Тэгээд Жаргалсайхан нь үхрээ туугаад ирье гэж гараад явган явсан. Удаад байхаар нь гарч харсан чинь үхэр хаяанд ирсэн Жаргалсайхан байхгүй байсан. Сарны гэрэлд үхрээ хураах зуураа багцаалж тоолоход том үхрээс дутаж байх шиг харагдсан. Тэр шөнө Жаргалсайхан ирж хоноогүй. Маргааш нь буюу 2016.08.16-ны өглөө үхрээ тоолоод тэмдэг тавихад 20 үхэр дутсан үүнээс эр үхэр 14, сувай үнээ 6, тугал 1, бух 1 азарга 1 дутаж байсан. Жаргалсайханыг 2016.08.15-наас 2016.08.19-ны хүртэл хүлээсэн боловч ирээгүй. Аргаа бараад айлд малаа түр хугацаагаар хүлээлгэн өгсөн. Ингээд би Жаргалсайхан, Лхагвабаяр нар нь миний малыг их хэмжээгээр дутааж үрэгдүүлсэн учир цагдаагийн байгууллагад өгч хохиролоо барагдуулахыг хүсч байна...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас /

5.Гэрч А.Энхбаатарын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би яг сар өдрийг нь сайн санахгүй байна. Хагас сайн өдөр байсан. Манай сумын Сараагийн буудалд байдаг Даваадорж гэх хүн надтай уулзаад хөдөө Мухар төхөмд байдаг Жаргалсайханыхаас 1 тооны үхэр авах гэсэн юм. Чи яваад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Даваадорж надаас үхэр авах хүн байна уу гэхээр нь манай найз Эрдэнэбат үхэр зардаг юм тэндээс асуугаад үзье гээд Даваадоржийг дагуулаад Эрдэнэбатынд очсон. Тэгсэн чинь Эрдэнэбат очиж үхрийг чинь үзье гэсэн. Эрдэнэбатынхаас шууд хөдөө Жаргалсайханых руу явсан. Надад шатахууны мөнгө гэж 40000 төгрөг Даваадорж өгсөн. Даваадорж, Эрдэнэбат, Цэнгэл бид 4 Жаргалсайханы гэрт очиход Жаргалсайхан гэртээ ганцаараа байсан. Даваадорж Жаргалсайхантай уулзаад нөгөө үхрээ авах гэж ирлээ гэхээр нь би  Жаргалсайханаас чи Даваадоржид үхэр өгөх чинь үнэн юм уу гэж асуухад Жаргалсайхан үнэн үнэн ямар ч хэл ам байхгүй гэхээр нь Жаргалсайханыг машиндаа суулгаж авч яваад бэлчээр дээрээс ухаа ягаан мухар эм үхэр Жаргалсайхан зааж өгөөд бид нар тэр үхрийг ачиж авч явсан. Замд Хонд самбарын хажууд явж байтал ачиж явсан үхэр уяа, өндөрлөөгүй учир машин дээрээс унахаар нь Даваадоржийг Цэнгэлийн хамт үлдээгээд Эрдэнэбатын хамт Алтанбулаг орж Хүрэлбаатарыг авчирч үхрээ гаргуулаад ачиж Алтанбулаг авч явсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

6.Гэрч Г.Эрдэнэбатын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 13-14 цагийн үед байх гэртээ байж байтал, хагас сайн өдөр байсан. Манай сумын Сараагийн буудалд байдаг Даваадорж гэх хүн надтай уулзаад хөдөө Мухар төхөмд байдаг Жаргалсайханыхаас 1 тооны үхэр авах гэсэн юм. Чи яваад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Даваадорж надаас үхэр авах хүн байна уу гэхээр нь манай найз Эрдэнэбат үхэр зардаг юм тэндээс асуугаад үзье гээд Даваадоржийг дагуулаад Эрдэнэбатынд очсон. Тэгсэн чинь Эрдэнэбат очиж үхрийг чинь үзье гэсэн. Эрдэнэбатынхаас шууд хөдөө Жаргалсайханых руу явсан. Надад шатахууны мөнгө гэж 40000 төгрөг Даваадорж өгсөн. Даваадорж, Эрдэнэбат, Цэнгэл бид 4 Жаргалсайханы гэрт очиход Жаргалсайхан гэртээ ганцаараа байсан. Даваадорж Жаргалсайхантай уулзаад нөгөө үхрээ авах гэж ирлээ гэхээр нь би  Жаргалсайханаас чи Даваадоржид үхэр өгөх чинь үнэн юм уу гэж асуухад Жаргалсайхан үнэн үнэн ямар ч хэл ам байхгүй гэхээр нь Жаргалсайханыг машиндаа суулгаж авч яваад бэлчээр дээрээс ухаа ягаан мухар эм үхэр Жаргалсайхан зааж өгөөд бид нар тэр үхрийг ачиж авч явсан. Замд Хонд самбарын хажууд явж байтал ачиж явсан үхэр уяа, өндөрлөөгүй учир машин дээрээс унахаар нь Даваадоржийг Цэнгэлийн хамт үлдээгээд Эрдэнэбатын хамт Алтанбулаг орж Хүрэлбаатарыг авчирч үхрээ гаргуулаад ачиж Алтанбулаг авч явсан..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

7.Гэрч З.Оюунгэрэлийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 08 дугаар сарын 13-нд 15 цагийн үед гэртээ байж байтал манай сумын харьяат Энхбаатар нэг залуугийн хамт манайд ирсэн. Тэгээд тэр 500.000 төгрөгөөр өгчихнө би хөдөөнөөс хүнээс үхэр авах ёстой байгаа юм гэхээр нь хямдхан болохоор нь Эрдэнэбатыг эдгээр хүмүүстэй хамт яваад таалагдвал аваад ир гээд явуулсан. Тэгээд тэр орой 19-20 цагийн хооронд ирсэн байх авчирсан үхэр нь ухаа ягаан мухар сувай үнээ байх шиг байсан. Тэгээд авчирсан үнээгээ манай сумын харьяат иргэн Хүрэлбаатараар янзлуулж махыг нь зарж борлуулсан. Би тэр үхэр зарсан хүнд 500.000 төгрөг бэлэн тоолж өгсөн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

8.Гэрч Б.Чимэд-Очирын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Намайг 2009 онд багийн дарга болоход Алтанбулаг сумын 3-р багт Жаргалсайхынх бүртгэлтэй байсан. Сүхбаатар сумын иргэн Мөнхбаяр гэдэг хүний малыг маллаж байсан. Жаргалсайхан нь өөрийн гэсэн мал А дансаар байхгүй. Иргэн Мөнхбаярын нэр дээр малын тоо толгойг нь байнга тоолуулдаг. Урд нь хэдэн жил маллаж байсныг мэдэхгүй. Тоо толгойг нь сайн мэдэхгүй байна. А дансаар гарч ирэх байх. Ер нь нилээд хэдэн малтай байсан. Хонь ямааг нь багцаалж харахад 300-400 орчим харагддаг байсан. 2016 оны 06 сарын эхээр Жаргалсайханыд ороод гарахад эхнэр Лхагвабаяраас нь танай бог яагаад цөөрсөн юм гэж асуухад манай малын эзэн Мөнхбаярын өвөлжөө шатаад өвсөн доороос нь ногоон нарсан мод нуусан байсан нь баригдаад түүний төлбөр 10 гаруй сая төгрөг гарсан. Модны төлбөрт бог малаа нядлаад зарсан гэж байсан ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

9.Гэрч Б.Отгонгэрэлийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 07 дугаар сарын дундуур байх 17-18-ны хооронд намайг гэртээ байж байхад Жаргалсайхан утсаар яриад нэг азарга байна муудаад байна ирээд аваач гэхээр нь би очиж үзэж байгаад үнэ ханшаа тохирвол авъя гэсэн. Тэгээд би Алтанбулаг сум орж Жаргалсайханыд очиход аргамжаатай туранхай хар алаг зүсмийн азарга байсан. Би хэдэн төгрөгөөр өгөх юм бэ гэхэд 300.000 төгрөг гэхээр нь би яаж 300.000 төгрөгөөр авах юм бэ их муудсан байна гэхэд Жаргалсайхан 215.000 төгрөгөөр ав гэхээр нь худалдаж авсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

10.Гэрч Ц.Жамбалын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2015 оны 06 дугаар сарын үед Жагаа ахтай бух солих талаар нэг удаа яриа өрнүүлж байсан юм. Тэгээд бид нар тэр үедээ бухын наймаагаа хийгээгүй хавар болъё гээд салцгааж байсан. Тэгээд би 2015 оны 09 дүгээр сард Жагаа ахаас сольж авах гэж байсан бухаа аваад гэр рүүгээ явсан. Харин Жагаа ах тэгж байгаад намар цас унахаар би чамаас авах залуу бухаа авъя гэж тухайн үед хэлсэн юм. Тэгээд намрын сүүлээр Жагаа ах над руу залгаад ах нь нөгөө бухаа авах гэсэн юм гэхээр нь би за тэгээрэй ахаа би удахгүй аваачиж өгнө өө гэж бид ярилцсан.Тэгээд миний ажил төрөл болохгүй байсаар байгаад 2016 оны 01 дүгээр сар өнгөрсөн. Тэгээд би Жагаа ах руу таньд өгөх нөгөө бух чинь жаахан турчихлаа яах вэ? гэсэн чинь за яах вэ болох байлгүй дээ байж байя даа ах нь гээд бид хоёр ярилцсан юм. Тэгээд цагаан сар өнгөрөөгөөд 02 дугаар сарын 10-р Жагаа ах над руу залгаад ах нь нөгөө бухныхаа оронд тугаллах үнээ авъя гэхээр нь би за тэг тэг би хотод байна очоод таньд аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд нээх удалгүй Жагаа ах над руу залгаад нөгөө тугаллах үнээгээ болъё ахдаа 250.000 төгрөг өгчих тэгээд хоёулаа тооцоогоо дуусгая гэхээр нь за тэгье гэж хэлээд 2016 оны 03 дугаар сарын эхээр Жагаа ахад нөгөө 250.000 төгрөгийг нь өгөх гээд гэрт нь очих гээд явж байх үед миний урдаас машин уначихсан эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Тэгээд би 250.000 төгрөгөө Жагаа ахад тоолоод хүлээлгэж өгсөн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

11.Гэрч Ж.Ганчимэгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2016 оны 05 дугаар сарын дундуур байх лангуун дээрээ мах зараад байж байтал танихгүй нэг эмэгтэй ирээд үхэр авах уу гэхээр нь хаана байгаа юм зарах үхэр чинь гэсэн тэгтэл тэр эмэгтэй би эзэн нь биш та энэ дугаар руу залгаад зарах хүн мөн үү ямар насны үхэр зарах гэж байгаа юм бэ гэтэл тэр хүн шүдлэн үхэр байгаа юм та ирээд үзээч надаа мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь хаана байгааг нь асуусан чинь Алтанбулагт байгаа утсаар ярьж байгаад очих газрыг чинь заагаад өгье гэхээр жолоочоор Оюунгэрэлийг аваад явсан. Тэгээд Алтанбулаг сум ороод утсаар холбогдож байгаад нөгөө үхэр зарах айлд очсон. Тэгтэл үхэр зарах гэж байгаа хүн нь надад жижиг шүдлэн хүрэн алаг үхэр зааж өгөхөөр нь наад үхэр чинь туранхай байна ийм муу туранхай үхэр зарах гэж яах гэж хүн дуудсан юм бэ би бензин тос зарлдагдаад ирж байхад гэхэд нөгөө малын эзэн тохироод аваач гээд гуйгаад байхаар нь нөгөө үхрийг 400.000 төгрөгөөр худалдан авсан. Би малын гарал үүслийн гэрчилгээ хаанаас авах юм бэ гэхэд би утсаар залгаад хэлье миний утсаар малын эмч рүү залгаад би нэг үхэр зарлаа та малын гарал хийгээд өгөөч гэхээр нь би нөгөө үхрээ ачаад Алтанбулаг орж малын эмчээс бичиг аваад оройтсон болохоор нь цагдаагаар гарын үсэг зуруулахгүй явсан. Тэгээд 2016 оны 06-р сарын дундуур дахиад нөгөө мал зарсан Жаргалсайхан над руу залгаад үхэр аваач гэхээр нь танай үхэр чинь туранхай байна лээ би авахгүй гэж дургүйцахад мал таргалсан байгаа та ирээд үз гэхээр нь би Алтанбулаг сум орж Жаргалсайханыд очиход надад хар алаг туранхай хязаалан үхэр зааж өгөхөөр нь би авахгүй гэтэл Жаргалсайхан та авчихаач надад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь 500.000 төгрөгөөр худалдаж аваад чамтай ахиж наймаа хийхгүй малаа таргалахаар наймаа хийгээрэй гээд явсан. Тэгэхэд надтай хамт явсан Оюунгэрэл утасны дугаарыг нь аваад байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

12.Гэрч О.Цэрэнпагамын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 08 дугаар сарын дундуур байх намайг лангуун дээрээ мах зараад зогсож байхад Даваадорж нэг залуугийн хамт ирээд үхэр заръя гэхээр нь би мал авахгүй гэхэд Даваадорж үхрээ бариад уясан байгаа бэлэн машин байна гэхээр нь хаана байгаа юм бэ гэхэд Алтанбулаг сумын Хяраанд байгаа гэсэн. Тэгээд би Даваадоржийн хамт машинтай нь Алтанбулаг сум орж үхэр байгаа газар очиход Мөнхбаяр ахын малчин дээр дагуулаад очсон. Тэгэхээр нь би шууд наймаа хиймээргүй байна гэж хэлэхэд надаас Даваадорж та яагаад наймаа хийхгүй гээд байгаа юм гэхээр нь энэ үхэр чинь Мөнхбаяр ахын мал байна гэхэд Жаргалсайхан нь энэ зарах гэж байгаа үхэр чинь миний мал би өөрийн гэсэн малтай байж болно биз дээ Мөнхбаяр ахын малыг 10 гаруй жил маллаж  байгаад би малтай болсон гээд байсан. Би тэгэхээр нь үхрийг нь очиж үзтэл мухар шар цоохор эм үхэр, хар халзан эр үхэр зааж өгсөн. Тэгэхээр нь би мөнхбаяр ахтай утсаар яриад хүн мал зарна гэхээр нь дагаад иртэл танай малчныд ирлээ танай малчин чинь үхэр малтай юм уу мухар шар цоохон эм үхэр, хар халзан эр үхэр зарна гэж байна гэхэд Мөнхбаяр ах наадах чинь мал гээд байх юм байхгүй ганц тугалтай үнээ л байж магадгүй, тэр нь сувайрсан юм болов уу гэж байсан. Тэгээд наад зарах гэж байгаа үхрийнхээ зургийг нь аваад ир гэхээр нь нөгөө хоёр үхрийн зургийг нь аваад буцсан. Сэлэнгэд ирээд нөгөө зарах гэж байсан үхрийн зургийг үзүүлтэл манай үхэр байна гээд зургийг нь аваад явсан. ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/

13.Гэрч Ч.Ганбаатарын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Мөнхбаяр ахын мал 500 гаруй байсан. Тэгээд жил ирэх тусам цөөрч хорогдоод байдаг байсан. 2014 оноос хойш нилээд мал цөөрөөд байхаар нь би Жаргалсайханыг зарж үрээд байгаа юм болов уу гэж боддог байсан. 2016 оны хавар 5-6 дугаар сарын хооронд Мөнхбаяр ахын мал их хорогдсон байхаар нь ерөөсөө Мөнхбаяр ахад хэлэхгүй бол болохгүй юм шиг байна мал нь дуусах юм шиг байна гэж бодоод Мөнхбаяр ахад утсаар мал чинь цөөрөөд байна та ирж үзэж харахгүй бол болохоо байлаа гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаяр ах 08 дугаар сард ирээд малаа тоолж хүлээн авахад ихэнх мал нь байхгүй болсон байна гэж байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

14.Гэрч Д.Хишигсайханы 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 08 дугаар сарын дундуур байх өдрөө санахгүй байна. Манай найз Ганчимэг над руу 99495141 утсаар залгаж Алтанбулаг суманд хүн үхэр зарна гээд байна чи очоод авах боломжтой юу гэхээр нь би очоод авъя гэсэн. Тэгээд хаана байдаг айл юм гэж асуухад Хондод байдаг Жаргалсайхан гэдэг айл байгаа асуугаад очоорой гэхээр нь би зөвшөөрөөд Алтанбулаг сум орж Жаргалсайхан гэдэг айлыг асуугаад очсон. Тэгээд Жаргалсайхантай уулзахад надад улаан зүсмийн шүдлэн эр үхэр зааж өгөхөөр нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаар асуухад 400.000 төгрөг гэхээр нь хэлсэн үнэнд нь худалдаж авсан. Би малын гарал үүслийн бичиг хаанаас авах юм гэхэд Алтанбулаг сум ороод малын эмчээс гарал үүслийн бичиг аваарай гэсэн. Би худалдан авсан үхрээ ачаад Алтанбулаг сум орж эмчийг нь хайж байгаад гарал үүслийн бичиг аваад Сэлэнгэ явсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

15.Гэрч Ө.Оюундарийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2016 оны 5 дугаар сард байх намайг Сэлэнгэд явж байхад Жаргалсайхан над руу утасдаж чи хаана байна гэхээр нь Сэлэнгэд явж байна гэсэн чинь зах ороод үхэр авах хүн байна уу асуугаад өгөөч гэхээр нь махны зах ороод мах зарж байсан эгчээс та үхэр авах уу авах бол 95852130 гэсэн дугаар руу залгаад асуугаарай гэж хэлээд явсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

16.Гэрч Г.Баянбатын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2005 оны 08 дугаар сарын сүүлчээр Баяраа гэдэг хүнээс малаа хүлээн авч Жаргалсайхан, Лхагвабаяр нарт 300 гаруй бог, 40 гаруй бод хүлээлгэн өгч байсан шиг санаж байна. Тэгээд эхний хэдэн жил малыг маань их сайн маллаж байсан. 2009 оноос эхлэн манай малаас 40 гаруй толгой бог дутаж үүнийг манай нөхөр Мөнхбаяр мэдээд малаа авах гэхэд Жаргалсайхан, Лхагвабаяр нар нь ахиж мал дутаахгүй гэхээр нь ахиж малаа маллуулахаар болсон. Үүнээс хойш гайгүй маллаж байгаад 2015 онд ахиж мал дутаахаар нь манай нөхөр цагдаад өгнө гэхэд Жаргалсайхан, Лхагвабаяр нар дутсан малыг чинь бид тоо ёсоор нь төлнө, манай хамаатан садан Зүүн хараа болон Зүүн бүрэнд малтай байдаг бид нар төлнө гээд баталгаа гаргаж өгсөн байна лээ. 2016 оны 05 сард манай нөхөр ямаа самнах гэж очоод малаа тоолоход бог болон бод гайгүй малчин маань дутаагаагүй байна гэж байсан. Тэгээд 2016 оны 07 сараас 08 сарын дунд хүртэл манай малыг их хэмжээгээр зарж борлуулсан байна лээ. Ихэнх мал нь тарга хүч сайтай нас гүйцсэн болон сувай малыг сорчилон зарж борлуулсан байсан. Нөхөр бид хоёр зарж үрэгдүүлсэн малаа зах зээлийн дундаж үнээр үнэлэхэд 60 гаруй сая төгрөг болж байсан. Тэгтэл Алтанбулаг сумын үнэлгээ тогтоох комисс нь орон нутгийн жишиг үнээр үнэлээд манай малын үнийг 40 гаруй сая төгрөг болгосон байна лээ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

 

       17.Шүүгдэгч Ц.Жаргалсайханы 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр өгсөн  ….2015 оны 04 сард байх Мөнхбаяр ах ирээд үхэр, хонь, ямаагаа тоолсон. Тэгэхэд үхэр нь бүрэн байсан. Харин 87 хонь, 40 ямаа дутсан. Эдгээрийг заримыг нь чоно нохойд идүүлсэн. Заримыг нь хүнд өгч бас өөрсдөө хэрэглэсэн. Энэ дутаасан малыг би төлөхөөр болоод Мөнхбаяр ахад тодорхойлолт хийж өгсөн. Би 2016 онд 1 шүдлэн үхэр, чоно урсан байсан халзан үнээг идшэндээ хэрэглэсэн, бор халзан бух мал дагаад Бөхлөө орсон байсныг Алтанбулагын хөдөө байдаг Жамбаад өгсөн, Мөнхбаяр ах хүнээс бух худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй байхаар нь 1 үнээг нь бухны эзэнд өгсөн, 7 эр үхэр, 6-н сувай үнээ, 2 шүдлэн гунжийг махны ченжид өгсөн, 1 үхэр ор сураггүй алга болсон. Улаанбаатар хот руу найз Сооко –д нэг бяруу идшэнд явуулсан. Ингээд нийт 19 үхэр дутааснаа хүлээн зөвшөөрч байна. Ямаа хоньтойгоо нийлээд 18 гаруйг чононд идүүлсэн, 15-16 нь ямаа хонь өвөл үхэж үрэгдсэн, 30 гаруй ямаа хонийг тасдаж алдсан, бусдыг хэрэгцээндээ зарж үрж идэж ууж дуусгасан. Мөнхбаяр ахтай ямаа хонио тоолж нийт дутсан хонь ямааг төлж барагдуулахаар ярьсан. Азарга, азарганд бариулсан учир би зовоож байхаар Сэлэнгээс ченж дуудаад өгсөн... 2016 оны 01 дүгээр сард Хондын замд портер машин эвдэрсэн байсан. Би хонио хариулж яваад таараад гэртээ аваачиж хоол унд өгөөд тэгээд танилцсан. Нэргүй өөрийнхөө махны ченж айлд очих гэсэн боловч нөгөө айл маань Ерөө нүүсэн байна гэж ярьж байсан. Тэгээд би утасны дугаарыг нь авсан. Нэргүй гэдэг хүн маань 2016 оны 05 дугаар сард мал зарах хүн байна уу гэхээр нь надад зарах үхэр байна ирээд ав гэсэн чинь авъя гээд 05 дугаар сарын дундуур Улаанбаатар хотоос Нэргүй портер машинтай ирээд бөөр мухар эр хязаалан үхэр, улаан халзан хоёр сувай үнээ, саарал сувай үнээ, улаан үнээ, улаан халзан шүдлэн охин гунж нийт 7 тооны үхэр зарсан. Нийт 2.800.000 төгрөг болсон. 1 үхрээ 400.000 төгрөгөөр бодож зарсан. 2016 оны 07 дугаар сарын эхээр байх ахиж Нэргүйгийн 98269296 гэсэн дугаар руу залгаад тэгээд Нэргүй ирээд 5 эр үхэр, 2 гунж, охин шүдлэн үхэр зарсан. Мөн л 1 үхрээ 400.000 төгрөгөөр бодож 3.200.000 төгрөг болсон.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 65 дугаар хуудас/

       18.Шүүгдэгч С.Лхагвабаярын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр өгсөн  ….2015 оны 04 сард байх Мөнхбаяр ах ирээд үхэр, хонь, ямаагаа тоолсон. Тэгээд үхэр бүрэн байсан. харин 87 хонь, 40 ямаа дутсан. Эдгээрийг заримыг нь чоно, нохойд тдүүлсэн. Заримыг нь хүнд өгсөн. Тэгээд энэ дутаасан малаа төлж баргадуулахаар тодорхойлолт хийж өгсөн. Үхсэн малыг ирж үзээч гэхээр ирдэггүй. 2016 оны 04 дүгээр сард байх 1 гунж, 1 бяруу өвөлжөөн дээр байхад үхсэн. Бухыг манай нөхөр Жаргалсайхан Алтанбулаг сумын иргэн Жамбалд зарсан гэж хэлсэн. Намайг 2016 оны 05 сарын эхээр Сүхбаатар сум явж хүүхдээ эргээд 2 хоноод ирэхэд 2 эр үхэр, 2 охин гунж үгүй болгосон байсан. Жаргалсайханаас асуухад мэдэхгүй гээд байсан. Хар алаг үнээг миний нүдэн дээр Сэлэнгийн ченжид зарсан. Улаанбаатар хотоос ирсэн танихгүй хүнд 2 үнээ, 1 эр шүдлэн, 1 охин гунж зарсаныг яагаад зарсан талаар асуухад би мэдэж байна эргээд төлнө гэж уурлаад байсан.  Бусад малыг яаж дутсаныг би мэдэхгүй. Жаргалсайхан өөрөө үхэр малаа хариулдаг байсан болохоор бэлчээр дээр нь зарсан байж магадгүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/

 

        19.Шүүгдэгч Ц.Жаргалсайханы 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн  ….... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/

        20.Шүүгдэгч С.Лхагвабаярын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн  ….... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/

21.Хохирогч Г.Мөнхбаярын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би 2005 оноос хойш нэг гэр бүлийн хоёр болох Жаргалсайхан, Лхагвабаяр нарыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн Мухар дөхөм гэх газар ажиллуулахаар өөрийн малыг маллуулахаар сарын 100.000 төгрөгийн цалинтай  2009 он хүртэл ажиллуулахаар тохирч малаа маллуулсан. Ингээд 2009 оноос 2016 он хүртэл 200.000 төгрөгийн цалинтайгаар малаа маллуулж байгаад 2014 оны 10 сард би Жаргалсайхан, Лхагвабаяр нартай малаа тоолж үзэхэд 162 хонь, 147 ямаа байсан. Би тухайн үед сайн ажиллаж байгаа юм байна гэж итгэж явж байгаад 2015 оны 04 сарын 23-нд дахин малаа тоолсон чинь эр хонь 15, эр төлөг 17, эм хонь 40, охин төлөг 15, эр ямаа 16, эр шүдлэн ямаа 5, байхгүй нийт 127 бог, малыг үгүй хийсэн байхад хаана хэнд өгсөн талаар асуухад цагдаа шүүх гээд яахав малыг малаар чинь нэг жилийн дотор төлж өгнөө гэж надад ам өчгөө өгсөн. Миний 6 хонь, 3 ямаа Лутаа гэдэг хүний хонинд явж байсныг мэдээд очиж авсан. Ингээд ер нь малчингаа солих бодол төрөөд 2016 оны 08 сарын 15-нд малчин Жаргалсайханыхаас малаа тоолж өөр малчингаар маллуулахаар малаа тоолсон чинь 6 сувай нас гүйцсэн үнээ, 4 шүдлэн эр үхэр, 8 эр үхэр, 1 тугалтай үхэр, нас гүйцсэн бух, хээр зүсмийн нас гүйцсэн азарга, 39 ямаа, 64 хонь зэргийг хаана хэнд өгсөн нь тодорхойгүй байсан.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/

22.Хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас/

23.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын үнэлгээ тогтоох комиссын акт /хавтаст хэргийн 150 дугаар хуудас/

24.Баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 156-158 дугаар хуудас/

25.2014, 2015 оны Малын тооллогын А дансны хуулбар /хавтаст хэргийн 160-163 дугаар хуудас/

26.2016 оны мал тооллогын А дансны хуулбар, мал хүлээлгэн өгсөн баримт . /хавтаст хэргийн 4-11 дүгээр хуудас/

27.Ц.Жаргалсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/

28.С.Лхагвабаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 166 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

                Шүүх хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг

                   шинжлэн хэлэлцээд дараахи дүгнэлтийг хийв  

             

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Харчин  овогт Цэндсүрэнгийн Жаргалсайхан, Боржигон овогт Содномцэрэнгийн Лхагвабаяр нарыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Мөнхбаярын өмчлөлийн малыг итгэмжлэн хариуцаж, маллаж байхдаа 2014 оноос 2016 оны 08 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд 151 хонь, 79 ямаа, 20 үхэр, 1 адуу нийт 251 тооны малыг завшиж, үрэгдүүлэн 43,650,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

  Прокурорын газраас үйлдэж, шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв. Учир нь

       Мал тоолсныг бүртгэсэн буюу хүлээлгэн өгч, хүлээн авсан актуудаар малчин Ц.Жаргалсайхан 39 тооны үхэр, бяруу хариуцан маллаж байсан ба хүлээлгэж өгөхдөө нэг бярууг чоно идсэн гэж хасч 31 толгой бяруу хүлээлгэн өгч, 7 бяруу дутагдуулсан, мөн мах худалдаалагчид болон иргэдэд үхэр худалдсан болох нь нотлогдож байна.

        Шүүгдэгч Ц.Жаргалсайхан нь 151 хонь, 79 ямаа, 20 үхэр, 1 адуу нийт 251 тооны мал дудагдуулснаа зөвшөөрч, бусдад зарж борлуулахаас гадна өөрийнхөө идшинд хэрэглэсэн, сумын тамгын газарт өгсөн, бусдад дур мэдэн худалдаж борлуулсан тухайгаа хүлээж, дээр гаргасан тооцоо, сумын үнэлгээний комиссын үнэ тогтоосон акттай маргах зүйл байхгүй талаар мэдүүлж байна.

       Энэ талаар хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодорхой тайлбарлаж дутаасан малын тоог мал тус бүр дээр нарийвчлан тооцон гаргаж, малчинд хүлээлгэн өгсөн малын тоо, хүлээн авсан малын тоо тус бүрийг нэг бүрчлэн хувийн данс бүртгэлийн дэвтэрт тэмдэглэн хөтөлсөн баримтыг хавтаст хэрэгт нотлох баримт болгон ирүүлсэн байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр иргэн Г.Мөнхбаярын малыг бусдад худалдан борлуулах, төхөөрч нядлах, гүйлгэн шилжүүлэх ажлыг шүүгдэгч Ц.Жаргалсайхан өөрийн идэвхтэй үйлдлээр дур мэдэн гүйцэтгэдэг байсан байна.  Шүүгдэгч С.Лхагвабаяр нь маллаж буй малаа худалдах болон бусад байдлаар Ц.Жаргалсайханыг ашиглахыг мэддэг боловч хамтран идэвхтэй үйлдлээр оролцдоггүй, түүнийг хориглодог боловч үгэнд нь ордоггүй байсан боловч түүнчлэн мал борлуулсан орлогоос авч хувийн хэрэглээнд хэрэглэдэг байсан байдлаас дүгнэхэд түүнийг шууд бус санаатай, эс үйлдэхүйгээр гэмт хэрэгт хамтран оролцдог байсан гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Лхагвабаяр нь нядалсан малын гэдэс дотрыг цэвэрлэх, чанаж болгох, ар гэрийн хувийн хэрэглээнд мөнгө төгрөгийг ашиглах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байгаа тул түүнийг гэмт хэргийн хамжигч гэж үзлээ.

 Шүүгдэгч нар нь өөрийн гэм буруугийн талаар маргахгүй байхаас гадна гэрчүүдийн мэдүүлгүүдийг болон бусад нотлох баримтуудыг үгүйсгэхгүй байна.

       Гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд Жаргалсайханыг үхэр малаа бусдад худалдаж борлуулдаг талаар утсаар холбогддог, хүнээр дамжуулан хэлүүлж, дуудуулдаг, хашаа дүүрэн байсан мал, гэрт багтахаар болтлоо цөөрсөн гэх зэргээр мэдүүлж тэдний гэм бурууг нотолсон байна.

Шүүгдэгч нарын гэм бурууг нотолсон, хуулийн шаардлага хангасан, хэргийн нөхцөл байдалд хамааралтай дээрхи баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэв. Шүүгдэгч Ц.Жаргалсайхан, С.Лхагвабаяр нарт холбогдох хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар  зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.   

    Учир нь Иргэн Г.Мөнхбаяраас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэж шүүгдэгч Ц.Жаргалсайхан, С.Лхагвабаяр нарт малаа буюу өмч хөрөнгөө итгэмжлэн шилжүүлэн өгсөн байх ба хариуцах үүрэг хүлээсэн этгээдүүд нь үүргээ биелүүлээгүй улмаар түүнийг ашиглан шамшигдуулж үрэгдүүлсэн байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар зүйлчилж яллах нь зүйд нийцнэ гээд энэ нь малын тухай  нарийвчилсан зохицуулалт гэж шүүхийн хэлэлцүүлгийн  мэтгэлцээний нэг талын хувьд үзэж байх боловч  шүүх энэхүү хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д...малыг завшиж үрэгдүүлсэн бол... гэдгийг мал болон бусад эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлэн өгөх тухай ойлголтын тухайд хэрэглэх нь зүйтэй үзэж байна.

 Өөрөөр хэлбэл өөрийн өмчлөлийн малаа өөр этгээдэд түр байлгах, түр хадгалуулах буюу түр харуулж, хамгаалуулах гэх мэт ойлголтыг уг зүйл ангид агуулсан байна. Иймээс зүйлчлэлийг өөрчлөх, хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзэв.

  Энэ хэрэг нь гэмт хэргийн хүнд төрлийн ангилалд хамаарна. Хуулинд үндсэн ялаас гадна нэмэгдэл ял хэрэглэхээр заасан байна. Шүүгдэгч нарын эд хөрөнгийн болон эдийн засгийн чадавхийг харгалзан ялгамжтайгаар шүүгдэгч Жаргалсайханд оногдох эд хөрөнгөнөөс 100.000 төгрөг, С.Лхагвабаярт оногдох эд хөрөнгөнөөс 50.000 төгрөг гаргаж улсын орлогод авах нь зүйтэй.   

   Орон нутгийн үнэлгээгээр хохиролын хэмжээг тодорхойлсон ба тухайн орон нутагт тогтоосон үнээр малаа худалдан борлуулж байсан талаар шүүгдэгч мэддэг байсан, ийм үнээр зарж борлуулж байсан зэргээс хохирол тогтоосон хэмжээнд маргаан гарахгүй байна.  Ингээд шүүгдэгч Ц.Жаргалсайхан, С.Лхагвабаяр нарыг 2005 оноос эхлэн иргэн Г.Мөнхбаярын олон тооны малыг итгэмжлэгдэн хариуцан маллаж байгаад 2014 оноос 2016 оны 08 дугаар сарын 15-н хүртэлх хугацаанд 151 хонь, 79 ямаа зэрэг 200 толгой хонь ямаа буюу бог мал, бяруу, шүдлэн, тугал, сувай эм үхэр, тугал нийлсэн 20 үхэр, 1 адуу 21 толгой бод мал, нийт 251 тооны малыг завшиж, үрэгдүүлж 43,650,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан Бусдын эд хөрөнгийг завших буюу үрэгдүүлэх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, хуулийн тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдсэн гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ зэргийг нь харгалаад шүүгдэгч Ц.Жаргалсайханаар учруулсан нийт хохиролын 90 хувийг, шүүгдэгч С.Лхагвабаяраар үлдсэн 10 хувийг төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Жаргалсайхан 64 хоног цагдан хоригдсон байна. Хэрэгт  170.000 төгрөгөөр үнэлэгдсэн угаалгын машин 1 ширхэг, 60.000 төгрөгөөр үнэлэгдсэн 14 инчийн телевизор 1 ширхэгийг тус тус битүүмжилснийг хурааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын мэдэлд шилжүүлэх нь зүйтэй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,  284,  286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага   болгон  ТОГТООХ нь

1.Харчин  овогтой Цэндсүрэнгийн Жаргалсайхан, Боржигон овогтой Содномцэрэнгийн Лхагвабаяр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Харчин овогт Цэндсүрэнгийн Жаргалсайханд оногдох эд хөрөнгөнөөс 100.000 /нэг зуун/ мянган төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял дээр 07 /долоо/ жилийн, Боржигон овогт Содномцэрэнгийн Лхагвабаярт оногдох эд хөрөнгөнөөс 50.000 /тавь/ мянган төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял дээр 05 /тав/ жил, 01 /нэг/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ц.Жаргалсайханы эдлэх 07 /долоо/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Лхагвабаярын эдлэх 05 /тав/ жил, 01 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр  тогтоосугай.

4.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Лхагвабаяр цагдан хоригдсон хоноггүй болоыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Ц.Жаргалсайханы цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Харчин овогт Цэндсүрэнгийн Жаргалсайханаас 39.285.000 /гучин есөн сая хоёр зуун наян тав/ мянган төгрөг, Боржигон овогт Содномцэрэнгийн Лхагвабаяраас 4.365.000 /дөрвөн сая гурван зуун жаран таван/ мянган төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар баг 4-049 тоотод оршин суух Харчууд овогт Гомбожавын Мөнхбаярт олгосугай.

6.Ц.Жаргалсайханд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Лхагвабаярт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар           шүүхийн тогтоолыг  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.       

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ

                               ШҮҮГЧИД                                    С.НОЛХООСҮРЭН

                                                                                    Б.НАЦАГДОРЖ