| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0083/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-05-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч У овгийн М-ийн А-д холбогдох 2416000540076 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр **** аймгийн ***** сумд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5 хүүхдийн хамт **** аймгийн *** сумын *** гол багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, **** регистрийн дугаартай, У овгийн М-ийн А,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.А нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр **** улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон *** аймгийн *** сумаас **** руу явах замдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б “жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.8 “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, бага насны хүүхэд Б.М нас барсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.А нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ***улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон **** аймгийн *** сумаас **** руу явах замдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, бага насны хүүхэд болох Б.М нас барсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.А гэм буруутай болох нь:
1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13-р хуудас/,
2.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18-р хуудас/,
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү Б-н М-ийг С, А, Д, С нартай цуг *** хотоос *** сум руу ээж Д руу явуулсан. Хүү маань *** суманд эмээтэйгээ сар шинэ тэмдэглээд А ахын гэр бүлийнхэнтэй цуг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр У хот руу 10 цагт гарсан гэж манай ээж хэлсэн. Тэр өдөр 15 цаг 05 минутад ээж Д над руу залгаж А машинаа унагасан гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь хүү яасан гэж асуухад гайгүй гэж хэлсэн. Тэгтэл 16 цагийн орчим над руу нагац М-Э залгаж нөгөө хэд осолд орж танай хүүхэд ухаангүй байна гэж хэлэхээр нь би *** хотоос 18 цагийн автобусанд суусан. Тэгээд замдаа юу болж байна гээд асуугаад явж байтал танай хүүхэд чинь газар дээрээ өнгөрсөн байна гэж хэлсэн. Талийгаач 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 3 настай байсан. Хүүгээ алдсандаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/,
4.Хохирогч Ж.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 30 минутад *** сумаас *** хот руу хадам аав М.А хадам ах А.С, эхнэр А.С, охин М-э, талийгаач Б.М нарын хамт гарсан юм... цаашаа явж байтал хадам аав гэнэт дуу алдах үед зам руу харахад зам дээрээ л явж байсан тэгэхээр нь нэг юм болохоо болиод зогсох гэж байгаа юм байна гэж бодох зуур л цааш юу болсныг санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь хадам аав намайг дуудахад нь сэргэсэн. Сэргэхэд хүүхэд өнгөрсөн байсан. Миний зүүн талын мөрд хөндүүртэй байсан. Гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 62, 67-р хуудас/,
5.Гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн орчим *** сумаас *** хот руу аав М.А, дүү А.Сатүүний охин М.Э, хүргэн Д, талийгаач Б.М бид нар гарсан. Тухайн өдөр цасан шуурга эхэлж зам халтиргаатай цастай байсан. Аав жолоо барьж, би хажуу урд суудал дээр бүсээ зүүгээд унтаж явж байсан. Аав гэнэт орилоход би сэрэхийн зуурт машин унаад эргэж 4 дугуйн дээр боссон. Тэгээд би бүсээ тайлаад машинаас гарахад арын суудал дээр суусан Са, Д 2 хүүхэд бүгд газарт унасан байсан. Аав нэг харсан чинь миний хажууд хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр газар унасан хүүхэд дээрээ гүйж очиход Б.М нь толгой хэсэг задарсан нас барсан, бусад нь амьд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,
6.Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 сарын 16-ны өдөр 10 цагт *** сумаас *** хот руу гарсан...Явж байтал аав гэнэт пизда гээд уулга алдсан, тэгтэл машин зүүн тийш хазайх шиг болсон. Тэгээд юу болсныг санахгүй байна. Тэгтэл машин дөрвөн дугуйн дээрээ эргэж буусан. Тэгээд арай гэж босоод талийгаач дээр очиход эрүү нь задарсан юм шиг харагдсан тэгээд орилоод дахиж харж чадаагүй...Аав, ах 2 бүсээ зүүсэн. Хойд талд бид 4 бүс зүүгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,
7.Говь-Алтай аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “...1.2. Ж.Дын биед зүүн далд сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 65 дугаартай дүгнэлт /хх-ийн 97-98-р хуудас/,
8.Говь-Алтай аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “...1. Талийгаач Б.Мийн биед баруун чамархай, зулай, дагзны хэсгээр гавлын хөндий ил гарсан шарх, тархи гоожилт, суурь ясны олон сэлтэрсэн хугарал, амны хөндийн ил гарсан шарх, эрүү ясны хугарал, баруун сарвуу 2, 3, 4-р хурууны тасрал, 1, 5-р хурууны хугарал, цээжний гол хэсэгт цус хуралт, зүүн сарвуу, зүүн тохойд зулгаралт, уруулын зүүн талаас чихний дээд тал хүрсэн цус хуралт, зүүн чихний доод хэсэг, эрүүний зүүн доод хэсэг, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. 5. Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас шууд нас барсан байна. /Уг гэмтлээр шууд нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй/ 4. Шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй...” гэх 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-105-р хуудас/,
9.Шинжээч М.Дашдоржийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “...13-07 ГАО улсын дугаартай хар хөх өнгийн приус-30 загварын тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. жолооч дараах үүргийг хүлээнэ гэсэн заалтын 3.4 б хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэх заалт, Мөн дүрмийн 23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114-115-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.А нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр **** улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон **** аймгийн **** сумаас **** руу явах замдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4б “жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.8 “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
“Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “заасан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно.” гэж хуульчилжээ.
Хууль зүйн хувьд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” нь бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тохиолдолд хангагдах ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг бөгөөд харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Ааас дээрх үйл баримтуудыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Аын зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас Б.Мийн амь нас хохирсон, Ж.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой юм.
Шүүгдэгч М.Аын хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч осол гарган хүний амь нас хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 146 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (Тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнсэж, мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Аад мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч М.Аын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Ж.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, бага насны хүүхэд болох Б.М нас барсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирогч Ж.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нараас хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нар нь сэтгэцэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.Д нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овгийн М-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (Тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Аад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Аад сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.Д нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нар нь сэтгэцэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР