Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч А.Ариунтуяа,

Хохирогч Ү.Т,

Шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Цд холбогдох эрүүгийн 2334000000518 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймаг, Цагаан-Үүр суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Х.Ц

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол 3 дугаар баг “Арслангийн дэнж” гэх газарт байрлах гэрийнхээ гадна орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй, уяагүй байлгасны улмаас иргэн Ү.Тг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Ц нь: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Ү.Т нь: “Би Баянголоос дээшээ өвсөнд явж байтал машин эвдэрсэн. Эдний дээгүүр гардаг юм. Тэрүүгээр явж байгаад нохойнд нь хазуулсан. Дөрвүүлээ явж байсан. Нохой нь гэрийнхээ хажуугаас наашаа ирсэн. Би эдний хашааны хажуугаар явган явж байсан. Нөгөө хүмүүс рүү бас дайрсан. Тэгээд шууд нүүр лүү хазсан” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334000000518 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Үүнд: Шүүгдэгч Х.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол 3 дугаар баг “Арслангийн дэнж” гэх газарт байрлах гэрийнхээ гадна орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй, уяагүй байлгасны улмаас иргэн Ү.Тг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол гэх үйл баримт нь:

-Хохирогч Ү.Тгийн “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө Төв аймгийн Баянгол 3 дугаар багийн нутаг Хар байдас гэх газраас өвс татахаар дүү Ү.Чанарбек, н.Бекболд нарын хамт Зил-131 маркийн автомашинтай явж орой болоход өвсөө ачаад уруудаж яваад Давааны амны гарам орчим машины дугуй хагарч машинаа орхиод Баянгол гэр рүүгээ алхсан замд Арслангийн дэнжээр айлын гадуур зам дагаад явж байтал Х.Цгмйн нохой сул гэрийнхээ үүдэнд хуцаад байж байтал хүүхдүүд нь гараад ирсэн чинь нөгөө нохой улам хөөрч намай ноцож эрүү нүүргүй хазсан. Хоёр хүүхэд нь ирж салгаж бид нар гэрт нь орсон. Тэгээд утсаар ярьж өөдөөс ирж тосож аваарай гээд хэлчихээд гаргуулаад доошоо гэр рүүгээ алхсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

-Гэрч Г.Бүрэнбаатарын “...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө аав, ээж дүүг аваад эмнэлэг рүү явсан ба дүү Г.Пүрэвбаатарын хамт малаа харж үлдсэн. Тэр орой бүрхэг цас орж байсан ба чоно уйлаад байхаар нь нохойгоо тавьчихаад үхрээ уяад дуусаад гэр рүүгээ орох гээд дүүгийн хамт явсан нохой маань гэрийнхээ үүдэнд хуцааж байж байсан. Гэрийн урд 50 метрийн зайд 00 байдаг ба тэр дотор 3 хүн орчихсон нэг ах гэр рүү алхаад ирж байсан ба гэнэт манай нохой бид хоёрыг харангуутаа нөгөө ах руу дайрч үсэрч ноцсон. Бид хоёр гүйж очиж нохойгоо салгаж авсан. Тэгсэн Баянголд байх Ү.Т ах байсан. Нүүрийг нь нэлээн хазсан цус гарчихсан байсан. Тэгээд нохойгоо хорьж нөгөө хүмүүсийг гэрт оруулсан. Нөгөө хүмүүс манай утсаар гэр рүүгээ ярьж урдаас тосож аваарай гээд, тэгээд гараад доошоо уруудаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-тал/,

-Гэрч Г.Пүрэвбаатарын “...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө аав, ээж, дүүг аваад эмнэлэг рүү явсан байсан ба дүү Г.Бүрэнбаатарын хамт малаа харж үлдсэн. Тэр орой бүрхэг цас орж байсан ба чоно уйлаад байхаар нь нохойгоо тавьчихаад үхрээ уяад дуусаад гэр рүүгээ орох гээд дүүгийн хамт явсан нохой маань гэрийнхээ үүдэнд хуцааж байж байсан. Гэрийн урд 50 метрийн зайд 00 байдаг ба тэр дотор 3 хүн орчихсон нэг ах гэр рүү алхаад ирж байсан ба гэнэт манай нохой бид хоёрыг харангуутаа нөгөө ах руу дайрч үсэрч ноцсон. Бид хоёр гүйж очиж нохойгоо салгаж авсан. Тэгсэн Баянголд байх Ү.Т ах байсан. Нүүрийг нь нэлээн хазсан цус гарчихсан байсан. Тэгээд нохойгоо хорьж нөгөө хүмүүсийг гэрт оруулсан. Нөгөө хүмүүс манай утсаар гэр рүүгээ ярьж урдаас тосож аваарай гээд, тэгээд гараад доошоо уруудаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

-Шүүгдэгч Х.Цгийн сэжигтнээр өгсөн “...11 дүгээр сарын 07-ны өдөр гэр рүүгээ харих гээд замдаа голд суугаад очиж чадаагүй, тэгсэн гэрээс хүүхдүүд залгаад н.Төкөнөө ахыг нохой урчихлаа гэж утсаар хэлсэн. Тэгээд орой болсон хойно төвд гэртээ байж байтал Ү.Тгийн эхнэр нь утсаар залгаад танай нохой манай нөхрийг урсан байна гэхээр нь харин тийм байна гэж хэлсэн. Тэгээд хот руу үзүүлэхээр явна, та нар явах уу гэхээр нь хүүхэд бас өвчтэй бид нар замын зардлыг чинь өгье гээд мөнгө шилжүүлсэн. Тэгээд хот руу явж үзүүлээд ирсэн хойно нь уулзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №687 дугаартай “...Ү.Тгын биед хамар, зүүн хацар, зүүн нүдний зовхи, дээд урууланд шарх, эрүүнд шарх, уруул, зүүн шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх хамар болон зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд уруулын шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх уруулын шарх, эрүүний шарх гэмтлүүд нь тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцралт, зүүн шууны зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 тал/,

-Шүүгдэгч Х.Цгийн яллагдагчаар өгсөн “...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Х.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол 3 дугаар баг “Арслангийн дэнж” гэх газарт байрлах гэрийнхээ гадна орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй, уяагүй байлгасны улмаас иргэн Ү.Тг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан хамаарагдах ба орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, хүнд халдаж эрүүл мэнд, амь насыг хохироох аюултай амьтан гэдгийг мэдсээр байж зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйдээ санаатай, үүний улмаас бий болсон хохирлыг хүсээгүй буюу болгоомжгүйн гэм буруугийн холимог хэлбэр бүхий субьектив шинжтэй байдгаараа онцлог юм.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.:.₮ гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт өөрөө дайрч довтлон бусдын амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулж чадах байгалиас заяасан чадвартай гэрийн тэжээмэл амьтныг хамааруулан ойлгох бөгөөд ийм төрлийн гэрийн тэжээмэл амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинж хангагдана. Тодруулбал хазаж ноцон хүн, амьтныг гэмтээх, хороох байгалийн чадвартай гэрийн тэжээмэл амьтныг олон нийтийн газар авч явахдаа тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хөтөлгөө хошуувчтай авч явах, орон сууц, хашаа зэрэг өөрийн эзэмшлийн бүсэд байгаа тохиолдолд хараа хяналтгүй гарахгүй байх, бусад хүн амьтан санамсаргүй байдлаар орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, тасарч алдуурахааргүй байдлаар уях, зориулалтын торонд байлгах, түүнчлэн дээрх төрлийн амьтныг харуул манааны зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд олон нийтийн болон бусдын эзэмшил газар луу чөлөөтэй нэвтрэх боломжийг хааж хашаа, хаалгаа бэхлэх үүргийг амьтан эзэмшигч хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас түүний эзэмшилд байдаг амьтан хүний биед халдан хүндэвтэр хохирол учруулсан бол орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ц нь орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй хохирогч Ү.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Х.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний үйлдэл хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч А.Ариунтуяагаас: “Шүүгдэгч Х.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй” гэх ялын дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч Х.Ц нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар урьд ял шийтгэлгүй, анх удаагийн тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугийн талаар маргахгүй байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Х.Цгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Телубайд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 505.962 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүгдэгч Х.Ц нь мөрдөн байцаалтын шатанд 400.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үлдэх 105.962 төгрөгийг нөхөн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Цгаас гаргуулах хохирол төлбөргүй,

Эрүүгийн 2334000000518 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Цг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

4.Шүүгдэгч Х.Цд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц нь хохирогч Ү.Тд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд 505.962 төгрөг төлсөнг дурдаж, хохирогч Ү.Т нь цаашид гарах эмчилгээний зардалтай нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн 2334000000518 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Баасандоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА