Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

-улсын яллагчаар яллагч Л.Солонго,

-шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Н.Дэлгэрцэцэг, Б.Баярмагнай нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Чт холбогдох эрүүгийн 2334000000361 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, ээж, 4 дүүгийн хамт

Урьд Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлснийг 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн №90 тоот магадлалаар хүчингүй болгож,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 358 тоот шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөсөн , улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Н.Ч

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ч нь “Портер” маркийн “80-86 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутаг “Бараат” гэх газраас 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.Аийн өмчлөлийн 5 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, бусдад 5.600.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Чинзориг нь: “2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10 цагийн үед намайг н.Норовсамбуу дэслэгч гэрээс очиж авсан. 8806 тээврийн хэрэгслийг асаалгасан тэгж байх явцдаа арын багаж ухаж байгаад хар алаг иштэй хутга олж аваад энэ чамд ямар ч хамаагүй хэргийн материалд хэрэг болно гэж байсан. Гэтэл ахлах дэслэгч н.Отгонбаяр намайг пясда минь чи тэр хутгаар үхэр алсан уу. Лайвчин н.Эрдэнээ лайв хийгээд дарга цэрэг нар байлгахгүй байна. Чи хэрэг хийгээгүй ч гэсэн энэ хэргийг ав гэж тусгай багаж зэвсэг ашиглаж зодож дарамталсан. Манай дүү болох н.Буянжаргалыг эрүү шанааг хавдтал зодсон очиход бүлцийтэл уйлсан байдаг. Дэслэгч н.Тэмүүжин тусгай багаж ашиглаж хийгээгүй хэрэг хүлээлгэж чи энэ хэргийг хийгээгүй байсан ч гэсэн ав гэж тохиролцсон тулгасан байдалтай хэлсэн. Би чамайг цагдан хориод л гаргачихна. Маргааш чам дээр н.Норовсамбуу очно байцаалт авна. Чи авсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Чамайг цагдан хорьчихно тэгээд үхэр авсан хүнийг олоод чиний хохирлын мөнгийг гаргаад өгнө эр хүмүүс нэг нэгэндээ найдаж итгэж болно биз дээ гэж байсан. Ял авчихаад цагдан хорих байранд байж байхад орч ирж ижил төстэй 5 үхэр, 7 адуу ахиад 5 адуу 1 үхэр ахлах дэслэгч н.Отгонбаяр, н.Норовсамбуу нар надаас нэхсэн байдаг. Энэ өвөл орж ирээд чамаас өөр гарцаа байхгүй гэсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334000000361 дугаартай дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүгдэгч Н.Ч нь “Портер” маркийн “80-86 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутаг “Бараат” гэх газраас 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.Аийн өмчлөлийн 5 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, бусдад 5.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12 тал/,

Хохирогч Ж.Аийн “Би 2023 оны 08 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Сэргэлэн сумын нутаг Бараат уулын энгэрт бэлчээртэй идээшилж байх үхрээ харсан тэр үед бүгд байсан. Тэгээд маргааш өдөр нь үед үхрээ гэртээ ойртуулах гээд 13 цагийн үед үхэртээ яваад Бараат уулын энгэрт оршуулгын газрын хажуу талаас үхрээ авахад манай үхэрнээс 5 үхэр дутуу байсан. Тэгээд би 5 үхрээ хайгаад өндөр дов, тахилтын энгэр, бөхөг, долоо уул, бяцхан хөндлөн, аймгийн төв, Зүүндэлгэр, муус ус зэрэг газруудаар яваад олоогүй. Тэгээд хулгайч авсан байх гэж бодоод цагдаад хандсан. Мухар хар шүдлэн эрх үхэр, мухар хар гунжин үнээ, мухар улаан гунжин үнээ, буруу талынхаа хаан дээр цагаан мэнгэтэй, мухар саарал эр бяруу засаагүй, эвэртэй саарал эр бяруу, засаагүй эдгээр үхэрнүүд эм тамга байхгүй содон шинж тэмдэг байхгүй. Манай алдагдсан үхэрнүүд дан монгол, хоёр гунжин үнээ нь сувай, хоёр бяруу нь хусран болохоор нэлээн тарган байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

-Гэрч Б.Буянжаргалын “....Би Н.Ч ахын төрсөн дүү болох н.Сумъяабазартай найз. Тэгээд н.Сумъяабазарыг дагаад Н.Ч ахынд байнга очдог байсан. Аймгийн наадмын дараахнаас Н.Ч ахын ээж н.Золжаргал эгч, н.Сумъяабазар, н.Дуламсүрэн, Ж.А, н.Сэвжид, н.Өлзийдэлгэр гэх 5 дүүгийнхээ хамт олуулаа амьдарч байгаа..., ...Өглөөнөөс хойш орой 21 цаг хүртэл гүүгээ татаад ойр зуурын ажилтай гэртээ байсан. Шөнө 01 цагийн үед Н.Ч ах 8086 ТӨҮ портер гадаа ирж зогсоод орж ирэхгүй байж байгаад удалгүй буцаад хөдлөө явсан. Тэгэхээр нь Н.Ч ахыг согтуу байгаа юм болов уу гэж бодоод араас нь 0702 УНК приус-20 машинтайгаа араас нь очсон. Тэгсэн Н.Ч ах юу хийж энд яваа юм, гэртээ харь гэж хэлэхээр нь буцаад гэртээ ирсэн..., ...Н.Ч ахын машин бүхээгтэй учраас дээр нь юу байгааг сайн хараагүй, шууд л буцаад гэртээ ирсэн. Манайхаас баруун хойд зүгт Юмтын аманд зогсож байсан. Н.Ч ах ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

-Гэрч Э.Мөнгөнзагасын “...Би Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 1000 айлын 1 дүгээр байрны 30 тоотод хоёр хүүхдийн хамт түрээсийн байранд байсан. Манай нөхөр Н.Ч нь өглөө 10 цагийн үед хөдөө өндөр довын гэр рүүгээ тухайн өдөр гэртээ ирж хоноогүй 80345696 гэх дугаараас залгаад би урагшаа шархай гэх газар руу өвөөгийнх рүү явлаа өглөө эрт иргэ гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өдөр нь 14 цагт Н.Ч нь гэртээ ирсэн. 08 сарын 30-ны өдөр хүүхдийнхээ хувцсыг бэлдэх гээд хот руу явсан..., ...Энэ мөнгийг манай нөхөр Н.Ч нь байрны түрээс төлөөд хүүхдийнхээ хувцсыг бэлд гэж хэлээд өгсөн. Энэ юун мөнгө вэ гэж асуухад өөрийнхөө адуунаас хийж зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

-“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №ТЦ-23-147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 03/240 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-73 тал/,

-Шүүгдэгч Н.Чийн яллагдагчаар өгсөн “...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Юмтын ам гэх газраас 2023 оны 08 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим 5 тооны үхэр байхаар нь мухар улаан гунж, мухар хар шүдлэн үхэр нарыг нядлан шулж мах, болон арьс толгой нарыг нь авч яван Улаанбаатар хотод Дэнжийн мянга махны зах дээр ченжид махыг өгсөн юм. 2023 оны 08 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим өөрийн эзэмшлийн портер маркийн 80-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж үлдсэн 3 тооны үхэрнээс бор үхэр, саарал үхэр нарыг нядлан шулж аваад мах болон арьс толгой нарыг Улаанбаатар хотод Дэнжийн мяангийн махны захад очин ченжид өгсөн юм. Махны мөнгө болох 1.200.000 төгрөгийг хаан банкны 5721461490 дугаарын дансаар мөнгө шилжүүлсэн юм..., ...Би ганцаараа үйлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Н.Ч нь машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Ч нь “Портер” маркийн “80-86 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутаг “Бараат” гэх газраас 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.Аийн өмчлөлийн 5 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, бусдад 5.600.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Ч нь бусдын олон тооны мал буюу 5 тооны үхрийг бэлчээрээс нь авч, хууль бусаар эзэмшилдээ оруулж, өөртөө захиран зарцуулах боломжийг бий болгосноор бусдын малыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр , нууцаар авсан гэх хулгайлах гэмт хэрэг нь төгссөн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Ч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 

Шүүгдэгч Н.Ч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Чийг машин механизм ашиглан, бусдын олон тооны буюу 5 үхрийг хулгайлсан үйлдэлд нь Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан... машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж..., гэх хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Чийг машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Н.Чийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Цэрэнтогтохоос: “Шүүгдэгчид гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол төлбөрөө төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.  Шүүгдэгч Н.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан 4 жил хорих ял оногдуулж,  шүүгдэгч Н.Чийн  өмнө  Баянзүрх дүүргийн шүүхээс оногдуулсан хорих ялаас  эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 10 хоногийг шүүгчийн захирамжаар хугацааны өмнө  сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлд зааснаар  нэмж нийт 5 жил 8 сар 11 хоног нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  тээврийн хэрэгсэл улсын орлого болгож. Шүүгдэгч Н.Чийн цагдан хоригдсон 148 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх санал гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрцэцэгээс: “Нэмэлт ажиллагаа хийлгэх байр суурьтай оролцсон. Нэгэнт гэм буруутайд тооцсон тул өмнөх шүүх хуралдаан дээр илэрхийлсэн байр сууриа дэмжиж байна. Хохирол төлбөр барагдсан Гэм буруу дээрээ маргасан гэхээсээ илүү өөрт нь гомдол тээгдээд байсан юм шиг байгаа юм. Тэрийгээ илэрхийлэх аргаа шүүх хуралдааны танхимд илэрхийлж байна гэж бодсон. Өөрийгөө илэрхийлэг гэж бодсон. Давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалттай холбоотой асуудлаар буцаагаагүйг мэдэж байсан. Гэм буруу хүлээн зөвшөөрөөгүй гэсэн дүгнэлт хийхгүй байна уу гэж хүсэж байна. Хамгийн багаар ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас: “Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн 6.1 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлбөрөө нөхөн төлсөн нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлд заасан гэмт хохирол төлснөөр хор уршиг арилдаг. Хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдлыг харгалзан тус зүйл ангид зааснаар хамгийн багаар ял оногдуулж өгнө үү” тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Н.Чийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Н.Чийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир шүүгдэгч Н.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд маргаагүй боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөр маргасан, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.

Түүнчлэг шүүгдэгч Н.Ч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ХМШЗ/20 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 08 сар 11 хоногийн хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч Н.Чт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтооно” гэж тус тус зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 8 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч Н.Чийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг, цагдан хоригдсон 148 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ч нь “...намайг зодож, хууран мэхэлж, хэрэг хүлээлгэсэн” гэх гомдлоо холбогдох эрх бүхий байгууллагад гомдол, хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Н.Чийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар 2 удаагийн ял шийтгэлтэй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлаар:

Хохирогч Ж.Ад энэ гэмт хэргийн улмаас 5.600.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд Н.Ч нь 5.600.000 /хх-ийн 122 тал/ төгрөгийг Ж.Ад төлсөн болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Чоос гаргуулах хохирол төлбөргүй байна.

Хохирогч Ж.А нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой зардал болох 88.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4-д дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Чийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Н.Чийн эзэмшлийн “Hyundai porter” маркийн “80-86 ТӨҮ” улсын дугаартай 3.922.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгож,

Эрүүгийн 2334000000361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ч нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, цагдан хоригдсон 148 хоногтойг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Чт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Н.Чийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Н.Чт энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 08 /найм/ сар 11 /арван нэг/ хоногийн ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 08 /найм/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чт оногдуулсан 4 /дөрөв/ жил 08 /найм/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоног, цагдан хоригдсон 148 /нэг зуун дөчин найм/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.922.000 төгрөгийн үнэлгээ бүхий “80-86 ТӨҮ” улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн 2334000000361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ч нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, цагдан хоригдсон 148 хоногтойг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт зааснаар хохирогч Ж.А нь шинжээчийн зардал 88.000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ю.ЭНХМАА

 

 

 

2023 оны 12 сарын 20 болон 2024 оны 05 сарын 14-нь ороогүй 147 хоног,