| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0152/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/165 |
| Огноо | 2024-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
-улсын яллагчаар Э.Уянга,
-шүүгдэгч Э.Үад нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Үад холбогдох эрүүгийн 2434000000024 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, оршин суух хаягтай,
Урьд өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Э.Ү
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг Дэнжийн 1-2 тоотод байхдаа иргэн Г.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа, зүүн гаран тус газарт нь модоор цохиж түүний эрүүл мэндэд зүүн гарын шууны цуурал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.Ү нь: “Тухайн өдөр би архи уусан байсан үл ялих зүйлээс болж маргасан. Ахиж ийм хэрэг хийхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч Э.Ү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг Дэнжийн 1-2 тоотод байхдаа иргэн Г.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа, зүүн гаран тус газарт нь модоор цохиж түүний эрүүл мэндэд зүүн гарын шууны цуурал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 тал/,
-Хохирогч Г.Агийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Танил н.Сэргэлэнгийн гэрт н.Сэргэлэнгийн эхнэр н.Отгоо, найз н.Зоригоо, н.Нэргүй, н.Эрхэмбаяр бид 5 хөзөр тоглоод сууж байхад н.Сэргэлэнгийн дүү Э.Ү гэх газлуу гаднаас согтуу орж ирээд намайг янз бүрээр хэл амаар доромжлоод сууж байснаа гэнэт босч ирээд миний нүүр рүү баруун гараараа нилээн хэдэн удаа цохиод хавирга хэсэг рүү өшиглөж байх үед н.Зоригоо намайг салгасан. Тэгээд би Борнуур сумын цагдаад дуудлага өгөөд байж байтал Э.Үын эмээ, эхнэр, ээж нь гэрт орж ирсэн. Тэр үед н.Зоригоо, н.Нэргүй, н.Эрхэмбаяр нар гараад явсан чинь Э.Ү намагй цагдаад дуудлага өгдөг яасан овоо юм бэ чамайг ална гээд дахиж босч ирээд нэг модоор миний толгой руу цохих гэхээр нь би зүүн гараараа хаасан чинь зүүн гар эвгүй болсон би тухайн үедээ нэг нутгийн хүмүүс юм чинь гомдол гаргаад яахав гэж бодтол миний зүүн гар цуурсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,
-Гэрч Н.Нэргүйгийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд н.Сэргэлэнгийн гэрт н.Эрхэмбаяр, Г.А, н.Зоригоо бид дөрөв хөзөр тоглоод сууж байтал Э.Ү гаднаас нилээн согтуу орж ирээд сууж байснаа Г.Атай маргалдаж эхлээд Э.Ү гэнэт босож ирснээ Г.Аг толгой руу нь нэг удаа цохих үед нь н.Зоригоо бид 2 салгаад маргалдахаа болихоор нь н.Зоригоо бид хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
-Гэрч Ц.Отгончимэгийн “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ нөхөр н.Сэргэлэн найз Г.А, н.Зоригоо, н.Нэргүй нарын хамт хөзөр тоглоод сууж байсан чинь манай нөхөр н.Сэргэлэн ажил гараад гэрээс гараад явчихсан чинь манай нөхрийн дүү Э.Ү гэх залуу гаднаас согтуу орж ирээд Г.Аг чи муу пизда гээд хэлсэн чинь Г.А чи яагаад ахыгаа онцолж ирээд хараагаад байна гэсэн чинь Э.Ү, Г.Аг нэг удаа цохисон тэгэхээр нь би н.Сэргэлэнг дуудах гээд гэрээсээ гараад явчихсан. Тэгээд н.Сэргэлэнг хайсан чинь н.Сэргэлэн олдохгүй байсан. Тэгээд би гэртээ ороод ирсэн чинь зодоон болоод дуусчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
-Гэрч Т.Эрхэмбаярын “...Би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найз н.Сэргэлэнгийн гэрт н.Сэргэлэнгийн эхнэр н.Отгоо, н.Зоригоо, н.Нэргүй, Г.А нарын хамт хөзөр тоглоод сууж байтал гаднаас н.Сэргэлэнгийн дүү Э.Ү согтуу орж ирээд Г.Атай маргалдаад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь н.Зоригоо, н.Нэргүй нар салгаад байж байсан. Тэгээд н.Зоригоо, н.Нэргүй нар н.Сэргэлэнгийн гэрээс гараад явсан чинь Э.Ү гэр дотор байсан мод аваад Г.Аг цохих гээд далайсан чинь Г.А гараараа хаагаад гараа цохиулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 тал/,
-Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №05 дугаартай “...Өгөгдсөн материалаар Г.Агийн биед зүүн гарын шууны цуурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 тал/,
-Шүүгдэгч Э.Үын яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно. Би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүмүүстэй архи уугаад байгаад орой н.Сэргэлэн ахын гэрт орсон хүмүүс хөзөр тоглоод сууж байхаар нь боль гээд хэлтэл Г.А ах өөдөөс юм яриад байхаар нь маргалдаад улмаар би баруун гараараа нүүрэг хэсэгт нь 2-3 удаа цохисон. Мөн түлээний модоор зүүн гарыг нь цохисон юм. Тэгээд цагдаа ирээд аваад явсан юм..., Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, би учирсан хохирлоо барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Э.Ү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг Дэнжийн 1-2 тоотод байхдаа иргэн Г.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа, зүүн гаран тус газарт нь модоор цохиж түүний эрүүл мэндэд зүүн гарын шууны цуурал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Прокуророос шүүгдэгч Э.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Э.Үын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Ү нь хохирогч Г.Аг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Э.Ү нь хохирогч Г.Аг зодож, цохисны улмаас “зүүн гарын шууны цуурал” бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Э.Ү нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.Ү нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч Э.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Э.Уянга нь “Шүүгдэгч Э.Үыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Э.Үд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Үыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Э.Үад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Э.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Үад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүх хуралдааны товыг хохирогч Г.Ад мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Э.Үаас гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн 2434000000024 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ү нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч Э.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Үад оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүгдэгч Э.Үад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн 2434000000024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА