Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2024/00002

 

Г.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/01981 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01802 дугаар магадлалтай,

Г.М-н нэхэмжлэлтэй

“ДНГ” ХХК, Б.С нарт холбогдох

*** дүүргийн *** хороо *** барилгын **3 тоот 46,36 м.кв орон сууц, **4 тоот 49,83 м.кв орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “ДНГ” ХХК-д даалгах, алданги 50,067,151 төгрөг гаргуулах, Б.С болон “ДНГ” ХХК нарын хооронд 2021.07.05-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, *** дүүргийн *** хороо *** барилгын **4 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-н нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.С-т даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019.08.26-ны өдрийн ЗГ**/02 тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “ДНГ” ХХК-ийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.С-н өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Г.М нь “ДНГ” ХХК болон Б.С нарт холбогдуулан *** дүүргийн *** хороо *** барилгын **3 тоот  тоот 46,36 м.кв орон сууц, **4 тоот 49,83 м.кв орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “ДНГ” ХХК-д даалгах, алданги 50,067,151 төгрөг гаргуулах, Б.С болон “ДНГ” ХХК нарын хооронд 2021 оны 07 сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, *** дүүргийн *** хороо *** барилгын **4 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-н нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.С-т даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “ДНГ” ХХК нь 2019.08.26-ны өдрийн ЗГ**/02 тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/01981 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ДНГ” ХХК-д *** дүүргийн ** хороо *** барилгын **3, **4 тоот 46,36 м.кв, 49,83 м.кв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, хариуцагч “ДНГ” ХХК-аас алданги 50,067,151 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т олгож, хариуцагч Б.С болон “ДНГ” ХХК нарын хооронд 2021.07.05-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, *** дүүргийн ** хороо *** барилгын **4 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-н нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.С-т даалгаж, нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “ДНГ” ХХК-ийн гаргасан 2019.08.26-ны өдрийн ЗГ**/02 тоот Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,866,875 төгрөг, хариуцагч “ДНГ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДНГ” ХХК-аас 1,216,875 төгрөг, хариуцагч Б.С-с 650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т тус тус олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01802 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/01981 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт удирдлага болгосон “73 дугаар зүйлийн 73.1” гэснийг хасаж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг *** дүүргийн ** хороо *** барилгын **3 тоот, 46,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “ДНГ” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх *** дүүргийн ** хороо *** барилгын **4 тоот, 49,83 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “ДНГ” ХХК-д даалгах, хариуцагч “ДНГ” ХХК-аас алданги 50,067,151 төгрөг гаргуулах, Б.С болон “ДНГ” ХХК нарын хооронд 2021.07.05-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, *** дүүргийн ** хороо *** барилгын **4 тоот, 49,83 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-н нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.С-т даалгах тухай үндсэн, хариуцагч “ДНГ” ХХК-ийн нэхэмжлэгч Г.М-той байгуулсан 2019.08.26-ны өдрийн ЗГ**/02 тоот орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.М-н төлсөн 1,866,875 төгрөг, хариуцагч “ДНГ” ХХК-аас төлсөн 879,375 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДНГ” ХХК-аас 650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хасч, 5 дахь заалтыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ДНГ” ХХК-ийн төлсөн 1,216,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-н төлсөн 650,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4.Хариуцагч “ДНГ” ХХК-ийн төлөөлөгч Д.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...1.Хэргийн оролцогчийн зүгээс гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, шүүх хуралд оролцох зэрэг хүсэлтүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч анхан шатны шүүх бүхий л хүсэлтийг хангаагүй явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн арвандөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “...хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, арванзургадугаар зүйлийн 14-д “нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.11.2-т “...шүүх хуралдаанд оролцох”, 25.1.3-т “гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48-р зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 25.1.5-д “шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих” гэж тус тус заасныг зөрчиж, хэргийн оролцогчийн хувьд татгалзал, тайлбараа батлах, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

...2....магадлалын хянавал хэсгийн 3 дахь хэсэгт “...ДНГ” ХХК нь **4 тоот орон сууцыг 2021.07.05-ны өдрийн ЗГ**/41тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ээр Б.С-т худалдсан байна. Дээрх худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, бичгээр байгуулсан хүчин төгөлдөр хэлцэлд хамаарч байна”. 4 дэх хэсэгт “Иймд 2021.07.05-ны өдрийн ЗГ**/41тоот “Орон сууцны захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй”. 4.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг хэд хэдэн этгээдтэй байгуулахыг хуулиар хориглоогүй тул ДНГ ХХК нь Г.М-той худалдах, худалдан авах гэрээ байгуулсан атлаа хожим Б.С-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан явдал нь уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй 5 дахь хэсэгт “...зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрхийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх нь ач холбогдолтой байна. Худалдан авагч Б.С нь орон сууцыг түрүүлж эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 250-р зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч эзэмшилдээ шилжүүлэх давуу эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.М-н гаргасан **4 тоот 49,83 м.кв орон сууцыг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй” гэж тайлбарлан **4 тоот орон сууцны өмчлөлтэй холбоотой бичиг баримтыг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл дээрхтэй мөн адил **3 тоот орон сууцыг 2021.06.10-ны өдөр Ж.Я гэдэг хүн “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, төлбөрөө 100 хувь төлсөн тул уг байрыг 2021.06.10-нд түүний эзэмшилд нь шилжүүлж өгсөн. Энэ талаарх баримт хэргийн материалд авагдсан бөгөөд тодруулбал нэхэмжлэгч талаас анх эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.21-ний өдрийн 182/ШШ2022/01919 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.05-ны өдрийн 210/МА2022/01668 дугаартай магадлалд **3 тоот орон сууцны эзэмшигч Ж.Я-н тайлбар, “ДНГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр 63 тоот орон сууцыг Ж.Я-т худалдсан болох нь тогтоогддог.

...Өөрөөр хэлбэл **3 тоот орон сууцыг худалдан авсан Ж.Я-н хувьд **4 тоот орон сууцны эзэмшигч Б.С-н адил тухайн худалдан авсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрхийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх нь зөв гэж бид үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 25-р зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч эзэмшилдээ шилжүүлэх давуу эрхтэй” гэж заасны дагуу **3 тоот орон сууцыг худалдан авсан Ж.Я нь уг орон сууцыг түрүүлж эзэмшилдээ авсан тул хууль ёсны шударга эзэмшигч мөн юм.

Иймд Шүүхийн тухай хуулийн 25-р зүйлийн 25.7.5-д “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх нь *** дүүргийн ** хороо *** барилгын **4 тоот 46,36 м.кв орон сууцны өмчлөгч Б.С нь шударга эзэмшигч гэж дүгнэн түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэнтэй нэгэн адил *** дүүргийн ** хороо *** барилгын **3тоот 49,83 м.кв орон сууцны эзэмшигч Ж.Я нь Иргэний хуулийн 250.1-д заасны дагуу шударга эзэмшигч мөн тул уг орон сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, хууль хэрэглээний зөрүүг арилгаж өгнө үү” гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...1.Давж заалдах шатны шүүх талуудын маргаагүй асуудалд хөндлөнгөөс дүгнэлт хийж хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн талаар: Магадлалын 7.3 хэсэгт “Нэхэмжлэгч Г.М нь орон сууцны үнийг сар бүр 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон гэх боловч уг тайлбараа нотолж чадаагүй, ийм тохиролцоо гэрээнд тусгагдаагүй байна” гэсэн нь шүүх хөндлөнгийн байр сууринаас биш хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Энэ талаар хариуцагч тал маргадаггүй бөгөөд харин ч 5,000,000 төгрөг төлөх үүргээ удаа дараа зөрчиж байсан тул манайх гэрээнээс татгалзсан гэж тайлбарладаг нь талуудын хооронд дээрх тохиролцоо хийгдсэн болохыг баталдаг. Түүнчлэн гэрээнд нэхэмжлэгч Г.М байрны үлдэгдэл төлбөрийг хэзээ төлж дуусгахыг тухайлан заагаагүй байгаа нь “ДНГ” ХХК байрыг барьж ашиглалтад оруулсны дараа төлж нэр дээрээ шилжүүлж авах, түлхүүр гардуулах зэрэг ажиллагаанууд хийгдэх болохыг харуулдаг бөгөөд энэ нь гэрээний 1.1, 3.3-т заасан агуулгаар нотлогдоно.

Гэтэл давж заалдах шатны шүүх 2021.03.31 гэхэд үлдэгдэл төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн гэж үзсэн ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан барааны хариу төлбөр болгож үнийг төлдөг онцлог зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Ийнхүү давж заалдах шатны шүүх “ДНГ” ХХК-ийн орон сууцыг хугацаандаа барьж дуусгах үндсэн үүрэг нь Г.М-н үлдэгдэл төлбөрөө төлөх үүргийн урьдчилсан нөхцөл нь байхад талуудын эрх үүргийг хооронд нь ялгаж салгаж оновчтой, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Магадлалын 4.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг хэд хэдэн этгээдтэй байгуулахыг хуулиар хориглоогүй тул “ДНГ” ХХК нь Г.М-той худалдах, худалдан авах гэрээ байгуулсан атлаа хожим Б.С-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан явдал нь уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй” гэж дүгнэн худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрхийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн.

... “ДНГ” ХХК нь нэхэмжлэгч Г.М, Б.С, Ж.Я нарт нэг эд хөрөнгийг худалдахдаа гэрээг өөр өөр цаг хугацаанд буюу 2 жилийн дараа өмнөх гэрээгээ цуцлаагүй байж эрхийн зөрчилтэй хөрөнгө бусдад худалдаж үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. ... Гэтэл хариуцагч “ДНГ” ХХК нь гэрээний дээрх тохиролцоог баримтлаагүйгээс гадна гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй. “ДНГ” ХХК нь гэрээний 6.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэгжүүлж Г.М-т үлдэгдэл төлбөрөө төлөх талаар мэдэгдэх, шаардах, орон сууцыг хүлээлгэж өгөх талаар ямар нэгэн зөвшилцөл хийх байтал байраа хүлээж авч тооцоогоо дуусгахаар удаа дараа очиход байрыг нь өгдөггүй, төлсөн мөнгийг нь мөн буцааж өгдөггүй тул Г.М арга буюу шаардах эрхээ баталгаажуулан 2022 оны 12 дугаар сард бүх тооцоог дуусгаж шүүхэд хандсан. Нэхэмжлэгч Г.М-н энэхүү үйлдэл “ДНГ” ХХК-ийн буруугаас болсон тул түүнийг үүргийн биелэлтийг хожимдуулсан гэх үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгч Г.М гэрээний үүрэг болоод гэрээний хариуцлага болох алдангийг шаардах эрхтэй.

2.Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.С-г өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан гэж үзсэн нь үндэслэлгүй талаар: Магадлалд Б.С нь ...орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг “ДНГ” ХХК бусадтай байгуулсан болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан гэж үзнэ” гэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 3-т Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан байхад хариуцагч Б.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл буцаагдсан үйл баримтыг овжноор ашиглаж, нэхэмжлэгч Г.М-г дахин шүүхэд нэхэмжлэл гарган шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулахаас өрсөж, шударга бус аргаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан.

Тодруулбал: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.30-ны өдрийн 82/ШЗ2023/01783 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гомдол гаргах эрхтэй захирамж байсан тул *** дүүргийн улсын бүртгэлийн ажилтан нь “энэ захирамжид гомдол гаргаагүй талаарх албан бичиг шүүхээс авч ирсэн тохиолдолд гэрчилгээ олгоно” гээд гуравдагч этгээд Ж.Я-т гэрчилгээ олгохоос татгалзсан байдаг.

...Ийнхүү давж заалдах шатны шүүх тухайн маргааны үйл баримтад бүрэн гүйцэд, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн эзэмшилдээ түрүүлж авснаараа шаардах эрхтэй гэж үзэж гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.Нэг гэрээгээр зохицуулагдсан яг ижил нөхцөлтэй эрх зүйн харилцааг өөр өөр байдлаар шийдвэрлэсэн талаар: ...“ДНГ” ХХК нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгө бусдад худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгааг зөвтгөх үндэслэлгүй байхад *** дүүргийн ** хороо *** барилгын **4 тоотод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож харин тус байрны **3 тоотод холбогдох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн нь хууль зүйн хувьд хоорондоо зөрчилдсөн дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлд дурдсан **3 тоотод холбогдох шаардлага хангагдах үндэслэлтэй бол **4 тоотод холбогдох шаардлага ч мөн адил хангагдах бүрэн үндэслэлтэй. Ийнхүү “ДНГ” ХХК нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгө бусдад зарж, эд хөрөнгө шилжүүлэх үүргээ хугацаандаа биелүүлээгүй буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан зохицуулалтад нийцсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгч нь хариуцагч “ДНГ” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч “ДНГ” ХХК-ийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.12.12-ны өдрийн 001/ШХТ2023/01441 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “ДНГ” ХХК-ийн гомдлыг тус тус хангах үндэслэл тогтоогдсонгүй.

8.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “ДНГ” ХХК-д холбогдуулж *** дүүргийн ** хороо *** барилгын **3, **4тоот 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги 50,067,151 төгрөгийг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.С-г хамтран хариуцагчаар татаж, хариуцагч нарт холбогдуулан Б.С болон “ДНГ” ХХК-ийн хооронд 2021.07.05-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56.4 дэх хэсэгт зааснаар *** дүүргийн ** хороо *** барилгын **4 тоот орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагч Б.С-т даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч “ДНГ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Г.М нь сар бүр 5,000,000 төгрөг төлөх гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 5.1-д зааснаар гэрээг цуцалсан гээд Г.М нь компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй байсан тул Г.Мтой байгуулсан 2019.08.26-ны өдрийн ЗГ**/02 тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Хариуцагч Б.С нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “ДНГ” ХХК-тай 2021.07.05-ны өдөр гэрээ байгуулан, орон сууц захиалж, төлбөрөө төлсөн, 2 жил орчим уг орон сууцандаа амьдарч, ашиглалтын төлбөр төлж байна гэж маргажээ.

9.Анхан шатны шүүх Г.М-н нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 144,285,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнээс 142,285,000 төгрөгийг төлж үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байхад ялимгүй шалтгаанаар гэрээнээс татгалзахыг хуулиар хориглосон, хариуцагч “ДНГ” ХХК нь гэрээнд заасан 2 орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй, үүнээс “ДНГ” ХХК нь захиалагч Г.М-той байгуулсан орон сууц захиалгын гэрээгээ цуцлаагүй, дүгнээгүй байхдаа Б.С-тай 2021.07.05-нд орон сууц захиалгын гэрээг давхар байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн, иймд Б.С болон “ДНГ” ХХК-ийн хооронд 2021.07.05-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд ...**4 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-н нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.С-т даалгах үндэслэлтэй гэж, харин 2019.08.26-ны өдрийн Г.М-той байгуулсан ЗГ**/02 тоот орон сууц захиалгын гэрээнд “ДНГ” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан Г.М нь тус компанийн гүйцэтгэх захирал болох нь 2022.07.08-ны өдрийн бүртгэлийн баримтаар тогтоогдсон, Г.М нь компанийг төлөөлөн бусадтай гэрээ байгуулж байсан учир “төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан” гэж үзэх боломжгүй гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх ...63 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “ДНГ” ХХК-д даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг үндэслэлтэй гэж үзэж, үлдэх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байх ба “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээг хэд хэдэн этгээдтэй байгуулахыг хуулиар хориглоогүй тул “ДНГ” ХХК нь Г.М-той худалдах-худалдан авах гэрээ байгуулсан атлаа хожим Б.С-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан явдал нь уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй, “ДНГ” ХХК-ийг төлөөлж худалдах-худалдан авах гэрээнд Г.М гэх этгээд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй, нэхэмжлэгч нь өөрөө төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхээ алдсан, Б.С нь ...**4 тоот орон сууцны үнэ 97,400,000 төгрөгийг төлж, орон сууцыг түрүүлж эзэмшилдээ авсан нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч ...эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэж зааснаар давуу эрх эдэлнэ, Б.С нь ...**4 тоот орон сууцыг худалдаж авахдаа “ДНГ” ХХК нь бусадтай гэрээ байгуулсан болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул түүнийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан гэж үзнэ...” гэж дүгнэсэн байна. 

10.Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар зохигчийн гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гэрээний хүчин төгөлдөр байдал, өмчлөх эрхийг шударгаар олж авах эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйг давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд залруулсныг, хууль хэрэглээний хувьд зөв гэж үзэх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

11.Г.М, “ДНГ” ХХК 2019.08.26-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан ба энэхүү гэрээгээр Г.М нь “ДНГ” ХХК-ийн барьж буй *** дүүргийн ** хороо *** барилгын **3 тоот, 46,36 м.кв, хоёр өрөө орон сууц, **4 тоотын 49,83 м.кв хоёр өрөө орон сууцыг нийтэд нь 144,285,000 төгрөг төлөх замаар эзэмшил, өмчлөлдөө авах, “ДНГ” ХХК нь орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулж, орон сууцны өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтууд болон орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Хоёр шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээтэй харьцуулан, гэрээний нөхцөл агуулгыг үндэслэлтэй тайлбарлажээ.

“ДНГ” ХХК нь дээрх гэрээний зүйл болох ...**4 тоот орон сууцыг 2021.07.05-ны өдрийн ЗГ**/41тоот “Орон сууцны захиалгын гэрээ”-гээр Б.С-т худалдсан, уг сууцыг Б.С эзэмшиж байгаа, үүнээс гадна ...**3 тоот орон сууцыг Ж.Я-т худалдсан үйл баримт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.21-ний өдрийн 182/ШШ2022/01919 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.05-ны өдрийн 210/МА2022/01668 дугаар магадлал, талуудын тайлбар, хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

12.Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй”, Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэсэн зохицуулалтыг хариуцагч Б.С-н өмчлөх эрхийг хамгаалах эрх зүйн үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байна.

“ДНГ” ХХК нь 2019.08.26-ны өдөр Г.М-той орон сууц захиалгын гэрээ байгуулж *** дүүргийн ** хороо *** барилгын **3 тоот, 49,83 м.кв **4 тоот хоёр өрөө орон сууцыг худалдахаар тохирсон боловч ...**4 тоот орон сууцыг 2021.07.05-ны өдрийн ЗГ**/41 тоот “Орон сууцны захиалгын гэрээ”-гээр Б.С-т худалдахаар гэрээ байгуулж, орон сууцны эзэмшил, өмчлөлийг шилжүүлэн өгсөн, 2021.06.10-ны өдөр ...**3 тоот орон сууцыг Ж.Я-т худалдахаар гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан зохицуулалт нь хөдлөх хөрөнгөд илүү хамааралтай боловч үл хөдлөх хөрөнгийн хувьд нэгэн зэрэг худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчийн хэний ч өмчлөлд шилжээгүй нөхцөлд уг хэм хэмжээг хэрэглэх нь хууль зөрчөөгүй. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бүртгэлээр баталгааждаг тул үүнээс шалтгаалаад өмчлөх эрх үүсэх журам хөдлөх хөрөнгөөс ялгаатай байна.

Үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах үед өмчлөгчийг улсын бүртгэлээс олж мэдэх, бүртгэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох эрхийн дагуу өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эрх нь хамгаалагддаг. Хуулийн энэ зохицуулалтаар хариуцагч Б.С нь маргаж буй ...**4 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй, нэхэмжлэгч нь уг сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Б.С нь “ДНГ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гэрээний гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд худалдагч нь бусдад өмчлөх эрх шилжүүлсэн эсэхээс шалтгаалж Г.М-той байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсвэл өмчлөх эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй юм.

Маргааны зүйл болох ...**4 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.С бүртгэгдсэн тул нэхэмжлэгч Г.М нь гэрээний дагуу уг орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах боломжгүй, худалдагч болох “ДНГ” ХХК ч гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй. Нэгэн зэрэг гэрээ байгуулсан нөхцөлд давуу эрхийн асуудал зөвхөн худалдан авагч нарын хооронд л байх бөгөөд хариуцагч Б.С өмчлөгчөөр бүртгүүлсэн тул нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлээс “...**4 тоот орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

13.Нэхэмжлэлээс алдангийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2019.08.26-ны өдрийн ЗГ**/02 тоот “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 3.1-д гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах, 4.11-т захиалагч төлбөрөө 100 хувь төлөхөөс өмнө орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байх нөхцөлийг тусгасан байх ба орон сууц ашиглалтад орох үед орон сууцны үнэ бүрэн төлөгдөх агуулгаар дүгнэлт хийвэл 2021 оны 06 сард орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх үед нэхэмжлэгч үүргээ биелүүлэх байтал энэ үед 62,285,000 төгрөгийг төлсөн, үүнээс хойш 80,000,000 төгрөгийг тус тус төлж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцагч “ДНГ” ХХК гэрээнд заасан 2020 оны 1 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж 2021 оны 06 сард орон сууцыг ашиглалтад оруулсан үйл баримтаас үзвэл талууд хэн аль нь үүргээ зөрчсөн, Иргэний хуулийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхээ алдсан байна.

14.Хоёр шатны шүүх нэхэмжлэлээс ..**3 тоот орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагч “ДНГ” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэж үзнэ.

“ДНГ” ХХК “ болон Г.М нарын байгуулсан ...**3 тоот орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, нөгөө талаас “ДНГ” ХХК” болон Ж.Я нарын ....**3 тоот орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ мөн хүчин төгөлдөр байж болох боловч Г.М нь орон сууцны үнийг бүрэн төлж үүргээ биелүүлснээр өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн дагуу худалдагч талаас үүргийг шаардсан, хариуцагч “ДНГ” ХХК уг үүргээ биелүүлэх боломжтой учир нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна. Маргаж буй ...**3 тоот сууцны өмчлөгчөөр өөр хэн нэгэн этгээд бүртгэгдээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх **4 тоот орон сууцыг Б.С шударгаар өмчлөх эрхтэй гэж үзсэн атлаа адилхан нөхцөл байдалтай буюу **3 тоот орон сууцыг эзэмшиж байгаа Ж.Я-н орон сууцны өмчлөх эрхийг зөрүүтэй шийдвэрлэсэн гэх, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч “ДНГ” ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй байв.

15.Хэрэгт байгаа баримтаас үзвэл анхан шатны шүүх зохигчийн эрхийг эдлүүлээгүй, мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэх зөрчил гаргасан байдал тогтоогдоогүй, хэргийн оролцогч эрхээ эдлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй, шинжээч томилуулах болон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх хариуцагч “ДНГ” ХХК-ийн гомдол үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодорхой дүгнэжээ.

Иймд магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01802 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “ДНГ” ХХК-ийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “ДНГ” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 650,000 төгрөг, нэхэмжлэгч Г.М-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 755,986 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЦОЛМОН

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                                Н.БАТЗОРИГ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД