Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 44

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: А.Амгалан

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны  өдрийн 2020/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.М-т холбогдох 2028000860069 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед 3888 ӨМЭ улсын дугаартай Тоёота королла аксио маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.4.б дахь заалтуудыг зөрчсөний улмаас Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ирэх чиглэлийн засмал замын 12 дахь километрт онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.А, Ж.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Н.Н-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.       

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Б.М-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д 2500000 төгрөг, хохирогч Ч.А-д 750000 төгрөг, хохирогч Ж.М-д 1500000 төгрөгийн гэм хорын хохирол тус тус төлж барагдуулсан, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КЗ77012405 регистрийн дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон №467911 дугаартай B ангилал бүхий шүүгдэгч Б.М-ийн жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Аймгийн Ерөнхий прокурор Н.Ганбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдээгүй, прокурорын хуульд заасан эрхийг хангаагүй гэж үзэж байна. Учир нь:

Шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 буюу хорих ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авах талаархи заалтыг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалттай давхар баримталж, өөрөөр хэлбэл хуулийн хоёр өөр зохицуулалтыг хамтад нь баримталж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шийдвэр гаргасан нь буруу байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хүн мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд “санаатай гэмт хэрэг” үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт: “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ...” гэж заасан байхад шүүх нь дээрх нөхцөл тогтоогдвол “хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг” мэдэгдэж шийдвэрлэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүх шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дүгээр заалтад шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийн заалтыг зөрчсөн байна.

Тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалтад дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй талаар заагаагүй нь тухайн шатны прокурорын хуульд заасан эрхийг хязгаарлажээ.

Иймд Б.М-т холбогдох Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолын холбогдох заалтуудыг зөвтгөн өөрчилж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нэгдүгээрт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан шийдвэрээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хасах саналтай байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр, албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг мэдэгдэж шийдвэрлэсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримталсан хэсгийг хэвээр үлдээх,

Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг өөрчлөөд, буруу тайлбарласан хэсгийг хасуулъя.

Гуравдугаарт тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэм буруутай юм бэ? гэдэг талаар, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэж нэмэх,

Дөрөвдүгээрт тогтоолын 9 дүгээр заалтад дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй учир энэ талаар дурдах нь зүйтэй. Шүүх хуралдаанд гаргасан прокурорын тайлбарыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэнэ үү гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбатын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед 3888 ӨМЭ улсын дугаартай Тоёота королла аксио маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.4.б дахь заалтуудыг зөрчсөний улмаас Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ирэх чиглэлийн засмал замын 12 дахь километрт онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.А, Ж.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Н.Н-ийн амь насыг хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэржаргал, хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.А, Ж.М, гэрч Н.О, Г.Д, Т.З нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Автотээврийн үндэсны төв” ТӨҮГ Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20/01 дугаартай шинжээчин дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 13, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрүүдийн 213, 214, 215, 216, 37 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ӨМА 002 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, яллагдагч, шүүгдэгч Б.М-ийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх “...Хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, ...хэргийн зүйлчлэл тохирсон,  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж, Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийнн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээ 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 9 дэх заалтуудыг бичихдээ анхан шатны шүүх нь хууль хэрэглээний алдаа гаргасан тул дээд шатны прокурорын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны  өдрийн 2020/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох  хэсгийн 2 дахь заалтаас “6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,” гэснийг хассугай.

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “хүчингүй болгож” гэсний дараа Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар” гэж, “мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг” гэснийг “тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын  “улсын яллагч,” гэсний дараа “дээд шатны прокурор,” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Ш.ТӨМӨРБААТАР