Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0021

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө. З-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрүүл мэнд. Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд олгогдоогүй өндөр насны тэтгэврийг нөхөн олгох ”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Т.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө. З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө. З нь 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэр авч байтал таны нас зөрүүтэй байна гэдэг үндэслэлээр 2013 оны 07 дугаар сараас тэтгэвэр авахыг зогсоосон. Миний бие залуу насандаа хөдөлмөр эрхэлж, улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан.

Миний тэтгэврийг зогсоосон тухай ямар нэгэн баримт бичиг надад өгөөгүй. Миний тэтгэврийг хэн гэдэг албан тушаалтны шийдвэрээр ийм удаан хугацаанд зогсоосныг надад тайлбарлаагүй. Миний аваагүй хохирсон тэтгэврийг нөхөн олгох боломжтой эсэхийг шалгаж үзэж шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг  Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэст гаргасан боловч аваагүй хугацааны тэтгэврийг олгох боломжгүй гэсэн хариуг надад ирүүлсэн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Миний бие төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас хохирч байна.

   Иймд миний нэхэмжлэлийг хянан үзэж 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарыг хүртэл аваагүй хохирсон тэтгэврийг нөхөн олгохыг Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ6

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Ө.З-ы нь 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэр авч байтал таны нас зөрүүтэй байна гэдэг үндэслэлээр 2013 оны 07 дугаар сараас тэтгэвэр авахыг зогсоосон. Энэ хүн залуу насандаа хөдөлмөр эрхэлж, улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан.

Ө.З-ы тэтгэврийг зогсоосон тухай ямар нэгэн баримтыг нийгмийн даатгалаас өгөөгүй.  Ө.З өөрөө их бие муутай хүн юм. Удаа дараа Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчтай болон Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүмүүстэй ирж уулзаж байна. Ховд сумын нийгмийн даатгалын байцаагч Ө.З-ы хувийн хэрэг Ховд аймагт байдаг учраас Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүмүүс мэднэ гэж хэлдэг. Харин Нийгмийн даатгалын хүмүүс нь Ховд сумын байцаагч мэднэ гэж нэг нэгрүү оруулж хэлдэг. Энэ хүнд чирэгдэл учруулж цаг хугацааг нь алдагдуулсан байгаа. 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын хугацаанд олгогдоогүй тэтгэврийг Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирсэн овог нэр, регистрийн дугаар зөрүүтэй иргэдийн жагсаалтад энэ иргэний нэр байсан бөгөөд тухайн үед Улсын бүртгэлийн мэдээллийн баазад бүртгэлгүй байсан учир 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авах эрхийг нь түр зогсоосон байна. Тухайн үед ажиллаж байсан Ховд сумын нийгмийн даатгалын байцаагч Ш. Серкбол нь тэтгэвэр авагч Ө. З-д тэтгэвэр нь зогсоогдсон тухай амаар мэдэгдсэн байна. Одоо Ш.Серикбол нь Казакстан улс руу шилжсэн тул холбогдох баримт гаргах боломжгүй. Харин тухайн үед ажиллаж байсан хяналт шалгалтын байцаагч Д. Энхжаргал одоо тус хэлтэст Санхүү бүртгэл, хамралт, орлого, хяналтын тасгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа тул холбогдох тайлбарыг авна уу.

1.Тэтгэвэр авагч Ө. З нь тэтгэврээ зогсоосноос хойш манайд зогсоосон тэтгэврээ авах талаар өргөдөл гаргаагүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өргөдөлд гаргасан байна.  Тус өргөдлийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 84 тоот албан бичгээр хариу өгсөн болно. 2. 2015 оны 12 дугаар сарын 31-ээс 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны тэтгэврийг Улсын байцаагчийн акт үйлдэл файлаар олгосон тул Ө. З-ы тэтгэврийн дансны хуулга дээрээс харж болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дотоодын хяналт шалгалтын байцаагч Ө.З-ы тэтгэврийг нь зогсоосон. Тухайн үед Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирсэн овог нэр, регистрийн дугаар зөрүүтэй, Казакстан улс руу шилжсэн, насаа нэмүүлсэн, тухайн хүний иргэний үнэмлэх нь гаргаагүй байгаа иргэдийн жагсаалтад энэ иргэний нэр байсан бөгөөд Улсын бүртгэлийн мэдээллийн баазад бүртгэлгүй байсан учир 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авах эрхийг нь түр зогсоосон.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/1494 дугаартай албан бичгийн жагсаалтад Ө.З-ы нэр нь иргэний шинэчилсэн бүртгэлгүй байхгүй байгаа учраас шалгаж тэтгэврийг нь зогсоосон. Тухайн үед ажиллаж байсан Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагч Ш.Серикбол Казакстан шилжээд явсан. Ө.З шинэчилсэн бүртгэлд хамрагдана гэхээр тэтгэврийг нь түр зогсоосон юм байна лээ. Манай байцаагч Ө.З-д 2013 ондоо багтааж шинэчилсэн бүртгэлээ хийлгүүлээрэй, үргэлжлүүлээд тэтгэвэр авах боломжтой гэдгийг нь хэлсэн байдаг. Ө.З нь Монгол улсын иргэнийхээ үүргийг биелүүлж шинэ цахим үнэмлэхээ авах боломжтой байсан. Ө.З нь иргэний үнэмлэхийг авах удсан учраас тэтгэврийг нь зогсоосон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.З 2007 оноос хойш тэтгэвэр авч байхад ажилласан хугацаа болон насны зөрүү гарч байгаагүй. Гэтэл Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас шалгалт ирээд таны мэдээлэл мэдээллийн санд байхгүй байна гэдэг үндэслэлээр тэтгэврийг зогсоосон гэж ойлгосон. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс Ө.З-ы регистр зөрүүтэй гэсэн юмыг хэлдэг. Регистр болон насан дээр зөрүүтэй асуудал байхгүй. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд иргэний бүрдүүлж ирсэн материалыг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын байцаагч шалгаж үзээд тэтгэврийг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байгаа. Нөгөө талаас Ө.З-ы тэтгэврийг зогсоохдоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тэтгэврийг зогсоосон бол улсын байцаагчийн акт гарах ёстой байдаг. Гэтэл улсын байцаагчийн акт гараагүй. Ямар нэгэн шийдвэргүйгээр Ө.З-ы тэтгэврийг зогсоож, 3 жил гарамтай хугацаанд энэ хүнийг хохироосон байна. Ийм учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа. 2013 оны 07 дугаар сард Ө.З-ы тэтгэврийг зогсоосон. Тэтгэврийг нь зогсоохдоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Би захиргааны байгууллагын үйлдэл эс үйлдэхүй яваад байна уу гэж хараад байгаа.  Ө.З-ы нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн. Шүүхэд хандах хугацаа хэтрүүлээгүй,  мөн шүүхийн харьяалал зөрчөөгүй. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс тайлбарлахдаа Ө.З  нь шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй энэ хүний тэтгэврийг зогсоосон гэдэг үндэслэлийг хэлээд байгаа. Гэтэл энэ үндэслэл нь Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар тэтгэврийг түр зогсоох үндэслэл болж харагдахгүй байна. Яагаад гэвэл Ө.З-ы нас, регистр болон ажилласан жилийн хугацаанд зөрүү байхгүй. Миний гол хардаж байгаа үндэслэл нь казак хүмүүс Казак улсын иргэн болчхоод Монгол улсаас тэтгэвэр авч байгаа юм биш үү гэдэг үндэслэлийг харсан юм шиг байна лээ. Гэтэл гадаадын харьяатын байгууллагаас Ө.З  нь Монгол улсын иргэншилтэй, Монгол улсын иргэншлээс хасагдаагүй гэсэн лавлагааг ирүүлсэн байдаг. Ингээд үзэхэд энэ хүний тэтгэврийг түр зогсоох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мэдээллийн баазад татагдах асуудлыг иргэн хүн миний мэдээлэл мэдээллийн баазад орж байгаа талаарх асуудлыг мэдэх боломжгүй.  Нийгмийн даатгалын ажилтан бүх тэтгэвэр авч байгаа хүмүүсийг хуулийн дагуу мэдээллийн баазад суулгаж өгөх ёстой байдаг. Иргэн хүн Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгох материалаа бүрдүүлээд Нийгмийн даатгалын байцаагчид өгөх ёстой. Нийгмийн даатгалын байцаагч дутуу материал авах ёсгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.З нь Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын хугацаанд олгогдоогүй өндөр настны тэтгэвэрийг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “2013 оны 7 дугаар сараас 2015 оны 11 сарын хугацаанд олгогдоогүй өндөр настны тэтгэвэрийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн  оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ө.З-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Ө.З нь 2007 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр настны тэтгэвэр тогтоолгож[1] авч эхэлсэн байх бөгөөд 2013 оны 7 сараас тэтгэвэрийг түр зогсоосонтой холбоотой маргаж байна.

   2013 он аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Энхжаргалын мэдүүлсэнээр[2] болон Ө.З-ы тэтгэвэрийн хувийн хэргийн хавтасны нүүрт тэмдэглэсэнээр[3] /Д.Энхжаргал өөрөө бичсэн болохоо зөвшөөрсөн/ “иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, шүүхээр нас тогтоолгох шаардлагатай” гэх үндэслэлээр Ө.З-ы тэтгэвэрийг түр зогсоожээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа[4] “Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн овог нэр, регистрийн зөрүүтэй иргэдийн жагсаалтанд энэ иргэний нэр байсан учир 2013 оны 07 сарын 07-ны өдрөөс эхлэн тэтэгэвэр авах эрхийг түр зогсоосон.” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Ө.З  нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах үүргээ биелүүлээгүй учир бичиг баримтын зөрчилтэй гэж үзэж тэтгэвэрийг зогсоосон.” гэжээ.Нийгмийн даатгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан  болзол, шаардлагыг хангасан иргэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан баримт бичгийг бүрдүүлэн өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсанаар тэтэгвэр тогтоох асуудлыг шийдвэрлэхээр хуульчлан журамласан байх бөгөөд Ө.З-ы өндөр настны тэтгэвэр тогтоохтой холбоотой харилцааны талаар талууд маргаагүй байна.

 Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Ө.З-ы өндөр настны тэтгэвэр тогтоосонтой маргахгүй, зөвхөн “иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж иргэний цахим үнэмлэхээ аваагүй” байсан нь тэтгэврийг түр зогсоох зөрчилд тооцож, улмаар зөрчлийг арилгасан хагацаанаас буюу иргэний цахим үнэмлэхээ авсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тэтгэврийг үргэлжүүлэн хэвийн олгосон гэж тайлбарлана.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно. гэж заажээ. Нэхэмжлэгч Ө.З  өндөр настны тэтгэвэр тогтоотолтын харилцаанд зөрчилгүй байхад тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоох хууль зүйн үндэслэлгүй байна. Тэтгэвэрийг түр зогсоох зөрчилд тооцсон “иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй буюу иргэний цахим үнэмлэхээ аваагүй” гэх үндэслэл нь нийгмийн даатгалын харилцаанд бус иргэний бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцаанд хамаарахаар байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын байцаагч нь хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтлахаар заасан байхад хууль заасан үндэслэлээр эрх үүсч, тэтгэвэр авч байсан иргэний эрхийг зөрчиж тэтгэвэрийг зогсоосон нь буруу байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн тэтгэвэрийг түдгэлзүүлэн зогсоосон талаар ямар нэгэн ямар нэгэн шийдвэр буюу захиргааны акт гаргахгүйгээр зөвхөн тухайн сумын нийгмийн даатгалын байцаагчид зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж өгөх байдлаар ажилласан нь захиргааны албан тушаалтаны буруутай үйл ажиллагаанд тооцогдоно.

Иймд хариуцагчаас хуулиар олгогдсон эрх хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Ө.З-ы зогсоогдсон тэтгэвэрээ авах хүсэлтийн дагуу тэтгэврийн хувийн хэрэгт шалгалт хийж тогтоосон Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 09 сарын 20-ы өдрийн 32 дугаар “Олгогдоогүй тэтгэвэр нөхөж олгуулах тухай” актад “Ө.З-ы 2007 онд тогтоосон тэтгэвэр тогтоолтонд ямар нэг зөрчилгүйг дурдаад иргэний үнэмлэх, Иргэний харъяат, шилжилт хөдөлгөөний газрын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагааг үндэслэн Ө.З-ы иргэний цахим үнэмлэх авсан өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 сарын олгогдоогүй 2486613 /хоёр сая дөрвөн зуун наян зургаан мянга зургаан зуун арван гурван/ төгрөгийг нөхөж олгохоор шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч Ө.З-ы өнөдөр настны тэтгэвэрийг хууль зүйн үндэслэлгүйгээр түдгэлзүүлэн зогсоосны улмаас авч чадаагүй 2013 оны 7 сараас 2015 оны 12 сар хүртэлх хугацааны тэтгэвэрийг нөхөж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 23 дугаар зүйлийн 23.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.З-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2013 оны 7 дугаар сараас 2015 оны 11 сарын хугацаанд олгогдоогүй өндөр настны тэтгэвэрийг нөхөн олгохыг хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст  даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хх-ийн 40 дэх тал

[2] хх-ийн 56-57 дахь тал

[3] хх-ийн 39 дэх тал

[4] хх-ийн 18 дахь тал