Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/01686

 

 

 

 

 

 

2021оны 06 сарын 30 өдөр

          Дугаар 102/ШШ2021/01686

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 24 тоотод оршин суух Б овогт П Б /РД:/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг өөрийн байр З Д Т Г

 

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/228 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х

                                  хариуцагчийн төлөөлөгч Б.Т

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Б миний бие Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн хэлтэст 2018 оны 08 сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд миний бие өөрийн хариуцсан ажлаа үнэн шударга, хариуцлагатайгаар хийж, төрийн албан хаагчийн хувьд үүргээ бүрэн биелүүлж ажиллаж ирсэн ба алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байсан удаагүй болно. 2020 оны 10 дугаар сард болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнд тус дүүрэгт Монгол Ардын Нам олонхи болсноор тус дүүрэгт ажлаас халах, чөлөөлөхтэй холбоотой үйл ажиллагааг шинээр томилогдсон Засаг даргын тамгын газрын дарга болон холбогдох этгээдүүд зохион байгуулж ирсэн. Тухайн цаг хугацаанаас эхлэн миний биеийг Тамгын газрын дарга болон хүний нөөцийн ажилтнаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг удаа дараа шаардаж байсан. Миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх шаардпагагүй, хүсэлгүй байсан тул өргөдлөө өгөөгүй, өгөх ч шаардлага байхгүй юм. Миний бие тус аж ахуйн хэлтэст 5 машины дунд ганцаараа ажилладаг. Нэг хэлтсийн ажилд явангуут араас хаашаа алга болов, нөгөө машинаар өөр тийшээ явах байсан гэх мэтээр ажил нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй явагддаг. Цар тахлын хүнд нөхцөл байдалд айлуудад түлээ нүүрс, хүнсний багц хүргэх, онцгой байдлын албанд жижүүрлэх, шинжилгээний багийн гишүүдийг зөөх, авсан шинжилгээг лаборторид хүргэх мэтээр хагас бүтэн сайн өдөр, цагаан сарын өдрүүдэд ч амралгүй ажилласан. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нягтлан бодогч Петровис руу явж бензиний карт цэнэглүүлэхээ явуулсан бөгөөд кодоо буруу хэлсэн тул эргэж буцаж яваад ирэх хооронд 1 цаг 30 минут утсаа аваагүй чи манай багт ажиллах боломжгүй ажлаас халлаа, өөрөө өргөдлөө өг гэсэн. Аж ахуйн дарга үүрэг өгсний дагуу нярав надад байсан бүх машины түлхүүрийг ажил хүлээн авах жолоочид хүлээлгэн өгсөн боловч ажил хүлээлцсэн ямар нэгэн баримт дээр гарын үсэг зуруулаагүй. Тамгын газрын даргад учир байдлаа тайлбарлах гэсэн боловч зайл, өргөдлөө өг, чамтай хамтарч ажиллахгүй гээд тайлбар огт сонсоогүй. Миний бие өргөдлөө өгөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн бөгөөд ажлаас халагдсан тушаалаа авахыг хүссэн боловч тушаалыг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Ийнхүү Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас иргэн миний хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдаж, үндэслэлгүйгээр ажлаас халж байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалыг эрхэлж ирсэн. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно" гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” гэж зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсантай холбоотой маргааныг тус шүүхээр шийдвэрлүүлэх харьяалалтай байна. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас дараах хууль бус үйл ажиллагааг явуулж байна. Дээр дурдсанчлан сонгуулийн үр дүнд томилогдсон Тамгын газрын дарга болон Аж ахуйн хэлтсийн даргаас томилогдсон хугацаанаасаа хойш байнга өргөдлөө өг, чамтай хамтарч ажиллахгүй гэх мэтчилэнгээр загнаж байсан. Үүгээр ч барахгүй ажпаа хүлээлгэж өг гэж дарамталсны дагуу ажлаа хүлээлгэн өгч, жолоочийн тооцоогоо нягтлан бодогчид өгөхөөр дүүргийн тамгын газарт очиход Аж ахуйн хэлтсийн дарга нь “чи энд юу хийж яваа юм, яв, зайл, ажилд орно гээд явж байна гэсэн, одоохон өргөдлөө бичиж өг” гэх мэтээр хөөж туун, хүний нөөцийн ажилтны өрөө рүү чирч гулдарч доромжилж, миний хувь хүний эрхэнд халдсан. Миний бие төрийн ажлыг хийж байгаа болохоос тус иргэдийн буюу Тамгын газрын дарга болон Аж ахуйн хэлтсийн даргын хувийн компанид ажиллаагүй байтал дээрх байдлаар бусдыг доромжилж, дарамталж буй нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл юм. Түүнчлэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчээр ажлыг хүлээлгэн өгүүлсэн атлаа өнөөдрийг хүртэл ажлаас халсантай холбоотой тушаалыг гаргаж өгөхгүй байгаа нь илтэд хуулийг зөрчиж буй явдал юм. Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 3.2-д “Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг” гэж заажээ. Ийнхүү дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаас П.Б намайг ямар үндэслэлээр ажлаас халж байгаа нь тодорхойгүйгээр хүчээр ажлыг хүлээлгэн өгүүлж, өнөөдрийг хүртэл тушаалыг бичгээр гаргаж өгөхгүй атлаа ажлыг хийлгэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд П.Б намайг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Аж ахуйн хэлтсийн жолоочийн ажлаас халсан шийдвэрййг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Аж ахуйн хэлтсийн жолоочийн ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/228 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Аж ахуйн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч П.Б нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн албанд 2018 оны 8 сарын 21-ний өдрөөс эхлэн жолоочоор ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд өөрийн хариуцсан ажлаа үнэнч шударга, хариуцлагатайгаар хийж, төрийн албан хаагчийн хувьд үүргээ бүрэн биелүүлж ажиллаж ирсэн ба алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байсан удаагүй болно. 2020 оны 10 дугаар сард болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнд тус дүүрэгт Монгол Ардын Нам олонхи болсноор тус дүүрэгт ажлаас халах, чөлөөлөхтэй холбоотой үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Сонгуулийн дараа томилогдсон дарга нар “ажлаа  хүлээлгэж өг” гэсэн шахалт дарамтыг удаа дараа үзүүлж байсан. Тухайн цаг хугацаанаас эхлэн Тамгын газрын дарга болон хүний нөөцийн ажилтнаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг удаа дараа шаардаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлагагүй гэж үзэж байсан. Нэхэмжлэгч нь Аж ахуйн хэлтэст 5 машины дунд ганцаараа ажилладаг байсан. Нэг хэлтсийн ажилд явангуут араас нь хаашаа алга болов, нөгөө машинаар өөр тийшээ явах байсан гэх мэтээр ажил нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй явагддаг байсан. Гэхдээ ажлаа зохих журмыг дагуу гүйцэтгэж ирсэн. 2020 оны 11 сараас хойш цар тахлын хүнд нөхцөл байдалд айлуудад түлээ нүүрс, хүнсний багц хүргэх, онцгой байдлын албанд жижүүрлэх, шинжилгээний багийн гишүүдийг зөөх, авсан шинжилгээг лабораторид хүргэх мэтээр хагас бүтэн сайн өдөр, цагаан сарын өдрүүдэд ч амралтгүй ажилласан. Шинээр томилогдсон удирдлагууд нь ажлаа хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардаж, хамтарч ажиллахгүй гэдэг байсан. Үүнээс үүдэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарсан гэж ойлгож байгаа. 2021 оны 2 сарын 23-ны өдөр ажлыг хүлээлгэх өгөх процесс болсон. Энэ өдөр нягтлан бодогч Петровис руу явж бензиний карт цэнэглүүлэхээ явуулсан бөгөөд кодоо буруу хэлсэн тул эргэж буцаж яваад ирэх хооронд 1 цаг 30 минут болсон. Тэгээд ирэхэд нь ажлаа сайн хийхгүй байна, ажлаа хүлээлгэж өг гэдэг асуудал яригдаж бүх түлхүүрийг нь аваад явуулсан байсан. Үүнээс хойш тушаалаа авахаар очиход нь “тушаал чинь гараагүй байгаа, тушаалыг чинь гаргаж өгөхгүй, өөрөө өргөдлөө бичиж өг” гэх мэтээр дарамталж байсан. Ажил олгогч ажлаас халсан шийдвэр гаргаагүй боловч ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халагдсантай адилтгаж үзнэ гэж тайлбарласны дагуу энэ нэхэмжлэлийг гаргасан. 2021 оны 2 сарын 23-ны өдөр ажлыг хүлээж авсан боловч ажлаас халах тушаалыг 2021 оны 3 сарын 12-ны өдөр гаргаж, 2021 оны 3 сарын 19-ний өдөр гардуулж өгсөн. Тушаалыг 2021 оны 3 сарын 12-ны өдрөөр гаргасан атлаа 2021 оны 3 сарын 01-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Үүнийг логик, алдаатай тушаал гарсан гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл нь “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэснийг үндэслэсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахаар “ нэхэмжлэгч ямар сахилгын зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг яаж тогтоосон талаар” тодорхой баримтууд байхгүй. Баримтуудыг араас нь бүрдүүлсэн гэж харж байна. 2021 оны 2 сарын 24-ний өдөр аж ахуйн албаны дарга болон аж ахуйн албаны өмч хариуцсан мэргэжилтэн нар өргөдөл гаргасан байна. Энэ өргөдөл дээр нэхэмжлэгчийг гүтгэсэн зүйлийг бичсэн байсан. Мөн эдгээр зөрчлүүдийг яаж тогтоосон талаар баримт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл 10 гаруй хоногийн дараа тушаалаа өгөхдөө “2021 оны 03 сарын 01-ний өдрөөс халсан” гэсэн тушаал гаргасан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт сонсох ажиллагаа хийсэн 2 баримт авагдсан байна. 2021 оны 2 сарын 26-ны өдөр, 2021 оны 03 сарын 11-ний өдрийн баримтууд байна. Нэхэмжлэгчийг ажлаас нь халсаныхаа дараа сонсох ажиллагаа хийдэг хуулийн зохицуулалт байхгүй. Захиргааны ерөнхий хуулинд “шийдвэр гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийж, тайлбар, мэдүүлгийн авдаг” хуулийн зохицуулалт байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 5.14, 11.1.2-т  тодорхой зааж өгсөн байна. Сахилгын зөрчил гаргасан бол сахилгын зөрчлийг тогтоож, ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Үүнийг үндэслэж сахилгын арга хэмжээ авч хувийн хэрэгт нь хавсаргана” гэсэн зохицуулалттай байна. Гэтэл хариуцагч тал өөрөө хөдөлмөрийн дотоод журмаа зөрчсөн тушаалыг гаргасан байна. Уг тушаалаа тайлбарлахдаа “П.Б нь ажилдаа ирдэггүй, ажлын байр дээрээ архидан согтуурдаг” гэж бичсэн байна. Ийм байдлаар хүний нэр хүндэд халдаж болохгүй. Ажлын байран дээрээ архидан согтуурсан бол түүнийг нь тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийг архичин мэтээр бичсэн байна. Ийм асуудалтай эвлэрэх боломжгүй. Сүүлд тушаалаа авахаар очиход дарга нар нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж ав, тэгэхгүй бол тушаалыг чинь өөрчилж өгөхгүй, ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй” гэж хэлсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 12-ны Б/228 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.3.4, 11.3.5, 11,3.6-д заасныг тус тус үндэслэл болгон П.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч П.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн албаны жолоочоор томилогдож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан болно. П.Б нь ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажпын цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг талаар Аж ахуйн албаны дарга болон тус албаны өмч хариуцсан мэргэжилтэн нарын зүгээс Засаг даргын Тамгын газрын даргад 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бичгээр гомдол гаргасан байдаг. Тус гомдолд нэхэмжлэгч П.Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн шуурхай штабт хуваарийн дагуу жижүүрлэж хоносон бөгөөд 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө буух ёстой байтал буухгүйгээр ЗДТГ-ын 1 дүгээр давхарт байрлах ИТХ-ын цайны газар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, мөн 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хороодоор тооллогын ажлаар явж ирсний дараагаар үдээс хойш ажлын цагаар ажлын байраа орхисон ба үүнтэй холбоотойгоор түүнтэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан /энэ талаар Аж ахуйн албаны өмч хариуцсан мэргэжилтэн өөрийн дэвтэрт тэмдэглэж авсан/, 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө ЗДТГ-ын даргын өрөөнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 4 удаа 14 цагаас хойш ажлаа тасалж явсан, албан ажпын чиглэлээр тавьсан зүй ёсны шаардлагыг үл тоож, хүлээн авдаггүй бөгөөд уг асуудлаар ТЗУХ-ийн даргад хэлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар танилцуултал мөн л үл тоодог байсан, зөрчил дахин давтагдаж байх тул зохих арга хэмжээг авах талаар дурдсан байдаг. Дээрх гомдлуудыг ЗДТГ-ын дарга хүлээн авч харьяалах чиг үүргийн дагуу шийдвэрлүүлэхээр ТЗУХ-ийн даргад цохолтоор шилжүүлсэн бөгөөд тус 2 гомдолтой холбоотойгоор ТЗУХ-ийн дарга Б.Мөнгөнхуяг нь нэхэмжлэгч П.Бг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуудан уулзаж, холбогдох тайлбарыг авах гэсэн боловч ирээгүй ба 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажлаа тасалж, ажилдаа ирээгүй болно. Тус нөхцөл байдал, холбогдох баримтад үндэслэж нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжпэгч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагадаа “сонгуулийн үр дүнд МАН олонхи болсноор тус дүүрэгт ажпаас халах, чөлөөлөхтэй холбоотой үйл ажиллагааг шинээр томилогдсон ЗДТГ-ын дарга болон холбогдох этгээдүүд зохион байгуулж байна, цаашид хамтарч ажиллахгүй, өргөдлөө өг гэж дарамталдаг” гэх мэтээр тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь хууль үндэслэлгүй байна. Учир нь 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар БГД-ийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилж, чөлөөлөгддөг албан хаагч нараас ажпаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагч байхгүй бөгөөд бүгд хэвийн ажлаа үргэлжлүүлж байгаа болно. Нэхэмжлэгч П.Б нь Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.3.4, 11.3.5, 11.3.6-д тус тус заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгон түүнийг ажпаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн албаны жолоочоор томилогдож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. П.Б нь ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг талаар Аж ахуйн албаны дарга болон тус албаны өмч хариуцсан мэргэжилтэн нарын зүгээс Засаг даргын Тамгын газрын даргад 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр бичгээр гомдол гаргасан байдаг. Тус гомдолд нэхэмжлэгч П.Б нь 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн шуурхай штабт хуваарийн дагуу жижүүрлэж хоносон бөгөөд 2 дугаар сарын 05-ны өдрийн өглөө буух ёстой байтал буухгүйгээр ЗДТГ-ын 1 дүгээр давхарт байрлах ИТХ-ын цайны газар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Мөн 2 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хороодоор тооллогын ажлаар явж ирсний дараагаар үдээс хойш ажлын цагаар ажлын байраа орхисон ба үүнтэй холбоотойгоор түүнтэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан. 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн өглөө ЗДТГ-ын даргын өрөөнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй 4 удаа 14 цагаас хойш ажлаа тасалж явсан, албан ажлын чиглэлээр тавьсан зүй ёсны шаардлагыг үл тоож, хүлээн авдаггүй бөгөөд уг асуудлаар ТЗУХ-ийн даргад хэлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар танилцуултал мөн л үл тоодог байсан. Зөрчил дахин давтагдаж байх тул зохих арга хэмжээг авах талаар дурдсан байдаг. Дээрх гомдлуудыг ЗДТГ-ын дарга хүлээн авч харьяалах чиг үүргийн дагуу шийдвэрлүүлэхээр ТЗУХ-ийн даргад цохолтоор шилжүүлсэн бөгөөд тус 2 гомдолтой холбоотойгоор ТЗУХ-ийн дарга Б.Мөнгөнхуяг нь нэхэмжлэгч П.Бг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дуудан уулзаж, холбогдох тайлбарыг авах гэсэн боловч ирээгүй. Тус нөхцөл байдал, холбогдох баримтад үндэслэж нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагадаа “сонгуулийн үр дүнд МАН олонхи болсноор тус дүүрэгт ажпаас халах, чөлөөлөхтэй холбоотой үйл ажиллагааг шинээр томилогдсон ЗДТГ-ын дарга болон холбогдох этгээдүүд зохион байгуулж байна, цаашид хамтарч ажиллахгүй, өргөдлөө өг гэж дарамталдаг” гэх мэтээр тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй, үүнийгээ нотлоогүй байна. Учир нь 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар БГД-ийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилж, чөлөөлөгддөг албан хаагч нараас ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагч байхгүй бөгөөд бүгд хэвийн ажлаа үргэлжлүүлж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагчид холбогдуулан ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч П.Бтэй 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 3 сарын хугацаатай “хөдөлмөрийн гэрээ” байгуулан Аж ахуйн албаны жолоочоор ажиллуулж байжээ. Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний нөхцөлөөр ажиллаж байсан гэж үзнэ.  

 

Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. Энэхүү тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн, энэ талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн  196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/228 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан цуцлаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба уг шийдвэрийг ажил олгогч нь нэхэмжлэл гаргаснаас хойш бичгээр гаргаж танилцуулжээ. Иймд нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж үзнэ.   

Хариуцагч тушаалын үндэслэлээ “удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг, албан ажлын чиглэлээр тавьсан шаардлагыг үл тоож, хүлээн авдаггүй, 14 цагаас хойш 4 удаа ажил тасалсан, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” зөрчил гаргасан ба уг зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд аль алинд нь хамаарна гэж тайлбарлаж байх ба харин нэхэмжлэгч “зөрчил гаргаж байгаагүй, цар тахлын үед ажиллах журам, хуваарийн дагуу ажиллаж байсан, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг тайлбарлаагүй өргөдлөө өгөхийг шаардаж хүчээр ажлыг өгүүлж хууль зөрчсөн” гэж маргав. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ноцтой зөрчил”-д ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хамааруулна. Дээрх зөрчилд ямар зөрчлийг тооцохыг ажилтны албан тушаал, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ажилтан, ажил олгогч харилцан тохиролцон тогтоож, тухайн зөрчил бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх эсвэл ажил олгогчоос гаргасан дүрэм, журамд заасан ажлын байрны горим, дэг журмыг зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээндээ заасан байх нь хуульд нийцэх ба уг зөрчлийг ажилтан гаргасан болох нь тогтоогдсон нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.

 

Талууд хөдөлмөрийн гэрээндээ “ноцтой зөрчил”-д ямар зөрчлийг тооцох болохыг тодорхойлоогүй, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчвөл “ноцтой зөрчил” гэж үзэх талаар гэрээндээ заагаагүй байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан хөдөлмөрийн дотоод журмын 11.3.4, 11.3.5, 11.3.6-г зөрчсөн ч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн албаны дарга Д.Ж, өмч хариуцсан ажилтан Г.М нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 2 дугаар сарын 26, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан “сонсох ажиллагаа”-гаар нэхэмжлэгчийг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж хариуцагч тайлбарлав. Тухайн ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх боловч энэ талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй, түүний гаргасан гэх зөрчил нь ямар баримтаар хэрхэн тогтоогдсон талаар тодорхой хэлэлцээгүй, зөвхөн гомдол гаргасан албан тушаалтнуудын тайлбарыг сонсох байдлаар явуулж, ямар нэг санал гаргаагүй байх тул уг ажиллагаагаар П.Бгийн гаргасан зөрчлийг шалгаж тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээрх баримтуудаар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/228 дугаар тушаалд заасан сахилгын зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь тогтоогдсон гэж үзэхгүй.  

 

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай. Нэхэмжлэгч ямар нэг зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй тул түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байна.

 

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2021 оны 2 дугаар сард ажилласан гэж тооцон цалинг бүтнээр олгосон байх ба энэ талаар талууд маргаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ажлаас халагдсан өдрийг тушаалд заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэж үзэв. Иймд нэхэмжлэгч П.Бгийн ажилгүй байсан хугацааны /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2,649,493 : 3 сар = 883,164 төгрөг, 883,164 төгрөг : 21.5 ажлын өдөр= 41,077 төгрөг /нэг өдрийн цалин/, 41,077 төгрөг х 86 өдөр /ажилгүй байсан хугацаа/ = 3,532,622 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/228 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага нь бусад шаардлагынхаа үндэслэл болж байхаас гадна нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээр цаашид ямар нэг үр дагавар үүсгэхгүй тул бие даасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд хүчингүй болгох шаардлагагүй болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт П Бг Аж ахуйн албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3,532,622 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Бгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг сар бүрээр нөхөн бичилт хийхийг хариуцагч Б Г Д З Д Т Г даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 71,472 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, улсын орлогоос 70,200 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА