| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0104/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/151 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-улсын яллагчаар Л.Наранхүү,
-хохирогч М.Нга, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
-шүүгдэгч Г.Э, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э, Б.А нарт холбогдох эрүүгийн 2334000000337 дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/88 дугаартай магадлалаар хүчингүй болгосонг, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.А /
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, , ам бүл 3, эцэг, дүү нарын хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Г.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А, Г.Э нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арбат” нэртэй амралтын газар амарч байхдаа иргэн М.Нгатай маргалдаж, улмаар нүүр буюу шанаа хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.А нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Г.Э нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч М.Нга нь мэдүүлэхдээ: “2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ажлынхнаараа зугаалгаар явсан. Би хонохгүйгээр орой буцна гэж бодож байсан. Дүү 00:00 цаг өнгөрч байхад намайг авахаар ирсэн. Тэр хооронд ийм үйл явдал болсон. Би явахаа мэдээд уухаа больсон байж байгаад 1 пиво уусан. Дүү ирчихлээ гэхээр нь гарах гээд байж байгаад муудсан. Ууганбаяр гэж залуугаас эхэлсэн. Намайг авах гээд манай дүү манай гэрт орж ирсэн. Намайг явах гээд байхад явуулахгүй байсан. Гадаа гараад машиндаа суух гэж байхад тал талаас орж ирсэн. Зарим нь салгах гэж орж ирсэн, зарим нь хөл гар луу өшиглөөд байсан. Би ухаан алдталаа цохиулсан байсан. Тэгээд зугтъя гээд явсан чинь намайг явуулахгүй гээд машинаас буулгаж чирээд тал талаас зодсон. Ер нь бол зугтаж л тэндээс гарсан. Тэгээд хацар аймар хавдчихсан байхаар нь нүд рүү гээ цохиулаад хавдчихсан юм байлгүй гээд нээх тоогоогүй байсан чинь өглөө нь аймар хавдчихсан байсан. Тэгээд эмнэлэг орж томографын зураг авхуулаад хугарснаа мэдсэн. Тухайн үед амралтаа аваад Солонгос улс руу явах гэж байсан. Хавдартай байж байгаад дотроо бугласан байсан байна лээ. Зун байсан болохоор бүр буглаад мэс заслын эмч дээр очсон чинь бугласан байна гээд хагалгаанд ороод эмнэлэгт 10 хоносон. 8, 9 сард листтэй байж байгаад 10 сардаа ажилдаа явъя гэсэн чинь бүрэн эдгэхгүй хацар амны гажигтай болсон байсан. Би амьдралдаа анх удаа гайгүй таргалж үзээд 75 килограмм болсон байсан. Сэтэл санааны гутрал ороод нэг хэсэг аягүй хэцүү байсан. Ажилдаа явахаар нэг л эвгүй санагдаад, айж түгшээд, ажилдаа явмааргүй юм шиг санагдаад байсан. 7 дугаар сараас эхлээд эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны зардал, тийзны зөрүү мөнгө зэргийг нэхэмжилж байгаа. Миний санахаар 9 бил үү 10 сар хавьцаа энэ 450.000 төгрөг орж ирсэн, түүний дараа 500.000 төгрөг орж ирсэн санагдаж байна” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2334000000337 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Шүүгдэгч Б.А, Г.Э нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арбат” нэртэй амралтын газар амарч байхдаа иргэн М.Нгатай маргалдаж, улмаар нүүр буюу шанаа хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах:
-Хохирогч М.Нгын “...2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн нутаг “Арбат” нэртэй амралтын газар байгууллагаар компанийн ажилчидтай 2 ээлжийн ажилчдын хамтаар 16-17 цагийн үед амралтын газар байрладаг 18 цагийн орчим бүгд ажилчид тэнд зааланд нь цугларч арга хэмжээ эхэлсэн. Тэндээ архи дарс уугаад 20 цаг өнгөрч байхад ажилчид хүмүүс ууж идсэн зүйлдээ халж эхлээд манай байгууллагын нөгөө ээлжийн н.Ууганбаяр гэх залуу намайг үгээр өдөөд хатгаад байсан. Энэ байдал нь зодоон болох үеэс өмнө 3-4 удаа давтагдсан. 22 цагийн орчим дүү болох н.Амарболдыг дуудсан. Тухайн үед би архи уугаагүй 2 лааз пиво уусан байсан. Дүүгээ хүлээж байхад 2023 оны 06 дугаар сарын 10-ны 00 цагийн орчим дүү маань ирсэн. Тухайн амралтын газар гэр буудал руу орж ирсэн. Намайг авч явах гээд орж ирсэн. Би дүүтэйгээ тухайн гэрээс гарах гэтэл нөгөө залуу н.Ууганбаяр намайг гаргахгүй хэрүүл маргаан хийж намайг өдөөд оролдоод хатгаад байсан. Тэгээд гараад хэрүүл маргаан үргэлжилсээр байж байгаад машиндаа суух үзед бусад хүмүүс болох Б.А, Г.Э, н.Мөнхбаяр гэх хүмүүс гарч ирээд намайг машинд суугаад байж байтал н.Ууганбаяр машинаас намайг татаж чи буугаад ир гээд машинаас татагдаад буугаад ир гэсэн. Тухайн үед намайг машинд сууж байх үед ар талд манай найз н.Зол-Эрдэнэ гэдэг хүн байсан. Тэгээд салгах гээд наад залуугаа машинд нь суулга гээд хэлээн хийчээсэн боловч чадаагүй. Тэр үед өөр бусад хүмүүс болох Б.А, Г.Э нар нь дайраад байсан. Тэгээд н.Амарболд, н.Нямбаяр хоёр хүн салгах гээд нэлээн хичээсэн боловч н.Ууганбаяр заамдаж аваад тавихгүй байсан. Тэгж байгаад нэг салгаад байж байтал Г.Э урдаас миний хоёр гарыг бариад авсан. Тэгэхээр нь би тоглож байгаа юм болов уу гэж бодоод гар тавь гэж хэлсэн. Г.Э тавихгүй байсан. Тэгээд араас н.Ууганбаяр хувцас болон биеэс барьж авсан. Тухайн үед Б.А цаанаас гүйж ирээд нүүрний шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд би ухаан санаа балартаад унаад өгсөний дараа Г.Э, н.Ууганбаяр нар намайг нэмж дахиж зодсон. Манай ажлын залуу н.Нямбаяр, н.Амарболд дүү нар салгаад машинд оруулаад суулгатал дараа нь машин техник рүү Г.Э, Б.А, Ууганбаяр нар өшиглөж цонх руу гараараа жийж цохиж хаалга руу нь хавтайтал тийрч өшиглөөд байсан бодвол намайг зодох гэсэн байх. Машинаасаа буугаад ир гээд орилоод байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу зугтаагаад явсан тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/,
-Гэрч З.Нямбаярын “...2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн орчим байгууллагаар хамт амралтад хонохоор амралтын газар болох Төв аймаг Сэргэлэн сумын нутагт байрлах “Арбат” амралтын газарт 16 цагийн орчим байгууллагын 25 гаруй ажилчид тэндээ байрлаж гэр буудалд буудаллсан. Тэгээд тэнд ууж идээд нэг байрласан тухайн гэрт н.Тэмүүжин, н.Чөдрөө, н.Сумъяа гэх залуустай буудалд байсан. Манай ээлжнээс цөөхөн хүн явсан байсан. н.Нямтулга байсан. Тэгээд би манай ээлжнээс цөөхөн хүн байсан нөгөө С ээлжний хүмүүс нэлээн хэдэн хүмүүс байсан. Тэндээ архи пиво согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн. Тухайн үедээ бага зэрэг уусан хүмүүс маргалдаад байсан. Тэгээд тухайн хүмүүсийг салгаж байсан. н.Нямтулга бид холёр оройхондоо онцгүй байвал буцаад гэр рүүгээ харина гэсэн зорилготой байсан. Тэгээд байж байтал н.Нямтулгын дүү н.Амарболд гэх залууг ирж байгаа гээд, тэгээд дүү нь ирсэн. Тэгээд би н.Нямтулга бид хоёр явах гээд би гадаа, н.Нямтулга гэр дотор байж байсан. М.Нгатай Б.А, н.Ууганаа гэх хүмүүстэй маргалдаад байхаар нь явах гээд машинд суулгасан. Тухайн үед гэрт би цүнхээ үлдээсэн байсан. Тэгээд цүнхээ авах гээд буцаад орсон машинд сууж байсан М.Нгыг Б.А, н.Ууганбаяр нь машинаас татаж буулгаад. Тэгээд Б.А нь М.Нгыг цохисон. Тэгээд хориод Б.Аг салгаад холдуулсан, цаанаас Г.Э гүйж ирээд М.Нгыг цохиж аваад дахиад Г.Энбхолдыг салгаад хойш нь түлхэж унагаасан. Тэнд нэлээн зодоон болсон. Тэгээд би М.Нгын дүү болох н.Амарболдтой хамт тэр хэдийг салгаад М.Нгыг аваад Улааанбаатар хот рууу явсан, тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,
-Гэрч Д.Амарболдын “...2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрладаг “Арбат” амралтын газар ах болох М.Нгыг авах гээд амралт дээр 00 цагаас 01 цагийн орчим очиход гэрэл нь асаалттай нэг гэр гэж хэлсэн. Тэгээд очтол 2 хоорондоо зодолдоод салгачихсан, нөгөө хүмүүсийн голд зогсож байсан. Тэгээд би явьяа гээд гарах гээд ахтай цуг гэрээс гартал н.Ууганаа гээд ах н.Нямка ахыг дуудаад одоо хоёулаа зодолдоё гээд гэрийн гадаа зогсоогоод дуудаад байсан. Тэр үед ахтай хамт явах гэж байсан н.Нямбаяр ах бид хоёр машин руу н.Нямка ахыг авч явах гээд машин суулгатал н.Уугана, н.Амараа дээр нь хоёр ах байсан н.Нямка ахыг машинаас н.Ууганаа татаж буулгаад заамдалцаж авцгаасан. Тухайн үед нэлээн хэдэн хүмүүс хоорондоо бөөгнөрөөд нэлээн удаан хугацаагаар хоорондоо ноцолдож гараараа цохиж дахиад дараа н.Амараа гэх ах цохисон. Тэгээд би н.Нямбаяр ахтай М.Нга ахыг салгаж аваад машин руу оруулаад хөдөлтөл хажуу талаас машин руу өшиглөөд орилж чарлаад байсан. Тэгээд Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
-Шүүгдэгч Б.Агийн гэрчээр өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Оюу толгой” ХХК-аар хамт олноор зугаалсан. Налайхаас баруун эргээд нүүрсний түлшний үйлдвэр байсан. Налайхаас салаад 20км зайд тэнд “Арбат” нэртэй амралтын газар тэнд очсон. Оройн 22 цагийн орчим манай М.Нга гэх залуу манай ээлжийн н.Ууганбаяр гэх залуутай маргалдаад н.Ууганбаяр гэх залууг нэг цохисон, шанаа хэсэг рүү нь цохисон. Тэгээд манай ажлын залуу болох Г.Э бид хоёр салгах гээд дундуур нь ортол М.Нга нь Г.Э бид хоёрыг харааж зүхэж хэл амаар доромжилсон байсан. Тэгээд байж байтал манай компанийн цахилгаанчин залуу болох нэрийг нь сайн мэдэхгүй байна, тэгээд салгаад байж байтал М.Нга барьцалдаж аваад, тэгээд М.Нга нь намайг боосон. Тэгэхээр нь би М.Нгыг гараараа хацар шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед М.Нгын дүү Улаанбаатар хотоос ирсэн байсан. Тэгэж байгаад М.Нгыг аваад явсан, тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,
-Шүүгдэгч Г.Эын гэрчээр өгсөн “...2023 оны 06 дугаар сарын эхээр байсан байх өдрийг нь сайн мэдэхгүй байна Налайхаас цааш амралтын газар очсон амралтын газрын нэрийг сайн мэдэхгүй байна. MMSE туслан гүйцэтгэх компани ажчилчдын хамтаар тэнд зугаалгаар амрахаар 20 гаруй ажилчид амарсан. Тэгээд тэнд хоол хийж идчихээд оройдоо архи согтууруулах ундаа хаэрэглэж М.Нга нь н.Ууганбаяр гэх залуу руу дайрч, н.Ууганбаярыг цохиод унагаасан. М.Нгыг салгасан чинь над руу дайрсан. Тэгээд тэнд чи боль гээд салгах зорилгоор ноцолдсон. Тэгээд М.Нга миний хамар хэсэг рүү цохисон. Тэгээд би зөрүүлээд нэг удаа гараараа цохисон зүйл байгаа. Би М.Нга гараад явсан. Би тухайн амралтын гэрт үлдсэн. Ц.Нямтулгын дүү ирсэн байсан. Тэгээд дүү нь аваад явсан, тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,
-Гэрч Б.Ууганбаярын “...MNS-ХХК-ийн инженерийн туслах ажилтай, тухайн компаниас 1 өдрийн амралтаар ажилчидтайгаа хамт Төв аймгийн нутагт байдаг амралтын газар амарч байгаад үдээс хойш гэр авч гэрт буудал авсан. Тэгээд тэндээ архи, пиво уусан. Тухайн гэр дотор М.Нга хамт байсан. Тэгээд тэнд байж байгаад М.Нга намайг чихний дээд хэсэг рүү нэг юмаар цохисон. Тэгээд жааханг язарсан байсан хавдаад цус гарсан байсан. Тэгж байгаад М.Нга орилж хашгичаад байсан. Тухайн үед М.Нгыг манай ажлын хүмүүс хориод чи яаж байгаа юм гэцгээж байсан. Нэлээн удаан орилж хашгичаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
-Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №479 дугаартай “...М.Нгын биед эрүүний их биеийн баруун талд шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл “Med trauma” эмнэлгийн 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн компьютер томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрхи гэмэтл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрлээс шалтгаална...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Б.А, Г.Э нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арбат” нэртэй амралтын газар амарч байхдаа иргэн М.Нгатай маргалдаж, улмаар нүүр буюу шанаа хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Шүүгдэгч Б.А, Г.Э нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арбат” нэртэй амралтын газар амарч байхдаа иргэн М.Нгатай маргалдаж, улмаар нүүр буюу шанаа хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж үзсэн.
Хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд тухайн гэмт үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн байхыг шаардах ба уг гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хуульчилсан.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь хохирогчийн амь насанд аюулгүй боловч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж улмаар хохирогчийн хөдөлмөрийн чадварыг 3/1-ээс дээш хувиар алдагдуулдаг хор уршигтай юм.
Хохирогч М.Нгын эрүүл мэндэд учирсан “...эрүүний их биеийн баруун талд шугаман хугарал...” бүхий хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч Г.Э, Б.А нар нь бүлэглэж, гэм буруугийн шууд санаатай, идэвхтэй үйлдлээр хохирогчид учруулсан бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заажээ.
Шүүгдэгч Г.Э, Б.А нар нь хохирогч М.Нгыг цохиж, зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Г.Э, Б.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Хохирогч М.Нгын биед “эрүүний их биеийн баруун талд шугаман хугарал” гэмтэл учруулсан шүүгдэгч Г.Э, Б.А нарын үйлдэл нь Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн объектив шинжийг хангасан байна гэж үзлээ.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Г.Э, Б.А нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй төгссөн гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.Э, Б.А нар нь бүлэглэн хохирогч М.Нгыг зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Шүүгдэгч Г.Э, Б.А нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч М.Нгын биед “эрүүний их биеийн баруун талд шугаман хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Э, Б.А нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Л.Наранхүүгээс: “Шүүхээс шүүгдэгч Б.А, Г.Э нарыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нь хэргийг хөнгөрүүлэх нөхцөл болж байна. Хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Б.А, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3.000.000 төгрөгөөр тус тус торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,
Хохирогч М.Нгын өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс “Тусгайлан гаргах саналгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Э, Б.А нарын өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Миний үйлчлүүлэгч нар хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ анхнаасаа маргадаггүй. Ажлынхныхан муудалцаж байсан нөхцөл байдлаас болж гэмт хэрэг гарсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн зэрэг нь хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байна. Б.А, Г.Э нар ажил хөдөлмөр эрхэлдэг учир зорчих эрх хязгаарлах ял тохирохгүй. Торгуулийн ял харьцангуй өндөр байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, насны хувьд залуу хүмүүс байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Г.Э, Б.А нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Г.Э, Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргадаггүй, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Г.Э, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Э, Б.А нар нь урьд ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргадаггүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д“энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч Г.Э, Б.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Нгын биед “эрүүний их биеийн баруун талд шугаман хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч М.Нга нь 11.793.083 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд 1.550.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 10.243.083 нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 6.892.191 төгрөгийг шүүгдэгч Г.Э, Б.А нараас гаргуулж хохирогч М.Нгад олгож, тийзний зөрүү 225.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож /гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй/, үлдэх 3.125.692 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгэний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэнг шүүгдэгч нарын өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Г.Э, Б.А нар нь 6.892.191 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн байх энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн 2334000000337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Э, Б.А нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараасв тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Э, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Э, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Э, Б.А нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА