Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

-улсын яллагчаар Б.Долгор,

-шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Д.Цэцэгмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Чад холбогдох эрүүгийн 2434000000145 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хариуцах чадвартай гэх, шүүгдэгч Ц.Ч  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ч нь Төв аймгийн Эрдэнэ сумын баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай “Баянбулаг” гэх газрын ойгоос 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3 ширхэг буюу 3.6м3 хэмжээтэй шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн “78-42 ТӨҮ” улсын дугаартай “Kig bongo” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас ойн санд 899.557 төгрөгийн буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж, нийт 2.698.672 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Ч нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Ч нь Төв аймгийн Эрдэнэ сумын баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай “Баянбулаг” гэх газрын ойгоос 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3 ширхэг буюу 3.6м3 хэмжээтэй шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн “78-42 ТӨҮ” улсын дугаартай “Kig bongo” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас ойн санд 899.557 төгрөгийн буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж, нийт 2.698.672 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 тал/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-20 тал/,

-2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 28-29 тал/,

-Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 30

-жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-33 тал/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнбилэгийн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

-Шүүгдэгч Ц.Чын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

-гэрч Ө.Янжиндуламын мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

-гэрч Ч.Сийлэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

-“Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №ТЦ-24-40 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-66 тал/,

-“Нуман-Алта” ХХК-ийн 2024 оны 03 дугар сарын 28-ны өдрийн №1/16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74 тал/,

-шүүгдэгч Ц.Чын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ч нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 102 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгор нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 102 тал/-ийг хүлээн авч 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 64 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 108-109 тал/ 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ц.Ч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Чад холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.

Шүүгдэгч Ц.Чын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Ч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Чыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Эрүүгийн 2434000000145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч шүүгдэгч Ц.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Чад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Чад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх      тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны хашаанд битүүмжлэн тус газрын захиргаа, хуулийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Эрдэнэбилэгт хариуцуулсан гэх 1 метр 20 см урттай 2 ширхэг шинэс төрлийн гуалин модыг, шүүгдэгч Ц.Чын эзэмшлийн 15.130.469 төгрөгийг үнэлгээ бүхий “78-42 ТӨҮ” улсын дугаартай “Kia bongo” маркийн тээврийн хэрэгсэл болон 88.000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

  1. Эрүүгийн 2434000000145 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА