| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0129/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/139 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагч М.Хэрлэнчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Эт холбогдох эрүүгийн 2334005460067 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх С.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар багийн нутаг “Эрээн ухаа” гэх газарт Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Haojue” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч Э.Мийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Э нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2334005460067 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч С.Э нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар багийн нутаг “Эрээн ухаа” гэх газарт Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Haojue” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч Э.Мийн амь насыг хохироосон үйл баримт нь дараахь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 тал/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10 тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17 тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18-19 тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанцэцэгийн “...Би хохирогч Э.Мийг төрүүлсэн ээж нь байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр айлын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Манайх 12 настай, 10 настай, 8 настай, тэгээд талийгаач Э.М 3 настай байсан. Түүний дор 1 настай хүүхэд байгаа..., Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
-Шүүгдэгч С.Эын гэрчээр өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сум Баргилт 2 дугаар багт байх эрээ ухаа гэх газар манай хонь газар тариалангийн газар орсон байсан. Тухайн үед би өвөөлжөөн дээрээ эхнэр Г.Алтанцэцэг, хүү Г.Мөнхгэрэл, Г.Алтанбаяр нарын хамт аргал хүрцэнгээ янзлаад байж байсан. Тэгээд би хониндоо явах гээд байж байтал манай хүү Мөнхгэрэл миний араас дагаад уйлаад байсан. Тэгээд би Г.Мөнхгэрэлээ аваад мотоцикль дээрээ сундлаад аваад явсан. Тэгээд хониндоо явж байтал тухайн пойлны дотор онгорхой хэсгээр нь бүдэг машин замаар явж байгаад гэнт урд дугуйнд юм орооцолдох шин болоод мотоцикльтойгоо онхолдсон. Тухайн үед би дөнгөж босож ирээд хүүгээ харсан чин мотоцикль доор доошоо харсан байдалтай дарагдцан хамарнаас цус гарсан байталтай байсан. Тэгээд би мотоциклио авч шидээд хүүхдээ аваад карманд байсан цаасаар цусыг нь арчаад ганц хоёр сэгсрээд мотоциклио буцааж аваад өвөлжөөний гэр рүүгээ явсан. Тэгээд очоод эхнэр дээрээ очоод түргэн дуудсан. Манайх сумын төвөөс хол болхоор би эхнэр хүүхдүүдээ бүгдийг нь аваад сумын төв рүү явсан. Тэгээд замдаа эмнэлэгийн тэрэгтэй таараад сумын төв орсон...” гэх мэдүүлэгш /хх-ийн 27-29 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 216 дугаартай Амь хохирогч Э.Мийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн чамархай яс, зүүн ухархайн дээд хананы цөмөрсөн, дотор хана, суурь ясны их, бага далавчны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрхи цусан хураа авах, тархи дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины хаван, зүүн чамархай, зулайн хуйхны дотор гадаргад цус хуралт, зүүн шанаа, дух, зүүн хөмсөг, зүүн хацар, хамар, хамрын үзүүр, баруун хацар, эрүү, зүүн гарын эрхий хурууны 2-р үеэнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч Э.М нь дээрх оношинд дурдсан гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 37-44 тал/,
-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23/169 дугаартай “Haojue маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээна: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 12.3 "Жолооч хеделгеенд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" мөн дүрмийн 23.9 "Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт (эна дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд); е/ 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 3. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан гэж үзэж байна. 4. Нэмж тусгах саналгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийнй 51-52 тал/ зэрэг шүүгдэгч С.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.Э нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар багийн нутаг “Эрээн ухаа” гэх газарт Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Haojue” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч Э.Мийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч С.Э нь улсын дугааргүй “Haojue” маркийн мотоциклийг жолоодон явахдаа Э.Мийн амь насыг хохироосон байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.
Шүүгдэгч С.Эын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч С.Эыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг нь: “Шүүхээс шүүгдэгч С.Эыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийг хөнгөрүүлэх нөхцөл болж байна. Хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгч нь амь хохирогчийн төрсөн эцэг нь байгаа. Түүний хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялын бүсийг Төв аймгийн Эрдэнэсант сумаар тогтоолгох саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар нь: “С.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзаж өгнө үү. Бага насны 4 хүүхэдтэй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Амь хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь: “Эхнэрийг нь хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байгаа. Хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байна гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алтанцэцэг аль болох хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. Иймд ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч С.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч С.Эт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. .
Шүүгдэгч С.Эын ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу С.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанцэцэгт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Эаас гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн 2334005460067 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА