| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2021/00402/И |
| Дугаар | 183/ШШ2021/01507 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2021/01507
| 2021 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2021/01507 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... оршин суух, онд төрсөн, настай, НВ: регистрийн дугаартай, Б овогт Х О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................оршин суух, онд төрсөн, настай, СЭ: регистрийн дугаартай, О овогт Ю Т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 245.598.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Ю.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр надтай ирж уулзаж, нэг сарын хугацаатай 3.8 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохирч, надаар хадгаламж барьцаалсан зээл авахуулж, бэлнээр 10.000.000 төгрөг, 3 удаагийн шилжүүлгээр 234.700.000 төгрөг, нийт 244.700.000 төгрөгийг зээлсэн. Хадгаламж барьцаалсан зээлийн шимтгэлийг Ю.Т хариуцахаар харилцан тохиролцсон. 10.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны гадаа авсан ба үүнийг тухайн үед хамт байсан Ж.А мэднэ. Харилцан тохиролцсон нэг сарын хугацаа өнгөрөхөд Ю.Т зээл болон хүүгийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Тэрээр янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, мөнгө төлж чадахгүй байна, танд хүүний мөнгөнөөс өгч байя гээд бага багаар цувуулсаар 8.400.000 төгрөгийг хүүнд өгсөн. Харин үндсэн зээлээс нэг ч төгрөгийг төлөөгүй. Би Ю.Т өөрийн хадгаламжийг барьцаалсан сарын 1.8 хувийн хүүтэй зээлийг Улаанбаатар хотын банкнаас авч өгсөн. Ю.Т нь надаас авсан зээлээ хугацаанд нь төлөлгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрснөөс болж би банкинд маш их хүү төлж хохирч байна. Иймд Ю.Т үндсэн зээл 244.700.00 төгрөг, хүү 898.600 төгрөг, нийт 245.598.600 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 3 удаагийн шилжүүлгээр 232.800.000 төгрөг зээлж, хадгаламж барьцаалсан зээлийн шимтгэлийн 1.900.000 төгрөг, дээр нь 300.000 төгрөг нэмэж, 235.000.000 төгрөг зээлсэн гэх үйл баримт дээр маргадаггүй, буцааж төлсөн, өгчихсөн гэж тайлбарладаг. Мөн 10.000.000 төгрөгийг огт аваагүй гэдэг. Хэрэгт шинээр авагдсан нотлох баримтаар 235.000.000 төгрөг авсан гэдэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Зээлийн гэрээг байгуулахдаа нэг сарын хугацаанд мөнгийг нь буцаагаад өгнө гэсэн учраас 1.8 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулсан. Гэрээг сунгаагүй, шинэчилээгүй учраас амаар ярилцаад яваад байсан боловч тэрнийгээ нотлох баримт байхгүй учир бичгэн хэлбэрээр авагдсан гэрээн дээр тулгуурлаж 9.298.600 төгрөгийг хүүнд нэмж нэхэмжилсэн. 244.700.000 төгрөгнөөс хүүнд өгсөн 8.400.000 төгрөгийг хасахаар нэхэмжлэлийн шаардлага 245.598.600 төгрөг болж байгаа юм. Иргэний хуулийн 253 зүйлд заасан шаардлагыг хангасан гэрээ хийгдээгүй. Иймд ямар нэг байдлаар барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гээгүй. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар тухайн этгээд мөнгө төлөх үүргээ тохирсон цаг хугацаанд саадгүй биелүүлэх үүрэгтэй. 245.000.000 төгрөгийг авах гэж маргаж байх явцдаа 125.000.000 төгрөгийг н.Ундрал гэдэг хүнээс Х.О зээлээд авчихсан байсан. Тиймээс 125.000.000 төгрөг авах эрхээ гуравдагч этгээд н.У шилжүүлээд Ю.Т ярилцаж тохиролцон Ю.Т хүссэнээр зээлийн гэрээ байгуулж н.У, Ю.Т мөнгө зээлүүлсэн мэтээр гэрээ хийгээд 125.000.000 төгрөг дээр гэрээ хийсэн. Гэтэл нэг жилийн дараа өмгөөлөгчийнхөө үгэнд орж, энэ гэрээ нь хуурч мэхэлсэн хүчин төгөлдөр бус гэрээ, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн учраас дүр үзүүлж хийсэн гэрээ, энэ гэрээний дагуу 125.000.000 төгрөгийг н.У шилжүүлэх үүрэг байхгүй гэж маргаад н.Ундралаас мөнгө зээлсэн гэрээг хүчингүй болгосон. Х.О нь 235.000.000 төгрөгөө шаардан гаргуулах, эрхэд энэ шүүхийн шийдвэр саад болохгүй гэж заагаад өгсөн учир шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Х.О 3 удаагийн гүйлгээ хийхээс өмнө Ю.Т уулзаж 10.000.000 төгрөгийг Ж.А дүүд туслалгүй яахав гээд Ж.А хажууд өгсөн. Ж.А гэрчээр асууя гэхээр энэ хүний ах юм чинь хэлж өгөхгүй. Тэгээд л 10.000.000 төгрөгийн алдагдалд ороод байна. Тэр үед 2,3 хүн хажууд нь байсан боловч Ю.Т холбоотой гэрчлэхгүй гээд зугтаагаад байгаа. Иймд гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан. Х.О дансанд Ю.Т шилжүүлж орсон мөнгөнүүд байна. Ганц, хоёр сая төгрөгийн зөрүү гарч магадгүй, тэр нь нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдоно, түүнийг нь хасаад нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хүсэлтэй байна. Э.С Ю.Т маргаж байгаа асуудал нь худалдах худалдан авах гэрээний дагуу байрны өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой, энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ямар ч хамааралгүй. Э.С чиний мөнгийг буцаагаад өгье, чи өр зээлтэй гээд байгаа хүмүүстээ өг гэхээр надад хамаагүй байраа авна гэж маргасан. Өөрийнх нь яриад байгаа 80.000.000 төгрөг бэлэн юм уу дансны шилжүүлгээр өгсөн нь нотлогдохгүй байна. 158.000.000 төгрөгийг авсанд тооцохгүй. Энэ мөнгө Э.-Э данс руу орсон болохоос Х.О данс руу ороогүй, хамааралгүй, ямарваа нэгэн хүний данс руу мөнгө шилжүүлсэнээр төлбөр төлөгдсөнд тооцно гэсэн зохицуулалт байхгүй гэв.
Хариуцагч Ю.Т, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О манай нутгийн ах Ж.А таньдаг байсан ба орон сууц худалдах авахад мөнгөний хэрэг гараад намайг Х.Оюунцэцэгтэй уулзуулсан. Х.О нь миний охины нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргуулчихвал зээл өгнө гэсэн болохоор зөвшөөрсөн. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэг сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 235.000.000 төгрөгийг зээлэхээр тохиролцож, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 9.900.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 203.100.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 19.800.000 төгрөгийг авсан. Ингэхдээ 2018 оны 9 дүгээр сарын 05, 28-ны өдрийн 9.900.000, 19.800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 203.100.000 төгрөгийг Тээвэр хөгжлийн банкны тоот дансаар тус тус авсан. Нийт 232.800.000 төгрөг авсан ба хадгаламж барьцаалсан зээлийн шимтгэлийг Ю.Т намайг хариуц гэхээр нь зөвшөөрч, 1.900.000 төгрөг дээр зээлээ тэгшитгээд 235.000.000 төгрөг зээлж авлаа гээд амаар тохирсон. Харин 10.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны гадаа надад бэлнээр өгсөн гэдэг нь худлаа ба үүнийг тухайн үед хамт байсан Ж.А мэднэ, өөр хоёр хүн хамт байсан гэдэг нь ч худлаа. Ингээд байрны гэрчилгээг охиных нь нэр дээр гаргуулсан ба зээл нэг сарын хугацаанд бүтнэ гэсэн боловч удааширч, 3 сарын дараа бүтэж Э.С нэр дээрээс байрыг миний нэр дээр шилжүүлж, Төрийн банкаар ипотекийн зээл 158.000.000 төгрөгийг гаргуулж өгсөн. Энэ мөнгийг өгөхөөс өмнө бас мөнгө шилжүүлж байсан. Нотлох баримтаар Хаан банкны дансны хуулгууд өгсөн ба байрны урьдчилгаа төлбөр 80.000.000 төгрөгийг Э.Сданс руу, Төрийн банкны ипотекийн зээл бүтэж, дахин Э.С данс руу 158.800.000 төгрөг, нийт 238.800.000 төгрөгийг шилжүүлж мөнгөний маргаан дууссан. Гэтэл Х.О нь нэг бол байрыг чинь авна гэж, эсвэл 235.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг өг гээд бүр манай гэрийн цоожийг хүртэл эвдэж орж байсан ба аргаа бараад шүүхэд хандсан. 235.000.000 төгрөгийг Х.О амаар тохироод авсан. Бидний хооронд ямар нэгэн гэрээ бичгээр хийгдээгүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр зээлийн гэрээний үүрэг, хүү гэдэг асуудал яриад байна. Хүү алданги нэхэмжлэхээр бол хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр хийж, нотариатаар баталгаажуулах ёстой. Авсан мөнгөө тодорхой хэмжээгээр өгөөд явж байсан гэтэл хүүгээ авахын тулд Ю.Т шахамдуулж н.У дээр очоод бэлдсэн гэрээнд гарын үсгээ зур, тэгэхгүй бол танайхны амар заяаг үзүүлэхгүй, танайд очиж байгаа бүх юмыг чинь авна гэх зэргээр асуудал үүсгэж эхэлсэн. Ю.Т хувьд очоод гэрээн дээр гарын үсэг зурсан түүнээс биш Ю.Т, н.У нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж энэ маргаан үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.О гэрчээр орж энэ мөнгийг ямар шалтгаантай яаж авсан гэдэг байдлыг тодорхой ярьж хэлсэн байдаг. Тухайн үед би дүүгээсээ мөнгө авсан байсан учир дүүдээ мөнгө авах эрхээ шилжүүлсэн. Одоо бол мөнгөө авмаар байна гэдэг асуудал яриад шүүхийн шийдвэр дээр үнэхээр тийм асуудал байдаг бол Х.О гэдэг хүний эрх өнөөдрийн шүүх хуралдааны шийдвэрээр хязгаарлагдахгүй гэж тусгаж өгсөн. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад тус шүүхэд Х.О охин Э.С худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ю.Т 235.000.000 төгрөгийг ямар ч шалтаг шалтгаангүй авсан юм шиг яриад байна. Энэ бүх шалтгаан Х.О, түүний охин Э.С нарын хооронд хийсэн гэрээтэй холбоотой. 10.000.000 төгрөг бэлнээр авсан эсэх асуудлыг тодруулахаар гэрч оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаж байсан боловч хүсэлтээсээ татгалзсан. Төлбөрийг 100 хувь төлсөн ба 245.598.600 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О хариуцагч Ю.Т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 245.598.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Х.О нь Ю.Т хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 9.900.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 203.100.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 19.800.000 төгрөг нийт 232.800.000 төгрөгийг зээлүүлж дансаар шилжүүлсэн болох нь Х.О Худалдаа хөгжлийн банкны 2602041087 тоот депозит дансны хуулгаар тогтоогдож байх ба Ю.Т дээрх мөнгийг хүлээн авсанд маргаагүй, улмаар банкны шимтгэл 1.900.000 төгрөгийг Ю.Т төлөх, /232.800.000+1.900.000/=234.700.000 төгрөг дээр 300.000 төгрөг нэмэж, нийт 235.000.000 төгрөг зээлснээр тооцож, тохиролцсон нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.О хариуцагчийг 234.700.000 төгрөгнөөс гадна бэлнээр 10.000.000 төгрөг авч, 244.700.000 төгрөг зээлсэн, гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, үндсэн зээл 244.700.000 төгрөгийн нэг сарын хүү 9.298.600 төгрөгнөөс хүүнд гэж төлсөн 8.400.000 төгрөгийг хасч, үлдэх 898.600 төгрөг, /244.700.000+898.600/=245.598.600 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчид 235.000.000 төгрөг зээлсэн, хүлээн авсан дээр маргаагүй тул бэлнээр өгсөн 10.000.000 төгрөгийг нэмэж 245.000.000 төгрөгнөөс Ю.Т дансаар шилжүүлсэн мөнгө нь нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдвол хасаж, /нэг, хоёр сая төгрөгийн зөрүү/ нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хүсэлт гаргаж байна.
Харин хариуцагч Ю.Т нь Х.О орон сууц худалдан авах зорилгоор 232.800.000 төгрөг зээлж, дансаар шилжүүлж авсан нь үнэн, банкны шимтгэлийн 1.900.000 төгрөг дээр 300.000 төгрөг нэмэж нийт 235.000.000 төгрөг зээлж авснаар тохирсон гэж тайлбарлан дээрх төлбөрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 2021 оны 01 дүгээр сарын 28-ныг хүртэл хугацаанд нийт 238.800.000 төгрөг төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, Х.О10.000.000 төгрөг бэлнээр аваагүй тул төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж заасан ба Ю.Т нь Х.О орон сууц худалдан авах зорилгоор тодорхой хэмжээний зээл авсан, зээлдүүлэгч мөнгө шилжүүлсэн, зээлдэгч авсан талаар маргаагүй зэргээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Х.О, Ю.Т нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэж зааснаар Х.О зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй үүсэхгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч Х.О, Ю.Т 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж, шаардаж байх боловч түүнийгээ нотлоогүй, зээл авахад зуучилсан гэх Ж.А, н.Д, н.Ч нарын дэргэд мөнгийг өгсөн гэж тэднийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал уг хүсэлтээсээ татгалзсан, мөнгө өгснөө баримтаар нотлоогүй тул 10.000.000 төгрөг нэхэмжлэх шаардах эрхгүй гэж үзнэ.
Хариуцагч Ю.Т Х.О төлөх төлбөрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 4.300.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.900.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.600.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1.500.000 төгрөг нийт 26.300.000 төгрөгийг Ю.Т Хаан банкны тоот данснаас Х.О тоот дансанд шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Иймд Х.О төлөх 235.000.000 төгрөгнөөс Ю.Т төлсөн 26.300.000 төгрөгийг хасаж, Ю.Т 208.700.000 төгрөгийг гаргуулж, Х.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36.896.600 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Ю.Т нь Х.О орон сууц худалдан авах зорилгоор зээл авсан, Х.О миний охины нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргуулчих гэхээр нь зөвшөөрч, ипотекийн зээл бүтсэний дараа түүний охин Э.С рүү 238.800.000 төгрөгийг шилжүүлж мөнгөний маргаан дууссан гэж тайлбарлаж байх боловч тухайн үед талууд энэ асуудлаар тохиролцоо хийгээгүй, зээл болон худалдах худалдан авах гэрээний тус тусдаа харилцаа үүссэн, Э.С рүү мөнгийг шилжүүлсний дараа Ю.Т нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, Э.С Ю.Т холбогдуулан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргах үед маргаан үүсгээгүй зэргээс дүгнэж үзэхэд Х.О нь Ю.Т байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргээ шаардсаныг буруутгах үндэслэлгүй, гэрээний маргааныг тус тусдаа шийдвэрлэх нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю.Т 208.700.000 /хоёр зуун найман сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36.896.600 /гучин зургаан сая найман зуун ерэн зургаан мянга зургаан зуун/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.385.945 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ю.Т 1.201.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.О олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН