| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0005/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2017-01-06 |
| Зүйл хэсэг | 175.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 05
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Золзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан “Эд зүйл ууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж харъяалалаар тус шүүхэд шилжүүлсэн Мянгад овгийн Бат-Эрдэнийн Түвшинжаргалд холбогдох 201501000212 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 09 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, 2 дүүгийн хамт Нийслэлийн, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн Баянцагаан 5-12 тоотод оршин суух, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Мянгад овгийн Бат-Эрдэнийн Түвшинжаргал. Регистрийн дугаар:УШ94090215.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Түвшинжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын нэгдүгээр хавсралтын 93.03 кодтой нийт 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний үнэ бүхий хийн буу 5 ширхэгийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Түвшинжаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.... Би гэр бүлээсээ мөнгө авч хойшоо наймаа хийх зорилгоор 2015 оны 11 дүгээр сард явсан. Монголоос нэг залуутай тохирч хамт явсан боловч нөгөө залуу маань Улаан-Үүдэд намайг орхиод явчихсан байсан. Тэгээд би буудалд бүх юмаа алдаад ямар ч байсан гэр рүүгээ явъя гэж бодоод ийм хэрэг хийсэн. Автобусны жолооч болон Монгол хүмүүсээс хил гаргаж өгөөч очоод мөнгийг нь өгье гэхээр үгүй гээд байдаг байсан. Би эхлээд тэр дэлгүүрээс гар утас авах гэж байсан боловч буу харагдсан болохоор буу нь сонирхолтой харагдаад бууг нь авчихсан. Тэгээд тэр буугаа Монгол руу явж байгаа автобусны арын суудлын тэнд нуусан. Тэгээд тэр дэлгүүрийн цонхыг хагалахад дээрээс том шил унаж хөмсөгнийхөө дээр зүсэж маш их цус гарч байсан. Нэг мэдэхэд Сэлэнгэ аймгийн тагнуулын албаныханд баригдсан байсан гэв.
2.Гэрч С.Батбаярын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Алтанбулаг боомт дээр орох чиглэлд тээврийн хэрэгслийн шалгалт хийх ажилтай байсан. ОХУ-с хилээр орж ирсэн Мөнхбат гээдэг хүний суудлын машинд 3 хүн сууж ирсэн нэг нь толгойгоо боосон, нэг нь эмэгтэй хүн, тэгэд жолооч байсан. Тэгээд Монголын хил рүү орж ирээд тэр гуравыг орох хаалга руу ор гэж хэлээд явуулсан. Зэрэгцээд Оросын шугамын автобус бас орж ирсэн. Тэгээд хүмүүсийг бүгдийг нь оруулаад машинуудыг шалгаад, автобус руу ороход жолооч нь ачаагаа зөөгөөд байхгүй байсан. Тэгээд автобусанд ороод шалгалт хийгээд явж байхад толгойгоо боосон залуу хамгийн арын суудлын доор доошоо суун нуугдсан байсан. Тэгээд дотогш авч ороод автобусанд энэ хүн нуугдсан байна гэж хэлээд тасгийн дарга, ээлжийн дарга нарт аваачиж өгөөд дараагийн ажил үүргээ гүйцэтгэсэн.
/хавтаст хэргийн 71, 213-214 дүгээр хуудас/
3.Гэрч Н.Ганзоригийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2015 оны 12 сарын 17-ны өдөр Алтанбулаг боомт дээр орох чиглэлд бичиг баримт шалгагчаар ажиллаж байсан. Тухайн үед нэг толгойгоо боосон шөвгөр царайтай, жижигхэн залуу орж ирсэн. Тэгээд би толгойгоо яасан гэж асуухад халтирч унаад гэж хариулсан. Тэр залуу өөрийнхөө бичиг баримттай байсан. Нарийвчилж шалгаад штамп дарж оруулсан. Миний штамп 13 гэсэн дугаартай Тэр залууг биедээ ямар нэгэн юм нууж орж ирснийг мэдээгүй....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 72 дугаар хуудас/
4.Гэрч Т.Хилчингийн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...2015 оны 12 сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд гүйцэтгэх ажлын шугамаар мэдээ орж ирснээр ажилтан Түвшинтөрд мэдэгдэн саатуулах зааварчилгаа өгсөн зөрчил гаргагч нь Гаалийн шалгалтаар ороод хилээр гарахад бэлэн болсон байхад нь Түвшинтөр нь автобусыг хилийн бүсийн гарах хаалгаар гарах үед зохих албаны хүмүүст мэдэгдсний дагуу автобусыг гаргалгүй эргүүлэн татан саатуулсан. Би тус ангийн тагнуулын албаны дарга Мөнхбаярын хамт Алтанбулаг боомт дээр очиход Гаалийнхан эрсдлийн байцаагч нар хамтарсан дахин шалгалтаа хийж байсан. Бид зөрчил гаргасан залууг саатуулан тайлбар авч Улаанбаатар хот руу хуяглан авчирах үед надаа нэг бууг хаана нуусан талаараа ярьсан. Бид 2015 оны 12 сарын 18-ны өглөө 05 цаг 50 минутад би машингүй байсан болохоор найз Баасандагвыг машинтай дуудсаны дагуу 06 цаг өнгөрч байхад ирж авсан бид Б.Түвшинжаргалын хэлсний дагуу Драгон төв 07 цагийн орчим очиж автобусны хамгийн хойд талын суудал доороос нэг хийн гар бууг олж авсан. Жолооч нь буриад хүн байсан. Тэгээд жолоочоор нь тайлбар бичүүлж авсан. Тэгээд драгоноос хил хамгаалах газар дээр очин албан тоот хийлгэхээр орсон байх үед Б.Түвшинжаргал нь зугатаасан байсан. Би Б.Түвшинжаргалыг эрэн сурвалжилж байгаад 22 цагийн үед 25-р эмийн сангийн буудлын ойролцоох хилийн тагнуулын газар руу авч очин дахин тайлбар авсан. Тэгээд дахин зугатаалгахгүйн тулд өөрөө хянан хил хамгаалахын газрын жижиүүр дээр хоносон.
/хавтаст хэргийн 73, 215 дугаар хуудас/
5.Гэрч Т.Асемтулдагийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 сарын 17-ны өдөр 12 цагийн үед Баярхүү ахлах намайг дуудаад Б.Түвшинжаргал гэх залуугийн биед үзлэг хий гээд үзлэг хийсэн. Биеэс нь гарсан зүйл нь эм байсан тархиа хагалсан боолттой, гар утас, 500 төгрөг, зоосон рубль гарч ирсэн. Тэгээд боомтын дарга ирээд хойшоо зогсоол руу яваад 64-12 СЭҮ байхаа маркын автомашин руу очсон. Жолооч нь Мөнхбат гэдэг хүн хэлэхдээ хойно Оросын хил дээр энэ залуу энгэрээсээ буу гаргаж ирж байсан гэж хэлсэн. Б.Түвшинжаргал нь хилээр ороод шалгалтанд орохгүйгээр шугамын автобусанд ороод хамгийн арын суудлын тэнд нуугдсан байсан. Тэндээс нь барьж аваад ээлжийн даргад хүлээлгэж өгсөн гэсэн. Шугамын автобус шалгагдаж дуусаад Хилийн цэргээр паспортоо шалгуулж байсан тэр үед боомтын дарга наад автобусаа буцаа гээд тээвэр дээр авчраад, зорчигчдыг нь бүгдийг нь буулгаад дахин үзлэгт оруулсан. Тагнуулын Түвшинтөр бид 2 автобус руу орсон, хамгийн арын суудлын доор хувин дотор 4 ширхэг хийн гар буу хийсэн байсныг олсон. Тэгээд тагнуулын ажилтан Түвшинтөрд хүлээлгэн өгсөн....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 74-75, 219 дүгээр хуудас/
6.Гэрч М.Мөнхбатын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2015 оны 12 сарын 17-ны өдөр ОХУ-ын хил дээр шалгуулан гарах гэж байх 15 цагийн үед хилийн цэргийн хүн нэг толгойгоо боосон залууг миний машинд суулгасан. Оросын хил дээр штамп даруулаад Монголын хил рүү орж ирсэн. Толгойгоо цагаан марлаар боосон цус гарсан байсан. Цэнхэр куртиктэй хүрэн ягаан өнгийн өмдтэй хувцас нь цус болсон залуу суусан. Тэгээд могнолын хил дээр орж ирэхэд уаана нь оросын автобус зогсож байсан.Тэгээд надаас энэ хот явах автобус мөн юм болов уу гэж асуухаар нь мэдэхгүй ээ өөрсдөөс нь асуугаад үз гэсэн. Тэгээд машинаас буугаад боомтын орох талын хаалгаар орчихоод буцаад гарсан юм шиг байгаа юм. Тэгээд автобус руу орсон байсан гэсэн тэрийг бол би хараагүй. Тэгээд штамп даруулчихаад гарах дээр зогсож байтал Хөвсгөл аймгийн жолооч надаас энэ залуу чамтай хамт явж байгаа юм уу гэхээр нь тийм гэсэн чинь наад залуу чинь өвөртөө буу хийчихсэн явж байна гэхээр нь би таньдаг хилийн цэргийн дэслэгч Баярхүү гэдэг ээлжийн ахлахад хэлсэн. Тэгээд шалгана гээд тэр залууг аваад явсан. Тэгээд удалгүй автобуснаас 4 ширхэг буу гаргаад ирсэн. Тэгээд тагнуулын ажилтан надаас юун хүн бэ гэхээр нь би танихгүй хилээр орох гэж миний машинд суусан гэж хэлсэн...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 76, 87-88 дугаар хуудас/
7.Гэрч Б.Болдбаатарын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн өдөр зөрчил хариуцсан байцаагчаар өдрийн найман цагийн хувиараар ажиллаж байсан. Өдөр үдийн хирд ээдж ахлаж байсан ГУАБ / гаалийн улсын ахлах байцаагч/ Ариунболд автобуснаас буу гарлаа гэсэн. Үзлэгийн өрөөнд байна гэсэн. Тэгээд яваад очтол Хил хариуцсан тагнуулын ажилтан Төгсөө, бууны эзэн Б.Түвшинжаргалын авч явж байсан буунуудыг ширээн дээр гаргаж тавьсан байсан. Тэгээд би эрх мэдлийнхээ хүрээнд хойшлуулшгүй ажиллагаагаар Б.Түвшинжаргалаас тайлбар аван эд зүйлийг бэхжүүлж аван саатуулах хуудастагнуулын Хилчин гэдэг хүнд шилжүүлэн өгсөн. Б.Түвшинжаргалын хэлснээр ОХУ-д явж байгаад дэлгүүрийн цонххагалж хулгай хийгээд, дотор буутай явахад баригдах тул автобусанд ороод сандал доор хийсэн гэж мэдүүлсэн. Гаалийн шалгалтаар орохоосоо өмнө буугаа автобусанд хийгээд тэгээд Гаалиар ороход баригдахгүй гэж мэдүүлж байсан...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 77, 217 дугаар хуудас/
8.Гэрч Т.Түвшинтөрийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр боомт хариуцсан тагнуулын ажилтай үүрэг гүйцэтгэж байсан. Гүйцэтгэх ажлын шугамаар хууль бусаар хийн гар буу, сум тээвэрлэж эсхүл биедээ авч явж байж болзошгүй гэсэн мэдээллийг авсан. Б.Түвшинжаргал гэгч нь жижиг тэргээр ОХУ-с жижиг бараа зөөдөг машинаар орж ирээд гаалийн шалган дээр буугаад автобус руу гүйгээд орсон. Тэр үед нь Гадаадын иргэн харьяатынхан Б.Түвшинжаргалыг саатуулан дотогш оруулж ирэн штампыг нь даруулаад хилийн цэргийнхэнд хүлээлгэн өгсөн. Автобусанд хүн байгаагүй бүгд дотор бичиг баримтаа шалгуулж байхад автобусанд орж хийн гар буугаа нуусан гэсэн. Ахлахаасаа чиглэл аван хоёрдугаар хаалга буюу дундын хаалга дээр автобусыг зогсоож шалгалт хийх хэрэгтэй гээд автобусыг буцааж татаж авчираад хүмүүсийг нь буулгаад Хилийн цэргийн ахлагчтай автобусанд орж үзлэг хийсэн. Үзлэгээр жолоочийн эсрэг талын эгнээний хамгийн арын суудлын доор шал угаадаг хувин дотор 4 ширхэг хийн гар буу хийсэн байсан. Нэг буу нь 4 ширхэг үрлэн сумтай, нэг буу нь ПМ маркын гар буу нь хийн боллонтой байсан. Тэгээд аваад гарч байхад Гаалийн салбарын эрхлэгч Батбаатар гэдэг хүн манайх танай байгууллагад албан бичгээр хүлээлгэж өгнө гээд авсан. Тэр хооронд ахлахыгаа дуудаад удалгүй ирээд Б.Түвшинжаргалыг бичиг баримт, гар буу, биеэс гарсан эд зүйлсийг гаалийнхан хурааж аван манай Тагнуулын тасгийн ахлах ажилтан ахмад Хилчинд хүлээлгэн өгсөн....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 79, 210-211 дүгээр хуудас/
9.Гэрч Н.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Түвшнжаргал миний том хүү байгаа юм, эхнэр бид 2 салаад 15-16 жил болж байна. Түвшинжаргал ихэнхдээ надтай хамт амьдардаг. Баяр ёслолын үеэр хааяа ээж рүүгээ явдаг. Би зун хувийн уурхайд ажилладаг. Өвөл ажилгүй болохоор дүүгийнхээ джлгүүр дээр очиж ойр зуурын аужилд нь туслаад байж байдаг. 2015 оны 12 сарын 10-ны үеэр “Эм си эс” ундааны мөнгө болох 700.000 төгрөгийг тушаах болоод би өөрөө явах боломжгүй болоод Түвшинжаргалыг дуудан уг 700.000 төгрөгөө өгч “Голомт” банкинд тушаачихаад ир гээд явуулсан. Уг нь тушаачихаад ирдэг байсан. тэр өдөр юу болсон юм надаас мөнгө аваад яваад орой нь ирээгүй, тэгээд санаа зовоод утасдахад холбогдох боломжгүй байсан.....Түвшинжаргал хилээр буу оруулж ирж байгаад бариглсан. Тэгээд тэндээсээ зугатаасан гэж хэлсэн. Харин надад Улан-Үдэд хулгай хийсэн гэж огт яриагүй. Энэ хэрэгт холбогдсон талаараа бараг юу ч яриагүй. Асуухаар автобусны суудал доор 4 буу хийж гарах гэж байгаад баридсан гэж байсан... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 80, 221 дүгээр хуудас/
10.Гэрч Уржинов Эрдэни Дабаевичийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Монгол хил дээр орж ирээд зорчигчоо буулгасан хүмүүс гаалийн бүрдүүлэлтээ хийлгэхээр орсон бүх хүмүүүс буусны дараа би автобусаа онгорхой орхиод гаальд бүртгүүлэхээр орсон яагаад гэвэл хүмүүс гаалийн бүрдүүлэлтээ хийлгээд эргээд суудаг болохоор бас тэнд зөндөө камер байдаг. Бүх хүмүүүсээ буулгасны дараа автобусанд үзлэг хийсэн би эхний үзлэг хийхэд байгаагүй нөгөө жолооч байсан. Тэгээд намайг гарч ирэхэд автобусанд үзлэг хийгдсэн байсан. Улаанбаатар хот руу явж болох уу гэж асуусан би түүнд зөвшөөрөөгүй надад сэжигтэй санагдсан. Тэгээд тэр залуу суух гээд орох гээд байж байхад хилийн ажилтан ирээд тэр залууг аваад явсан. Тэгээд зорчигчдоо суулгаад явах гэж байхад буцаад эргэ дахин шалгана гээд зорчигчдыг бүгдийг нь буулгаад дахин гаалийн шалгалтаар оруулсан. Тэгээд автобусыг шалгаад шал угаадаг хувин дотроос 4 ширхэг буу олсон би их гайхсан өмнөх орой нь би шал угаасан. Тэгээд Монголын гаалийн хашаанаас гараад Улаанбаатар хот орсон. Тэгээд маргааш өглөө нь тагнуулын ажилтан ирээд надаас гар чийдэн асууж би гар чийдэнгээ аваад хамгийн арын суудал доороос нэг буу олсон...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/
11.Гэрч Дондоков Доржи Дугаровичийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Монгол хил дээр орж ирээд зорчигчидоо буулган гаалийн бүрдүүлэлт хийж байхад тэр залуу орж суухыг миний ээлжийн жолоочоос асуусан гэсэн гэхдээ би намайг гаалийн бүрдүүлэлтээ хийгээд гарч ирээд эхний үзлэгийг автобусанд хийхэд би өөрөө байсан. Тэгээд зөрчил гаргасан гэх залууг гаалийн ажилчид аваад явж байсан. Тэгэхэд би тэр залууг харсан. Тэгээд хүмүүсээ суулгаад явах гэж байтал хүмүүсийг дахин гаалийн шалгалт хийнэ гээд зорчигчдийн нэг нэгээр буулган ачаа тээштэй нь гаалийн шалгалтаар дахин оруулсан. Тэгээд автобус шалгах газарт автобусыг зогсоож дахин үзлэг хийж автобусны суудлын дотроос 4 ширхэг буу олсон. Энэ шалгалт ойролцоогоор 2 цаг гаран үргэлжилсэн. Маргааш өглөө нь бид Улан-Үдэ явах гэж байхад тагнуулын ажилтан ирж дахин нэг буу олсон би тэр үед авто тээврийн газарт замын хуудсаа бөглүүлэхээр орсон байсан....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 82 дугаар хуудас/
12.Гэрч Ж.Занабазарын 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын орох чиглэлд галийн байцаагчаар үүрэг гүыцэтгэж баысан. Тэр өдөр 12 цагийн үед 64-12 СБА улсын дугаартай суудлын автомашин орж ирсэн. Мөн зэрэгцээд М210 КС гэсэн дугаартай улс хоорондын зорчигч тээврийн шугамын автобус орж ирсэн би эхлээд автобусыг шалгасан намайг шалгаж байхад ямар нэгэн сэжигтэй зүыл анзаарагдаагүй автобуснаас ямар нэгэн зөрчил илрээгүй. Тэгээд автобусанд үзлэг хийж дуусаад 64-12 СБА улсын дугаартай суудлын автомашинд үзлэг хийсэн. 64-12 СБА суудлын автомашинд үзлэг хийж байхад ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй би шалгалтыг ном журмын дагуу хийж гүйцэтгэсэн. Тэгээд автобус урагшилсаны дараа ахлах Ариунболд наад автобусыг чинь нарийвчлан шалгая гээд татуулсан. Автобусыг татаж авчираад нарийвчилсан үзлэг шалгалт хийж эхэлсэн. Гэхдээ биднийг эхлэхээс өмнө Хилийн тагнуулын ажилчид орсон байсан. Намайг автобус дээр очиход 4 ширхэг хийн буу олсон гээд уутанд хийгээд барьчихсан явж байсан. Тэгээд би хойшлуулшгүй ажиллагааны тэмдэглэл бичсэн. Би зөрчлийн байцаагч Болдбаатарын хамт зөрчил гаргагчийн биед үзлэг хийсэн. Үзлэгээр перексель, өвчин намдаах эм, нэг ажилладаггүй симгүй гар утас, нойтон сальпетик, хэдэн ширхэг зоосон рубль гарч ирсэн. Тэгээд биед нь өөр нуусан юм байж магадгүй гээд рентгенээр оруулсан боловч өөр сэжигтэй зүйл илрээгүй. Тэгээд бичиг баримтыг нь бүрдүүлээд холбогдох байгууллагад нь шилжүүлж өгсөн...гэх мэдүүлэг
/Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/
13.Гэрч Ц.Алзахгүйбаатарын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Монгол улсын иргэн Монгол улсын хилээр галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр хэвтрүүлэхдээ хууль зүйн яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Өмнө нь энэ зөвшөөрлийг аж үйлдвэрийн яамнаас олгодог байсан. Үүнийг Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 93.03 заасан заалтыг үндэслэн улсын хилээр нэвтрүүлнэ. Мөн хавсралт 2-т заасан журмын дагуу зөвшөөрөл авна. Шинжээчийн дүгнэлтээр хийн гар буу нь кинетик энерги 3-3.5 жоули байвал Улсын хилээр нэвтрүүлэхдээ заавал зөвшөөрөл авна. Улсын хилээр хийн бууг нэвтрүүлэхэд жоулийн хэмжээ хамаарахгүй заавал зөвшөөрөл авч байж нэвтрүүлнэ....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/
14.Гэрч Л.Уянгын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Галт зэвсгийн тухай хууль 2015 оны 08 сард батлагдсан ба дагаж мөрдөх хугацаа нь 9 сарын 01-нээс мөрдсөн санагдаж байна. Өмнөх хуулиар үйлдвэр худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно гэсэн байсан санагдаж байна. Шинэ хуулиар галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл гэсэн ойлголт бий болж цагдаагийн газраас олгож байгаа байх. Хууль зүйн яам нь иргэнд галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хилээр импортлох зөвшөөрөл олгодоггүй, зөвхөн галт зэвсэг ашиглан спорт сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгж иргэн болон галт зэвсэг нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй иргэн аж ахуйн нэгжид галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох зөвшөөрөл олгох үүрэгтэйгээр хуульчлагдсан байдаг ба манай яамны зүгээс иргэнд галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хилээр импортлох зөвшөөрлийг 2015 оны 9 сарын 1-нээс хойш олгоогүй. Хууль зүйн яамны сайдын тушаалаар галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн журмыг баталсан. Үүнд галт хэрэгсэлтэй адилтгах хэрэгслийн хүчин чадлаас нь хамаарч цагдаагийн байгууллагад бүртгүүлэх талаар тусгаж өгсөн. Харин галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлоход Галт зэвсгийн тухай хууль, Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-аар галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн хүчин чадлаас хамаарахгүй зөвшөөрөл төгөлдөр болсноос хойш манай яамнаас галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг иргэн хувь хүн импортлох зөвшөөрөл аваагүй байгаа, шинэ хуулиас өмнө иргэн зөвшөөрөл авсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/
15.Гэрч М.Сарангэрэлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Улаан-Үүд Сэлэнгэ аймгийн хооронд хүн зөөдөг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгаас Итгэлт Хамба дээр 3 цаг өнгөрч байхад очоод цаашаа явсан. Тэр Түвшинжаргал гэдэг залуу замдаа эм хайгаад эмийн сан орсон. Би ямар эм хайж байсныг нь мэдээгүй. Тэгээд 5 цагийн үед төв захын ойролцоо зогсоод нөгөө хэдийгээ буулгшаж жоохон дэлгүүр хэсэг гээд үлдээгээд би өөрөө буудал олохоор явсан. Тэгээд буудлаа очиж үзээд хонох болж тохироод ирсэн. Тэгсэн чинь 3 эмэгтэй маань байж байсан тэр залуу байхгүй байсан. Тэгээд хаашаа явсан юм бэ гэсэн чинь эмийн сангийн тэнд харагдсан гэсэн. Тэгээд тэрүүгээр эмийн сангуудаар хайж яваад олоогүй. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаад тэр залуугийн өмсөж явсан хувцас, өндөр энэ тэрийг хэлээд бичүүлсэн. Тэгээд тэр цагдаа маргааш хүрээд ир гэсэн. Тэгээд би буудалдаа очиж хоночихоод өглөө нь цагдаа дээрээ очиход олоогүй байна гэсэн. Тэгээд нөгөө 3 эмэгтэйгээ зах энэ тэрээр авч явж байгаад буцах болж цагдаад нь хэлээд тэр залууг олвол байлгаж байгаарай би нэг хоночихоод хүрээд ирье гээд Монгол руу явсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь бил үү Улаан-Үүдэд эхнэртэйгээ очоод шууд цагдаагийн газар очсон чинь тэр залууг эрүүлжүүлэхэд хоносон гэж байсан. Тэгээд цагдаагийн газраас гараад явж байгаад тэр залуутай таарсан. Тэгээд хаачив яагаад алга болчихов гэсэн чинь та намайг хаяад явсан биз дээ та надаа мөнгө өг гэсэн тэгэхээр нь маргааш аваад явъя гэхэд надад мөнгө өг нөдөд хонох газар байхгүй мөнгө өг гээд байхаар нь 500 рубль өгсөн. Тэгээд тэр залуу маргааш энд уулзъя гээд үлдсэн. Тэгээд маргааш орой нь ирэхэд тэр залуу ирээгүй. Тэгээд би тэр тааралдсан өдрөө аваад явдаг байж гэж баахан бодсон даан ч тэр үед би өөрөө 4 хүнтэй явж байсан. Ардаа 4 хүн суулгачихаар цагдаа нар торгоод байдаг болохоор суулгаад авч явж чадаагүй юм...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 92 дугаар хуудас/
16.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №209 тоот шинжээчийн:
1.Шинжилгээнд гадаад хэлбэр хийцийн хувьд га буутай төсөөтэй 5 ширхэг хийн даралтад төхөөрөмж буюу пневматик зэвсгийг ирүүлжээ. Эдгээрийн эд ангиуд нь бүрэн бүтэн бөгөөд МР-654К Байкал загварын их бие Т12013071, замаг Т12013071 дугаартай, мөн их бие Т13023990, замаг Т13023990 дугаартай 2 ширхэг зэвсэгт тус бүр 1 баллон угсарсан байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг хийн даралтад төхөөрөмж буюу пневматик зэвсэг нь сургалт-дадлагын зориулалттай байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг хийн даралтад төхөөрөмж буюу пневматик зэвсэг нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн байна.
4.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг хийн даралтад төхөөрөмж буюу пневматик зэвсгийг засварлаж өөрчилсөн шинж тэмдэг ажиглагдахгүй байна.
5Нэмэлт: Их бие Т06080443, замаг Т06080443 тус бүр дугаартай, гадаад хэлсэр хийцийн хувьд макаровын /ПМ/ гар буутай төсөөтэй хийгдсэн, МР-654К Байкал загварын хийн даралтад төхөөрөмж буюу пневматик зэвсгийн замагны гадаргуугийн баруун зүүн хацарт зэврэлт үүссэн, түүнийг арилгахыг оролдсон байж болох байдал ажиглагдаж байна....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 95-98 дугаар хуудас/
17.Шинжээч М.Чинбатын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2015 оны 12 сарын 25-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Тагнуулын ерөнхий газраас Галт зэвсгийн шинжилгээ хийлгүүлэхээр ирүүлсэн 5ширхэг хийн буунуудад шинжилгээ хийсэн. Тухайн шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн хийн буунууд нь шахагдсан хийн даралтаас үүсэх энергийн нөлөөгөөр хошуу буюу үрлийг гол төмрөөс их хурдтай шидэж байг онох зориулалттай байдаг. Уг 5 ширхэг хийн бууны гол төмрөөс хошуу буюу үрэл сумны шидэгддэг агшины кинетик энерги нь 3-3.5 жоуль байна гэдгийг би холбогдох мэдээллүүд болон хийн бууны хурд хэмжигч РRO-chronograph гэх багажаар хэмжиж дүгнэлт гаргасан.....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/
18.Эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /хавтаст хэргийн 100-103 дугаар хуудас/
19.Хохиролын тооцоо /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/
20.Баримт бичиг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/
21.Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас/
22.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын хяналтын камерийн бичлэг бүхий СD 1ширхэг
23.Шүүгдэгч Б.Түвшинжаргалын 2016 оны 01 дүгээр сарын 08-нб өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”...Би 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ааю намайг банкинд мөнгө тушаагаад ир гээд 700.000 төгрөг өгсөн би тэр мөнгийг нь аваад орой нь драгон төвөөс машинд 15000 төгрөгөөр суун Сэлэнгэ аймагт 2015 оны 12 сарын 10-ны өглөө очсон. Би тэндээсээ Алтанбулаг хил орох машинд сууж Алтанбулаг хид дээрээс Улан-Үдэ орох машинд 3.000 рубль төлж суугаад замаараа Итгэлт хамбад мөргөөд орой нь 5 цагийн үед Улан-Үдэд очсон. Тэгээд тэр оройноо Улан –Үдийн дэлгүүрээр явж байгаад жолоочоо тохирсон газраа хүлээж ббайгаад ирэхгүй болохоор нь буудалд хоносон. Буудалд 12 сарын 10-11-нд хоносон. Тэгээд буудлаас гараад Саяан гэдэг нэртэй буриад залуутай танилцаж хамт архи уусан нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд байсан. Тэгээд гараад Арабат гэдэг нартэй буудлын үүдний өрөөний буйдан дээр унтаж байгаад гараад дахин нэг буриад залуутай архи ууж эрүүлжүүлэхэд хоносон байсан. Тэгээд мөрийтэй тоглоомын газар тоглосон. Мөрийтэй тоглоход эхний өдөр хожоод байсан. Маргааш өдөр нь хожсон мөнгөнийхөө цаасыг хаясан байсан. Тэр цаасаар нь мөнгө авдаг гэдгийг мэдээгүй. Тэгээд хогийн савыг нь ухаад үзсэн чинь маш их хожигдсон мөнгөний цаас л байсан. 12 сарын 16-нд захын хажуугаар монгол жолоочдыг хайж байгаад Сарангэрэлтэй таараад “та намайг яагаад хаяад явсан юм бэ? би таныг баахан хүлээсэн” гэхэд ах нь “чамайг хайсан, тохирсон газраа хүлээсэн” гэж байсан. Эхнэр нь гээд нэг эмэгтэй намайг доромжилсон. Тэгээд та намайг гэрт хүргэж өг би мөнгөгүй болсон гэхэд ах нь чамайг маргааш аваад явъя. Маргааш 2-лаа эндээ уулзъя гэхэд нь үгүй би одоо тантай хамт явна надад хонох газар байхгүй гэж байж 500 рубль авсан. Тэгээд тэр мөнгөөр идэх юм авч идээд дуусгасан. Тэгээд орой нь захын хажууд Галакси гээд дэлгүүр хаасан байсан. Тэгэхээр нь замын хажууд байсан рекламны самбарыг авч цонхыг нь хагалж ороод 2 ширхэг гар утас, 5 ширхэг гар бууг авсан. Ханын шилэн шүүгээг хагалж байгаад миний дээрэс шил унаж духаа гэмтээсэн, хуруу орчим шарх нь задарсан байсан. Би цусаа малгайгаараа даран гарч такси зогсоол руу гүйсэн тэндээсээ такси бариад явсан. Тэгээд таксиний жолооч гэр хороололын дунд зогсоод би эндээсээ цааш явахгүй өөр таксинд суу гэхээр нь буугаад зам даган гар өргөөд цаг гаран алхаад бараг ухаан алдаж унах гэж байхад нэг жижиг улаан такси зогссон. Тэр таксинд суухад нэг эмэгтэй байсан. Тэгээд эмийн сангийн ойролцоо зогсоод өвчин намдаах эм авч өгөн миний духыг боож өгсөн. Тэр эмэгтэй өөрийгөө бага эмч гэж байсан. Би цус их алдсанаас болоод ухаан орж гарч байсан. Тэр эмэгтэйгээр дамжуулан таксиний жолоочид 2 утсаа өгч хил хүргүүлэхээр болсон. Тэгээд 12 сарын 17-нд Оросын хил рүү явж байхад машинтай 4 цагдаа шалгаад байсан. Намайг шалгаагүй. Тэгээд тэр машинаас бууж ачааны машинд жолоочоос нь гуйж байгаад суусан. Тэгээд Оросын хил дээр штампаа даруулах гэхэд би суусан том машинд гадаад паспортаа орхисон байсан. Тэгээд Оросын гаалийн ажилчдаас нуугдаж байгаад Монгол хид дээр очиж гадаад паспортаа аваад буцаад Оросын хил дээр ирж 64-12 СБА гэсэн дугаартай жижиг машинд сууж штамп даруулсан. Монголын хил дээр ирээд том автобусанд орсон. Автобус хүнгүй хүмүүс нь штампаа даруулахаар буусан байсан. Тэгэхээр нь автобусны араасаа 2 дахь эгнээний суудал доор цэвэрлэгээний хувин байсан тэр дотор 4 буугаа хийж, нэг буугаа арын эгнээний суудал доор нуусан. Тэгээд Монголын хил дээр штампаа даруулаад зогсож байгаад ухаан алдсан. Тэгээд тагнуулын ажилтан залуу намайг сэрээсэн. Намайг сэрэхэд нуусан 4 бууг олсон байсан. Тэгээд нэг рентгений зураг авхуулсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Тагнуулын газар очсон....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас/
24. Б.Түвшинжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/ зэрэг болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Шүүх дараахи дүгнэлт хийв.
Шүүгдэгч Б.Түвшинжаргалыг Нийлэлийн Прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын нэгдүгээр хавсралтын 93.03 кодтой 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний үнэ бүхий хийн буу 5 ширхэгийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.
Үүнд; Гэрч С.Батбаяр /хх71/,Н.Ганзориг /хх 72/, Т.Хилчин /хх-ийн 73/, Т.Асемтулдаг /хх-ийн 75/, М.Мөнхбат /хх-76/, Б.Болдбаатар /хх 77/, Т.Түвшинтөр /хх 79/, Уржинов Эрдэни Дабаевич /хх 81/, Дондоков Доржи Дугарович /хх 82/, Ж.Занабазар /хх 84/, Ц.Алзахгүйбаатар /хх 90/, Л.Уянга /хх 91/, М.Сарангэрэл /хх 92/ нарын мэдүүлэг болон Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн34-36 /, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын хяналтын камерийн бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг болно.
Тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил үүргийн хамааралтай, өөрөөр хэлбэл гаалийн байцаагчид, хилийн ажилчид гэх зэрэг гэрчүүдээс хууль сануулж авсан мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг хуулийн шаардлага хангасан үндэслэл бүхий гэж Шүүх үзэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Түвшинжаргалыг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын нэгдүгээр хавсралтын 93.03 кодод бүртгэгдсэн 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний үнэ бүхий хийн буу 5 ширхэгийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж Шүүх дүгнэж байна.
Нийслэлийн Прокурорын газраас нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан “Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байхаас гадна хэргийн нөхцөл байдалд нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Б.Түвшинжаргалыг “хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд оногдуулахаар заасан ялаас албадан ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Шүүгдэч Б.Түвшинжаргал нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хэргийн талаар шудрагаар хүлээн мэдүүлсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын хяналтын камерийн бичлэг бүхий СD 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гадаад паспортыг мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгах нь зүйтэй. Б.Түвшинжаргал нь энэ хэрэгт холбоотойгоор бусдад төлөх төлбөргүй болно. Хийн гар буу, гар утас зэргийг ОХУ-ын Улаан-Үүд хотын Балтахинов гудамж 15, ”Гэлэкси” худалдааны төвийн барилга дотор байрлах “Техно-секонд” дэлгүүрээс хулгайлсныг тусгаарласан байна.
Шүүгдэгч Б.Түвшинжаргалыг энэ гэмт хэргийн улмаас 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хойшлуулшгүйгээр баривчилсан ба 12 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр цагдан хорьсон, 2016 оны 1 дүгээр сарын 4-нийг хүртэл нийт 16 хоног цагдан хоригдсон, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 16 хоног нийт 32 хоног цагдан хоригдсоныг шүүхээс оногдуулсан албадан ажил хийлгэх ялтай Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар /албадан ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон 1 хоногтой/ дүйцүүлж, ялын хугацаа дуусвал шүүх хуралдааны танхимаас суллахаар тогтох нь зүйтэй гэж үзлээ. Прокурорын байгууллагаас түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болговол зохино. Шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Мянгад овогт Бат-Эрдэнийн Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар Бат-Эрдэнийн Түвшинжаргалд эд хөрөнгийг хураахгүйгээр 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Түвшинжаргал нь энэ хэргийн улмаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 16 хоног, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойшлуулшгүйгээр баривчлагдсан 3 хоног, 12 сарын 22-ноос 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл сэжигтнээр цагдан хоригдсон 13 хоног бүгд 16 хоног, нийт 32 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Түвшинжаргалын Е153315 дугаартай гадаад паспортыг мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1.-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоосугай.
5.Шүүгдэгч Түвшинжаргал нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар Түвшинжаргалд оногдуулсан 252 цагийн албадан ажил хийлгэх ялыг цагдан хоригдсон 32 хоногтой нь дүйцүүлж үзэхэд ял эдлэх хугацаа дууссан болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар шүүгдэгч Б.Түвшинжаргалыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
8.Нийслэлийн Прокурорын газраас 2016.12.17-ны өдрийн 5/59 дугаартай албан бичгээр Түвшинжаргалын гадаад улсад зорчих эрх түдгэлзүүлэн арга хэмжээг авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дүгээр зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ