Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 46

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Б.Энхмэнд /цахимаар/,

Шүүгдэгч: С.Ө, Д.Б /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Ө, Д.Б нарт холбогдох 2029000000035 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгаж байсан,

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Сум дундын 27 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

Шүүгдэгч Д.Б, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө газарт үйл ажиллагаа явуулж буй “Э.Б.Х” ХХК-ийн авто зогсоолоос “И.Х.Х” ХХК-ийн эзэмшлийн 11-52 УЧ дугаарын чиргүүлтэй, 91-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь С.Ө, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч С.Ө, Д.Б нарыг бүлэглэн, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болд, С.Өр нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Ө нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Т-оос хохирол төлбөрт 1500000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б, С.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Өмнө нь миний бие гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан боловч тухайн гэмт хэрэгтээ тохирох ялыг эдэлж дууссан. Өөрөөр хэлбэл надад шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнссэн бөгөөд тэнсэнгийн хугацаа дууссан. Миний хувьд гэмт хэргийн улмаас хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Хохирогчийн зүгээс машины хаалга, толь солигдсон байна гэсэн боловч энэ талаар би маргаж солиогүй гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Хэрэгт хаалга толийг үнэлсэн үнэлгээ байхгүй байсан тул төлбөрийг төлөх боломжгүй байсан. Машиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Миний бие үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Миний бие өмнөх хэрэгтээ ял шийтгэл эдэлсэн тул энэ гэмт хэргийн хувьд анх удаа гэмт хэрэг хийсэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй. Иймд надад оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн зохих зохицуулалтыг хэрэглэн тэнсэхээр өөрчилж өгнө үү. Мөн миний гэр бүлийн байдал туйлын хүнд байгаа. Миний эхнэр бие давхраас гадна хүүхэд маань одоо 5 настай харах хандах хүн бүлгүй байгаа. Миний бие дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэдгээ амлаж байна” гэжээ.

Шүүгдэгч С.Ө давж заалдах гомдолдоо: “...Өмнө нь миний бие гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан боловч тухайн гэмт хэрэгтээ тохирох ялыг эдэлж дууссан. Өөрөөр хэлбэл надад шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнссэн бөгөөд тэнсэнгийн хугацаа дууссан. Миний хувьд гэмт хэргийн улмаас хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Хохирогчийн зүгээс машины хаалга, толь солигдсон байна гэсэн боловч энэ талаар би маргаж солиогүй гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Хэрэгт хаалга толийг үнэлсэн үнэлгээ байхгүй байсан тул төлбөрийг төлөх боломжгүй байсан. Машиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Миний бие үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байгаа. Миний бие өмнөх хэрэгтээ ял шийтгэл эдэлсэн тул энэ гэмт хэргийн хувьд анх удаа гэмт хэрэг хийсэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй. Иймд надад оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн зохих зохицуулалтыг хэрэглэн тэнсэхээр өөрчилж өгнө үү. Миний бие дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэдгээ амлаж байна. Миний бие 1993 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн охин, аав, ээжийн хамт амьдарч байгаа. Тэтгэврийн 2 хөгшин охиныг минь харж байгаа. Охин минь зүрхний хагалгаанд орсон. Одоо Улаанбаатар хотод Эх нялхсын  эмнэлгийн эмчийн хяналтад байдаг. Аав минь хөл муу, зүрхний өвчтэй гэрээр эмчилгээ хийлгэдэг. Ээж маань л одоо тэр хоёрыг харж хандаж байгаа. Миний бие охиноо асарч хамгаалдаг хүн. Охиноо асран хамгаалж, тэтгэх боломжийг олгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Б.Ө нарт 6 сарын хорих ял оногдуулсан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлүүдээс хорих ялыг сонгон хэрэглэх болсон үндэслэл шалтгаан нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл “, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” зэргийг тусгахаар хуульчилсан ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тайлбарлан тусгаагүй байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын төрөлтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, хэрэв боломжгүй тохиолдолд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэх саналыг өөрийн дүгнэлт, тайлбартаа хэлсэн. Дээрх дүгнэлтийг дараах зүйлийг үндэслэн гаргасан болно. Үүнд: Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, тэдний хувийн байдлыг харгалзан тэнсэх саналыг оруулсан. Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь анх даа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлүүд байна гэж үзсэн. Түүнчлэн шүүгдэгч нар нь урьд гэмт хэрэгт холбогдож байсан боловч үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон хариуцлагаа хүлээсэн болно. Шүүгдэгч Д.Б нь эхнэр, 5 настай охины хамт амьдардаг бөгөөд одоо эхнэр Б.Э нь хоёр ихэр 5 сартай ураг тээж байгаа. Нөхрийн олсон орлогоор амьдардаг байсан гэр бүл. Шүүгдэгч Б.Ө-ын хувьд мөн эхнэр, охины хамт амьдардаг бөгөөд охин нь хүнд өвчний улмаас гадаад улсад эмчилгээ хийлгэж ирээд удаагүй байгаа юм. Шүүгдэгч нарын дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг өөрчилж тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Энхмэнд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хоёр шүүгдэгч маань хоёулаа өмнө нь гэмт хэрэг үйлдсэн байгаа. Хувийн байдалтай холбоотой талаасаа өөрсдөө дүгнэлт хийгээгүй юм уу гэж үзэхээр байна. Ханбогд сумын сум дундын шүүхээс боломж олгож хоёуланд нь тэнсэх ял оногдуулж тэнсэж байсан шийдвэр гарч байсан. Тэгээд энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй явж байгаад дахиад 2020 оны 02 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ байдалд Ханбогд сумын сум дундын шүүхээс хамгийн бага хорих ялаар ял шийтгэл оногдуулсан байна. Өмгөөлөгчийн яриад байгаа шүүхийн шийтгэх тогтоол дээр эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, үндэслэлийг бичээгүй шийтгэх тогтоол гарсан байна гэж үзэж байна. Шүүхээс бол өмнө нь гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь хараад хорих ялын доод хэмжээгээр оногдуулсан нь үндэслэлтэй байна. Энэ хүмүүсийн хувийн байдалд нь тохирсон байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч С.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Гэр бүлийн минь байдлыг харгалзан үзээд тохирох хэмжээгээр нь ялыг багасгаж өгнө үү. Маш их гэмшиж байна. Хоёр сар маш их зүйлийг бодлоо. Дахиж ийм төрлийн гэмт хэрэг, хууль зөрчсөн зүйл хийхгүй гэдгээ өөртөө сайн ойлгуулсан” гэв.

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө нь хийсэн үйлдлээ сая хоригдож байх хугацаандаа эргэцүүлж бодсон. Тэгээд нэг жоохон зүйлээс болоод стрессдэж юу хийж байгаагаа мэдэхгүй буруу зүйл хийж байснаа ухаарсан. Нэр хугарахаар яс хугар гэдэг шиг нэрээ хугалсан буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Өөрийнхөө буруу үйлдэл дээр их эргэцүүлэн бодсон. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэр бүлдээ үлгэр жишээ хууль ёсны дагуу амьдарна. Хүн ер нь өөрийнхөө алдааг олж хардаггүй юм байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ар гэрийн минь байдлыг харгалзан үзээд зохих ёсоор нь шийдвэрлэж ялыг минь тэнсэн харгалзаж өгөөч ээ гэж хүсэх байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Прокурор сая дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох хамгийн бага ялыг оногдуулсан. Тэдний хувийн байдалтай нь холбогдуулж энэ хорих ялыг сонгож оногдуулсан гэж байна. Тэгвэл энэ гэмт хэргийн хувьд сонгох санкцтай байгаа. Тэгэхэд яагаад заавал хорих ялыг хамгийн бага ялын төрөл гэж үзэж оногдуулаад байгаа юм бэ. Энэ талаараа тайлбартаа хэлсэнгүй. Тэдний хувийн байдалтай нь холбогдуулаад өмнө нь ийм гэмт хэрэг үйлдэж байсан. Ерөөсөө өөрсдөө дүгнэлт хийгээгүй байна гэж хэлж байна. Нэг гэмт хэрэгт нэг л удаа ял шийтгэх Эрүүгийн хуулийн зарчим байгаа. Гэтэл яагаад заавал хувийн байдалтай нь холбогдуулан өмнө нь үйлдсэн гэмт хэргийг сөхөж энд заавал ял шийтгэлийг нь хүндрүүлж оногдуулах ёстой юм бэ. Ингээд өмнөх гомдолтой гэсэн саналаа дэмжиж байна. Хэрвээ шүүхийн зүгээс ямар нэгэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаатай зүйл байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нарын санал дээр нэмж хэлэхэд шүүгдэгч нар ийм төрлийн хэрэг дахиж үйлдэхгүй гэж байгаа боловч ер нь бид хоёр өөрсдөө дүгнэлт хийгээд дахиж гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна гэдгээ илэрхийлж байгаа” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө, Д.Б нарын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т-ын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай “И.Х.Х” ХХК-ийн эзэмшлийн 11-52 УЧ чиргүүлийн дугаартай, 91-07 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн цагаан өнгийн чирэгч толгойтой, цэнхэр өнгийн чиргүүлтэй хүнд даацын тээврийн хэрэгсэл газарт үйл ажиллагаа явуулдаг “Э.Б” ХХК-ний хашаан доторх зогсоолоос хулгайд алдагдсан. ...зүүн талын хаалга, хоёр ширхэг аккумлятор солигдсон, хоёр толь, түлш байхгүй болсон байсан. Эдгээр алга болсон, солигдсон тээврийн хэрэгслийн эд анги, түлшээ нөхөн төлүүлж авмаар байна /хх-27-29/ гэсэн байхад мөрдөн байцаалтын явцад дээрх тээврийн хэрэгслийн солигдсон гэх зүүн талын хаалга, хоёр ширхэг аккумлятор, алга болсон гэх хоёр толь, түлшний үнэлгээг гаргаагүй, дээрх эд зүйлийг хэн авсан, үрэгдүүлсэн зэргийг шалгаж тогтоогоогүй байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5/56 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ /хх-136/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “учруулсан хохирлыг тусгана” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хэнд, хэдэн төгрөгний хохирол учирсан болохыг тусгаж бичээгүй байна.

Иймд мөрдөн байцаалтын явцад  С.Ө, Д.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ”-г нотлоогүй гэж дүгнэв.

Шүүхийн шийдвэрийг хянахад шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ”, 2.2-т “...хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо” зэргийг тусгаагүй, мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгана гэсэн заалтыг зөрчсөн, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заахдаа Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг нотлоогүй тул С.Ө, Д.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлуудын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч  С.Ө, Д.Б нарт холбогдох 2029000000035 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Ө, Д.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Ш.ТӨМӨРБААТАР