Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0022

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У. М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ц.Д 

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай актыг хүчингүй болгуулж, 4.236,200 төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх, зээ охин М. Ариунболорын халамжийн тэтгэмжийг актын дагуу зогсоосон үеэс нь нөхөн олгуулах,халамжийн тэтгэмжийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалсны тэтгэмжээр үргэлжлүүлэн олгохыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгуулах.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У. М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие У. М нь 58 настай, ам бүл 7, эхнэр хүүхдүүд болон зээ охин Ариунболорын хамт амьдардаг. Эхнэр бид хоёр 1981 онд гэр бүл болж 5 хүү, 3 охин төрүүлж өсгөсөн. 2000 онд охин Сарангуа нь Ховд аймгийн Зэрэг сумын Баарай овогтой Амаржаргалтай гэр бүл болж, 2000 оны 12 дугаар сарын 28-нд охин Ариунболор нь мэндэлсэн. Миний охин М. Сарангуа нь /Ариунболорын ээж/ 2001 оны 8 сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас охиноо 8 сартай байхад нь нас барсан. Бид охиныхоо оршуулгын ажлыг дуусгаад гэртэй ирээд байж байтал тэр өдөртөө хүргэн Амаржаргал худуудтай хамт 8 сартай зээ охин Ариунболорыг манайд авч ирээд Бид энэ хүүхдийг өсгөж чадахгүй юм байна. Та нар ав гэж хэлээд үлдээгээд явсан. Эхнэр бид хоёр зээ охин Ариунболорыг 8 сартайгаас нь сүүгээр угжиж, өдийг хүртэл өсгөж бойжуулж байна. Амаржаргал нь өөрийн төрсөн охин Ариунболорыг 8 сартай байхад нь хөгшин бид хоёр дээр авч ирж орхисноос хойш охиноо эрүүл саруул торниж байгааг мэдэж байсан атлаа ганц удаа ирж уулзаагүй, охиныг өсгөж хүмүүжүүлэхэд огт хувь нэмэр оруулж байгаагүй. Охин Ариунболор нь Би эцэг гэгдэх Б. Амаржаргал гэдэг хүнээр овоглохгүй, овгоо солиулна гэдэг хүсэлт гаргаж, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 03-ны А/84 дүгээр захирамжаар Амаржаргал овогтой Ариунболорыг М  овогтой Ариунболор болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Овог солиулах хүсэлтийг шийдвэрлэхэд Амаржаргалын зөвшөөрөл хэрэгтэй байсан тул олж уулзсан. Б. Амаржаргал Овог солиулахад татгалзах зүйлгүй гээд иргэний бүртгэлийн газарт овог солиулахыг зөвшөөрсөн өргөдөл бичиж өгсөн. У. М  миний бие нь Ариунболорын хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдон асран хамгаалж байгаа. 

Охин М. Ариунболорыг манай хөгшин бид 2, нялх бага наснаас нь өдий хүртэл асран халамжилж байгаа бөгөөд түүний аав гэх хүний зүгээс үүргээ биелүүлж байсан удаа байхгүй учраас түүний эцэг байх эрхийг  хасуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Тавинаахан овогт Баарайн Амаржаргалыг охин М. Ариунболорын эцэг байх эрхийг хассан 153/ШШ2016/00539 дугаартай шүүхийн шийдвэр гаргасан. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалсны тэтгэмж авсны буцаан төлүүлэх тухай акт 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарсныг олж  мэдэн хуулбарлан авсан.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1-д зааснаар бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэнд асаргааны тэтгэмж олгохыг хуульчилсан байдаг. Тэгвэл уг хуулийн 3.1.7-д зааснаар Бүтэн өнчин хүүхэд гэж эцэг эх нь тогтоогдоогүй, эсхүл хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг эх байх эрхээ шүүхээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг хэлнэ гэжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд М. Ариунболорыг Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар бүтэн өнчин хүүхэд гэж үзэх бөгөөд түүнийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэнд асаргааны тэтгэмжийн мөнгийг үргэлжлүүлэн авах эрхтэй гэж миний бие үзэж байна.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа танай шүүхэд хандахад 2017.01.09-ний өдрийн 17 дүгээр шүүгчийн захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэ хэмээн буцаасан. Ингээд Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд хандаж өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуг миний хууль зүйн туслалцаа авахаар  гэрээ байгуулсан өмгөөлөгч Н. Оюунчимэгийн туслахт 2017 оны 03 сарын 20- дын үеэр өгсөн байна.

 Иймд Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 сарын 13”ны өдрийн 21-08-004-136 дугаартай актыг хүчингүй болгож, 4.236,200 төлбөрийн төлбөрөөс чөлөөлж, зээ охин М. Ариунболорын халамжийн тэтгэмжийг төлбөрийн акт гаргаж зогсоосон үеэс нөхөн олгуулж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс бүтэн өнчин хүүхэд асран хамгаалсны тэтгэмж тогтоож, цаашид үргэлжлүүлэн олгохыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай охин 1998 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Зэрэг суманд хүнтэй суусан. Тэгээд 1999 онд манай охин амаржиж анхны хүүхэд нь охин гарч Ариунболор гэдэг нэр өгсөн. 2001 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас охиноо 8 сартай байхад нь нас барсан. Буяны ажлыг дуусгаад гэртээ ирээд байж байтал тэр өдрөө хүргэн Амаржаргал, хадам эгч, аавтайгаа ирээд бид нар Ариунболорыг асарч өсгөж чадахгүй юм байна. Та нар авч өсгөж бойжуулж гэж хэлсэн. Манай эхнэр бас нялх хүүхэдтэй байсан учраас 2 хүүхдийг хөхүүлж бас угжсан. 2 хүүхдийг өсгөж өдий хүргэсэн. Би эхлээд халамж авах асуудлыг мэдэхгүй байсан. Сүүлд надад хүмүүс халамж авах талаар хэлэхээр би мэдэж хөөцөлдөж халамжийн мөнгийг авсан. Мөн асран хамгаалагчаар тогтоолгох асуудлыг хөөцөлдөж, асран хамгаалагчаар тогтоолгосон. Тэгээд халамжийг 2013 оны 05 дугаар сард гэнэт зогсоосон. Би яагаад халамжийг зогсоосон талаар асуухад дээд байгууллагаас танай охины тэтгэмжийг зогсоолоо гэж хэлсэн. Акт тавигдсаныг мэдээгүй байсан учраас акт тавьсныг шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн юмаа.  Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 200-2014 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байгаад  Монгол улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны Б/29 дугаар тушаалаар Ховд аймгийн засаг даргын тамгын газарт шилжүүлж, Ховд аймгийн Засаг даргын 2014 оны А/577 дугаар захирамж, Санхүүгийн хяналт аудитын албаны даргын 2014 оны Б/05 дугаар тушаалаар Санхүүгийн хяналт  шалгалтын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 4 сарын 15-ны өдрийн 01/109 тоот удирдамжаар Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон аймаг, нийслэлд дүүрэг сумдын нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, албадын болон гэрээгээр нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагуудын 2012-2013 оны санхүүгийн болон бусад холбогдох баримт материалыг хамруулан Ховд аймгийн халамж үйлчилгээний хэлтэс, Манхан, Мөнххайрхан, Алтай, Үенч сумуудын халамж үйлчилгээний 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийв.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 тоот актаар Манхан сумын иргэн У. М-аар бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалсны тэтгэмж 4.236,200 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч актыг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримаас нь татгалзсан байгаа. Анх акт тавигдахдаа бүтэн өнчин хүүхдийн тэтгэвэр авсан гэж акт тавигдсан. Ариунболор угаасаа хагас өнчин хүүхэд, хагас өнчин хүүхдийн тэтгэмж авах ёстой. Амаржаргал хүүхдээ асарч хүмүүжүүлэхэд болон эдийн засгийн ямар нэгэн туслалцаа үзүүлж байгаагүй. Энэ асуудлаар нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Иргэний хэргийн шүүхийн хавтас хэрэг дотор 2000 оноос хойш охиноо харж хандаагүй гэсэн гэрч нарын мэдүүлэг, Амаржаргалын овог өөрчлөх хүсэлт,  нотлох баримтаар тогтоогддог. 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр акт тавигдсан. Гэтэл тэтгэмж нь 2015 оны 05 дугаар сарыг дуустал олгогдсон. Акт тавигдсан хэрнээ У.М-д акт тавигдсан гэдгээ хэлээгүй. Хариуцагч хариу тайлбартаа бүтэн өнчин хүүхдийн тэтгэмж авч байсан учраас тэтгэмжийг нь зогсоосон гэж бичсэн байна лээ. Ариунболор хагас өнчин гэдэг нь хавтас хэрэг дотор цугларсан нотлох баримтаар нотлогдсон. Хариуцагч байгууллага бүтэн өнчин хүүхдийн тэтгэмж авч байсан, ийм хэмжээний төлбөр төлнө гэдгийг нь  нотлох  баримтыг гаргаж өгөөгүй байгаа.  2010-2013 оныг дуустал акт тогтоосон. Энэ актыг тогтоосон үндэслэл нь Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой гэж бодож байна. Овог солиулах хүсэлт гаргахаар нь Засаг дарга үрчлэлт хийсэн. Гэтэл үрчлэлт хийхээр Ариунболор эцэг, эхтэй юм шиг харагдаж байгаа. Гэхдээ үрчлэлт хийгдсэн Засаг даргын захирамжаар Ариунболорын тэтгэмж тогтоогдож, зогсоох хууль зүйн үндэслэл байхгүй. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар асаргааны тэтгэмж олгогдож байна. Тэгэхээр 2006 онд эцэг Амаржаргал нь байгаа боловч 2006 оны Засаг даргын захирамжаар асран хамгаалагчаар У.М-ыг тогтоолгосон. У.М-ыг Засаг даргын захирамжаар асран хамгаалагчаар тогтоолгох шаардлага байхгүй байсан. Ариунболорын ээж нь нас барсан, эцэг Амаржаргал нь хүүхдээ асарч бойжуулдаггүй учраас У.М нь тэтгэмж авах хууль зүйн үндэслэлтэй юм. Засаг дарга үрчлэлт гэсэн захирамж гаргасан боловч овог солиулах захирамжаараа үрчлэлт тогтоосон захирамжаа хүчингүй болгосон. Акт тогтоохдоо Засаг даргын үрчлэлт тогтоосон захирамжийг үндэслэсэн учраас актыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Амаржаргалын эцэг байх эрхийг нь хасуулсан шалтгаан нь Ариунболорыг асарч бойжуулаагүй учраас эцэг байх эрхийг хасуулсан. Акт тавьсан гол шалтгаан нь эцэг байгаа учраас бүтэн өнчин биш, хагас өнчин гэдэг үндэслэлээр акт тавьсан байдаг. Актаас хойш нэг жил гаруй хугацаанд халамжийн тэтгэмж зогссон. Ариунболорыг 18 нас хүртэл тэтгэмж авах эрхийг нь зөрчиж байна. 25 нас хүртэл улсаас буцалтгүй тусламж авах эрх, оюутны бүтэн өнчин гэх тэтгэлгийн боломжид халдаж байна. Маргаан үүсэх гол шалтгаан нь 8 сартайгаас бүхэл бүтэн 17 жил асарч хүмүүжүүлсэн. Энэ хугацаанд Амаржаргал 100 гр сүү авчирч өгөөгүй. Ариунболорын эдийн засгийн байдал, эцгийн хайр халамжийг У.М орлож гүйцэтгэсэн. Акт гаргасныг У.М  мэдэх боломжгүй байсан. Яагаад гэвэл 2015 оны 05 дугаар сар хүртэл хүүхдийн тэтгэмж олгогдсон. Нэхэмжлэгч өөрийнхөө тайлбараар сая бас тайлбар хийлээ. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын баталгаатай актыг авсан. Гэхдээ акт олдоггүй, байцаагч Цэнгэлээс удаа дараа шаардаж байсан. Ингээд Тамгын газрын даргадаа захисан. 2016 оны сүүлчээр 2017 оны эхээр Тамгын газрын дарга нотариатаар баталсан актыг өгсөн. Хууль бусаар нотлох баримтыг бүрдүүлж халамжийн тэтгэврийг аваагүй. Засаг дарга өөрийнхөө захирамжийг хүчингүй болгох эрх нь олгогдсон.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Нэхэмжлэгч У.М  тухайн үед акт тавьсан гээд тэтгэмж зогсчихсон, акт нь олдоггүй байна гэж надад хэлсэн. Би тухайн үед сумын Засаг дарга болон Цэнгэл гэдэг байцаагч нартай ярьсан.Тэр үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж байсан. Амаржаргалыг эцэг байх эрхийг нь Ховд аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх ёстой байсан. Ингээд би Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийснийг дурьдах нь зүйтэй байх.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай актыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Актын үндэслэх хэсэгт өнчин гэсэн байгаа. Гэтэл ямар шийдвэр, зөрчил байсныг акт тогтоох үндэслэлдээ оруулж ирээгүй байна. Улсын байцаагчийн акт нь тэтгэвэр тогтоосон хууль зүйн үндэслэлээ зөв тодорхойлсон, акт тогтоох болсон эрх зүйн харилцаа нь тодорхойлсон байж хуулийн хүчин чадалтай акт болдог. Гэтэл хариуцагч байгууллага захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүтэн өнчин хүүхэд хэдэн төгрөгийн тэтгэмж авч байсан юм. Хагас өнчин хүүхдэд хэдэн төгрөгийн тэтгэмж авч байсныг баримтаар шүүхэд оруулж ирээгүй. Гэтэл энэ хүүхдийн эцэг нь амьд байгаа учраас бүтэн өнчин гэсэн үндэслэлээр тэтгэмж авахгүй гэсэн боловч Ариунболор нь угаасаа хагас өнчин хүүхэд юм. 2001 онд Ариунболор 8 сартайгаас хойш хагас өнчин хүүхдийн тэтгэмж авах хууль зүйн үндэслэлтэй байсан гэх тоон үзүүлэлтээ нотолж оруулж ирээгүй. Өнөөдрийг хүртэл Ариунболорын бүтэн өнчин гэсэн асуудал маргаантай бол хагас өнчний тэтгэмжээ үргэлжлүүлээд авах ёстой байсан. Ариунболорын ээж нь бурхан болсон нь нас барсны гэрчилгээгээр нотлогддог. Ховд аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг захиргааны хэргийн шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байна. 2001 оноос хойш Амаржаргал нь эцэг байх үүргээ биелүүлээгүй нь тогтоогддог гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасны дагуу тэтгэмжийг олгоод явж байсан. Ийм нөхцөл байдал бий болсны улмаас 2006 оны Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын захирамжаар Ариунболорын асран  хамгаалагчаар У.М-ыг тогтоогоод явсан. Энэ захирамжийн дагуу У.М нь тэтгэмж авах эрхтэй. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай акт тогтоосныг шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ мэдэхгүй байсан. Энэ актыг У.М-д танилцуулж, гардуулсан асуудал байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Дээрх хуулиас өмнө мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны актыг гардаж авсан үеэс эхлэн тоолдог. Нэхэмжлэгч өөрөө актыг хайж олж авснаа тайлбар дээрээ хэлж байна. Ийм учраас шүүхэд гомдол гаргах хугацааг нь харгалзаж үзнэ үү. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гардуулж өгсөн нь ямар нэгэн бичгийн баримтаар нотлогдоогүй, мөн хүргүүлсэн гэсэн албан бичгийн дэвтрээр нотлогдоггүй байгаа. Шүүхээс хугацааны талаас нь ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. У.М нь хуурамчаар хууль бусаар нотлох баримтыг цуглаагүй. Төрийн захиргааны албан хаагч тэтгэмжийг нь олгосон. У.М-ын хувьд хэдэн төгрөг аваад байх асуудал биш. Хүүхдийн хувь заяаны асуудал юм. Ариунболорыг эцэг эхийн хайраар дутаагүй. Хагас өнчин гэх асуудлыг шийдвэрлээгүй учраас акт гаргасан нь  хууль бус юм. Хариуцагч хагас өнчин хүүхэд хэдэн төгрөгийн тэтгэмж авах талаар нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.М нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ц.Д-д холбогдуулан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай актыг хүчингүй болгуулж, 4.236,200 төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх, зээ охин М.Ариунболорын халамжийн тэтгэмжийг актын дагуу зогсоосон үеэс нь нөхөн олгуулах, халамжийн тэтгэмжийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалсны тэтгэмжээр үргэлжлүүлэн олгохыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 05 сарын 05-ны өдөр “зээ охин М.Ариунболорын халамжийн тэтгэмжийг актын дагуу зогсоосон үеэс нь нөхөн олгуулах, халамжийн тэтгэмжийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалсны тэтгэмжээр үргэлжлүүлэн олгохыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгуулах“нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүгчийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 159 дүгээр захирамжаар баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүх хуралдаанаар үлдэх “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай актыг хүчингүй болгуулж, 4.236,200 төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх” шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.

Хариуцагч Ц.Д-ын маргаан бүхий актыг гаргах үед ажиллаж байсан байгууллага өөрчлөгдсөн хэдий ч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, эрх, үүрэг нь бусдад шилжээгүй болох нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 сарын 31-ний өдрийн Б/29 “Улсын байцаагчдыг шилжүүлэх тухай” тушаал[1], Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар[2] тус тус тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлалгүйгээр оролцуулсан болно. 

Хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч У.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай “Бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалсны тэтгэмж төлүүлэх тухай” актаар “М.Ариунболорын аав Б.Амаржаргал нь Ховд аймгийн Жаргалант суманд амьдарч байхад Ариунболдын асран хамгаалагчаар У.М-ыг тогтоон бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалсны тэтгэмж олгосон нь холбогдох хуулийг зөрчсөн” гэж дүгнэж акт тогтоосныг нэхэмжлэгч У.М эс зөвшөөрч “зээ охины эцэг Б.Амаржаргал нь охиноо асарч хамгаалж чадахгүй гэдгээ илэрхийлсэн тул өөрийн нэрээр овоглон асарч хамгаалсны хувьд бүтэн өнчин хүүхэд асран хамгаалсны тэтгэмж авах эрхтэй” гэж маргана.

- Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ц.Д  нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн баталсан 2014.04.15- ны өдрийн 01/109 тоот хяналт шалгалтын удирдамж[3]ийн дагуу 2014 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд Ховд аймгийн Манхан сумын нийгмийн халамжийн үйлчилгээний 2013 оны санхүүгийн үйл ажиллагааны баримтад хяналт шалгалт хийжээ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д зааснаар нийгмийн халамжийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр байх ба уг хяналт шалгалт нь “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”-ийн 2.3.1-д заасан улсын мэргэжлийн хяналтын чиглэлд хамаарч байна. Хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хийх ёстой бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс маргаагүй тул дүгнэлт хийхээс татгалзав.

- Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “бүтэн өнчин хүүхэд” гэж эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг ойлгоно гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Асаргааны тэтгэмжийг бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэнд олгоно” гэж заажээ.

М.Ариунболорын эх нь нас барсан, эцэг нь хүүхдээ асарч хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаар У.М өөрийн нэрээр овоглон асарч хамгаалж ирсэн талаар талууд маргаагүй бөгөөд маргаан нь тэтгэмж тогтоох үндэслэлгүй байхад тэтгэмж тогтоож олгосонтой холбоотой байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн зорилт, зохицуулалтаас үзвэл нийгмийн халамж нь тодорхой зорилтот бүлэг тухайлбал эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байх ба нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэний нөхцөл байдлыг тодорхой зааж хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл М.Ариунболор нь 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эх М.Сарангоо нь 2001 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. 2007 онд эцэг Б.Амаржаргал нь өөрийн охиныг У.М-аар овоглохыг хүсч Манхан сумын иргэний бүртгэлийн ажилтанд өргөдөл[4] гаргаж байсан байх ба У.М-ын асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтийн[5] дагуу тус сумын Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар захирамжаар[6] У.М-ыг А.Аринболорын асран хамгаалагчаар тогтоожээ.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгчээс зээ охиноо үрчилсэн, овог нэрийг нь солиулсан зэргээс үл хамааран М.Аринболорыг “бүтэн өнчин хүүхэд” гэж тодорхойлох үндэслэлгүй байна.

У.М-ыг М.Аринболорын асран хамгаалагчаар тогтоосон захиргааны актын талаар талууд маргаагүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

- Нэхэмжлэгч У.М нэхэмжлэлдээ Б.Амаржаргалын охин М.Ариунболорын эцэг байхыг эрхийг хассан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул М.Ариунболор нь “бүтэн өнчин хүүхэд” гэдэгт хамаарах талаар маргажээ.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00539 дугаар шийдвэрээр[7] Б.Амаржаргалын охин М.Ариунболорын эцэг байхыг эрхийг хасч шийдвэрлэжээ.

Гэвч эдгээр үйл баримт нь маргаан бүхий акт гарснаас хойш тогтоогдсон буюу маргаан бүхий акттай холбоогүй байна .

- У.М-д бүтэн өнчин хүүхэд асарсны тэтгэмжийг 2009 оны 10 сараас эхлэн 2015 оны 5 сар дуустал хугацаанд олгожээ.

Маргаан бүхий актаар нөхөн төлүүлэхээр тогтоосон мөнгөн дүн, олгосон тэтгэмжийн талаар талууд маргаагүй бөгөөд уг акт тогтоосны хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тэтгэмж олгосон байх хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаараахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай “Бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалсаны тэтгэмж төлүүлэх тухай” актын улмаас нэхэмжлэгч У.М-ын Үндсэн хууль болон бусад холбогдох тогтоомжид заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.М-ын Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай актыг хүчингүй болгуулж, 4.236,200 төгрөг /дөрвөн сая, хоёр зуун гучин зургаан мянга хоёр зуун/ -ийн төлбөрөөс чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] хх-ийн 29 дэх тал

[2] хх-ийн 34 дэх тал

[3] хх-ийн 31-32 дахь тал

[4] хх-ийн 47 дахь тал

[5] хх-ийн 48 дахь тал

[6] хх-ийн 49 дэх тал

[7] хх-ийн 8-10 дахь тал