Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/01456

 

 

2021 оны 07 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2021/01456 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Гачууртын зам 000 тоотод байрлах, Х.Х ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй, 

    Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Рапид харш, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, М.К ХХК /РД:0000000/-д холбогдох,

  10,493,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Х.Х ХХК нь М.К ХХК- тай 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 00-000 тоот түрээсийн гэрээг байгуулсан. М.К ХХК нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр булан, хэв, булан, тулаас гэх нийт 711 ширхэг бараа материалыг түрээслэсэн. Түрээсийн гэрээний 8.2 дахь хэсэгт заасан журмаар төлбөрөө төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.Түрээсийн гэрээний 7.2 дахь хэсэгт 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Алдангийг тооцохдоо түрээсийн бараа материалыг манайд хүлээлгэн өгсөн өдрөөс буюу 2019 оны 8 дугаар сарын 30 өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцоход нэхэмжилж буй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232.4 дүгээр зүйлд заасны дагуу тооцож, 3,474,500 төгрөг. Хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон. Иймд хариуцагч М.К ХХК-с Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 6,949,000 төгрөг, алданги 3,474,500 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 10,493,700 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.

   Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

   Хариуцагч М.К ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт нийт 10,493,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Х.Х ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ 

    Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Хариуцагч М.К ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж зааснаар үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдаанд ирж байгааг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 19 минут тодруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. Н-Э шүүгчийн туслах утсаар асуухад утсаа салгасан, хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүй байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4 шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг тус тус хариуцагч зөрчсөн төдийгүй мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 зохигч хэргийн үйл баримтын, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна

   Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

    Нэхэмжлэгч Х.Х ХХК шүүхэд гаргасан тайлбартаа ... хариуцагч барилгын туслах материал түрээслэх гэрээгээр 711 ширхэг барааг түрээслэж, нийт үүрэгт 6,949,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн тооцооны үлдэгдэлтэй, хариуцагч уг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул алданги 3,474,500 төгрөг, эрэн сурвалж олоход гарсан зардал 70,200 төгрөг нийт 10,493,700 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

  Хариуцагч М.К ХХК нь барилгыг дуусгах шатны ажлын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна./х.х-ийн 12 хуудас/

   Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ гэх нэртэй 00-000 дугаар хэлцлийг хийж, уг хэлцлийн 1.1-д түрээслүүлэгч тал нь түрээслэгч талд барилга барих, барилгын угсралт засварын ажил явуулах, аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд гэрээний хавсралтаар тогтоосон актын дагуу эргүүлэн хүлээлгэж өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулах, мөн гэрээний 1.2-т Түрээслэгч нь гэрээний хавсралт 2-т заасан барилгын туслах материалыг мөн гэрээний 10 дугаар зүйлд заасан хугацаагаар түрээслэх, 8.2-т Түрээсийн гэрээний нийт төлбөрийг Хавсралт 2-т зааснаар авах бөгөөд уг төлбөрийг гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд шилжүүлэх ... -ээр тохиролцсон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан гэрээний агуулгатай нийцжээ./х.х-ий. 6-8 хуудас/

    Дээрх гэрээний 1.2-т Түрээслэгч нь гэрээний хавсралт 2-т заасан барилгын туслах материалыг мөн гэрээний 10 дугаар зүйлд заасан хугацаагаар түрээслэх ба гэрээг сунгах шаардлагатай болсон тохиолдолд түрээслүүлэгч талд 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ, мөн гэрээний 10.1-д Гэрээний үйлчлэх хугацаа 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны ... өдөр хүртэл байна., 10.2-т гэрээний үйлчлэх хугацааг хоёр тал тохиролцсоноор бичгээр сунгаж болно гэж тус тус заажээ.

    Гэрээнд зааснаар гэрээний Хавсралт 2-т барилгын туслах материалын жагсаалт буюу түрээслэгчид хүлээлгэж өгч буюу барааны жагсаалт байхаар зохицуулсан боловч гэрээ байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрээний хавсралт 2-ыг түрээслүүлэгч үйлдэж, уг жагсаалтаар барааг түрээслэгчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна. Учир нь шүүхэд ирүүлсэн гэрээний хавсралт 2 гэх баримт нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хэвлэсэн, зөвхөн түрээслүүлэгч тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан, Гэрээний хавсралт түрээс тооцсон акт гэх нэртэй баримтаас үзвэл түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч талын түрээсийн гэрээний дагуу түрээс тооцсон акт болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 10 хуудас/

   Харин гэрээний 1.5.-д Тухайн барилгын материалыг түрээслүүлэгчид шилжүүлэх болон тэдгээрийг буцаан авахдаа хүлээлгэн өгсөн болон буцаан авсан тухай орлого, зарлагын баримтыг үйлдэж талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр V-2 тулаас 440 ширхэг 30 хоногийн хугацаатай нэг бүрийн үнэ 100 төгрөг нийт 1,320,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 60х120 хэв 182 ширхэг, 50х120 хэв 9 ширхэг, 45х120 хэв 4 ширхэг, 40х120 хэв 24 ширхэг, 30х120 хэв 13 ширхэг, 20х120 хэв 4 ширхэг, 10х10 булан 7 ширхэг, 15х10 булан 11 ширхэг, 15х15 булан 6 ширхэг нийт 728,000 төгрөгөөр, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,2 булан 11 ширхгийг 7 хоногийн хугацаатай нийт 30,800 төгрөгөөр түрээслэхээр барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 11,11 хуудасны ар

   Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Барилгын туслах материал түрээслэх 00-000 дугаар гэрээг байгуулж, гэрээний 10.1-д гэрээний үйлчлэх хугацааг тогтоохоор тохиролцсон боловч гэрээ үйлчлэх хугацааг гэрээнд тодорхой тусгаагүй ч, түрээслэх бараа хүлээлгэн өгч байгаа зарлагын падаанаас дүгнэвэл барааг 30 хоногоор түрээслэхээр зарлагын падаанд тусгаж, барааг хүлээлцсэн байх тул шүүх гэрээний хугацааг 30 хоногоор байгуулсан гэж үзэхээр байна.

    Учир нь гэрээний 10.2-д гэрээний үйлчлэх хугацааг хоёр тал тохиролцсоноор бичгээр сунгаж болно гэж заасан бөгөөд гэрээг бичгээр сунгасан талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч Х.Х ХХК шүүхэд ирүүлээгүй байна.

   Дээрхээс дүгнэвэл 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Барилгын туслах материал түрээслэх 00-000 дугаар гэрээний дагуу зарлагын падаанаар хүлээлгэсэн нэр бүхий барааг нийт 2,078,800 /728,000+1,320,000+30,800/ төгрөгөөр, 30 хоногийн хугацаатай түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулж, хариуцагч гэрээний төлбөрт 3,478,000 төгрөг төлсөн байх тул бичгээр байгуулсан гэрээний үүргийг хариуцагч биелүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.

   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээг бичгээр байгуулаагүй байх тул түрээсэлсэн нийт бараанд анз шаардах эрхээ алдсан байна.

   Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Орлогын падаанаар 20х120 хэв 4 ширхэг, 30х120 хэв 13 ширхэг, 40х120 хэв 24 ширхэг, 45х120 хэв 4 ширхэг, 50х120 хэв 9 ширхэг, 60х120 хэв 182 ширхэг, 10х10 булан 7 ширхэг, 15х10 булан 11 ширхэг, 15х15 булан 6 ширхэг, 1,2 булан 11 ширхэг түрээсэлсэн барааг тус тус нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 11 дүгээр хуудасны ар тал/

   Барилгын туслах материал түрээслэх 00-000 дугаар гэрээний 1.5-д Тухайн барилгын материалыг түрээслүүлэгчид шилжүүлэх болон тэдгээрийг буцаан авахдаа хүлээлгэн өгсөн болон буцаан авсан тухай орлого, зарлагын баримтыг үйлдэж талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна , 7.4-д ... тухайн эд зүйлийг сэргээн засварлахаар хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасан байх тул хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Зарлагын падаанаар V-2 тулаас 440 ширхгийг хүлээн авч, орлогын падаанаар нэхэмжлэгчид буцаан өгөөгүй, нэхэмжлэгч V-2 тулаас 9 ширхгийг дутааж өгсөн гэж тайлбарлаж байх тул уг дутаасан 9 ширхэг барааны үнэ 265,000 төгрөг, түрээсэлсэн бараа гэмтээсэн гэмтлийг засварласан гагнуурын засвар хийсэн 12,000 төгрөгийг гэрээний дагуу хариуцагчаас тус тус гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ

  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийг шаардахаар шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлсэн боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь хариуцагч М.К ХХК-ийн оршин байгаа хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, хаягийг тогтоолгосон зардал нь нэхэмжлэгчээс гарах ёсгүй зардал гэж шүүх үзэж 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна

   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах ..., мөн хуулийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ. Нэхэмжлэгч 00-000 дугаар түрээсийн гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээг бичгээр хийгээгүй, бичгээр байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон тул шүүх гэрээ байгуулалгүйгээр эд хөрөнгө ашиглуулсан талуудын хооронд үүссэн харилцааг Эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтад нийцсэн байна гэж дүгнэлээ.

   Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймээс нэхэмжлэгчийн нэр бүхий барилгын туслах материалыг хариуцагч ашигласан байх тул эд хөрөнгө ашигласны төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

   Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нийт ашигласан барааны үнэ 6,541,500 /10,019,500-3,478,000/ төгрөг, дутаасан барааны үнэ 265,000 төгрөг, засварын үнэ 12,000 төгрөг, зардал 70,200 төгрөг нийт 6,889,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3,474,500, төгрөг, борлуулалт 130,000 төгрөг нийт 3,604,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний тухай хуулийн 287 дугаар зүйл 287.1, 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.К ХХК-иас 6,889,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,604,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 182,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 125,177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х ХХК-д олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                  Ц.ОЮУНБИЛЭГ