| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0094/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/96 |
| Огноо | 2024-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/96
2024 5 17 2024/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,
улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Лод холбогдох эрүүгийн 2435000000082 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ******************** суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******************** сумын ******************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б ургийн овогт М.Л /РД:*************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******************** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бөхийн өргөөнд 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б.Хыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа мөргөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2435000000082 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч А.Анхбаяраас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч М.Лоос: “Өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.
1. Шүүгдэгч М.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******************** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бөхийн өргөөнд 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б.Хыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа мөргөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),
-Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай байгууллагын ээлжийн инженер ажилтай Б.Б нь миний хажууд сууж байхад зүс таних М.Л гэх залуу ирээд Б.Быг “гараад уулзъя” гэхэд Б.Б нь “би чамтай уулзах шаардлага байхгүй” гэж дургүйцсэн хариу өгөхөд М.Л Б.Бы гараас татаад шатаар буусан. Тухайн үед Б.Б нь шатаар бууж байгаад “Бургаа ахаа” гэж намайг дуудсан болохоор би түүний хойноос буугаад М.Лод хандаж “чи Б-ы гарыг тавь, чамтай уулзахгүй гэж байгаа юм биш үү” гэхэд М.Л“чамд ямар хамаатай юм, хөгшин төгцөг, цаашаа зайл” гэх мэтээр намайг хэл амаар доромжилж Б.Быг урдаа түлхээд хүчээр аваад гарсан. Бөхийн өргөөний 1 дүгээр давхрын коридороос гадагшаа гарах үүдний тамбарт би М.Лын гараас татаад Б.Быг авах гэхэд шууд миний хамар, зүүн хөмсөг хэсэгт нэг удаа мөргөөд намайг түлхээд Б.Быг аваад гарсан. Тухайн үед би бага зэрэг манарсан ба миний зүүн хөмсөг язарсан хамраас цус гарсан бөгөөд би М.Л, Б.Бы араас гарахад Б.Б М.Лыг “чи яаж байгаа юм бэ, хөгшин хүн аллаа шүү дээ” гэж хэлээд над руу ирэхэд нь би Б.Бд өөрийн утсаа өгөөд цагдаагийн байгууллага руу залгуулж өөрөө авч ярьж дуудлага өгсөн. М.Л нь дахин намайг цохисон зүйл байхгүй бөгөөд би тухайн өдөр М.Лыг цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
-Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...М.Л намайг бөхийн өргөөнөөс авч гарах гээд хаалга руу татаж харин Б.Х ах намайг гаргахгүй гэж татаад бид бөхийн өргөөний үүдний тамбар хэсэг рүү орсон. Тэгэхэд М.Л нь шууд Б.Х ахын хамар, хөмсөг хэсэг рүү нэг удаа мөргөсөн ба Б.Х ахын хөмсөг хамраас цус гарсан. Тэгээд М.Л нь миний гараас чирээд намайг бөхийн өргөөний үүдний тамбар хэсгээс аваад гарахаар нь би түүн рүү “чи настай хүнийг яаж байгаа юм бэ” гэж уурлаад гарыг нь тавиулж Б.Х ах дээр очиж цүнхнээсээ өөрийн цамцаа гаргаж өгөөд цусыг нь арчуулсан бөгөөд Б.Х ах надад гар утсаа өгөөд цагдаагийн байгууллага руу залгуулаад өөрөө авч ярьж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),
-Гэрч Б.Жы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...ойролцоогоор 1-2 минутын дараа М.Л, Б.Б, Б.Х нарын хойноос гарахад Б.Хын зүүн хөмсөг хэсэг нь язарч түүнээс нь болон хамраас цус гарсан байдалтай, М.Л нь Б.Хтай маргалдаад зогсож байсан. Би тухайн хүмүүс дээр очоод “больцгоо, цагдаа дуудлаа” гэхэд Б.Х нь “цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),
-Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Н.Одбаярын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Үзүүлэгч Б.Хын биед хамар ясны шинэ хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн хөмсөгний дотно хэсэгт язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь 2024 оны 3 дугаар сарын 02-нд үүсчихсэн байсан талаар түүний эмчлүүлэгчийн картад бичигдсэн байна. 5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6.Хамар ясны шинэ хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн хөмсөгний дотно хэсэгт язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дугаар тал),
-Шүүгдэгч М.Лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би Б.Быг хоёулаа гараад уулзъя гээд гараас нь хөтлөөд бөхийн өргөөний хаалгаар гарах гэж байхад Б.Х нь барьж байсан усны саваа шидэж миний толгой хэсгийг цохисон. Араас ирээд “би хэзээ ч Б.Быг чамтай суулгахгүй” гэж хэлээд миний зүүн чих рүү цохиход миний чихнээс цус гарсан ба би цус хараад “та яаж байгаа юм бэ” гэхэд Б.Х нь “чамайг яасан ч яадаг юм бацаан минь, чаддаг юм бол намайг алчих” гэж хэлээд миний чихнээс гарсан цусыг миний нүүр хувцсанд арчаад байсан. Би аль болох бөхийн өргөөнөөс гарах гэсэн бөгөөд бөхийн өргөөний гадна талын хаалгаар гарах гэж байхад хойноос татахаар нь би сандарсандаа Б.Хын дух хэсэгт нэг удаа мөргөхөд түүний зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарсан ба өөрийн биеэс гарсан цусыг миний өмсөж явсан хувцсанд арчиж, чамайг ална бацаан минь гэсэн. Тэгээд Б.Х нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нар ирээд биднийг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал) зэрэг баримтууд болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Тодруулбал, шүүгдэгч М.Л нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.
Шүүгдэгчийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч М.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нэхэмжлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүйг дурдах нь зүйтэй.
Харин мөрдөгчөөс хохирогч Б.Хын сэтгэцэд “хоёрдугаар” зэргийн хор уршиг учирсан гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Улсын яллагчаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын “хоёрдугаар” зэрэглэлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлж, /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000х12.99=8,573,400 төгрөг/ нийт 8,573,400 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах санал гаргасан болно.
Хэдийгээр хохирогч Б.Хт хөнгөн хохирол учирсан, эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн боловч түүний сэтгэцэд хор уршиг учирсан байдлыг харгалзан шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 /зургаа/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,960,000 /гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогч нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж нийт 351,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилсан.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч (Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Б.Бумбаяр)-ээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 351,000 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд энэхүү хохирлыг шүүгдэгч М.Лоос төлөөгүй байх тул дээрх зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Хохирогч Б.Х нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигтай холбоотойгоор зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Шүүгдэгч М.Лод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч М.Лод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгч нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгэгдсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 72 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, уг ялыг эрх бүхий байгууллагын хяналтад шүүгдэгчийн оршин суугаа газрын буюу Улаангом сумын нутаг дэвсгэрээр тогтоохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх” саналыг гаргасан бол шүүгдэгч М.Л “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч М.Л нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дугаар тал), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 95-99 дүгээр тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Лод дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Үүнд:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад шийдвэрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд “Нийтэд тустай ажил хийлгэх ял”-ыг, 5.5 дугаар зүйлд “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг тус тус хэрхэн хэрэгжүүлэх талаар хуульчилсан.
Шүүгдэгч М.Лод 2 өөр төрлийн ялыг оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу ******************** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулав.
Шүүгдэгч М.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт М.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох ******************** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг 3,960,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хт, 351,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
8. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдон гарсан зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шүүгдэгч М.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Лод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН