Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 131

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч З.Энхжаргал, шүүгдэгч Н.Батбаяр, түүний өмгөөлөгч Р.Булган нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Захчин овогт Наваандоржийн Батбаярт холбогдох эрүүгийн 201625031776 дугаартай, 186/2017/0008/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технилогч мэргэжилтэй, орцны жижүүр ажилтай, ам бүл 5, нөхөр, 2 хүүхэд, зээ нарын хамт Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхитын 10-189 тоотод оршин суух гэх, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Захчин овогт Наваандоржийн Батбаяр /РД:ХЙ65042888/,  

Холбогдсон хэргийн талаар:                                                                                            

Н.Батбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн  орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 10-191 тоотод өөрийн гэртээ ширээний ард сууж оройн хоол бэлтгэж байх үедээ нөхөр Х.Амартайванг гэнэт хашгирч босч ирэхэд нь айж цочсондоо  хутгатай баруун гараа арагш савж хохирогч Х.Амартайвангийн цээжин тус газар нэг удаа хутгалж улмаар түүний биед цээжний зүүн талд цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                              

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Н.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр ярьсан, яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна, би өөрийнхөө  үйлдсэн хэрэгтээ  их гэмшиж байна надад өөр  нэмж ярих зүйл байхгүй гэв.

      Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Амартайвангийн:..нэг мэдсэн чинь манай эхнэр Батбаяр гэртээ ирсэн бололтой хүү Буянжаргалыг загнаад байх шиг байсан, яг юу гэж загнаж байсан талаар санахгүй байна. Тэгээд би орноосоо өндийгөөд орон дээрээ суухад манай эхнэр надруу нуруугаа харуулсан байдалтай сандал дээр суугаад ширээн дээр юм хэрчиж байсан. Би орноосоо дөнгөж босоод эхнэртээ хандаж "чи яагаад хүүхэд загнаад байгаа юм" гэсэн чинь манай эхнэр баруун гараа буюу хутга барьж байсан гараа хойш нь савж миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хатгасан. Тухайн үедээ би согтуу байсан болохоор хутга нэвтэрснийг мэдээгүй, гэнэт халуун оргиод явчихаар нь эхнэртээ хэлсэн чинь Батбаяр сандраад "өө яанаа" гээд утсаа аваад түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Намайг архи уусан байсан болохоор орон дээр суулгах гээд тэгсэн байх. Түүнээс биш манай эхнэр намайг хутгалах шалтаг шалтгаан байхгүй. Би цагийг нь яг тодорхой хэлж чадахгүй боловч хүүхэд гэрт байсныг бодоход орой 18 цагийн үед гэж бодож байна. Мөн энэ үйл явдал Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 10-191 тоотод болсон. Бид хоёр тухайн үед хэрэлдэж маргалдаж зодолдсон зүйл ерөөсөө байхгүй. Тэр үед манай хүү Буянжаргал /10 настай эрэгтэй/, зээ охин Гэрэлмаа 12 нас эмэгтэй/ нар байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би тухайн үед нилээн согтуу байсан. Батбаяр архи уусан эсэхийг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх 22-24/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Энхтуяагийн:..би тухайн өдөр гэртээ ганцаараа байж байхад манай гэрт найз Наранхүү өдөр орж ирсэн. Би цагийг нь сайн санахгүй байна. Тэгсэн удалгүй манай хэсгийн ахлагч Н.Батбаяр нэг найз эмэгтэйгийнхээ хамт орж ирсэн. Тэр үед Н.Батбаяр нэг шил 0,75 литрийн архи авч орж ирсэн. Тэгээд бас манай хашаанд байшин барихад ажиллаж байсан Оюунтөгс гэх эмэгтэй орж ирээд бид тав Н.Батбаярын авсан архийг хувааж уусан. Түүний дараа Оюунтөгс дахиж нэг шил 0,75 литрийн архи аваад тэрийг нь бас тавуулаа хувааж уусан. Тэгээд Оюунтөгс, Наранхүү 2 гэгээ тасрахаас өмнө гэрлүүгээ явсан. Харин Н.Батбаяр нөгөө найз эмэгтэйгийнхээ хамт удалгүй бас гараад явсан. Н.Батбаяр манай хэсгийн ахлагч олон жил хийж байсан болохоор манай гэрээр орж гардаг. Тиймээс бие биенийгээ ер нь танина. Харин Х.Амартайван гэдэг нь Н.Батбаярын нөхөр нь байгаа. Би хэдэн удаа л харж байсан болохоос сайн танихгүй. Н.Батбаяр нь нөхрийнхөө талаар л ярьж байсан, гэхдээ яг юуны талаараа ярьж байсныг нь сайн санахгүй байна. Надад Н.Батбаяр нийт 4-өөс 5 удаа нөхөр агсан тавиад байна, гэртээ хоноогүй нөхөр нь гэрээ дотроос нь цоожлоод оруулахгүй байна гэх зэргээр ярьж байсан. Миний санаж байгаагаар 2015 онд 3 удаа, 2016 онд 2 удаа тэгж хэлж байсан. Би яг сар өдрийг нь барагцаалж хэлж мэдэхгүй байна. Би биед нь ямар нэгэн гэмтэл байхыг харж байгаагүй. Н.Батбаяр нь архи уухаараа жоохон яриа болдог,  түүнээс биш янз бүрийн муухай зан гаргаад байдаггүй,  надад Н.Батбаяр хэлэхдээ гэртээ хоолоо хийгээд байж байтал Амараа араас цохих гээд босоод ирэхээр нь би хутгатай гараараа хаах гэж далайсан чинь тийм зүйл болоод эмнэлэгт нөхөр нь хүргэгдсэн гэж  хэлсэн гэх мэдүүлэг. /хх 26-27/,

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд Г.Наранхүүгийн:..гэрт архи ууж байхад Н.Батбаяр нь нөхрөө л муу хэлээд байх шиг байсан. Би хэлсэн зүйлийг нь анхаарч сайн сонсоогүй боловч нөхөр нь агсан тавьдаг гэж ярьж байсан. Харин бусад нь ойр зуурын зүйлийн талаар л ярьж байсан гэх мэдүүлэг. /хх 28-30/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мядагмаагийн:..Н.Батбаяр илүү дутуу зан байхгүй, ажилдаа сайн  эмэгтэй, харин нөхөр  Х.Амартайван нь зан байдлын хувьд их гайгүй  хүн  байгаа боловч архи уухаараа л жаахан хэцүүхэн ааштай болдог, Н.Батбаяр  архи дарс  хэрэглээд байх нь  ховор юм. Миний мэдэхийн 3 удаа  Н.Батбаяр нөхөр Х. Амартайвандаа  зодуулчихлаа гэж хэлж байсан, миний санаж байгаагаар 2015 онд 2 удаа, 2016  онд  1 удаа тэгж хэлж байсан, хаяа  ажил   дээр ирэхдээ  нүүр  ам  нь  хөхөрсөн, толгой өвдөөд  байна гэдэг байсан яасан эсэх талаар асуухад нөхөр Х.Амартайван согтуу  агсан тавиад зодсон гэж хэлдэг байсан  гэх мэдүүлэг  /хх 31-32/,

 2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Баясгалангийн…би 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ба Согоот-10-аас 18 цаг 50 минутанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 10-191 тоотод нөхрөө хутгалчихлаа гэх дуудлагаар очиж шалгахад тус тоотод оршин суух Батбаяр гэгч өөрийн нөхөр Амартайваны зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж гэмтээсэн байсан ба хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэргийн газрыг хамгаалалтанд авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Намайг хэргийн газар очих үед нөхөр Амартайван нь хашаан дотор гэрийнхээ гадаа биенийхээ баруун талаар хажуулдсан газар ухаан алдсан байдалтай хэвтэж  байсан. Эхнэр гэх Батбаяр нь гадаа мөн утсаа бариад байж байсан. Бид нарын араас түргэн тусламж ирээд Амартайванг эмнэлэг рүү авч явсан. Тэр үед хэргийн газар Амартайван, Батбаяр нар байсан. Хүүхэд нь айгаад гэрээсээ гараад явсан байсан. Тухайн үед Амартайван, Батбаяр нарын согтолтын хэмжээг хэмжиж үзээгүй. Учир нь Амартайванг түргэн тусламж аваад явсан байсан. Харин Батбаярын согтолтын зэргийг хэмжих багаж байхгүй тул согоот-10-т хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг. /хх 33-34/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд  насанд хүрээгүй гэрч А.Буянжаргалын:.. би ээж Батбаяр, аав Амартайван нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд амьдардаг. Би тухайн өдөр хэдэн сарын хэдэн байсан талаар сайн санахгүй байна. Тэр өдөр хичээлээсээ 18 цагийн үед тараад гэрлүүгээ алхаад 18 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Намайг гэрт орох үед аав баруун талын орон дээр согтуу хэвтэж байсан. Ээж яг урд талд нь ширээн дээр хоол хийгээд сууж байсан. Би гэртээ ороод хувцасаа солиод дүүгээ аргадаад байж байсан. Ээж тэгсэн чинь хойшоо гээд л хэлж байсан ба аав орилоод дүүг айлгаад байсан, тэгээд ээж манай эгч Буяндэлгэртэй яриад байж байсан,  дараа нь надтай ээжийн утсаар Буяндэлгэр эгч яриад дүүгээ аваад дэлгүүр ор гэхээр нь би дүүгээ аваад гэрийнхээ ойролцоо байдаг, Марал дэлгүүрт орсон,  тэр үед манай ээж, аав хоёр хоорондоо маргалдаагүй. Би гэртээ ороод хувцасаа солиод дүүгээ аргадаад /12 настай/ байж байсан...аав Амартайван тухайн үед нилээн согтсон унтаж байсан. Харин ээж Батбаяр архи уусан байсан боловч гайгүй байсан гэх мэдүүлэг. /хх 35-36/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Буяндэлгэрийн:..би тухайн өдөр офицер дээр ажил дээрээ байж байхад орой 18 цаг өнгөрч байхад манай ээж Батбаяр утсаар яриад аавыг чинь би хутгалчихлаа хурдан хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм цагдаа, түргэн тусламж дуудсан юм уу гэсэн чинь дуудсан гэсэн. Тэгээд би дүүд утсаа өгдөө гээд дүү Буянжаргалтай яриад дүү Гэрэлмаагаа аваад ойрхон дэлгүүрт байж бай гэж хэлсэн. Би ажлаасаа шууд гараад гэртээ очсон чинь түргэн тусламж болон цагдаа нар ирсэн байсан  ба түргэн тусламжийн хүмүүс аавыг орон дээр хэвтүүлээд аваад явж байсан.  Тэгээд би гэртээ орсон чинь цагдаа нар байсан ба ээж бичиг баримтаа хайгаад байж байсан. Тэгээд түргэн тусалмжийн машин ар гэрийн хүн нь цуг явах шаардлагатай гэхээр нь би түргэний машинд суугаад БХХСНЭмнэлэг дээр очсон. Аав машинд явж байхдаа би зүгээрээ гээд байсан. Миний бодож байгаагаар архи хэрэглэсэн байсан болохоор тэгэж санагдсан байх. БХХСНЭмнэлэг дээр очоод шинжилгээ аваад анхан шатны тусламж үзүүлээд тасаг руу хэвтүүлсэн гэх мэдүүлэг. /хх 37-38/,  

2.8. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Ганцэцэгийн:..намайг тухайн үед очиход Амартайван гэх хүн гадаа дээшээ харсан байдалтай, цээжний зүүн хэсэгт 2 гараараа дарсан хүйтэн хөлс нь гарсан, асуултанд хариулах чадваргүй байсан. Эхнэр гэх хүнээс яасан талаар асуухад хоёулаа согтуу байсан, би өөрөө хутгалсан 102,103 дугаарт дуудлага өгсөн гэсэн. Амартайванд анхны тусламж үзүүлээд машинаар авч яваад БХХСНЭмнэлэгт хүргэсэн. Тэр хүн ямар нэг зүйл хэлж чадахгүй, амнаас нь маш их архи үнэртэж байсан. Тэр үед эхнэр, нөхөр хоёр хоёулаа л байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тэр хүн архи хэрэглэсэн байсан боловч өөрийн гэсэн ухаантай байсан…гэх мэдүүлэг. /хх 39-40/,

2.9. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нарансүхийн:..тэр өдөр Амартайван гэх хүн түргэн тусламжийн машинаар хүргэгдэж ирсэн бөгөөд ирэхдээ маш их согтолттой өөрийн гэсэн ухамсар ухаангүй, өөрийгөө удирдах чадваргүй болсон байсан. Ирсэн даруйд нь рентген эход харсан, цээжинд гуурс тавьсан, цээжийг нь харахад уушиг унаагүй байсан тул эмийн эмчилгээ хийсэн,  гүн согтолт гэдэг бол өөрийгөө хянаж чадахгүй, ухаан санаа удирдах чадваргүй хүнийг л гүн согтолттой гэж дүгнэсэн. Тухайн үед зовиурыг асуухад өөрөө хэлж чадахгүй байсан. Тиймээс өвчний түүхэн дээр гүн согтолттой тул зовиур шаналгаагаа хэлж чадахгүй гэж бичсэн гэх мэдүүлэг. /хх 41-42/,

2.10. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Амаржаргалын:..би 2015 оны 9 дүгээр сард хорооны нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байх хугацаанд Н.Батбаяр нь өөрийн нөхөр Х.Амартайванг байнга архи ууж, агсам тавьдаг гэж 2 удаа хэлж байсан, зодуулсан гэж байсан удаа байхгүй, биедээ гэмтэл авсан байсныг ч би өмнө нь харж байгаагүй гэх мэдүүлэг. /хх 43-44/, 

2.11. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гантулгын:...би Амартайван ахыг сайн танихгүй, Амраа ахтай 2016 оны 09 дүгээр сарын эхээр тааралдаад Амараа ах шартаж үхлээ гэхээр нь би 0.75 грамын архи аваад манай гэрт уух гэж явж байгаад замдаа Амараа ах Лхамаа, Хонгороо нартай тааралдсан.  Тэгээд манай гэрт бид дөрөв авсан архиа уугаад дууссаны дараа Амараа ах гэрлүүгээ явлаа ээд 16 цагийн цагийн үед явсан. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх 45-46/,

2.12. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Шоовойн:..Манай хажуу айлын  Батбаяр гэх эмэгтэй манай хэсгийн дарга байсан бөгөөд их л тусархаг байдаг. Хэсэгт нь амьдардаг хүмүүс их л ам сайтай байдаг. Түүний нөхөр Х.Амартайван архи уугаад л яваад байдаг хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх 47-48/, 

2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12282 тоот актын:

1. Х.Амартайвангийн биед цээжний зүүн талд цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц, ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч М.Отгонбаатар гэсэн дүгнэлт. /хх-50/,

2.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8055 тоот актын:

1. Цэнхэр өнгийн лентээр бариулыг нь ороосон хутга, цагаан өнгийн бентэнд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн толботой, саарал өнгийн алчуур дээр цус илэрсэн. Уг цус нь /АВ/IY/ бүлгийн харъяалалтай байна. Биологийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөржаргал гэсэн дүгнэлт. /хх-52/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 6-11/, эд зүйлд  үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 53-54/, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-69/, Н.Батбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/, гэр бүлийн хүчирхийллийн нөцөл байдлыг тодорхойлсон үнэлгээ /хх 76-83/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 182/ШШ2016/00615 дугаартай шийдвэр, Дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны 1 дүгээр шүүхийн 820 дугаартай шийтгэх тогтоол,  Н.Батбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-89/, боловсролын гэрчилгээний хуулбар, Н.Батбаярын авч байсан шагнал урамшуулал, өрхийн эмчийн тодорхойлолт /хх-144/,Н.Батбаярын зан байдлын тодорхойлолт    /хх 146-156/, эрүүл мэндийн картын хуулбар /182-183/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Н.Батбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн  орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 10-191 тоотод өөрийн гэртээ ширээний ард сууж оройн хоол бэлтгэж байх үедээ нөхөр Х.Амартайванг гэнэт хашгирч босч ирэхэд нь айж цочсондоо  хутгатай баруун гараа арагш савж хохирогч Х.Амартайвангийн цээжин тус газар нэг удаа хутгалж улмаар түүний биед цээжний зүүн талд цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Х.Амартайван, гэрч Р.Энхтуяа, Г.Наранхүү, Б.Мядагмаа, Н.Баясгалан, А.Буянжаргал, А.Буяндэлгэр, А.Ганцэцэг, Б.Нарансүх, Ц.Амаржаргал, Д.Гантулга, Ж.Шоовой нарын мэдүүлгүүд,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12282, 8055 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Н.Батбаярын  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Н.Батбаяр нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Батбаярт холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Батбаярыг бусдын бие махбодид  хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.      

Хохирогч Н.Амартайван нь Н.Батбаяраас цаашид  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг  өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Шүүгдэгч Н.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус  дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /26.5 см урттай, ажлын хэсгийн урт 14.5 см бариулын хэсгийн өргөн 1 см, төмөрлөг хэсгийн урт нь 12 см цэнхэр өнгийн иштэй/ нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар  шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                            

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Захчин овогт Наваандоржийн Батбаярыг  бусдын бие махбодид  хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Н.Батбаярыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаярт оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаярт оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Чингэлтэй дүүргийн  Цагдаагийн  2 дугаар хэлтэст даалгасугай

            5. Шүүгдэгч Н.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Н.Батбаяр бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  88 дугаар  зүйлийн  88.1.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн  баримтаар  хураагдаж ирсэн  /26.5 см урттай, ажлын хэсгийн урт 14.5 см бариулын хэсгийн өргөн 1 см, төмөрлөг хэсгийн урт нь 12 см цэнхэр өнгийн иштэй/ нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгасугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Батбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   С.БАТЖАРГАЛ