Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0023

 

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ,

НЭХЭМЖЛЭЛИЙГ  ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАХ ТУХАЙ

 

Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Б.У, гуравдагч этгээд М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.М би 1998 онд Ховд дахь Монгол улсын их сургуулийг биологийн багш мэргэжлээр төгссөн. 2000 оноос 2005 он хүртэл Зэрэг сумын 10 жилийн дунд сургуульд биологийн багшаар, 2005 оноос 2006 онд Улаанбаатар хотод Дон Боско МСҮТ-д биологийн багшаар, 2006 онд Ховд аймгийн Буянт суманд Засаг даргын Тамгын газарт Тамгын даргаар, 2007 оноос Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газарт Иргэний бүртгэлийн ажилтнаар, 2008 оноос Зэрэг сумын Засаг даргын Тамгын газарт Тамгын газрын даргаар 8 жил тасралтгүй ажилласан.

2008 онд Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад, 2009 онд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тус тус тэнцсэн. 2008 оны 07 сарын 10-нд Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Ажиллаж байх хугацаандаа сахилгын болон бусад зөрчил дутагдал гаргалгүй өргөсөн тангарагтаа шударгаар ажиллаж ирсэн.

2016 оны 12 сарын 12-ны өдөр Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан Э.Насанбат 88660320 дугаарын утаснаас 99231156 миний дугаар луу залгаад -Таны ажлыг М.Б  авчихлаа гэсэн. Тэгэхээр би Засаг дарга Б.У руу залгахад -Ардчилсан намын бүлгээс намайг шахаад байна, мөрийн хөтөлбөрөө боловсруулах хугацаа тулаад байна гэсэн тайлбар хийсэн. Би хариуд нь би чөлөөтэй байгаа, 2016 оны 12 сарын 14-нд очино, наад алба чинь намын ажил биш, төрийн ажил шүү, ард иргэдээсээ саналаа аваад, төрийн албан хаагчдаар ажлын хэсэг гаргаж мөрийн хөтөлбөрөө боловсруулна биз дээ гэж хэлсэн. Би 2016 оны 12 сарын 19-ны өдөр ажил дээрээ очиж Засаг дарга Б.У-тай очиж уулзахад маргааш 2 дахь өдөр ажлаас чөлөөлсөн Захирамж гаргана гэсэн боловч чөлөөний хугацаа дуусаагүй байна гэж хойшлогдсоор байгаад 2017 оны 01 сарын 02- нд Б\01 дугаартай Захирамж гаргаж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.М  надад төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-т заасан эрхийг ноцтой зөрчсөн.

Зэрэг сумын засаг даргын дээрх Захирамжид Ж.М намайг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, хувийн ашиг сонирхлыг төрийн ашиг сонирхлоос дээгүүр тавьсан гэжээ.Нэхэмжлэл гаргагч Ж.М  миний бие төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн ямар нэг үйлдэл хийгээгүй, сахилгын зөрчил гаргаагүй болно.Төрийн жинхэнэ албан хаагч Ж.М би Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон үндэслэлээр Зэрэг сумын Засаг даргын 2016 оны Б\03 дугаар захирамжаар төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдөн сургалтад хамрагдахаар нөхөр Я.Майсүрэнгийн хамт Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан.

Тухайн үед Зэрэг сумын Засаг даргаар Б.У томилогдсон байсан бөгөөд албан ажилдаа орохыг хүссэн боловч миний оронд М.Б  гэх хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан. М.Б  нь Төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй этгээдийг Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллуулж Төрийн албаны тухай холбогдох хууль тогтоомж зөрчлөө. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлсөн үндэслэл арилмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах нь ажил олгогчийн үүрэг байтал Зэрэг сумын Засаг дарга Б.У Тамгын газрын даргын дарга Ж.М намайг урьд эрхэлж байсан ажилд томилоогүй. Ингэсэн атлаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б\01 дүгээр Захирамж гарган намайг төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, төрийн жинхэнэ албан хаагч миний эрх зүйн байдлыг дордуулсан.

Ж.М намайг түр чөлөөлөгдсөн байхдаа БНСУ-д ажил эрхэлсэн гэж бодит байдалд үл нийцэх асуудлыг захирамжид дурдсан байна. Миний бие БНСУ-д суралцахаар очсон нь үнэн боловч ямар нэг ажил хөдөлмөр эрхлээгүй. Харин миний нөхөр Я.Майсүрэн Солонгост цагийн ажил хийж, ирэх буцах зардлын мөнгө олсон нь үнэн. Энэ талаар Я.Майсүрэнгээс тодруулж болно. Шаардлагатай гэж үзвэл асууж тодруулах гэрчлэх хүмүүс байгаа.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.4, 2.5.5-т зааснаас үзвэл ёс зүйн зөрчил мөн эсэхийг тогтоож дүгнэлт эрх гаргах эрх бүхий субъект нь “байгууллагын ёс зүйн хороо’’ юм. Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо хуралдаж “Ж.М-ийн ёс зүйн зөрчил” гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаагүй байхад Зэрэг сумын Засаг дарга захирамж гаргаж, Ж.М намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Засаг дарга Б.У нь Ж.М намайг ямар үндэслэлээр ажлаас халах гэж байгаагаа урьдчилан мэдэгдээгүй, оны эхний өдөр гэнэтийн байдлаар л халж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн.

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Ховд аймгийн Засаг аргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгосон боловч өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй миний Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөөр ирлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.М нь сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Учир нь :

1.  Төрийн албаны тухай Монгол улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д зааснаар 3 сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх үед чөлөө олгох ёстой боловч 3 сарын хугацаанд суралцахад чөлөө авсан нь эхнээсээ хууль бус зөрчил гэж үзэж байна.

2.  Солонгос    улсад үндсэн ажлаасаа өөр мөнгө олох ажил хийсэн тухайгаа надтай уулзахдаа хэлсэн. Мөн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрынхан, ард иргэд бүгд мэдэж байгаа бөгөөд үүнийгээ fасевоок-ээрээ илэрхийлж бичсэн учраас суралцаагүй зөрчил байна.

3.  Хэрэв Ж.М Солонгос улсад суралцсан бол түүнийгээ нотлох баримт, сертификатаа үзүүлээгүй нь зөрчил байна.

4.  Сум орон нутгийн хувьд 10 сард бог малын мялзан өвчтэй тэмцэх хорио цээрийн дэглэм тогтоосон, ээлжит 2-р шатны цэрэг татлагын ажил зохион байгуулах, цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явуулах, орон нутгийн сонгууль зохион байгуулах, Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрийг /хуулиараа 2016 оны 12 дугаар сарын 20-оос өмнө /боловсруулах зэрэг үндсэн чиг үүргийн дагуух онцгой ажлуудын үед өргөсөн тангарагтаа үнэнч байх/ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 /эх орон ард иргэдийнхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан/ 13.1.3 дахь заалт/ ажиллаагүй Солонгос улсад хувийн эрх ашгийг дээгүүр тавьж үндсэн ажлаасаа өөр ажил эрхэлсэн нь /5.1.3, 5.1.4/ төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзэж байна.

Тухайн үеийн сумын Засаг даргатай цаашид Тамгын газрын даргаар ажиллах сонирхолгүй талаар тохиролцсоныг Засаг даргын ажил хүлээлцэх үед надад уламжилсан, Ж.М-тэй уулзах үед үүнийг тодруулж асуухад би Д.Октябрь даргатай тэгж тохирсон болохоос өөртэй чинь ярилцаагүй гэж хэлсэн нь үүнийгээ нотолж байна. Энэ нь Засаг даргын албан тушаалаар ярьсан яриа учраас төрийн алба залгамж холбоогоор үргэлжлэх ёстой гэж үзэж байгаа зэрэг үндэслэл байсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тайлбарыг хүргүүлж байна гэжээ.

Гуравдагч этгээд М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар ажиллаж байгаад Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон. Төрийн албанд тасралтгүй 16 жил ажиллаж сүүлийн 10 жил төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ажиллаж байна.

Тус Засаг даргын Тамгын газрын ажиллах санал 12 дугаар сарын 05-нд ирсэн ба зөвшөөрч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад 2016 оны 12 дугаар сарын 12-нд тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Авилгатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулсан. Энэхүү албан тушаалд томилогдохдоо хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд цаашид ажиллах хүсэлтэй байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа : Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеэс эхлэн оролцсон. Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Ж.М-ийг төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан. Хариуцагч Захиргааны ерөнхий хуульд зааснаар нотлох баримтыг цуглуулаагүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “сонсох ажиллагааг” явуулаагүй нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг тодорхой заасан байгаа. Энэ талаар Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл бичсэн. Нэхэмжлэгч нь Засаг даргад удаа дараа ажилд орох хүсэлт гаргасан боловч ажилд аваагүй. Ажилд авахгүйгээр ажлаас халсан нь хуулийг зөрчсөн. Ж.М Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байхдаа ёс зүйн хороог тушаалаар байгуулсан. Гэтэл ёс зүйн хороог хуралдуулаагүй байж захирамжийнхаа захирамжлах хэсэгт  ёс зүйн талаараа дурдсан. Өөрөөр хэлбэл ёс зүйн хороо хуралдаагүй байхад ёс зүйн хорооны дүгнэлт гарсан. Ёс зүйн хорооны гишүүд гэрчээр асуугдсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоно тогтоогдсон. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаа анхнаасаа бичилцсэн учраас тодорхой дурдсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 25, 27 дугаар зүйлд зааснаар Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга нь сонсох ажиллагаа хийгээгүй гэдгийг тайлбар дээрээ хэлж байна гэв.

Хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга Б.У шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д 3 сараас дээш хугацааны сургалтад бэлтгэх үед чөлөө олгох ёстой. Гэтэл Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчид 3 сарын хугацаагаар суралцаж явсан тохиолдолд чөлөө олгох ёстой, Ж.М  Солонгос улс руу суралцахаар яваагүй учраас ажилд авах боломжгүй.  Ёс зүйн хороог хуралдуулаагүй гэж байна.  Ёс зүйн хороо ямар асуудал дагуулсан бэ гэхээр Ж.М Солонгос улсад суралцахаар явсан гэж чөлөө авсан боловч бодит байдал дээр суралцаагүй. Солонгос улсад суралцаагүй гэдгээ өөрийнхөө Фейсбүүк хаягаар илэрхийлснийг бид нар бүгдээрээ харсан, надад бас нотлох гэрч байгаа. Тэгээд Солонгос улсад юу хийж байгаа юм бэ гэж найз нь асуухад Ж.М  ажиллаж байна гэж хэлсэн. Яагаад ажиллаж байгаа юм бэ гэхэд Монгол төр цалингаа өгч дийлэхгүй байна гэж бичсэн байсан. Ж.М  ажлаасаа чөлөө авч Солонгос улс руу явсан нь буруу бас Солонгос улсад очоод сургалтад суугаагүй. Ж.М Солонгос улсад сургалтад суусан бол надад нотлох баримтаа үзүүлэх ёстой. Би Солонгос улс руу 7-14 хоногийн хугацаатай сургалтанд явж байсан гэрчилгээ нь надад байгаа. 3 сарын хугацаатайгаар сургалтад суусан бол заавал нотлох баримт байхыг шаардсан. Яагаад нотлох баримт хэрэгтэй бэ гэхээр нотлох баримт ирсний дараа Гадаад хэргийн яам руу нотлох баримтыг өгч судлуулах шаардлагатай. Солонгос улсад суралцсан бол надад нотлох баримт хэрэгтэй байгааг  хэлье. Ёс зүйн хороог хуралдуулна гэдгийг би мэдэж байсан. Яагаад ёс зүйн хороог хуралдуулаагүй бэ гэхээр Солонгос улсад суралцсан, суралцаагүйг нь тогтоолгох шаардлагатай байсан. Солонгос улс руу явсныг нь тогтоох боломжгүй учраас ёс зүйн хороог нь хуралдуулаагүй. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1, 5.1.3, 5.1.4-д заасныг зөрчсөн. Ж.М-ийг Солонгос руу ажиллахаар явж байхад сум орон нутагт бог малын мялзан өвчин манай сумын хэмжээнд гарсан. Бог малын өвчинг Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга байсан. Мөн цэргийн татлагыг сумын Засаг дарга биечлэн хийх ёстой байдаг. Сонгуулийн ажил болон Засаг даргын мөрийн хөтөлбөрийг боловсруулах байсан. Төрийн албан хаагч өргөсөн тангарагтай үнэнч байх гэдгийг зөрчсөн. Ийм ажлуудыг хаяад явсан. Ж.М өмнөх Засаг даргатай хамтран ажиллаж чадахгүй талаар тохиролцсон баримт хавтас хэрэг дотор байгаа. Сумын Засаг дарга ажил хүлээлцэж байхдаа Ж.М-ийг цаашид ажиллах сонирхолгүй байгааг нь уламжилж хэлсэн. Би Ж.М-д энэ талаар хэлэхэд би энэ асуудлыг өмнөх Засаг даргатай тохиролцсон, тантай ярилцаагүй гэдгийг хэлдэг. Төрийн алба залгамж холбоотой байх ёстой гэж би үзсэн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд М.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийг шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилд орсны дараа намайг Тагнуулын ерөнхий газраас дуудсан. Гадаад руу явахдаа Тагнуулын ерөнхий газраас заавал зөвшөөрөл авах ёстой. Ж.М Тагнуулын Ерөнхий газрын даргаас зөвшөөрөл авсан, зөвшөөрөл авахыг хүссэн бичиг баримт байхгүй байгаа. Ж.М-ийн хүмүүстэй байгуулсан үр дүнгийн гэрээг нь харж үзэхэд 2016-2015 оны үр дүнгийн гэрээг нь тулгаж үзэхэд үг үсгийн зөрүүгүй адилхан байсан. Ж.М мэргэжилтэн нартайгаа 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулсан хэрнэ 2015 он гэж бичигдсэн байсан. Энэ нь ажлын хариуцлагагүй ажиллаж байсныг харуулна. Манай сумын нягтлан Солонгос улсад явж байхад нягтлангийн нэр дээр цалинг нь хэн авсан нь тодорхойгүй байсан гэх мэтчилэн хууль зөрчсөн асуудал олон байгаа.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаж байгааг буруу гэж үзэж байна  гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халсан нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасны дагуу чөлөө авах хүсэлт гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай захирамжаар Ж.М-ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн баримт нь хавтас хэрэгт авагдсан байгаа.  Ингээд 2016 оны 12 дугаар сард хүсэлтээ өгсөн боловч Засаг дарга солигдсон. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Ж.М-ийг төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр ажлаас халсан. Энэ сахилгын шийтгэлд дараах үндэслэлийг гаргасан байгаа. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.3, 5.1.4-д заасныг зөрчсөн, захирамжлах хэсэгт ажлаас халсан нь тодорхой байгаа. Захиргааны ерөнхий хууль 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Захиргааны акт гаргах эрх бүхий албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өөрөө нотлох баримтаа цуглуулах үүрэгтэй. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжтай холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонгох ажиллагаа хийгээгүй. Сонгох ажиллагаа хийгдээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонгох ямар ч ажиллагаа хийгээгүй гэдгийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлэх байх гэж бодож байна. Ийм үндэслэлээр хууль зөрчсөн. Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах гэсэн суралцах хугацаа орчин нөхцөлийн улмаас хөөцөлдсөн сургуульдаа хамрагдаж чадаагүй. Хариуцагч Б.У-ын зүгээс суралцсан гэх нотлох баримтаа гаргаж ир гэдэг шаардлагыг тавьсан байдаг. Нэхэмжлэгч нь Төрийн албаны салбар зөвлөлд хандсанаас эхлэн Солонгос улсад сургалтад суугаагүй талаар гадаад паспортоо хавсаргаж өгсөн байдаг. Гэтэл Ховд аймгийн  Зэрэг сумын Засаг даргын Тамгын газарт ёс зүйн хороо байгуулагдсан тушаал  хавтас хэрэгт авагдсан. Насанбат, Жаргалсайхан Д.Октябрь нарт хууль сануулсан гэрчийн мэдүүлэг авсан.  Ёс зүйн дүрмийн 5.1.3, 5.1.4-д заасныг зөрчсөн гэх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.4, 2.55-д заасан дүгнэлт гаргаагүй.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Ж.М нь тус шүүхэд “Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцуулахгүйгээ илэрхийлж, өмгөөлөгчөө оролцуулсан болно.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдоос гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Ж.М-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргад  холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар[1]  тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажиллаж байсан Ж.М-ийг төрийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

Нэхэмжлэгч Ж.М захиргааны чөлөөтэй байх хугацаа дуусч ажилдаа орохоор хүсэлт гаргахад ажилд авахгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой гэж маргаж, хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга Х.У захиргааны чөлөө олгосон үндэслэлийг хангуулаагүй, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчсөн учир ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлана.

Иргэн, хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хянуулахаар эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх талаар Захиргааны ерөнхий хуулиар журамласан.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актын тухайд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “......энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргааныг төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.”, 39.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана.” гэж заасанд хамаарч байна.

Нэхэмжлэгч Ж.М нь маргаан бүхий актын талаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандан гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байна. 

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолын нэг дэх заалтаар[2]  маргаан бүхий актыг “төрийн жинхэнэ албан хаагч Ж.М-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тодруулаагүй, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх асуудлыг ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журамд заасны дагуу шийдвэрлэлгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар тогтоосон нэмэгдэл баталгааг зөрчсөн” гэж дүгнэж 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.М-ийг урьд эрхэлж байсан Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил албан тушаалд томилон ажиллуулахыг тус сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолын эрх зүйн үйлчлэлийн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “энэ тогтоолоор маргаан бүхий актыг хүчингүй болгосон гэж ойлгож байгаа” гэж[3], хариуцагч “энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир маргааныг шүүхээр шийдвэрлэхийг хүссэн” гэж[4]  тус тайлбарлана.

Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд гомдол хянан шийдвэрлэх журмыг нарийвчлан зохицуулсан бөгөөд гомдлыг хянаж үзсэн захиргааны байгууллага мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-д зааснаар гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох эрхтэй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй.” гэж заасан ба Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 18-д “Энэ хуулийн 39.5-д заасан ... хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр..т төрийн жинхэнэ албанд нэр дэвшигч болон төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, дэвшүүлэх, үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, зэрэг дэв олгох, сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зэрэг хүний нөөцөд холбогдох асуудлаар гаргасан эрх зүйн актууд хамаарна.” гэжээ.   

Нэхэмжлэгч Ж.М-ийн гомдлыг хянан шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоол нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан хүчин төгөлдөр шийдвэр бөгөөд уг тогтоолоор маргаан бүхий Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамж хүчингүй болж, эрх зүйн үр дагаваргүй болсон байна.

 Түүнчлэн дээрх тогтоолын талаар маргааны талууд хуулийн хугацаанд мэдсэн бөгөөд тогтоолын хувийг тус бүрдээ гардан авсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүхээс хүчингүй болсон захиргааны актыг хянах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ж.М-ийн “Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлтэй адилтган үзэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.М-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргад холбогдох, “Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНГЭРЭЛ

 

   

 

[1] хх-ийн 5 дахь тал

[2] хх-ийн 16 дахь тал

[3] шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь хуудас

[4] мөн тэнд