| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0048/э |
| Дугаар | 2024/ШЦТ/52 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Ү.Ц түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ү-ийн Цид холбогдох эрүүгийн 2417000610056 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 28-нд Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 54 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Г. аймгийн .......... сумын ............ дүгээр баг, ................................ тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан гэх, Б овогт Ү-йн Ц /РД:................/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ү.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Аяганы хонхорт байрлах блокон хашаан дотор хамтран амьдрагч Д.Гийг архи уулаа гэх шалтгаанаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж, биед нь баруун нүдний зовхи, хацраар, баруун нүдний салстад, зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ү.Ц шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ: Их архи уусан байсан учраас сайн санахгүй байна. Манай эхнэр байнга архи уугаад агсан согтуу тавиад байдаг. Түүнээс болж маргалддаг. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг
2. Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Тэр өдөр замын баруун талд төмөр замын цахилгаан станцын хойд талд байдаг блокон хашаатай нүүрсний талбай байсан хашаагаар 15-16 цагийн үед дамжаад Аяганы хонхор луу алхаж байтал Ц араас гэнэт гүйж ирсэн. Уг нь Ц хотод байсан юм. Чойрт ирснийг нь би мэдээгүй байсан. Тэгээд ирэнгүүтээ өөрт нь хэлэлгүй Чойрт ээж дээрээ ирлээ гээд намайг зодсон. Нийлж суугаад 36 жил болж байна дундаасаа 3 хүүхэдтэй, бүгд тусдаа гарцгаасан. Хэрэлдэх маргалдах зүйл зөндөө л болдог хааяа зоддог. Би бол цагдаад өгөөгүй ээждээ хэлсэн байсан чинь ээж цагдаад өргөдөл гаргасан байсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 6-8 хуудас/
3. Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ...Тэр өдөр Гийн “Оргил ундраа” дэлгүүрээс хойш явж байхад Ц таараад зодсон байсан. Охины нүүр нь шалбарчихсан баруун нүд, хамар, хацар нь хавдаж хөхөрсөн байсан. Эмнэлэгт очиж цэвэрлүүлчихээд манайд ирээд энэ тухайгаа надад хэлсэн юм. Цагдаад дуудлага өгсөн чинь Цийг эрүүлжүүлээд явуулсан байсан. Цагдаа дээр авчирахад нь би хамт ирсэн юм. Тэгсэн машин дотор намайг үхдэггүй мангар авгай, үхээч муу ал минь, янхан минь гээд байсан. Цагдаа нар дуугүй бай гэхэд үгэнд нь орохгүй намайг доромжлоод байсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9-10 хуудас/
4. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар дүгнэлтэнд:
Д.Гийн биед баруун нүдний зовхи, хацраар, баруун нүдний салстад, зүүн нүдний доод завхи, хацарт цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 18-19 хуудас/
5. Аюулын зэргийн үнэлгээний маягтын хуулбар /х.х-ийн 12-14 хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 63 , 66-70 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: шүүгдэгч Ү.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Аяганы хонхорт байрлах блокон хашаан дотор хамтран амьдрагч Д.Гийг архи уулаа гэх шалтгаанаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж, биед нь баруун нүдний зовхи, хацраар, баруун нүдний салстад, зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч Ү.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Цийн өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Г, гэрч Ц.Н нарын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй байна.
Шүүгдэгч Ү.Ц нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ү.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Т.Түмэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналыг гаргажээ.
Шүүгдэгч Ү.Цид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн байна.
Шүүгдэгч Ү.Ц нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Г гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ү.Ц нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийн хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ү.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ү-ийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ү.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасн шүүгдэгч Ү.Цид оногдуулсан 250/хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Ү.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ү.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ