Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/01192

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/01192

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, тоотод оршин суух Б овогт Ш Б /РД:*/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, тоотод оршин суух Т овогт Т Д /РД: */

 

8,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б

                               хариуцагч Т.Д

                               нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Д 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн юм. Хугацаатай зээл хүүгээ төлөөгүй тул зээлийн гэрээг сунган тодотгож, 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүрэн барагдуулахаар тохирсон боловч утсаа авахгүй, хөдөө явсан гэж худлаа ярьсан тул шүүхэд хандаж байна. Т.Д 2020 оны 2 дугаар сараас хойш зээлийн хүү нэг ч төгрөг төлөөгүй байж байгаад 2020 оны 9 сард 700,000 төгрөг үндсэн зээлээс хасч өгөөрэй гэж өгсөн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 3,300,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэлх зээлийн хүү 1,920,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сараас үндсэн зээлийг 3,300,000 төгрөг болсон гэж үзээд 6 сарын хүү 1,584,000 төгрөг, гэрээнд зааснаар зээлийн алданги 2,000,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөг хариуцагчаас гаргаж хохиролгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчтай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 6 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр Ц.Дтэй зээлийн гэрээ байгуулж мөнгө өгсөн. Ингээд хариуцагч нь 2 сар хүүгээ төлөөд, гэрээнд зааснаар үндсэн зээлээ төлөөгүй гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул хариуцагчтай ярих гэсэн боловч утсаа авахгүй байсан. Ингээд хэсэг хугацааны дараа олж яриад өмнө гэрээний нөхцөлийг хадгалж дахин 6 сараар сунгаж, төлөгдөөгүй төлбөрийг энэ хугацаанд төлж дуусгахаар тохирсон. Үндсэн зээлийг 2020 оны 1 сараас эхлэн сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж 2020 оны 11 дүгээр сарын 22-нд төлж барагдуулахаар тодотгол хийсэн хэдий ч энэ хугацаа мөн адил дууссан. Энэ хугацаандаа хүү огт төлөөгүй байдаг. 2020 оны 9 дүгээр сард 700,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. “...Үндсэн зээлээсээ хасаад өгөөч, хүүг нь хэсэгчлээд өгье...” гэж хэлэхэд нь боломжийг нь хараад үндсэн зээлээсээ хаслаа гэж хэлсэн. Ингээд сүүлдээ холбогдож чадахаа больсон. Нэг утсаа аваад ярихад “...хөдөө байна, 5, 6 сараас нааш Улаанбаатар хотод очихгүй...” гэж хэлсэн. Гэрийнх нь хаягаар гэрт нь очиж үзэхэд охин нь хаалгаа тавиад “...ээж байгаа, хүнтэй уулзах гээд гарсан...” гэж хэлсэн. Ингээд аргагүйн эрхэнд шүүхэд хандахаар болсон. Шүүхэд хандахдаа зээлийн гэрээний 2.6 дах хэсэгт заасныг удирдлага болгоод гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцох ёстой боловч би нэхэмжлэл гаргахаа тооцоогүй. Хэрэв үүгээр алданги тооцоод нэхэмжилбэл нийт 13,500,000 төгрөг нэхэмжлэх ёстой байгаа юм. Гэхдээ би үндсэн зээлээсээ тооцож л нэхэмжилсэн байгаа. Иймд хариуцагчаас үндсэн зээл 3,300,000 төгрөг, өмнөх хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 1,920,000 төгрөг, үндсэн зээл 3,300,000 төгрөгөөс тооцож 6 сарын хүү 1,580,000 төгрөг, гэрээнд зааснаар зээлийн алданги 2,000,000 төгрөг нийт 8,800,000 төгрөг хариуцагчаас гаргаж хохиролгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Т.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Т овогтой Д миний бие 2019 онд иргэн Баас анх 2,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлж аван сарын хүүний мөнгө 160,000 төгрөг төлдөг байсан. 2020 онд надад дахин мөнгөний хэрэг гарч, 2,000,000 төгрөг зээлж, мөн сарын хүү боломжтой юу гэж асуусан. Сарын хүү 8 хувь хэвээрээ байсан. Ингээд би 2020 оны 9 сард 700,000 төгрөг Бы дансанд шилжүүлж, үндсэн мөнгөнөөс хасах саналтай байгаагаа хэлсэн. Миний үндсэн зээлийн мөнгө 3,300,000 төгрөг болсон гэж ойлгож байгаа. Удалгүй Ковид гарч, бүх зүйл зогсож, хөл хорионд орсон. Энэ хугацаанд би ажилгүй болж, хүү мөнгө төлөх боломжгүй болсон. Цар тахлын үед Монгол Улсан санхүүгийн байгууллага, банкууд зээлийн хүү, алданги зогсоож, ард түмэнгээ санхүүгийн эрсдэлэээс хамгаалж, арга хэмжээ авсан гэж үзэж байна. Гэтэл Б надаас 8,000,000 гаруй төгрөг нэхэмжилсэн бөгөөд ийм их хэмжээний мөнгө нэхэмжлэлэх эрх байхгүй гэж үзэж байна. Үүн дээр миний бие гомдолтой байна.Харин би зээлсэн мөнгийг эргүүлж төлөхөд татгалзах зүйлгүй болно. Иймд 2021 оны 4 сараас үлдсэн мөнгө болох 3,300,000 төгөргийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. Хүү мөнгө алдангийг нөхөн төлөх боломжгүй гэж үзэж байна.

 

Хариуцагч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Б ахаас мөнгө зээлсэн нь үнэн. Гэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөгийг нэг дор зээлээгүй. Өмнө нь 2018 оны 8 сард 2,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлсэн байсан. Энэ мөнгөнийхөө 8 хувийн хүүг жилийн хугацаанд төлсөн байсан. Ингээд би банкны зээлтэй байсан учраас мөнгөний хэрэг гараад нэхэмжлэгчээс дахин мөнгө зээлдүүлэхийг хүсэхэд зөвшөөрч 2019 оны 11 сард нэмээд 2 сая төгрөг зээлсэн. Зээлийн хүүг бууруулахгүй гэсэн. Энэ хугацаанд зээлийн хүүд 640,000 төгрөг төлсөн. Мөн 700,000 төгрөгийг өгөхдөө үндсэн зээлээс хасахаар тохирсон. Зээлийн үлдэгдэл нь 3,300,000 төгрөг болсон гэсэн үг. Миний хувьд Ковид-19 өвчний улмаас ажилгүй болсон. Санаатайгаар хуурсан, мэхэлсэн зүйл байхгүй. Би гэхдээ энэ хүнийг яагаад олон хүнд мөнгө зээлж явдгийг мэдэхгүй. Надад хэлэхдээ “...нөгөө хүн мөнгөө нэхээд байгаа тул авмаар байна...” гэдэг байсан. Цаана нь давхар олон хүнийг хохироож явдаг юм болов уу гэсэн бодол байгаа. Би үндсэн зээл 3,300,000 төгрөгөө төлнө. Хүү, алдангийг төлөх боломжгүй. Хувиараа мөнгө зээлдэг хүмүүс өндөр хүүтэйгээр хүнийг хохироож, ямар нэгэн нөхцөл байхгүйгээр шаардаж байдаг.  

 

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Т.Дт холбогдуулан гэрээний үүрэгт 3,300,000 төгрөг, хүү 3,500,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 8,800,000 төгрөг гаргуулахаар  шаарджээ.

 

Хариуцагч Т.Д нь нэхэмжлэгч Ш.Баас 2018 оны 8 сард 2,000,000 төгрөг, 2019 оны 11 сард 2,000,000 төгрөг зээлж нийт 4,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцож, уг гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр хийсэн байна. Энэхүү тохиролцооноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Дээрх гэрээг байгуулсан эсэх асуудлаар, хариуцагчийн хүлээн авсан мөнгөний хэмжээ болон төлсөн мөнгөний хэмжээнд маргаагүй бөгөөд харин хариуцагч нь “үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр төлөхийг зөвшөөрч, хүүгийн хэмжээ өндөр тогтоосон, цар тахалын улмаас ажилгүй болсон үндэслэлээр хүү, алданги төлөхгүй” гэж маргав.  

 

Зээлийн гэрээ гэдгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь үүнтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн байхыг ойлгоно. Энэхүү гэрээний дагуу зээлдүүлэгч Ш.Б нь зээлдэгчийн өмчлөлд 4 сая төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Талууд 2018 оны 8 сард зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч хүүг төлж, үндсэн зээлийн төлбөр 2,000,000 төгрөгийг төлөөгүй асуудлаар маргаагүй бөгөөд 2018 оны 8 сар, 2019 оны 11 сард байгуулагдсан зээлийн гэрээг нэгтгэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэг гэрээ байгуулж хүү тохирсон нь хууль зөрчөөгүй байна. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл, тохирсон хугацааны хүүг хариуцагч төлөх үүрэгтэй. Уг гэрээний үндсэн зээлийн төлбөрт хариуцагч 700,000 төгрөг, 2 сарын хүү 640,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.  

 

Дээрх гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч утсаа авахгүй байсан үндэслэлээр тодорхой хугацааны дараа дахин 6 сараар гэрээний хугацааг сунгасан гэж үзэн 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны хүүд 3,300,000 төгрөгөөс тооцож 1,580,000 төгрөг шаардсан байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасан ба үүнийг талуудын гэрээгээр тогтоосон хугацаа дуусахаас өмнө эсвэл дууссан өдрөөс харилцан тохиролцож хугацааг сунгасан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаа сунгасныг “хугацаа сунгасан” гэж үзэхгүй. Иймд зохигчийн байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дууссан, энэ өдрөөс болон өмнө гэрээний хугацааг сунгах тохиролцоо хийгдээгүй тул зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүү шаардах эрхгүй байна.  

  

Иймд хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,300,000 төгрөг, 4 сарын хүү 1,280,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

Алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд уг хариуцлагыг талууд харилцан тохиролцож, бичгээр баталгаажуулсан тохиолдолд хүлээнэ. Уг хариуцлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх багасгаж болох тул хариуцагчийн гэрээний үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан алдангид 825,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.  Иймд хариуцагчаас 5,405,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,395,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т овогт Т Дээс 5,405,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Ш Бд олгож, нэхэмжлэлээс 3,395,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Дээс улсын тэмдэгтийн хураамжид 101,430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА