Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/01649

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/01649

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум  тоотод оршин суух М овогт Дийн Ж /РД: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо тоотод оршин суух М овогт Дийн Б /РД: */

 

54,255,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.З

                               хариуцагч Д.Б

                               нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Б нь миний төрсөн дүү бөгөөд “М С” ХХК-иудыг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нь юм. Надаас 54,255,000 төгрөгийг өөрийн компанийн барьж гүйцэтгэсэн барилгадаа зээл, хөрөнгө оруулалтын хэлбэрээр авч оруулсан нь ард хавсаргасан 15 ширхэг баримтаар нотлогддог юм. Би тохирсон ёсоор мөнгөө авахаар 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр очиход гэрийнхээ гадаа уурлаж, харааж, хэл амаар доромжлон золбин нохой шиг хөөж явуулсанд маш их гомдолтой байдаг. Дээрх мөнгө бол хүүхдүүдийн маань гадаадад хар бор ажил хийж, олсон мөнгө бөгөөд байр аваад байж бай гэсэн мөнгө болохоор би зайлшгүй буцаан авах мөнгө юм. Гэтэл одоо Д.Б нь утсаа авахгүй, гэртээ оруулахгүй, зугтааж байгаа тул аргагүй шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээл олгосон болон хөрөнгө оруулсан 54,255,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Хариуцагч Д.Б нь миний төрсөн дүү бөгөөд “М С” ХХК, “Х ц” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, эзэн нь юм. Надаас 54,255,000 төгрөгийг өөрийн компанийн барьж гүйцэтгэсэн барилгадаа зээл, хөрөнгө оруулалтын хэлбэрээр авч оруулсан нь нэхэмжлэлд хавсаргасан 15 ширхэг баримтаар нотлогддог юм. Би тохирсон ёсоор мөнгөө авахаар 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр очиход гэрийнхээ гадаа уурлаж, харааж, хэл амаар доромжлон золбин нохой шиг хөөж явуулсанд маш их гомдолтой байдаг. Дээрх мөнгө бол хүүхдүүдийн гадаадад хар бор ажил хийж, олсон мөнгө бөгөөд байр аваад байж бай гэсэн мөнгө болохоор би зайлшгүй буцаан авах мөнгө юм. Гэтэл одоо Д.Б нь утсаа авахгүй, гэртээ оруулахгүй, зугтаагаад байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээл олгосон болон хөрөнгө оруулсан 54,255,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ мөнгө надад өгсөн мөнгө биш. Нэхэмжилж буй мөнгө нь “М С” ХХК, “Х ц” ХХК-тай холбоотой өр төлбөр байгаа юм. Энэ төлбөрийг 100 хувь өгөөд дууссан байгаа. Энэ төлбөрийг “М с” ХХК-ийн барьсан ажлын байрны зориулалтай байрыг Ж ахад шилжүүлж өгөөд хаасан. Энэ байраа мартчихсан юм шиг байна лээ. Ж ах энэ байраа өөр хүн рүү шилжүүлж 50,000 доллар авахаар залилуулсан гэж ярьдаг. Би үнэний төлөө шүүх дээр зогсож байна. Үр хүүхдүүд нь хүртэл намайг буруутай гэж харж байна. Би энэ зүйлийг үнэнээр шийдүүлэх хүсэлтэй байна. Энэ асуудлыг надад хамаатуулж нэхээд байгааг ойлгохгүй байна.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Д.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54,255,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй, харин манай “М с” ХХК-ийн барьж буй барилгын ажлыг хариуцаж байхдаа тодорхой хэмжээний зээлсэн мөнгө болон ажилчин авчирсан зардлыг буцаан төлсөн, “Х ц” ХХК-ийн нэхэмжлэгчид өгөх төлбөрт тооцож “М с” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч төлбөр тооцоо дууссан” гэж маргав.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг 54,255,000 төгрөгөөр тодорхойлж, уг шаардлагыг “М с” ХХК болон “Х ц” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг болон тус компаниудын барьж буй барилгад ажиллуулахаар орон нутгаас ажилчин авчирсан зардал, барилгын бригадын ажлын хөлс төлсөн гэх мөнгөний хэмжээ”-гээр тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нь тухайн компаниудын үүргийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, захирлын хувиар хүлээх үүрэгтэй” гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Д.Ж, “М с” ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 11,613,000 төгрөгийн зээлийн гэрээ, Д.Ж, “Х ц” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12,890,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажилчдын тээврийн зардалд 390,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн данснаас 2,000,000 төгрөг гаргасан авсан зарлагын баримт, 2013 оны 4 дүгээр сарын 01, 2013 оны 5 дугаар сарын 09, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд түр зээл утгаар “Х ц” ХХК-д 8,500,000 төгрөг олгосон бэлэн мөнгөний баримт, барилгын бригадад төлсөн 4,390,000 төгрөгийг олгохыг хүссэн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Х ц” ХХК-д гаргасан баримт, 4,727,500 төгрөгийн зарлагын баримтууд, “Х ц” ХХК-ийн нягтлан бодогчтой хийсэн 11,442,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл бүхий тооцооны акт гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 5-18 дугаар тал/

 

Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулан гэрчийн мэдүүлэг авахуулсан “М с” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай гэх Б.Б-н мэдүүлэгт “2011 оны 11 дүгээр сарын 01-нд Д.Жтэй 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг “М С”  ХХК-ийн өмнөөс хийсэн. Хүү нь өсөж явсаар 9,800,000 төгрөг болсон байдаг. Хүү нь төлөгдөөгүй учраас зээлийн гэрээ нь үргэлжлээд яваад байсан. Хамгийн сүүлд 2013 оны 4 дүгээр сарын 10-нд 10,000,000 төгрөг төлсөн. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 08-нд 10,000,000 төгрөгийг дахин төлөөд зээлийн гэрээ эцэслэгдэж дууссан. Мөн манай байгууллагад төрийн бус байгууллагаас оюутан хүүхдүүдийг авч ирж ажиллуулж байсан төлбөр болох 2,000,000 төгрөгийг өөрөөсөө гаргасан юм байна лээ. Үүнийг 2013 оны 5 дугаар сарын 20-нд 2,000,000 төгрөгийг “М С” ХХК төлсөн. Дараа нь 2013 оны 8 дугаар сарын 26-нд 1,000,000 төгрөг төлсөн. Ингээд “М с” ХХК нь Ж-д ямар ч өр төлбөргүй болсон” гэж, “Х ц” ХХК-ийн захирал ажилтай Н.Д-ы мэдүүлэгт “Тухайн үед “Х ц” ХХК-д “М С” ХХК барилгын ажлын гүйцэтгэл хийдэг байсан. “М С” ХХК манайд бас төлбөртэй байсан. Д.Ж ах барилгын ажлыг хариуцаж байсан. Ингээд Д.Ж ахад байр өгөөд төлбөр мөнгийг барагдуулъя гээд ярилцсан юм. Олон жилийн өмнө болсон тул сайн санахгүй байна. “М С” ХХК нь манай “Х ц” ХХК-ийн бүх өр төлбөрийг байраар барагдуулъя гээд тохиролцоонд хүрээд асуудал чимээгүй болсон. Түүнээс хойш асуудал хөндөгдөж яригдсан зүйл байхгүй. Байрыг шилжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан тийм тохиролцоо хийгдээд, яригдаж байгаад манайхтай бүх тооцоо дууссан гээд түүнээс хойш энэ асуудал яригдаагүй” гэжээ. /ХХ-ийн 52-55 дугаар тал/

 

Хариуцагч Д.Б нь “М с” ХХК-ийн захирлаар 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн, “Х ц” ХХК-ийг үүсгэн байгуулагчаар бүртгэлтэй, тус компанийн гүйцэтгэх захирлаар Н.Д 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэгдсэн, хариуцагч Д.Б нь 100 хувийн эзэмшигчээр 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хувьцаа эзэмшигч нар өөрчлөгдөж одоо Д.У, Н.Д нар 50,50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа үйл баримт тогтоогдож байна. /ХХ-ийн 63-66 дугаар тал/

 

Мөн “М с” ХХК-ийн өмчлөлд 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо хаягт байршилтай харуулын байрны зориулалттай 124.5м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “М с” ХХК болон “М к” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Төлбөр барагдуулах зорилгоор өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн “М к” ХХК-д шилжүүлж 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус компанийн өмчлөлд бүртгэгдсэн байна. /ХХ-ийн 68-90 дугаар тал/

 

Шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2021/05763 дугаар захирамжийн дагуу “М с” ХХК-иас Д.Жээс авсан зээлд төлсөн гэх 23,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримтыг ирүүлжээ. /ХХ-ийн 118-121 дугаар тал/

 

Дээрх баримтууд болон зохигчийн тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Бын өмчлөлд зээлийн зориулалтаар шилжүүлээгүй байх ба энэ талаар зохигч маргахгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээдээр буюу хариуцагчаар тодорхойлогдсон этгээд нь гэрээ болон хуульд заасан үүргийн үндсэн дээр үүрэг хүлээх бөгөөд хууль болон гэрээнд үндэслэлгүйгээр нэг этгээд нөгөө этгээдэд шууд үүрэг хүлээлгэх боломжгүй. Иймд үүргийн харилцаа нь хэлцлийн үндсэн дээр эсвэл хуулийн дагуу үүснэ. Хэлцэл гэдгийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж тодорхойлсон. Хэлцэл нь гэрээ байгуулах замаар илрэх бөгөөд гэрээ нь хоёр болон түүнээс дээш этгээдийн хүсэл зориг нэгдсэн хүсэл зоригийн илэрхийлэл байна. Өөрөөр хэлбэл аливаа гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон бол гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Д.Жээс зээл авах хүсэл зориг илэрхийлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлэхийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Б нь “М с” ХХК-ийн захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч, “Х ц” ХХК-ийн үүсгэн байгуулагч байсан нь тухайн компаниудтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэл болохгүй юм. Иймд зээлийн гэрээний үүрэгт шаардсан 38,423,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь 15,832,000 төгрөгийг “Х ц” ХХК болон “М с” ХХК-ийн барилга дээр ажиллуулахаар орон нутгаас ажилчин авсан тээврийн зардал, барилгын бригадын ажлын хөлсөнд төлсөн үндэслэлээр буюу хуулийн дагуу үүсэх үүргийн үндсэн дээр шаардаж байна. Хуулийн дагуу үүсэх үүрэг нь талуудын хүсэл зориг болон хэлцэл хийсэн эсэхээс үл хамааран хуулийн дагуу бий болж байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд уг зардлаа төлүүлэхээр шаардаж болно. Энэхүү үүрэг нь талууд гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран хуулийн дагуу үүснэ. Дээрх зардлыг нэхэмжлэгч нь Д.Бын нэрийн өмнөөс түүний өр төлбөрт төлөөгүй “Х ц” ХХК, “М с” ХХК-ийн өр төлбөрт төлсөн гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй байна. Иймд 15,832,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Бод холбогдох 54,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Жийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж 429,225 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА