Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/108

 

 

 

 

 

2024        5             31                                            2024/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч М.П, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Э.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Гт холбогдох эрүүгийн 2435000000092 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *************суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *************дугаар багт түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Увс аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 жил 10 хоногийн хорих ялаар тогтоож шийтгэсэн,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 822 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай захирамжаар эдлэх ялыг өөрчлөн, ялаас чөлөөлсөн,

-Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, торгох ялыг төлж дууссан, Х ургийн овогт Э.Г /РД:*************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *************дугаар багийн нутагт 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдрийг шилжих шөнө хохирогч М.Пг зодож цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2435000000092 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч А.Анхбаяраас Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөөгөөс “Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй тул түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс 35, 37, 81, 106, 112 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судална” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Хохирогч М.П: “...Би таксинд явдаг юм. Э.Гийн гэрийн гадна ирээд машинаас буухад машины гадна Э.Гнадтай хэсэг маргалдаж байгаад гэр лүүгээ явах шиг болохоор нь би машин руугаа буцаж суух гээд явж байтал Э.Гминий араас ирээд гартаа барьчихсан байсан 0.5 литрийн “Хараа” нэртэй архины шилээр миний толгой руу нэг удаа цохисон. ...Одоо миний бие зүгээр байгаа. Надад нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. Бид 2 урьд нь хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан. Одоо энгийн харилцаатай байгаа” гэж,

Шүүгдэгч Э.Гаас: Гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэж тус тус мэдүүлжээ.

1. Шүүгдэгч Э.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *************дугаар багийн нутагт 2024 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө хохирогч М.Пг зодож цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-07 дугаар тал),

-Хохирогч М.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Э.Гийн гэрийн гадна ирээд машинаас буухад машины гадна Э.Гнадтай хэсэг маргалдаж байгаад гэр лүүгээ явах шиг болохоор нь би машин руугаа буцаж суух гээд явж байтал Э.Гминий араас ирээд гартаа барьчихсан байсан 0.5 литрийн “Хараа” нэртэй архины шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд цааш эргээд явчихсан бөгөөд тухайн үед цаг орой болж гудамжны гэрэл унтарсан байсан болохоор хаашаа явсныг нь хараагүй. Тэгээд миний толгойноос цус гарч байсан болохоор эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд миний толгой хэсэгт 4 ширхэг оёдол тавьсан дараа нь би гэр лүүгээ явж амарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би нэг шил 0.5 литрийн архи авчихсан байсныг задлаад бид гурав хэсэг ярьж сууж байгаад Э.Г, М.П гэх эмэгтэй хоёр архиа дуусгалгүй явчихсан. Тэгээд удалгүй намайг машинд унтаж байтал М.П гэх эмэгтэй толгойгоо маарлаар боочихсон Э.Гийг хайж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

-Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Өнөрмаагийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. М.Пгийн биед духны дунд хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны ар хэсэгт долоовор хурууны угт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Духны дунд хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны ар хэсэгт долоовор хурууны угт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь өөрийн хэлсэн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...6. Духны дунд хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны ар хэсэгт долоовор хурууны угт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

-Шүүгдэгч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Манай гэрийн гадна ирээд намайг машинаас буухад М.П машинаасаа миний араас бууж ирээд “намайг мөнгө зээлээд өг” гэж хэлэхээр нь би “чадахгүй, чамд өртэй юм уу” гэж хэлэхэд М.П намайг “чи арчаагүй гуйлгачин” гэж хэлээд миний нүүр рүү нулимж цээж рүү цохих үед би гартаа байсан 0.33 литрийн “Хараа” нэртэй архины шилээр толгой руу нэг удаа цохисон. Намайг толгой руу нь нэг удаа архины шилээр цохих үед М.П толгойгоо бариад газар суусан бөгөөд би гэр лүүгээ явсан. Би М.Пгийн толгойг архины шилээр цохисноо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч Э.Гнь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Шүүгдэгчийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Э.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.П нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг хохирол нэхэмжлээгүй, мөн баримтаар нэхэмжилсэн ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Тиймээс энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөөгөөс “гэм буруугийн талаар маргаагүй буюу үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчид торгох ял оногдуулбал уг ялыг биелүүлэх бүрэн боломжтой байх тул шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлээгүй, тодорхой цалин орлогогүй байх тул шүүгдэгч Э.Гт торгох ял оногдуулах боломжгүй, харин улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил ялыг Увс аймгийн Улаангом сумын нутагт цалин хөлсгүйгээр хийж ялыг эдлэх бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Э.Гт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хараа” нэртэй 0.5 литрийн архины шилийг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт цалин хөлсгүйгээр өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Э.Гнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.П сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хараа” нэртэй 0.5 литрийн архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ,

                                                     ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН