Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/01565

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 14 өдөр                   Дугаар 102/ШШ2021/01565                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б”  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б холбогдох, 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,114,470 /найман сая нэг зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун дал/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзул, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Бтай 2019.09.10-ны өдөр 5,0 сая төгрөгийг 5% хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан. Хариуцагч нь зээлээ хугацаанд нь төлөхөө илэрхийлэн 5136УАА улсын дугаартай Мазда маркийн автомашиныг барьцаалж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг манай өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл Б.Б зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх бөгөөд ийнхүү биелүүлээгүй тохиодлолд үл маргах журмаар автомашинаа хураалган байгууллагын зогсоолд байршуулахаа илэрхийлсэн нөхцөл нь хангагдаагүй тул зээлийн үлдэгдэл 4,077,622 төгрөг, 2020/07/15-наас 2021/05/12 хүртэл ашигласан хугацааны хүү 1,998,035 төгрөг, 300 хоногийн алданги 6,116,434 төгрөг, нийт 12,192,092 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шаардах боломжтой. Иргэний хуулийн 232.4-т зааснаар 300 хоногийн алдангийг 2,038,811 болгон бууруулна. Тиймээс хариуцагчаас 8,114,470.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад, дахин авсан, хэрэгт энэ талаарх баримтыг өгөөгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б” ХХК нь Л.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,114,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул хүү, алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

 

“Батжинбат” авто ломбард нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг 5% хүүтэй зээлэхээр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцааг зохицуулсан ба тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад, дахин авсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргах өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан зээлийн эрх зүйн харилцаа зохигчийн хооронд үүссэн гэж үзэхээр байна.

 

Б” ХХК нь хуульд заасан зээлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, Л.Б нь зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаанд хариуцагч үндсэн зээлээс 922,3788 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь 4,077,622 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Зохигч зээлийн гэрээг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр байгуулсан  нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д нийцэж байх бөгөөд хариуцагч нь 2020.07.15-ны өдрийг хүртэлхэ 10 сарын хүүний төлбөрийг төлсөн, 4,077,622 төгрөгийг ашигласны 5 хувийн хүү 203,881 төгрөгийг 2 сарын хугацаанд 407,762 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэйгээ нотлоогүй  атлаа зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд хүүний төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Зохигч зээлийн гэрээний 4 дэх заалтаар 51-36 УАА улсын дугаартай, Мазда маркийн автомашиныг барьцаалж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөлдөө шилжүүлэн авч, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд хариуцагчийн өмчлөлд буцаан шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш 30 хоног өнгөрсний дараа үүрэг гүйцэтгүүлэгч тээврийн хэрэгслийг худалдан борлуулж өөрийн хохирлыг бодитойгоор бүрэн авахаар тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж тодорхойлсон байгаа боловч нэхэмжлэгч нь энэ талаар шаардлагыг гаргаагүй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.7 дахь заалтаар алдангийг 0,3 хувиар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүйгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсонд нийцэж байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,077,622 төгрөг, 2 сарын хүүний төлбөрт 407,762 төгрөг төлөх үүргээ зөрсөн байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 4,485,384 төгрөгийн 0,3 хувиар буюу хоногт 13,456 төгрөг, 2020.09.15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 8 сарын хугацааны алданги нь /13,456х240 хоног/ нийт 3,229,476 төгрөг тооцох үндэслэлтэй байна.

 

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж зааснаас хэтэрсэн байх тул 4,485,384 төгрөгийн тал хувь 2,242,692 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хуульд нийцүүллээ.

 

Иймд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд /4,485,384+407,762+2,242,692/ нийт 7,135,838 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 978,631 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагчид шүүхээс энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2020.09.28-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 144,782 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129,123 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 144,782 төгрөг төлсөн байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзул нь тэмдэгтийн хураамжид 144,782 төгрөгийг илүү төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар орлогоос гаргуулж, буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,135,838 /долоон сая нэг зуун гучин таван мянга найман зуун гучин найм/ төгрөг гаргуулан, “Б” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 978,631 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 144,782 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 129,123 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Э.Энхзулаас хураамжид 144,782 төгрөг төлснийг орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ