Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/хт2024/00003

 

 

Т.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 145/ШШ2023/00358 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 204/МА2023/00021 дүгээр магадлалтай,

Т.Дгийн нэхэмжлэлтэй,

Ц.Д, М.А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 15,122,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д /цахимаар/, хариуцагч Ц.Дын өмгөөлөгч П.А /цахимаар/, хариуцагч М.А, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Д нь Ц.Д, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 15,122,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 145/ШШ2023/00358 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасаар хариуцагч М.Аоос 7561000 төгрөг, хариуцагч Ц.Даас 7561000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Аоос 116780 төгрөг, Ц.Даас 116780 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 204/МА2023/00021 дүгээр магадлалаар: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 145/ШШ2023/00358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Аоос 7561000 төгрөг, хариуцагч Ц.Даас 7561000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгосугай.” гэснийг “1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Дгийн хариуцагч М.А, Ц.Д нараас 15122000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...хариуцагч М.Аоос 116,780, Ц.Даас 116,780 нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг “2. Нэхэмжлэгч Т.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, хариуцагч Ц.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Т.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Д би хариуцагч Ц.Д, М.А нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 204/МА2023/00021 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Ц.Д, М.А нартай 20,000,000 төгрөг зээлэхээр болж зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Улмаар өөрийн 0 тоот данснаас 6 удаагийн гүйлгээгээр хариуцагч М.Аын 1 тоот данс руу шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүйгээр зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Аоос 7,561,000 төгрөг, хариуцагч Ц.Даас 7,561,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч надад олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нар нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд надаас мөнгө зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин буцаан төлөх асуудлыг хариуцагч Ц.Д нь М.Аыг төлөх ёстой гэж, хариуцагч М.А нь Ц.Дыг төлөх ёстой гэж тайлбарлаж маргадаг. Хариуцагч нар нь надаас мөнгө зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Т.Дгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын12-ны өдрийн 001/ШХТ2023/01437 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Т.Дгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Ц.Д, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15,122,000 төгрөг болгон багасгаж, үндэслэлээ “...2018 оны 09 сард хариуцагч нарт 6 удаагийн гүйлгээгээр мөнгийг өөрийн данснаас шилжүүлсэн, ... 2018.11.27-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар батлуулсан, ... хариуцагч нар хамтдаа хэлцэл хийж мөнгийг авсан, ...эрүүгийн хэргийн журмаар шалгагдаад иргэд хоорондын хэрэг гэж үзэж шийдвэрлээгүй ...” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч М.А “... уг мөнгийг Ц.Дд дамжуулж өгсөн, Т.Д, Ц.Д нар нь мөнгөө хамтран өсгөх нэрийн дор миний оролцоогүй 3 сар хэн хэндээ өгөлцөж явсан, уг мөнгийг аваагүй, 5-6 сая төгрөг өгсөн, ...одоо үлдсэн мөнгөө Ц.Даар төлүүлж авах ёстой...” гэж, хариуцагч Ц.Д “ ... миний дансны хуулга, аудитын дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэргийн журмаар шийдэгдсэн, ... энэ нэхэмжлэл нь Т.Д, М.А нарт холбоотой асуудал тул надад хамааралгүй, М.А бид 2 гарын үсэг зурж авсан боловч би М.Ат мөнгийг өгсөн...” гэж тус тус маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “...Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгчээс гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй, ...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна...” гэж дүгнэн, хариуцагч тус бүрээс 7,561,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ц.Дын давж заалдах журмаар гаргасан гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй бол зээлдэгч буюу хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүрэггүй, ...нэхэмжлэгч 6 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй буюу зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч гэрээний дагуу буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн.

10. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргийг өөр өөрөөр хэрэгжүүлсэнээс зээлийн гэрээний дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо зөрүүтэй дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцэх үндэслэл болсон.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч М.А, Ц.Д нарт нийт 20,000,000 төгрөгийг зээлүүлж, зээлийн гэрээг 2018.11.27-ны өдөр бичгээр байгуулж, гэрээнд зааснаар 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй буцааж төлөхөөр тохиролцсон, мөнгийг хариуцагч М.Аын дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч М.Аын бусдаас авах авлага 4,878,000 төгрөгийг авч, зээлээс уг мөнгийг хассан дүнгээр нэхэмжлэлээ гаргасан үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзсэн нь зөв боловч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнд заасан мөнгийг хариуцагч нарт шилжүүлээгүй тул буцаан шаардах эрхгүй гэж үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг буруу хэрэглэсэн.

Хариуцагч нар хэрэгт авагдсан зээлийн гэрээний талаар болон нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөг зээлж авсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү зээлийг хэн хариуцаж төлөх байсан талаар маргасан болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй буюу маргааны үйл баримтыг буруу тогтоосноос магадлал үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу үүргийг шаардах эрхтэйгээс гадна хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзсэн нь Иргэний хуулийн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т нийцсэн, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөв хэрэглэжээ.

Иргэний хуулийн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үздэг.

Хариуцагч М.А, Ц.Д нар нь нэхэмжлэгчийн буюу зээлдүүлэгчийн өмнө хамтран үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгчид болох нь зохигчийн хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлдэгч нарын хэн алины хүлээх үүргийг тусгайлж тодорхойлоогүй, энэ талаар тохиролцоогүй тул зээлдүүлэгчийн өмнө зээлдэгч нар буюу хариуцагч М.А, Ц.Д нар аль аль нь үүргийг бүхэлд нь хариуцна.

Энэ утгаараа нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагч нараас бүхэлд нь шаардах эрхтэй боловч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буюу хариуцагч нар хамтран хүлээх үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар хоорондоо харилцан тохиролцоогүйг харгалзан Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасныг хэрэглэж үүргийг тэнцүү хуваарилсныг буруутгах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх хариуцагч нарын үүргийг хуваарилахдаа нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч М.Аын бусдаас авах авлага 4,878,000 төгрөгийг авч, нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгасан байгааг анхаараагүй, түүний үүргээс төлөгдсөн мөнгийг хасч тооцоогүй байна.

Иймээс хариуцагч М.Аоос 5,122,000 төгрөг, хариуцагч Ц.Даас 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулна.

13. Хариуцагч Ц.Дын энэ зээлийн гэрээтэй холбоотой маргааныг эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэсэн гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

Энэ нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.17-ны өдрийн 2022/ШШТ/164 дугаартай шийтгэх тогтоолд зааснаар “...гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй...” гэсэн үндэслэлээр Т.Дгийн эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлээс зээлийн гэрээний үлдэгдэл 15,122,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзээгүй байна.

Иймээс зохигчийн хооронд 2018.11.27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч нараас нэхэмжилж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гаргасан нь буруу биш, маргааныг өмнө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.

14. Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 204/МА2023/00021 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 145/ШШ2023/00358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч М.Аоос 7561000 төгрөг, хариуцагч Ц.Даас 7561000 төгрөгийг...” гэснийг “хариуцагч М.Аоос 5,122,000 төгрөг, хариуцагч Ц.Даас 10,000,000 төгрөгийг” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч М.Аоос 116780 төгрөг, хариуцагч Ц.Дэмбэрнямаас 116780 төгрөгийг...” гэснийг “хариуцагч М.Аоос 96,902 төгрөг, хариуцагч Ц.Даас 174,950 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Дгийн 2023.11.15-ны өдөр төлсөн 233,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

    ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД