| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0095/э |
| Дугаар | 0099 |
| Огноо | 2017-04-12 |
| Зүйл хэсэг | 096.2.1, |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 0099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Н.Хулан
Иргэдийн төлөөлөгч Г.Пүрэвдулам
Улсын яллагч Т.Г-
Хохирогч Ц.Г-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-од холбогдох 201714000045 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ээрмэлийн туслах мастер мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, гавъяа шагналгүй, урьд нь 2015 оны 04 сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх Л овгийн Б-гийн Э- /РД:/
Холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Э- нь 2017 оны 01 сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр сум ** багийн ** тоотод архи ууж согтуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн Ц.Г-ыг танхайн сэдэлтээр хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Галаа ах бид 2 хуурай ах дүүс. Манайд, эмээгийнд ирээд хонож өнжөөд л явж байдаг.Тэр өдөр архинд явна гээд өөрөө уурлаад байсан, би архинд явуулахгүй гэхэд уурлаад намайг зуураад сэгсрээд байсан. Ц-, манай авгайн дүү тэр 2 харж л байсан. Би та 2 ядаж түргэн дуудаад өгөөч гэж 2 ч удаа хэлсэн.Тэгэхэд тэр 2 Ц-гийнх руу гүйгээд орчихсон. Би буцаж ирээд Галаа ахаа би таныг хутгалчихлаа гэхэд Галаа ах толгой дохисон. Би энэ хүнийг хутгалсан буруугаа хүлээж байна. Би энэ хүнээс уучлалт гуйсан. Би хүн амьтантай уулзъя, гэр орныхонтойгоо уулзъя гэж байцаагчдаа хүсэлт гаргахад намайг уулзуулахгүй байсан. Чамайг 10 жил шоронд хатаана гэсэн. Байцаагч миний хувцсыг шинжилгээнд явуулна гээд одоо болтол өгөөгүй. Би хувцасгүй байна, тавчиктай хуралд ирсэн. Эцэст нь хэлэхэд тэр эмээг харж хандах хүн байдаггүй, би эндээс шууд яваад өгөх юм бол тэр эмээ рүү асрагч явуулах арга байдаг юм болов уу гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Ц.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид архи уухын хувьд уусан. Яг тэр хутгалах үед бол та 2 харих болоогүй юм уу гэхэд нь за гээд боссон.Тэгэхэд Э- босохгүй байсан.Тэгээд л дүрсэн. Тэгээд чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд зуурч авсан. Хутгалахын хувьд бол яг хутгалсан. Би гомдол саналгүй, эрүүл мэндийн талаар гарсан зардал, эмнэлгийн мөнгө, өмсөж байсан хувцас зэрэг 3 сая төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн 3 сая төгрөгийн баримтаа шүүхэд өгөөгүй байгаа гэсэн мэдүүлэг,
3. Гэрч Т.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 сарын 10 ны өдөр миний хуурай ах Г- манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт хоносон. Маргааш өдөр нь манай гэрт Г- ах бид хоёр архи ууж өнжсөн. Орой нь Г- ах манайхаас гараад явсан. Дөрөв дэх өдрийн өглөө буюу өчигдөр өглөө Г- ах, О-, Ц- гурав манай гэрт бэлэн гоймон, архи аваад орж ирсэн. Тэр гурав орж ирээд Б- эмээ таныг хүрээд ир гэсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар Б- эмээгийн гэрт орж нөгөө архиа уусан. О- хоол цай хийж өгөөд сүрхий байсан. Тэгээд архи ууж байгаад би нэлээд согтсон байсан. Нэг сэрсэн чинь Г- ах ёо ёо намайг О- хутгалчихлаа шүү дээ гээд зуухны баруун талд шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би эмнэлэг рүү дуудлага өгсөн. О- намайг эмнэлэг рүү дуудлага өгөөд удаагүй байхад гэрээс гараад явчихсан. Түүнээс хойш их удаагүй эмнэлэг ирээд Г- ахыг аваад явсан. Түүний дараа цагдаа нар ирсэн. Тэд нарыг архи уусан байсан эсэхийг нь би сайн мэдээгүй. Урд өдөр нь би архи уусан, миний уусан архи гүйцэд гараагүй согтуугаараа байсан. Б- эгчийн гэрт Г- ах, О-, Ц- бид хэд нэг шил 0,75 граммын архи хувааж уусан. Би архи ууж байснаа санаж байна. Нэг сэргэсэн чинь Г- ах пийшингийн баруун талд толгой нь хойд зүгт хараад хэвтэж байсан. Г- ах О- намайг хутгалчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би түргэн дуудсан чинь О- гараад явчихсан.... Бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болсон эсэхийг би мэдэхгүй байна. Яагаад гэвэл би согтсон байсан юм. О-гийн бүтэн нэрийг мэдэхгүй байна. Б- эмээгийн хүүхэд нь 2016 оны намар нас барсан юм. Түүнээс хойш О- гэж Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат гэх залуу Б- эмээгийн гэрт байгаад байдаг юм. Б- эмээ өндөр настай асаргаанд байдаг юм. Би өөрөө согтуу байсан болохоор О- яг хаанаас ямар хутга гаргаад Г- ахыг хутгалсныг мэдэхгүй байна. Бид нар миний мэдэж байгаагаар нэг шил архи хувааж ууж байсан. Миний урд өдрийн уусан архи гүйцэд гараагүй байсан болохоор амархан согтсон байна лээ. Г- ах урд нь ** багт амьдарч байсан. Бид нар нэг нэгийгээ эртнээс таньж мэднэ. Г- ах архи уусан ч эрүүл байсан ч сайхан зантай хүн. Харин О-гийн зан байдлын талаар хэлж мэдэхгүй байна. О- жоохон түргэн ширүүн зантай хүн шиг байна лээ гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,
4.Гэрч Х.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би ээж, эгч, дүү нарынхаа хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн хуучин тосгоны 7-25 тоотод оршин суудаг юм. Манай ** баг ** тоотод Б- гэж ганц бие өндөр настай эмээ амьдардаг юм. Б- эмээ өөрийн хүү Г- гэж хүний хамт гэртээ амьдарч байсан бөгөөд хүү нь 2016 оны 09 сард өвчний учир нас бараад Б- эмээ гэртээ ганцаараа үлдсэн. Энэ хэрэгт холбогдоод байгаа О- гэж залуу өөрөө оршин суух гэр орон байхгүй гээд Б- эмээгийн бүх юмыг нь хийгээд гэрт нь хань болоод амьдарч байгаа юм. 2017 оны 01 сарын 12 ны өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад Б- эмээгийн гэрт орсон чинь Б- эмээ, түүнтэй хамт амьдарч байгаа О-, урд нь манай тосгонд амьдарч байсан Ц.Г- гэж ах гурав байсан. О- нь хоол хийж байсан. Намайг орсон чинь Ц.Г- ах дэлгүүр ороод нэг шил архи аваад ирээч гэхээр нь би дэлгүүр ороод 0,5 литрийн Монгол стандарт нэртэй архи авч ирээд Ц.Г-, О- бид гурав хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад Ц.Г- ах өчигдөр Д- гэртээ ганцаараа үлдсэн очих уу гэхээр нь за тэгье гээд О- бид хоёр хамт явсан. Бид гурав Д- ахын гэр рүү явж байхдаа дэлгүүрээс хоёр уут бэлэн гоймон 0.75 граммын Ерөөл архи нэг шилийг аваад Д- ахын гэрт очсон. Д- ахын гэрт орсон чинь Д- ах дөнгөж босч байсан. Урд өдөр нь архи уусан гээд нэлээд шартсан байдалтай байсан. Д- ах гэртээ гал түлээгүй хүйтэн байхаар нь Б- эмээгийн гэр рүү явсан. Б- эмээгийн гэрт очоод Д- ахад хоол өгөөд нөгөө Ерөөл архиа Ц.Г-, С.Д-, О- бид дөрөв хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад Ц.Г- ах надтай хамт дэлгүүр явж дахин нэг шил 0,75 граммын Монгол стандарт нэртэй архи аваад мөн Б- эмээгийн гэрт Ц.Г-, С.Д-, О- бид дөрөв хувааж уусан.Тэр архи дуусч байхад Д-, Г- хоёр нэлээд согтоод Б- эмээгийн байшингийн баруун хойд талын орон дээр гараад хэвтэж байсан. Би ч тэгээд гараад явсан. О- суугаад үлдсэн. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Би Б- эмээгийн гэрээс гараад гэртээ очоод унтаж амарсан. Орой сэрсэн чинь ийм хэрэг болсон сураг гарч байсан. Тэгэхээр нь би орой нь Б- эмээгийн гэрт орсон чинь Б- эмээ би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан О- нэг хутга шөвөгний хэрэг хийчихлээ гэж хэлж байна лээ. Тэр өглөө намайг Б- эмээгийн гэрт ороход О-, Ц.Г- хоёр эрүүл байсан. Дөнгөж босоод хоол цай хийж байсан. Тэр өдөр О-, Ц.Г- ах бид гурав нэг шил 0,5 литрийн Монгол Стандарт архи, Д- ахыг Б- эмээгийн гэрт дагуулж ирээд бид дөрөв 0,75 граммын Ерөөл архи нэг шилийг, Монгол Стандарт нэртэй архи мөн нэг шилийг адил тэнцүү хувааж уусан. Бид нар архи ууж байхдаа ойр зуурын зүйл амьдрал ахуй болон Б- эмээгийн талийгаач хүүгийн талаар л ярьж байсан. Архи ууж байхад бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион юу ч болоогүй. Хэрүүл маргаан болох ямар нэгэн шалтагаан ч байгаагүй. Намайг Б- эмээгийн гэрээс гарах үед Ц.Г-, Д- хоёр нэлээд согтож байгаа бололтой байсан. Г-, Д- хоёр Б- эмээгийн байшингийн баруун хойд талын орон дээр хэвтэж байсан. О- суугаад үлдсэн. Би ойролцоогоор 12 цагийн орчим л Б- эмээгийн гэрээс гарч явсан байсан байх. Өөрөө цаг зүүдэггүй болохоор яг хэдэн цаг болж байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Би О- гэж хүний бүтэн нэрийг нь мэдэхгүй. Ямар ч байсан Булган аймгийн Сэлэнгэ суманд амьдарч байсан юм гэсэн. О- нь Б- эмээгийн талийгаач хүү Г-той найз байсан гээд эмээтэй хамт амьдарч байгаа юм. О- ах даруухан хүнд тусархаг, ажилсаг, ямар ч ажилд сайн хүн байгаа юм. Одоо бол тэр асаргааны эмээгийн шээс баасыг зөөж бүхий л юмыг нь хийж байсан шүү дээ. Сайн хүн. Ц.Г- ах ч гэсэн хэн хүнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийгээд байх хүн биш. Настай даруухан хүн шүү дээ гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,
5.Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б- овогтой Э- нь миний төрсөн эгч Л- гэж хүнтэй сүүлд 1990 ээд оны үед гэр бүл болон Булган аймгийн Сэлэнгэ суманд амьдарч байсан миний хүргэн ах болох хүн байгаа юм. Б.Э- ах, Л- эгч хоёрын дундаас гарсан хүүхэд байхгүй. Энэ хоёр хүн салаад тус тусдаа амьдараад хоёр жил гаран болж байна. Одоо миний эгч өөрийн хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Б.Э- ах өөрийн гэсэн орон гэргүй бөгөөд сүүлд манай гэрийн ойролцоо байх Б- гэж эмээгийн гэрт түүнтэй хамт амьдарч байсан. Б- эмээгийн хүүхэд Г- гэж хүн байж байгаад 2016 оны 09 сард өвчний учир нас барсан юм. Г-, Э- нар нь найзууд байсан гэсэн. Тэр холбоогоороо эмээтэй хамт байсан. Энэ хэрэг болсон өдрийн өглөө 10 цагийн орчим би Б- эмээгийн гэрт орсон чинь Э- ах, гэр нь манай тэр хавьд байдаг Д- гэж хүн, Б- эмээ гурав байсан. Э-, Д- хоёр архи уучихсан халамцуу байдалтай байсан. Г-, Э- хоёр архи авах гээд дэлгүүр явсан гэж байсан. Би тэдний гэрт их удаагүй гарсан. Би Б- эмээгийн гэрээс гараад ** багийн Шинэ тосгонд байдаг дүүгийнхээ гэрт очиж байж байгаад эргээд ирсэн чинь манай гудамжинд цагдаагийн машин ирчихсэн цагдаагийн хүмүүс Б- эмээгийн хашаагаар яваад байсан. Намайг гэр рүүгээ орох гээд байж байсан чинь цагдаагийн ажилтан намайг дуудаж уулзаад энэ хэргийн талаар асууж байсан чинь Э- ах өөрөө манай хашаанаас гараад ирсэн. Тэгээд түүнийг цагдаа саатуулсан. Манай байшингийн зүүн тал цустай хутга хаясан байсныг нь цагдаа нар хэмжилт хийгээд аваад явсан. Манай хашаанд хэвтэж байсан хутгыг би харсан. Тэр хутга чинь Б- эмээгийн хутга. Э- ах саяхан хүнсний юм авах үедээ нэг хутга авлаа гээд харуулж байсан тэр хутга байна лээ. 2017.01.05 ны өдөр тэр хутгыг авсан байх шүү. Эмээгийн тэтгэвэрийг аваад л авсан юм. Тэр архи уусан халамцуу байсан. Гэхдээ тийм их согтуу байгаагүй. Тэр хоёр шөнөжин архи уусан юм л яриад байсан шүү. Гэхдээ хаана хэн нь шөнөжин архи уусныг мэдээгүй. Б.Э- ах тархи толгойны гэмтэлтэй архи уухаараа ярьж чадахгүй гацаад ээрээд байдаг. Түүнээс өөр муухай зан ааш байхгүй. Ц.Г- ах архи уусан үедээ инээж хөхөрөөд л явж байдаг шүү дээ гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/
6. Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би одоо бол ганц бие. Өөрийн төрсөн хүү Г- гэж хүний хамт амьдарч байсан. Хүү минь 2016 оны намар өвчний учир нас барсан. Миний хүү Г-ийн багын найз О- гэж залуу намайг хүүгээс минь хойш асарч, харж байсан юм. Энэ хэрэг болсон өдөр О-, Г-. Д-. Ц- эд нар манай гэрт архи уусан. Архи ууж байгаад Д- нь согтоод О-гийн орон дээр хэвтээд унтаад өгсөн. Тэгсэн чинь Г- нь Д-г явъя гээд татаад босгох гээд байсан чинь Д- нь байж бай, байж бай гээд унтаад байсан. Тэгж байтал О- гэнэт хутга аваад Г-ыг хутгалсан. Галмнадах байшингийн үүдний хэсэгт уначихсан. Тэгээд Д-г дуудаж байгаад эмнэлэг дуудуулсан. Удаагүй эмнэлэг ирээд Г-ыг аваад явсан. Хэрэг болох үед Д- О-гийн орон дээр унтаж байсан. Би өөрөө орон дээрээ сууж байсан. Г-. О- бид нар байсан. Энэ хэрэг болохоос өмнө Ц- гараад явчихсан байсан. О-гийн нэрийг би сайн мэдэхгүй юм. Энэ хэргээс хойш сонсож байхад Э- гэж байх шиг байна лээ. О- Г-ыг яагаад хутгалсныг мэдэхгүй байна. О-, Г- хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Зүгээр байж байгаад л хутгалчихсан. Манайх хэрэг болохоос өмнө шинэ хутга авсан байсан юм. Тэр хутгаар л хутгалсан байх. Яг хаана нь хутгалсныг тодорхой хараагүй. Гэдэс рүу нь хутгалах шиг болсон. Б.Э- нь миний талийгаач хүү Г-ийн багын найз байгаа юм. Миний хүүг нас барснаас хойш намайг асарч надтай хамт амьдарч байсан юм. Хэрэг болох үед эд нар архи уусан байсан. Нэлээд архи уусан байх.Б.Э- нь их сайхан сэтгэлтэй хүн. Би өөрөө босч явж чаддаггүй байнга л хэвтэрт байдаг. Өдөртөө босч суудаг юм. Миний шээс баасыг зөөгөөд тэтгэвэр, асаргааны мөнгийг минь аваад миний хоол, цайг хийж өгөөд, түлэх, түлээ, уух усыг минь ойртуулж өгөөд хамт амьдарч байсан. Ачтай буянтай хүүхэд.Сайн хүүхэд шүү дээ. Би одоо харах хандах хүн байхгүй яах юм бэ. Яагаад ийм хэрэг хийчихэв дээ гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,
7.Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энэ хэргийн холбогдогч Б- овогтой Э- гэж хүнийг би зүс таних юм. Б.Э- нь миний нөхрийн төрсөн эгч Ж.Л- гэж хүнтэй хамт Булган аймгийн Сэлэнгэ суманд гэр бүл болон амьдарч байсан. Намайг 2010 онд энэ айлын бэр болж ирэхэд л Б.Э- гэж хүн байсан. Түүнээс хойш нэг жилийн дараа гэхэд л Б.Э-, Ж.Л- хоёр салсан юм. Одоо Ж.Л- нь Улаанбаатар хотод хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Б.Э- нь Ж.Лхагвасурэн эгчээс салаад хаана амьдарч байсныг нь тодорхой мэдэхгүй байна. Б.Э-ын төрөл садан нь Булган аймгийн Сэлэнгэ суманд л байдаг байх. 2016 онд Б.Э-ыг манай багийн ** тоотод оршин суудаг Б- гэж эмээгийн гэрт ирээд амьдарч байна гэж хүмүүсээс сонсож байсан. Б- нь 82 настай эмээ байдаг бөгөөд өөрийн хүү Г- гэж залуугийнхаа хамт амьдарч байсан. Б- эмээгийн хүү Г- нь хөдөлмөрийн чадвар алдалтын 90 хувьтай бусдын байнгын асаргаанд байсан. Ажлаа хийгээд Б- эмээгийнд очиж байхад Б.Э- нь Б- эмээ болон түүний хүү Г- нарыг асарч гэрт нь амьдарч байсан. Б.Э-, Г- хоёр нь найз нөхдийн холбоотой юм гэсэн. Б- эмээгийн хүү Г- 2016 оны 09 сард нас бараад түүнээс хойш Б.Э- энэ хэрэг болох хүртэл Б- эмээг асарч гэрт нь амьдарч байсан. Болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Б- эмээгийн гэрт ажлаар ороод гарах үед Б- эмээ Б.Э-ыг О- гээд дуудаад байдаг юм байна лээ. Өөр нэрийг нь мэдэхгүй. Б.Э-ын зан байдлын талаар тодорхойлж хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Ж.Л- эгчтэй амьдарч байх хугацаанд түүнийг архи уудаг гэж сонсож байсан. Яагаад гэр бүл салсныг мэдэхгүй. Б- эмээ 82 настай. Б- эмээ өөрөө босч явж чадахгүй болохоос үнэн зөв мэдүүлэг өгнө. Өөрөө яриад хүнтэй ойлголцож чадна. Хараа сайтай. Сэтгэцийн хувьд эрүүл. Ер нь насны доройтолд л орж байгаа юм гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,
8. Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн түргэн тусламжийн төвийн жолоочоор ажилладаг юм. 2017 оны 01 сарын 12 ны өдөр би ажилтай байсан. Тэр өдөр үдийн цайны цагаар байх Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** тоотод хүн үхэх гээд байна гэсэн дуудлага ирсэнийг хүлээн аваад жижүүр эмч Батзаяагийн хамт очсон. Дуудлага өгсөн хаяг дээр очоод дуут дохио өгсөн чинь 50 орчим насны толгойдоо үстэй малгай өмссөн, дээгүүрээ үстэй дотортой шаргал өнгийн богино куртик өмссөн туранхай, шар царайтай эрэгтэй хүн гарч ирсэн. Тэр хүн гарч ирээд энд согтуу хүмүүс архи уугаад байна гэж хэлчихээд урд талын гудмжинд байх нарийн гудамж руу алхаад явсан. Эмч Батзаяа тэр айл руу түрүүлж ороод намайг дуудсан. Тэгэхээр нь араас нь яваад орсон чинь тэр хашаанд байсан жижиг байшингийн дотор үүдэнд нь 50-60 орчим насны болов уу гэмээр эрэгтэй хүн хэвлий, гуя орчим нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Тухайн өвчтөн нь би үхлээ гээд байсан. Тухайн байшин дотор өвчтөнөөс гадна мөн 50-60 орчим насны болов уу гэмээр эрэгтэй хүн согтуу орон дээр сууж байсан. Байшингийн зүүн хойд хэсэгт байх орон дээр нэг эмээ сууж байсан. Өвчтөнөөс хэн хутгалсан юм бэ гэж асуусан чинь тодорхой юм хэлээгүй. Та өөрөө босоод явж чадах уу гэсэн чинь чадна гэсэн. Эмч анхан шатны үзлэг хийж боолт хийгээд өвчтөнийг хөлөөр нь авч яваад эмнэлэг дээр очсон. Туранхай, шар царайтай, 50 орчим насны эрэгтэй хүн гарч ирсэн. Тэр хүн архи уучихсан согтуу байсан. Тэр хүн толгойдоо үстэй малгай өмссөн, дээгүүрээ үстэй дотортой шаргал өнгийн богино куртик өмссөн байсан. Тэр хүн бид нарт энд согтуу хүмүүс архи уугаад байна гэж хэлээд урд талынх нь гудамжинд байх нарийн гудамжийг чиглээд явсан. Өвчтөн маш их өвчин зовиуртай байх шиг байсан. Архи уусан байсан. Гэхдээ хүний ярьж байгаа үгийг ойлгож байсан. Хажууд нь байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тодорхой юм яриагүй гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,
9.Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт: Ц.Г-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт,зүүн цавинд шарх үүсчээ. Дээрх гэмтлүүд нь үзүүр иртэй зүйлийн, тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ямар ч байрлалд байхад нь учирсан байж болно.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна, Дээрх гэмтлүүдийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 29 ху/,
10.Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэнд: ...Б.Э-ын цусанд этилийн спирт 4.4 % промилт процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 34 ху/,
11.Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч Б.Э- нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн нутаг дэвсгэрт ** тоотод иргэн Ж.Б-ын гэрт архи ууж согтуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр уламжлагдан ирсэн зан заншлийг үл тоомсорлон хохирогч Ц.Г-ыг танхайн сэдэлтээр хутгалж бие махбодид нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт,зүүн цавинд шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүцүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Г-ын “...Бид архи уухын хувьд уусан. Яг тэр хутгалах үед бол та 2 харих болоогүй юм уу гэхэд нь за гээд боссон.Тэгэхэд Э- босохгүй байсан.Тэгээд л дүрсэн.Тэгээд чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд зуурч авсан. Хутгалахын хувьд бол яг хутгалсан” гэсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Д-, Х.Э-, Ж.Б- нарын мэдүүлгүүд, 14, 20 тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх 29, 34 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав нь зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүгдэгч Б.Э- нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн.Энд танхайрсан зүйл байхгүй, хохирогч эхлэж шүүгдэгчийг заамдаж түлхсэн байдаг. Энэ үйлдэлд нь шүүгдэгч дургүйцэж, хүндээр хүлээн авсан байхыг үгүйсгэхгүй. Гэрт өндөр настай Б- эмээ байсан. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж мэтгэлцэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр Б.Э-ын дээрхи үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, субьектив талын хувьд бусдыг илтэд үл хүндэтгэсэн танхайн сэдэлтийг агуулсан байх тул аймгийн прокурорын газраас түүнд ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсгийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.Э-од ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Ц.Г- нь гэм хорын хохиролд 3 сая төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн даавуун хүрэм, хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболк, улаан өнгийн судалтай нимгэн цамц, дугуй захтай улаан хүрэн өнгийн ноосон цамц, хар өнгийн биеийн тамирын өмд 2 ширхэг, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн даавуун өмд, урт түрийтэй хос гутал, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л овгийн Б-гийн Э-ыг танхай сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 7 /долоо/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Э-од оногдуулсан 7 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн даавуун хүрэм, хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболк, улаан өнгийн судалтай нимгэн цамц, дугуй захтай улаан хүрэн өнгийн ноосон цамц, хар өнгийн биеийн тамирын өмд 2 ширхэг, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн даавуун өмд, урт түрийтэй хос гутал, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Ц.Г-ын гаргасан 3 000 000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
С.ЦЭРЭНХАНД