| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2017/0010/з |
| Дугаар | 125/ШШ/2017/0024 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 125/ШШ/2017/0024
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЗХ .... дугаар ангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө 30м2 орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлснийг хүчин төгөлдөр бусад тооцож, улсын бүртгэлд бүртгэгдсэн 0075611 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б , түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.... дугаар анги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө 30м2 орон сууцыг З.... дугаар ангид албан хаагчид амьдрах зорилгоор Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас тус орон сууцны мөнгө шийдэгдэж албан хэрэгцээнд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Д.Батболдоос худалдаж авсан. Тус ангид 2000-2004 онд Штабын даргаар ажиллаж байсан (пю65041916) Ц.Б нь 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө 30м2 орон сууцыг өөрөө худалдаж авснаар улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн 0075611 тоот гэрчилгээг авч гэр бүлийн гэрчилгээ авсан байна. Дээрх орон сууцыг ангийн бүртгэл, дансанд оруулалгүйгээр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр эмч Д.Батболдтой худалдах, худалдан авах гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж З.... дугаар ангийн өмч болох орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж авсан байдаг.
З.... дугаар ангийн орон сууцны комиссын шийдвэрээр тус орон сууцанд З.... дугаар ангийн Тагнуулын албаны дарга дэд хурандаа Х.Пүрэвдоржийг 2010 онд гэр бүлийн хамт амьдруулахаар шийдвэрлэсэн бөгөөд штабын даргаар ажиллаж байсан Ц.Б нь уг орон сууцнаас Х.П-ийг чөлөөлөх хүсэлтийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг ангийн зүгээс мэдэж Оюуны өмч улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу танай шүүхэд хандаж байгаа болно.
Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө 30м2 орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлснийг хүчин төгөлдөр бусад тооцож, улсын бүртгэлд бүртгэгдсэн 0075611 дугаар гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой бичсэн байгаа. Би 2007 онд сургуулиа төгсөж Ховд аймагт ирсэн. Би өөрөө энэ байранд амьдарч байсан. Тухайн үед манай байгууллага нийгмийн байдлыг судалж үзээд хэнийг нь оруулахыг нь шийддэг байсан. З.... дугаар ангийн байрыг хувь хүн өмчлөх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. 2003 онд Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан хурандаа Сайнбаяр албаны байр цөөхөн байна гэж дүгнэлт гаргасан. Энэ байрыг 2003 онд Батлан хамгаалах яамны хурандаа Сайнбаяр худалдаж авсан байдаг. Тухай үед Б штабын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж худалдах худалдан авах гэрээ хийсэн. Би энэ байранд 2008 онд амьдарч байсан. Намайг амьдрахаас өмнө энэ байранд штабын дарга нар амьдардаг байсан. Тэгээд Б дарга шилжээд явсан. 2008 онд намайг амьдарч байхад өөр эзэмшигч дээр гэрчилгээ байхгүй байсан. Сүүлд хурандаа Пүрэвдорж энэ байрыг өгөхөд ийм асуудалтай гэдгийг нь олж мэдсэн. Тэрнээс өмнө албаны байр гэж бодож байсан. Иймд “Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө 30м2 орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ц.Б нарыг бүртгэсэн улсын бүртгэл, 0075611 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ нэхэмжлэлтэй холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг хянаж судалж үзлээ. Манай байгууллагын зүгээс шүүх хуралд оролцох болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллагыг хууль бус үйлдэл хийсэн гэж З.... дугаар анги хариуцагчаар татсан. Манай байгууллага нь иргэн хоорондоо гэрээ, хэлцэл хийгээд ирсэн тохиолдолд тухайн хөрөнгийг авч байгаа хүнд шилжүүлж өгөх үүрэгтэй байгууллага юм. Тухайн үед нотариатын гэрээг үндэслэж гэрчилгээг бичиж өгсөн. Бид нар мэдүүлгийг хүлээн авах үүрэгтэй учраас тухайн иргэнд гэрчилгээг нь бичиж өгсөн. Тухайн үед худалдах худалдан авах гэрээнд З.... дугаар ангиас ямар нэгэн нотлох баримт байгүй. З.... дугаар ангийн байр гэсэн нотлох баримт тухайн хувийн хэрэг дотор байдаггүй. 2003 онд хийсэн худалдах худалдан авах гэрээг үндэслэж гэрчилгээ олгосон. Тухайн гэрчилгээг устаж үгүй болсон тохиолдолд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар гэрчилгээг нь буцааж олгох боломжтой. Гэрчилгээ нь байгаа тохиолдолд манай байгууллагаас гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэн зөвшөөрсөн тохиолдолд гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй, тэрнээс биш гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Б нь 2008 оны 8 дугаар сараас 2005 оны 5 сар хүртэл З.... дугаар штабын даргаар ажиллаж байсан. Тухайн үед Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327-р ангиас гэр бүлийн хамт шилжин ирж Жаргалан багийн 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө байранд амьдарч байсан. Уг байр нь биднийг амьдарч эхлэх үед З.... дугаар ангийн эд хөрөнгийн дансанд бүртгэлгүй буюу З.... дугаарангийн өмч байгаагүй.Тиймээс бид Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Батлан хамгаалах яамнаас уг байрыг бидэнд хувьчилж өгөх буюу шилжүүлэн өгөхийг хүссэн өргөдөл, хүсэлтийг миний эхнэр Ж. С удаа дараа илгээснээр бидэнд шилжүүлэн өгөх талаар шийдвэр гарсан. Шийдвэр гарсны дараа буюу 2003 онд Нэгдсэн эмнэлгийн эмч Д.Батболдтой худалдах худалдан авах гэрээ байгуулан холбогдох журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж байсан.
Бид 2003 онд уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Хадгаламж банкинд барьцаалан зээл авсан. Зээл авсны дараагаар зохих хувийг эхнэр Ж.С-ийн найз аймгийн эмнэлэгт ажилладаг сувилагч н.Мягмарт зээлж, үлдсэн зээлийн төлөлтийг н.Мягмар хийхээр тохиролцсон боловч зээлийн цаг хугацаанд нь хийдэггүй байсан. Миний бие 2005 онд Эрдэнэт хотын Зэвсэгт хүчний 186-р ангид томилогдох үед уг байрны гэрчилгээ банкны барьцаанд байсан. Эхнэр Ж.С уг зээлийг төлөлтийг н.Мягмар төлүүлэн гэрчилгээгээ авах байсан боловч 2006 онд зуурдаар нас барсан. Тухайн үед миний хүүхдүүд болох Б.Ц , Б.Ц нар нь 17,12 настай хүүхдүүд байсан. Ингээд би хүүхдүүдээ авч УБ хотод амьдрах болсон. Хэсэг хугацааны дараа н.Мягмар нь зээлийн төлөлтийг барагдуулсан байсан. Зээлийн төлөлтийг барагдуулсан талаар сонссон боловч Хадгаламж банк татан буугдсан. Энэ хугацаанд би уг байрны гэрчилгээг авах талаар хөөцөлдсөөр байсан.
Ингээд 2016 онд охин Б.Ц нь Ховд аймагт өөрийн биеэр очин уг байрны гэрчилгээний хуулбар, лавлагаа болон холбогдох баримт, мэдээллийг Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан, Хадгаламж банкны эрх хүлээн авагч Төрийн банкнаас байрны гэрчилгээг шаардахад уг гэрчилгээг тухайн үед зээлийн төлөлтийг бүрэн барагдуулсны дараа 2006 онд З.... дугаар ангид өгсөн болохыг мэдсэн. Харин дараа нь дэд хурандаа Х.П-д байгааг мэдээд уг гэрчилгээг буцаан бидэнд өгөх талаар ярилцаад шийдвэрт хүрч чадаагүй тул Ховд аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан билээ.
Миний бие З.... дугаар ангид ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж эд хөрөнгө, бүртгэл санхүүтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд уг байрыг холбогдох газрын шийдвэр гарсны дагуу эхнэр Ж.С нь гэр бүлийн нэр дээр бүртгүүлсэн.
Хадгаламж банкнаас авсан зээлийн төлөлтийг 2006 онд төлж барагдуулсны дараагаар уг байрны гэрчилгээ Зэвсэгт хүчний 123-р ангид очсон байдаг. Бидний нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ З.... дугаарангид байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд улмаар 2010 онд дэд хурандаа Х.Пүрэвдоржийг гэр бүлийн хамт амьдруулахаар орон сууцны комисс хуралдан шийдвэрлэж, уг байрны гэрчилгээг Х.Пүрэвдоржид өгсөн.
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан цагаас хойш буюу 2006 оноос хойш өдийг хүртэл уг байр нь З.... дугаар ангийн өмчлөлийн байр хэмээн маргаж байгаагүй хэрнээ биднийг Ховд аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар уг байрны 0075611 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар 2017.02.14-ний өдөр гэрчилгээг авснаас хойш 11 жилийн дараа З.... дугаар анги нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна.
Энэхүү захиргааны хэргийн улмаас бидний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байна.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б , С нар энэ байрыг хуулийн дагуу гэрээ хийж худалдаж авсан нь үнэн гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.... дугаар анги бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэргийн харъяалал зөрчөөгүй. Би нэхэмжлэлийг буруу зөв гаргана гэсэн үндэслэлээр маргахгүй. З.... дугааранги манайх энэ байрыг 2003 онд худалдаж авсан гэх юмыг ярьдаг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2003 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлж, эргээд 2003 оны 07 дугаар сарын 28-ны өдөр банкны барьцаанд тавигдсан.Хавтас хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт нь 2000 онд гэрчилгээ гаргуулсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч 2003 онд худалдаж авсан гэж тайлбар хэлж байгаа. Магадгүй З.... дугааранги энэ байрыг худалдаж авахаар явж байсныг үгүйсгэх арга байхгүй. Гэтэл хэрэгт цугларсан баримтаар 2007 онд худалдаж авсан гэх баримт байхгүй байна. Баримт байхгүй байна гэдэг нь юугаар нотлогдож байна гэвэл Захиргааны хэргийн шүүх бүх нотлох баримтыг цуглуулсан байгаа. З.... дугаар ангийн байр гэдэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй. Нэхэмжлэгчийн нэг тал нь нотлогдож байх шаардлага гарч ирдэг. Үл хөдлөх гэрчилгээг Б албан тушаалаа урвуулж авсан гэдгийг бид нар өнөөдөр нотолж чадаагүй.
Харин З.... дугаар анги Б-ийг манай байрыг хувьдаа завшсан гэж эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулж хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. З.... дугаар ангийн байр мөн юм бол прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргаад явах байсан. Иргэний хэргийн шүүхэд гэрчүүд мэдүүлэг өгсөн байгаа. П мэдүүлэхдээ 2006 онд энэ байранд орсон. С бурхан болсны дараа Б шилжих болсон.
Б шилжих болсон чинь энэ байрыг яах уу гэдэг асуудал яригдсан юм шиг байна. Ийм хүмүүсийн өмч гэдгийг мэдсэн байгаа. 2006 оноос хойш бид нар хүний хувийн өмч дотор амьдарч байгаа гэдгийг мэдээд яваад байсан.
Тэгсэн хэрнээ бүхэл бүтэн 11 жил ямар нэгэн гомдол гаргаагүй. Зэвсэгт хүчний 123 дугаар анги энэ байрыг Ба-ийн байр гэдгийг шуудан банкнаас авсан 2 сая төгрөгний зээл авсан, өмчлөлийн гэрчилгээ шилжсэн үеэс мэдсэн. Эндээс үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Батболдын мэдүүлгээр 1.800.000 төгрөгийг увуулж цувуулаад өгсөн гэж мэдүүлдэг. З.... дугаар ангиас байр авсан бол байгууллагын данснаас мөнгө нь шилжигдээд явах байсан. З.... дугаар анги манай гэж маргаад боловч манай өмчний байр гэдгийг нотолж чадахгүй байгаа. Хэрэгт цуларсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр З.... дугаар ангийн байр гэдэг нь нотлогдохгүй байгаа. Хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа тайлбар хууль зүйн үндэслэлтэй юм. Улсын бүртгэлийн хэлтэс гэрчилгээг олгохдоо ямар нэгэн байдлаар хууль зөрчиж олгосон асуудал байхгүй.
Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардлагыг “Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө 30м2 орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ц.Баянмөнх нарыг бүртгэсэн улсын бүртгэл, 0075611 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.
Хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч З.... дугаар ангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч З.... дугаар ангиас өөрийн эзэмшил, ашиглалтанд байгаа Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө 30м2 орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ц.Б нарыг бүртгэж, үл хөдлөх эд хэргийн бүртгэлийн 0075611 дугаар гэрчилгээ олгосон нь хууль бус гэж маргана.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ”маргаан бүхий орон сууцыг анх байгууллагын албаны орон сууцны хэрэгцээнд зориулж дээд шатны байгууллагаас хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгснөөр эзэмшиж одоог хүртэл тус ангийн эзэмшилд байгаа учир байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө мөн учир өөр хэн нэгэн өмчлөх эрхгүй. Гуравдагч этгээд Ц.Б албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байгууллагын үл хөдлөх хөрөнгийг өөрийн хувийн өмч болгож авсан хууль бус юм.” гэж тайлбарлана.
Маргаан бүхий орон сууцны эзэмшлийн талаар талууд маргаагүй бөгөөд уг байрны хууль ёсны өмчлөгчийг бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай маргаж байгаа учир захиргааны хэргийн шүүхээс өмчлөгч, эзэмшигчийн талаар дүгнэлт хийх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.5-д тус тус зааснаар эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой үйл ажиллагааг бүртгэх бүртгэлийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг заавал улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан. Мөн хуулийн 13 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах, мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг, 14-15 дугаар зүйлд улсын бүртгэлийн байгууллагаас мэдүүлгийг шалгаж үзэж шийдвэрлэх ажиллагааг хуульчилжээ.
Хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий орон сууцын хувийн хэргээс үзвэл уг орон сууцыг Д.Б-ын гэр бүл хувьчилж авсан байсан бөгөөд уг орон сууцыг тухайн үед З.... дугаар ангийн штабын даргаар ажиллаж байсан Ц.Б тус байгууллагыг төлөөлж бус иргэний хувиар түүнтэй 2003 оны 07 сарын 22-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг[1] байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх ба 2003 оны 07 сарын 24-ний өдөр өмчлөгчийн эрхээ баталгаажуулахаар улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг[2] гаргаж мөн өдөр Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө 30м2 орон сууцны бүртгэлийн 0075611 дугаар гэрчилгээг[3] гаргуулж авсан байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.”,18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ” гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.” гэж тус тус заасан байх тул уг орон сууцны өмчлөгч нь Ц.Б нар гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагчаас тайлбарлахдаа “Д.Батболд, Ц.Б нарын байгуулж нотариатаар баталгаажсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн хуулийн дагуу улсын бүртгэлийг хийсэн, тус байгууллага нь өмчлөгчийн талаар шалгах үүрэггүй, мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичиг бүрэн тохиолдолд бүртгэх үүрэгтэй. Тухайн үед болон одоог хүртэл З.... дугаар ангиас уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлхээр мэдүүлэг гаргаж байгаагүй” гэж тайлбарлана.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх нь улсын бүртгэлийн зарчим гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”-ийг мэдүүлэгт хавсаргахаар 19 дүгээр зүйлийн 19.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тус тус заасан тул “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь орон сууц худалдан авч байгаа этгээдэд орон сууц өмчлөх эрх шилжсэнийг нотлох баримт бичиг үзэж улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд улсын бүртгэлийн байгууллагаас уг гэрээг үндэслэн Ц.Батболдыг Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө 30м2 орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс тухайн үед энэ талаар мэдээгүй гэх боловч Ц.Б-ийг өөр ажил, албан тушаалд томилогдон шилжих үед тодруулах боломжтой байсан, мөн түүнийг шилжиж явснаас хойш уг орон сууцыг барьцаалж банкнаас авсан зээлийн төлөлт дуусч, гэрчилгээг тус байгууллагад хүлээлгэж өгсөн байхад уг орон сууцны өмчлөгчийн асуудлын талаар маргаж байгаагүй буюу орон сууцны өмчлөгчийн талаар болон улсын бүртгэлд өөрчлөлт оруулах талаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн түүнчлэн уг орон сууцыг тус байгууллагын эд хөрөнгийн бүртгэл, тооллогод оруулан тоолж, бүртгэж байгаагүйг дурдах нь зүйтэй.
Иймд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хууль холбогдох тогтоомжид заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн19.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.... дугаар ангийн “Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын орон сууцны 80 тоот 2 өрөө 30м2 орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ц.Б нарыг бүртгэсэн улсын бүртгэл, 0075611 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ