Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 0099

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Н.Хулан

Иргэдийн төлөөлөгч Г.Пүрэвдулам

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Ц.Галмандах  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав  

Шүүгдэгч Б.Энхболд нарыг оролцуулан

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхболдод холбогдох 201714000045 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 06 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ээрмэлийн туслах мастер мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, гавъяа шагналгүй, урьд нь 2015 оны 04 сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх Ламын гэгээн овгийн Батхүүгийн Энхболд  /РД:ГИ65062216/

                                   Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Энхболд нь  2017 оны 01 сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр сум Баянцагаан багийн Хуучин Тосгоны 8-7 тоотод архи ууж согтуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн Ц.Галмандахыг танхайн сэдэлтээр хутгалж бие махбодид нь хүнд  гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Галаа ах бид 2 хуурай ах дүүс. Манайд, эмээгийнд ирээд хонож өнжөөд л явж байдаг.Тэр өдөр архинд явна гээд өөрөө уурлаад байсан, би архинд явуулахгүй гэхэд уурлаад намайг зуураад сэгсрээд байсан. Цогоо, манай авгайн дүү тэр 2 харж л байсан. Би та 2 ядаж түргэн дуудаад өгөөч гэж 2 ч удаа хэлсэн.Тэгэхэд тэр 2 Цогоогийнх руу гүйгээд орчихсон. Би буцаж ирээд Галаа ахаа би таныг хутгалчихлаа гэхэд Галаа ах толгой дохисон. Би энэ хүнийг хутгалсан буруугаа хүлээж байна. Би энэ хүнээс уучлалт гуйсан. Би хүн амьтантай уулзъя, гэр орныхонтойгоо уулзъя гэж байцаагчдаа хүсэлт гаргахад намайг уулзуулахгүй байсан. Чамайг 10 жил шоронд хатаана гэсэн. Байцаагч миний хувцсыг шинжилгээнд явуулна гээд одоо болтол өгөөгүй. Би хувцасгүй байна, тавчиктай хуралд ирсэн. Эцэст нь хэлэхэд тэр эмээг харж хандах хүн байдаггүй, би эндээс шууд яваад өгөх юм бол тэр эмээ рүү асрагч явуулах арга байдаг юм болов уу гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Ц.Галмандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид архи уухын хувьд уусан. Яг тэр хутгалах үед бол та 2 харих болоогүй юм уу гэхэд нь за гээд боссон.Тэгэхэд Энхболд босохгүй байсан.Тэгээд л дүрсэн. Тэгээд чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд зуурч авсан. Хутгалахын хувьд бол яг хутгалсан. Би гомдол саналгүй, эрүүл мэндийн талаар гарсан зардал, эмнэлгийн мөнгө, өмсөж байсан хувцас зэрэг 3 сая төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн 3 сая төгрөгийн баримтаа шүүхэд өгөөгүй байгаа гэсэн мэдүүлэг,

           3. Гэрч Т.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 сарын 10 ны өдөр миний хуурай ах Галмандах манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт хоносон. Маргааш өдөр нь манай гэрт Галмандах ах бид хоёр архи ууж өнжсөн. Орой нь Галмандах ах манайхаас гараад явсан. Дөрөв дэх өдрийн өглөө буюу өчигдөр өглөө Галмандах ах, Ооёо, Цогоо гурав манай гэрт бэлэн гоймон, архи аваад орж ирсэн. Тэр гурав орж ирээд Бадам эмээ таныг хүрээд ир гэсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар Бадам эмээгийн гэрт орж нөгөө архиа уусан. Ооёо хоол цай хийж өгөөд сүрхий байсан. Тэгээд архи ууж байгаад би нэлээд согтсон байсан. Нэг сэрсэн чинь Галмандах ах ёо ёо намайг Ооёо хутгалчихлаа шүү дээ гээд зуухны баруун талд шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Ооёо намайг эмнэлэг рүү дуудлага өгөөд удаагүй байхад гэрээс гараад явчихсан. Түүнээс хойш их удаагүй эмнэлэг ирээд Галмандах ахыг аваад явсан. Түүний дараа цагдаа нар ирсэн. Тэд нарыг архи уусан байсан эсэхийг нь би сайн мэдээгүй. Урд өдөр нь би архи уусан, миний уусан архи гүйцэд гараагүй согтуугаараа байсан. Бадам эгчийн гэрт Галмандах ах, Ооёо, Цогоо бид хэд нэг шил 0,75 граммын архи хувааж уусан. Би архи ууж байснаа санаж байна. Нэг сэргэсэн чинь Галмандах ах пийшингийн баруун талд толгой нь хойд зүгт хараад хэвтэж байсан. Галмандах ах Ооёо намайг хутгалчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би түргэн дуудсан чинь Ооёо гараад явчихсан.... Бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болсон эсэхийг би мэдэхгүй байна. Яагаад гэвэл би согтсон байсан юм. Ооёогийн бүтэн нэрийг мэдэхгүй байна. Бадам эмээгийн хүүхэд нь 2016 оны намар нас барсан юм. Түүнээс хойш Ооёо гэж Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат гэх залуу Бадам эмээгийн гэрт байгаад байдаг юм. Бадам эмээ өндөр настай асаргаанд байдаг юм. Би өөрөө согтуу байсан болохоор Ооёо яг хаанаас ямар хутга гаргаад Галмандах ахыг хутгалсныг мэдэхгүй байна. Бид нар миний мэдэж байгаагаар нэг шил архи хувааж ууж байсан. Миний урд өдрийн уусан архи гүйцэд гараагүй байсан болохоор амархан согтсон байна лээ. Галмандах ах урд нь Баянцагаан багт амьдарч байсан. Бид нар нэг нэгийгээ эртнээс таньж мэднэ. Галмандах ах архи уусан ч эрүүл байсан ч сайхан зантай хүн. Харин Ооёогийн зан байдлын талаар хэлж мэдэхгүй байна. Ооёо жоохон түргэн ширүүн зантай хүн шиг байна лээ гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

 

           4.Гэрч Х.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би ээж, эгч, дүү нарынхаа хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн хуучин тосгоны 7-25 тоотод оршин суудаг юм. Манай Баянцагаан баг хуучин тосгоны 8-7 тоотод Бадам гэж ганц бие өндөр настай эмээ амьдардаг юм. Бадам эмээ өөрийн хүү Ганзориг гэж хүний хамт гэртээ амьдарч байсан бөгөөд хүү нь 2016 оны 09 сард өвчний учир нас бараад Бадам эмээ гэртээ ганцаараа үлдсэн. Энэ хэрэгт холбогдоод байгаа Ооёо гэж залуу өөрөө оршин суух гэр орон байхгүй гээд Бадам эмээгийн бүх юмыг нь хийгээд гэрт нь хань болоод амьдарч байгаа юм. 2017 оны 01 сарын 12 ны өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад Бадам эмээгийн гэрт орсон чинь Бадам эмээ, түүнтэй хамт амьдарч байгаа Ооёо, урд нь манай тосгонд амьдарч байсан Ц.Галмандах гэж ах гурав байсан. Ооёо нь хоол хийж байсан. Намайг орсон чинь Ц.Галмандах ах дэлгүүр ороод нэг шил архи аваад ирээч гэхээр нь би дэлгүүр ороод 0,5 литрийн Монгол стандарт нэртэй архи авч ирээд Ц.Галмандах, Ооёо бид гурав хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад Ц.Галмандах ах өчигдөр Доржсүрэн гэртээ ганцаараа үлдсэн очих уу гэхээр нь за тэгье гээд Ооёо бид хоёр хамт явсан. Бид гурав Доржсүрэн ахын гэр рүү явж байхдаа дэлгүүрээс хоёр уут бэлэн гоймон 0.75 граммын Ерөөл архи нэг шилийг аваад Доржсүрэн ахын гэрт очсон. Доржсүрэн ахын гэрт орсон чинь Доржсүрэн ах дөнгөж босч байсан. Урд өдөр нь архи уусан гээд нэлээд шартсан байдалтай байсан. Доржсүрэн ах гэртээ гал түлээгүй хүйтэн байхаар нь Бадам эмээгийн гэр рүү явсан. Бадам эмээгийн гэрт очоод Доржсүрэн ахад хоол өгөөд нөгөө Ерөөл архиа Ц.Галмандах, С.Доржсүрэн, Ооёо бид дөрөв хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад Ц.Галмандах ах надтай хамт дэлгүүр явж дахин нэг шил 0,75 граммын Монгол стандарт нэртэй архи аваад мөн Бадам эмээгийн гэрт Ц.Галмандах, С.Доржсүрэн, Ооёо бид дөрөв хувааж уусан.Тэр архи дуусч байхад Доржсүрэн, Галмандах хоёр нэлээд согтоод Бадам эмээгийн байшингийн баруун хойд талын орон дээр гараад хэвтэж байсан. Би ч тэгээд гараад явсан. Ооёо суугаад үлдсэн. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Би Бадам эмээгийн гэрээс гараад гэртээ очоод унтаж амарсан. Орой сэрсэн чинь ийм хэрэг болсон сураг гарч байсан. Тэгэхээр нь би орой нь Бадам эмээгийн гэрт орсон чинь Бадам эмээ би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Ооёо нэг хутга шөвөгний хэрэг хийчихлээ гэж хэлж байна лээ. Тэр өглөө намайг Бадам эмээгийн гэрт ороход Ооёо, Ц.Галмандах хоёр эрүүл байсан. Дөнгөж босоод хоол цай хийж байсан. Тэр өдөр Ооёо, Ц.Галмандах ах бид гурав нэг шил 0,5 литрийн Монгол Стандарт архи, Доржсүрэн ахыг Бадам эмээгийн гэрт дагуулж ирээд бид дөрөв 0,75 граммын Ерөөл архи нэг шилийг, Монгол Стандарт нэртэй архи мөн нэг шилийг адил тэнцүү хувааж уусан. Бид нар архи ууж байхдаа ойр зуурын зүйл амьдрал ахуй болон Бадам эмээгийн талийгаач хүүгийн талаар л ярьж байсан. Архи ууж байхад бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион юу ч болоогүй. Хэрүүл маргаан болох ямар нэгэн шалтагаан ч байгаагүй. Намайг Бадам эмээгийн гэрээс гарах үед Ц.Галмандах, Доржсүрэн хоёр нэлээд согтож байгаа бололтой байсан. Галмандах, Доржсүрэн хоёр Бадам эмээгийн байшингийн баруун хойд талын орон дээр хэвтэж байсан. Ооёо суугаад үлдсэн. Би ойролцоогоор 12 цагийн орчим л Бадам эмээгийн гэрээс гарч явсан байсан байх. Өөрөө цаг зүүдэггүй болохоор яг хэдэн цаг болж байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Би Ооёо гэж хүний бүтэн нэрийг нь мэдэхгүй. Ямар ч байсан Булган аймгийн Сэлэнгэ суманд амьдарч байсан юм гэсэн. Ооёо нь Бадам эмээгийн талийгаач хүү Ганзоригтой найз байсан гээд эмээтэй хамт амьдарч байгаа юм. Ооёо ах даруухан хүнд тусархаг, ажилсаг, ямар ч ажилд сайн хүн байгаа юм. Одоо бол тэр асаргааны эмээгийн шээс баасыг зөөж бүхий л юмыг нь хийж байсан шүү дээ. Сайн хүн. Ц.Галмандах ах ч гэсэн хэн хүнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийгээд байх хүн биш. Настай даруухан хүн шүү дээ гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,

 

            5.Гэрч Ж.Батттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Батхүү овогтой Энхболд нь миний төрсөн эгч Лхагвасүрэн гэж хүнтэй сүүлд 1990 ээд оны үед гэр бүл болон Булган аймгийн Сэлэнгэ суманд амьдарч байсан миний хүргэн ах болох хүн байгаа юм. Б.Энхболд ах, Лхагвасүрэн эгч хоёрын дундаас гарсан хүүхэд байхгүй. Энэ хоёр хүн салаад тус тусдаа амьдараад хоёр жил гаран болж байна. Одоо миний эгч өөрийн хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Б.Энхболд ах өөрийн гэсэн орон гэргүй бөгөөд сүүлд манай гэрийн ойролцоо байх Бадам гэж эмээгийн гэрт түүнтэй хамт амьдарч байсан. Бадам эмээгийн хүүхэд Ганзориг гэж хүн байж байгаад 2016 оны 09 сард өвчний учир нас барсан юм. Ганзориг, Энхболд нар нь найзууд байсан гэсэн. Тэр холбоогоороо эмээтэй хамт байсан. Энэ хэрэг болсон өдрийн өглөө 10 цагийн орчим би Бадам эмээгийн гэрт орсон чинь Энхболд ах, гэр нь манай тэр хавьд байдаг Доржсүрэн гэж хүн, Бадам эмээ гурав байсан. Энхболд, Доржсүрэн хоёр архи уучихсан халамцуу байдалтай байсан. Галмандах, Эрдэнэцогт хоёр архи авах гээд дэлгүүр явсан гэж байсан. Би тэдний гэрт их удаагүй гарсан. Би Бадам эмээгийн гэрээс гараад Баянцагаан багийн Шинэ тосгонд байдаг дүүгийнхээ гэрт очиж байж байгаад эргээд ирсэн чинь манай гудамжинд цагдаагийн машин ирчихсэн цагдаагийн хүмүүс Бадам эмээгийн хашаагаар яваад байсан. Намайг гэр рүүгээ орох гээд байж байсан чинь цагдаагийн ажилтан намайг дуудаж уулзаад энэ хэргийн талаар асууж байсан чинь Энхболд ах өөрөө манай хашаанаас гараад ирсэн. Тэгээд түүнийг цагдаа саатуулсан. Манай байшингийн зүүн тал цустай хутга хаясан байсныг нь цагдаа нар хэмжилт хийгээд аваад явсан. Манай хашаанд хэвтэж байсан хутгыг би харсан. Тэр хутга чинь Бадам эмээгийн хутга. Энхболд ах саяхан хүнсний юм авах үедээ нэг хутга авлаа гээд харуулж байсан тэр хутга байна лээ. 2017.01.05 ны өдөр тэр хутгыг авсан байх шүү. Эмээгийн тэтгэвэрийг аваад л авсан юм. Тэр архи уусан халамцуу байсан. Гэхдээ тийм их согтуу байгаагүй. Тэр хоёр шөнөжин архи уусан юм л яриад байсан шүү. Гэхдээ хаана хэн нь шөнөжин архи уусныг мэдээгүй. Б.Энхболд ах тархи толгойны гэмтэлтэй архи уухаараа ярьж чадахгүй гацаад ээрээд байдаг. Түүнээс өөр муухай зан ааш байхгүй. Ц.Галмандах ах архи уусан үедээ инээж хөхөрөөд л явж байдаг шүү дээ гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/

 

            6. Гэрч Ж.Бадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би одоо бол ганц бие. Өөрийн төрсөн хүү Ганзориг гэж хүний хамт амьдарч байсан. Хүү минь 2016 оны намар өвчний учир нас барсан. Миний хүү Ганзоригийн багын найз Ооёо гэж залуу намайг хүүгээс минь хойш асарч, харж байсан юм. Энэ хэрэг болсон өдөр Ооёо, Галмандах. Доржсүрэн. Цогоо эд нар манай гэрт архи уусан. Архи ууж байгаад Доржсүрэн нь согтоод Ооёогийн орон дээр хэвтээд унтаад өгсөн. Тэгсэн чинь Галмандах нь Доржсурэнг явъя гээд татаад босгох гээд байсан чинь Доржсүрэн нь байж бай, байж бай гээд унтаад байсан. Тэгж байтал Ооёо гэнэт хутга аваад Галмандахыг хутгалсан. Галмнадах байшингийн үүдний хэсэгт уначихсан. Тэгээд Доржсүрэнг дуудаж байгаад эмнэлэг дуудуулсан. Удаагүй эмнэлэг ирээд Галмандахыг аваад явсан. Хэрэг болох үед Доржсүрэн Ооёогийн орон дээр унтаж байсан. Би өөрөө орон дээрээ сууж байсан. Галмандах. Ооёо бид нар байсан. Энэ хэрэг болохоос өмнө Цогоо гараад явчихсан байсан. Ооёогийн нэрийг би сайн мэдэхгүй юм. Энэ хэргээс хойш сонсож байхад Энхболд гэж байх шиг байна лээ.  Ооёо Галмандахыг яагаад хутгалсныг мэдэхгүй байна. Ооёо, Галмандах хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Зүгээр байж байгаад л хутгалчихсан.  Манайх хэрэг болохоос өмнө шинэ хутга авсан байсан юм. Тэр хутгаар л хутгалсан байх. Яг хаана нь хутгалсныг тодорхой хараагүй. Гэдэс рүу нь хутгалах шиг болсон. Б.Энхболд нь миний талийгаач хүү Ганзоригийн багын найз байгаа юм. Миний хүүг нас барснаас хойш намайг асарч надтай хамт амьдарч байсан юм. Хэрэг болох үед эд нар архи уусан байсан. Нэлээд архи уусан байх.Б.Энхболд нь их сайхан сэтгэлтэй хүн. Би өөрөө босч явж чаддаггүй байнга л хэвтэрт байдаг. Өдөртөө босч суудаг юм. Миний шээс баасыг зөөгөөд тэтгэвэр, асаргааны мөнгийг минь аваад миний хоол, цайг хийж өгөөд, түлэх, түлээ, уух усыг минь ойртуулж өгөөд хамт амьдарч байсан. Ачтай буянтай хүүхэд.Сайн хүүхэд шүү дээ. Би одоо харах хандах хүн байхгүй яах юм бэ. Яагаад ийм хэрэг хийчихэв дээ гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

 

            7.Гэрч Ц.Алтаннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энэ хэргийн холбогдогч Батхүү овогтой Энхболд гэж хүнийг би зүс таних юм. Б.Энхболд нь миний нөхрийн төрсөн эгч Ж.Лхагвасүрэн гэж хүнтэй хамт Булган аймгийн Сэлэнгэ суманд гэр бүл болон амьдарч байсан. Намайг 2010 онд энэ айлын бэр болж ирэхэд л Б.Энхболд гэж хүн байсан. Түүнээс хойш нэг жилийн дараа гэхэд л Б.Энхболд, Ж.Лхагвасүрэн хоёр салсан юм. Одоо Ж.Лхагвасүрэн нь Улаанбаатар хотод хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Б.Энхболд нь Ж.Лхагвасурэн эгчээс салаад хаана амьдарч байсныг нь тодорхой мэдэхгүй байна. Б.Энхболдын төрөл садан нь Булган аймгийн Сэлэнгэ суманд л байдаг байх. 2016 онд Б.Энхболдыг манай багийн хуучин тосгоны 8-7 тоотод оршин суудаг Бадам гэж эмээгийн гэрт ирээд амьдарч байна гэж хүмүүсээс сонсож байсан. Бадам нь 82 настай эмээ байдаг бөгөөд өөрийн хүү Ганзориг гэж залуугийнхаа хамт амьдарч байсан. Бадам эмээгийн хүү Ганзориг нь хөдөлмөрийн чадвар алдалтын 90 хувьтай бусдын байнгын асаргаанд байсан. Ажлаа хийгээд Бадам эмээгийнд очиж байхад Б.Энхболд нь Бадам эмээ болон түүний хүү Ганзориг нарыг асарч гэрт нь амьдарч байсан. Б.Энхболд, Ганзориг хоёр нь найз нөхдийн холбоотой юм гэсэн. Бадам эмээгийн хүү Ганзориг 2016 оны 09 сард нас бараад түүнээс хойш Б.Энхболд энэ хэрэг болох хүртэл Бадам эмээг асарч гэрт нь амьдарч байсан. Болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Бадам эмээгийн гэрт ажлаар ороод гарах үед Бадам эмээ Б.Энхболдыг Ооёо гээд дуудаад байдаг юм байна лээ. Өөр нэрийг нь мэдэхгүй. Б.Энхболдын зан байдлын талаар тодорхойлж хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Ж.Лхагвасүрэн эгчтэй амьдарч байх хугацаанд түүнийг архи уудаг гэж сонсож байсан. Яагаад гэр бүл салсныг мэдэхгүй. Бадам эмээ 82 настай. Бадам эмээ өөрөө босч явж чадахгүй болохоос үнэн зөв мэдүүлэг өгнө. Өөрөө яриад хүнтэй ойлголцож чадна. Хараа сайтай. Сэтгэцийн хувьд эрүүл. Ер нь насны доройтолд л орж байгаа юм гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,

 

            8. Гэрч Д.Соронзонболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн түргэн тусламжийн төвийн жолоочоор ажилладаг юм. 2017 оны 01 сарын 12 ны өдөр би ажилтай байсан. Тэр өдөр үдийн цайны цагаар байх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг хуучин тосгоны 8-7 тоотод хүн үхэх гээд байна гэсэн дуудлага ирсэнийг хүлээн аваад жижүүр эмч Батзаяагийн хамт очсон. Дуудлага өгсөн хаяг дээр очоод дуут дохио өгсөн чинь 50 орчим насны толгойдоо үстэй малгай өмссөн, дээгүүрээ үстэй дотортой шаргал өнгийн богино куртик өмссөн туранхай, шар царайтай эрэгтэй хүн гарч ирсэн. Тэр хүн гарч ирээд энд согтуу хүмүүс архи уугаад байна гэж хэлчихээд урд талын гудмжинд байх нарийн гудамж руу алхаад явсан. Эмч Батзаяа тэр айл руу түрүүлж ороод намайг дуудсан. Тэгэхээр нь араас нь яваад орсон чинь тэр хашаанд байсан жижиг байшингийн дотор үүдэнд нь 50-60 орчим насны болов уу гэмээр эрэгтэй хүн хэвлий, гуя орчим нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Тухайн өвчтөн нь би үхлээ гээд байсан. Тухайн байшин дотор өвчтөнөөс гадна мөн 50-60 орчим насны болов уу гэмээр эрэгтэй хүн согтуу орон дээр сууж байсан. Байшингийн зүүн хойд хэсэгт байх орон дээр нэг эмээ сууж байсан. Өвчтөнөөс хэн хутгалсан юм бэ гэж асуусан чинь тодорхой юм хэлээгүй. Та өөрөө босоод явж чадах уу гэсэн чинь чадна гэсэн. Эмч анхан шатны үзлэг хийж боолт хийгээд өвчтөнийг хөлөөр нь авч яваад эмнэлэг дээр очсон. Туранхай, шар царайтай, 50 орчим насны эрэгтэй хүн гарч ирсэн. Тэр хүн архи уучихсан согтуу байсан. Тэр хүн толгойдоо үстэй малгай өмссөн, дээгүүрээ үстэй дотортой шаргал өнгийн богино куртик өмссөн байсан. Тэр хүн бид нарт энд согтуу хүмүүс архи уугаад байна гэж хэлээд урд талынх нь гудамжинд байх нарийн гудамжийг чиглээд явсан. Өвчтөн маш их өвчин зовиуртай байх шиг байсан. Архи уусан байсан. Гэхдээ хүний ярьж байгаа үгийг ойлгож байсан. Хажууд нь байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тодорхой юм яриагүй гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

                       

9.Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт: Ц.Галмандахын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт,зүүн цавинд шарх үүсчээ.  Дээрх гэмтлүүд нь үзүүр иртэй зүйлийн, тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ямар ч байрлалд байхад нь учирсан байж болно.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна, Дээрх гэмтлүүдийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 29 ху/,

 

10.Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэнд: ...Б.Энхболдын цусанд этилийн спирт 4.4 % промилт процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт  /хх 34 ху/,

 

11.Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

 

Шүүгдэгч Б.Энхболд нь  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Хуучин Тосгоны 8-7 тоотод иргэн Ж.Бадамын гэрт архи ууж согтуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр уламжлагдан ирсэн зан заншлийг үл тоомсорлон хохирогч Ц.Галмандахыг танхайн сэдэлтээр хутгалж бие махбодид нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт,зүүн цавинд шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүцүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Галмандахын “...Бид архи уухын хувьд уусан. Яг тэр хутгалах үед бол та 2 харих болоогүй юм уу гэхэд нь за гээд боссон.Тэгэхэд Энхболд босохгүй байсан.Тэгээд л дүрсэн.Тэгээд чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд зуурч авсан. Хутгалахын хувьд бол яг хутгалсан” гэсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Доржсүрэн, Х.Эрдэнэцогт, Ж.Бадам нарын мэдүүлгүүд, 14, 20 тоот шинжээчийн  дүгнэлтүүд /хх 29, 34 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдхүүн дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав нь зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүгдэгч Б.Энхболд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн.Энд танхайрсан зүйл байхгүй, хохирогч эхлэж шүүгдэгчийг заамдаж түлхсэн байдаг. Энэ үйлдэлд нь шүүгдэгч дургүйцэж, хүндээр хүлээн авсан байхыг үгүйсгэхгүй. Гэрт өндөр настай Бадам эмээ байсан. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж мэтгэлцэж байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр Б.Энхболдын дээрхи үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, субьектив талын хувьд бусдыг илтэд үл хүндэтгэсэн танхайн сэдэлтийг агуулсан байх тул аймгийн прокурорын газраас түүнд ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсгийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Энхболдод ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Галмандах нь гэм хорын хохиролд 3 сая төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Б.Энхболдын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн даавуун хүрэм, хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболк, улаан өнгийн судалтай нимгэн цамц, дугуй захтай улаан хүрэн өнгийн ноосон цамц, хар өнгийн биеийн тамирын өмд 2 ширхэг, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн даавуун өмд, урт түрийтэй хос гутал, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Ламын гэгээн овгийн Батхүүгийн Энхболдыг танхай сэдэлтээр бусдын бие махбодид  хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхболдыг 7 /долоо/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхболдод оногдуулсан 7 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхболдын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн даавуун хүрэм, хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболк, улаан өнгийн судалтай нимгэн цамц, дугуй захтай улаан хүрэн өнгийн ноосон цамц, хар өнгийн биеийн тамирын өмд 2 ширхэг, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн даавуун өмд, урт түрийтэй хос гутал, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Ц.Галмандахын гаргасан 3 000 000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

            7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧИД                                     Ж.БАЙГАЛМАА

                                                                                        С.ЦЭРЭНХАНД