| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01095/И |
| Дугаар | 102/ШШ2021/01648 |
| Огноо | 2021-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2021/01648
2021 оны 06 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2021/01648 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ,
Нэхэмжлэгч: О нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ,
Хариуцагч: И нарт холбогдох,
Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч Н.И, хариуцагч нарын өмгөөлөгч А.Өлзийсайхан, А.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид Г, И нартай Орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээг 2018.09.03 өдрөөс 2019.09.03 хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээнд Баянгол дүүрэг, 11 хороо, 33 байр, 125 тоот Ү-2205067871 улсын бүртгэлийн дугаартай, 52.3 мкв 2 өрөө орон сууцаа хөлслүүлж, 20,000.000 төгрөгийг зээлж, зээлийн хүүг сарын 3 хувь гэж тохиролцсон. Хүүгийн төлбөрт дээрхи орон сууцандаа 1 жил суулгахаар тохирсон. Гэрээний хугацаанд ямар ч зөвшөөрөл авалгүй хятад хүмүүст байрыг маань түрээсэлсэн байсан бөгөөд байрыг маш муухай болгож ус алдсан байдалтай ашиглалтын зардлаа төлөөгүй өртэй байсан. Ингээд хариуцагч нарыг хайж олон байрнаас гарахыг шаардахад байрны засварын хөлсөнд 3,0 сая төгрөг төлнө, хугацаа дуустал байлгаач, 17,0 сая төгрөг та буцааж өгөхөд болно гэхэд нь бид зөвшөөрсөн. Гэрээний хугацаа дуусч миний бизнес хүндрэлд орсон тул учраа хэлж 15,0 сая төгрөг авч очин, үлдэх 2,0 сая төгрөгт зээлийн гэрээ байгуулъя, байр суллаад өгөөч, хөлслүүлээд зээлийг гүйцээгээд өгье гэхэд зөвшөөрөхгүй, байрнаас гарахгүй мөнгөө ч аваагүй маргах болсон. Хөлслөөд мөнгийг чинь өгье зэрэг олон санал тавьсан боловч хүлээж авдаггүй, байр суллаж өгдөггүй. Байр үзэхээр ирсэн хүмүүст манайх худалдан авах гэж байгаа гэх зэргээр худал мэдээлэл өгснөөс худалдан авах гэж байсан болон хөлслөх хүмүүстэйгээ тохирч чадахгүй хохирсон. Бид уг байрыг 115,0 сая төгрөгөөр Төрийн банкны зээлээр худалдан авсан, барьцаанд байдаг байр болно. Гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй 18 сар гаруй болж байна. Бид өөрийн өмчлөлийн орон сууцаа хөлсөлж ч чадахгүй бусдад борлуулж чадахгүй өдий хүрч байна. Бидний байрыг суллаж өгвөл бид зээлийн төлбөрийн зохих төлбөрийг буцаан төлөхөд татгалзахгүй. Иймд уг орон Г, И нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. Бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019.09.03 өдөр дууссанаас хойш өнөөдрийг хүртэл бидний өмчлөлийн орон сууцыг өгөөгүй нийт 20 сар болж байна. 20,0 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй тохирч байрандаа суулгасан. 1 сарын түрээс 600,000 төгрөг. Байрыг ашиглахдаа ус алдсан, обой муухай болгосон бөгөөд үүнд 3,0 сая төгрөг өгнө гэсэн. 2019.09.03 өдрөөс 2021.05.03 хүртэл 20 сарын түрээсийн төлбөр 12,0 сая төгрөг, байрны засварын зардал 3,0 сая төгрөг, нийт 15,0 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулна. Бид хариуцагч нарт 2017.09.17 өдрөөс орон сууцаа 1 жилийн хугацаатай хөлслүүлэн 2018.09.03 өдрөөс мөн 1 жилийн хугацаатай дахин үргэлжлүүлэн шинээр гэрээ байгуулж хөлслүүлсэн. Гэрээний 4.1-д хөлслөгч байр ашиглалтын зардал болох ус дулаан , цахилгаан, СӨХ кабель телевиз интэрнэт зэргийн төлөх үүрэгтэй байхаар тохирсон. Би байрны ашиглалтын зардлыг төлсөн эсэхийг шалгахад цахилгааны төлбөр 2021.06.07 өдрийн байдлаар 214.314 төгрөгийн үлдэгдэлтэй, ус дулааны төлбөр 2017.09.17 өдрөөс 2018 оны 8 сарыг дуустал 1,164,101 төгрөг, ногдох алданги 566,718 төгрөгийг төлөөгүй байна. Мөн байрны түрээсийн олох ёстой байсан орлого 2021.05.04 өдрөөс 2021.06.11 хүртэл 1 сар 7 хоног байх тул 740,000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд ус дулааны төлбөр 1,164,101 төгрөг болон ногдох алданги 566,718 төгрөг, цахилгааны төлбөр 214,314 төгрөг, түрээсийн олох ёстой орлого 740,000 төгрөг нийт 2,685,133 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч нараас шүүхэд болон хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид анх 2017.09.17-ны өдөр зуучлалаар дамжуулан нэхэмжлэгч нартай уулзан, нэхэмжлэгчидтэй харилцан тохирч, Орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээг байгуулж, бид 15,0 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай, сар бүрийн 3 хувийн хүүтэй, Ш.Г, М.О нарт зээлдүүлэх үндсэн үүргийг хүлээсэн, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг тохирсон хүгацаанд төлөх, сар бүрийн 3 хувийн хүүгийн төлбөрт дүйцүүлэн өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 11 хороо, Өргөө гудамж, 33 байр, 125 тоотод байрлах 52.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бидний эзэмшил, ашиглалтад “Зээлийн төлбөр төлөгдөх хуртэлх хугацаанд” шилжүүлэхээр болсон. Бид ч гэрээгээр тохирсон 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид рүү шилжүүлж, дээрх орон сууцны эзэмшлийг шилжүүлэн авсан боловч зээлдэгчид /нэхэмжлэгчид/ нь тус мөнгөн төлбөрийг тохирсон хугацааны дотор буцааж төлөөгүй. Тиймээс бид 2018.09.03-ны өдөр нэхэмжлэгчдийн хүсэлтээр дээрх Орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээг дахин 1 жилээр сунгасан. Тухайн үед зээлийн хугацаа сунгагдсан ч бидний зүгээс дээрх орон сууцанд оршин суух шаардлагагүй байсан тул өмнөх 15,0 сая төгрөг дээр нэмж 5,0 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, хариуд нь орон сууцыг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх санал тавихад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Үүний баталгаа болгож талууд гэрээнийхээ 4.4 дэх хэсэгт хөлслөгчид нь орон сууцыг дамжуулан хөлслүүлэх эрхтэй болохыг заасан. Гэвч нэхэмжлэгч нар нь биднээс 20,0 сая төгрөгийг гаргуулчихаад хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ зөрчиж, дамжуулан хөлслүүлсэн иргэнийг маань удаа дараа дарамталж, байрнаас хөөж гаргасан. Иймд бид хүүгийн болон үндсэн зээлийн төлбөрийг дэмий алдахыг хүсээгүй учир арга буюу дээрх орон сууцанд өөрсдөө дахин амьдарч эхэлсэн. Нэхэмжлэгчид нь өнөөдрийг хүртэл зээлсэн 20,0 сая төгрөгийг огт төлөөгүй тул бид орон сууцны хууль ёсны эзэмшигчдийнх нь хувиар 2018.09.03-ны өдрийн гэрээний 2.5 болон Иргэний хуулийн 299.1, 93.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу дээрх орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид анх 2017.09.17-ны өдөр зуучлалын байгууллагаар дамжуулан нэхэмжлэгч нартай уулзан тохирч орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээг байгуулж, 15,0 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай, сар бүр 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн, нэмж 5,0 сая төгрөг зээлүүлсэн тул 20,0 сая төгрөгийг Иргэний хуулийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц хөлслөх болон ззээлийн холимог гэрээг бид нэг жилийн хугацаатай 2017.09.17 өдөр анх байгуулсан, 2018.09.04 өдөр дахин 1 жилийн хугацаатай байгуулсан. 2019.09.04 өдөр хугацаа дууссан. Байгаа мөнгөө өгөөд үлдэгдэл мөнгийг бусдад хөлслүүлээд өгөх тухай хэлэхэд хүлээж аваагүй. Ингээд энэ хугацаанд бусдад итгэмжлэл өгч харилцан тохируулах гэсэн боловч тохиролцоонд хүрээгүй. Г нар нь мөнгө зээлж хүүнд нь өөрсдийн өмчлөлийн байрандаа суулгасан. Бизнес нь хүндрэлд орж бэлэн мөнгөгүй болж бэлэн мөнгө гаргаж өгөх боломжгүйгээ хэлж бусдад хөлслүүлээд мөнгийг өгөх талаар ярьсан ч тохиролцоогүй. Зээлийн авлагатай байгаа нь өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд зөрүүг хасч үлдэгдлийг төлөхөд татгалзахгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Г, М.О нар нь Н.И, С.Г нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөг гаргуулахаар хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь 20,0 сая төгрөгийг 3 хувийн хүү 600,000 төгрөгийг 20 сарын хугацаагаар тооцож 12,000,000 төгрөг, байрны засварын зардал 3,000,000 төгрөг, ус дулааны төлбөр 1,164,101 төгрөг, алданги 566,718 төгрөг, цахилгааны төлбөр 214,314 төгрөг, түрээсийн олох ёстой орлого 740,000 төгрөг нийт 2,685,133 төгрөг буюу нийт 17,685,133 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ гэрээний хугацаа дууссан, зээлээ төлөх боломжгүй байгаа тул орон сууцыг албадан чөлөөлүүлж, хугацаа дууссанаас хойш хугацааны олох байсан орлого, гэрээгээр тохирсноор төлөх үүргээ биелүүлээгүй тул ашиглалтын зардлыг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлалаа.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч зээл төлөх үүргээ биелүүлбэл орон сууцнаас гарна, гэрээгээр зээлээ эхлээд төлсний дараа орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцсон, ашиглалтын зардлаа төлнө, гэхдээ алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, өөрсдөө зээл төлөх үүргээ биелүүлээгүй атлаа олох байсан орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүй, зээлээ гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргав.
Нэхэмжлэгч тал 20,000,000 төгрөг зээлсэн, ашиглалтын болон засварын зардалд 5,000,000 төгрөгийг хасахаар тохирсон тул зээлийн төлбөрт 15,000,000 төгрөгийг төлнө гэж мэтгэлцлээ.
Зохигч Орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээг 2018.09.03 өдрөөс 2019.09.03 хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, нэхэмжлэгч нар 15,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, энэ талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
Н.И, С.Г нар нь Ш.Г, М.О нарт гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч нарын хүсэлтээр дахин нэмж 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, харин нэхэмжлэгч нар нь зээлийг тохирсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Зохигч зээлийг 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д нийцсэн, хүүний төлбөрт хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 11 хороо, 33 байр, 125 тоот орон сууцыг хөлслөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх үүргийг, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба нэхэмжлэгч нар орон сууцыг хариуцагч нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргээ биелүүлсэн, 20,000,000 төгрөгийг хүлээн авсан байна.
Дээрх үйл баримтуудын тухайд талууд маргаагүй, харин үүрэг гүйцэтгэх дарааллын хувьд нэхэмжлэгч тал маргаж байгаа боловч үндэслэлээ зээлийг төлөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.
Талуудын байгуулсан гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар зээлийн хугацаа дуусгавар болсноор зээлдэгч 20,000,000 төгрөгийг буцаан төлснөөр хөлслөгч орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцжээ.
Иймд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэснээр хариуцагч тал эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хүлээсэн орон сууцыг чөлөөлөх үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлж байгаа боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана.
Гэвч хэргийн үйл баримтаар хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх байдал тогтоогдохгүй буюу урьдчилсан нөхцөл бүрдээгүй байх тул нэхэмжлэгч нар нь дээрх хуулийн зохицуулалтаар шаардах эрхгүй байна.
Талуудын байгуулсан Орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээний хугацаа 2019.09.03-ны өдөр дууссан боловч нэхэмжлэгч нар зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс энэхүү гэрээний 5.1-д зааснаар гэрээ дуусгавар болоогүй болоогүй байна.
Иймд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д биелүүлэх хугацаа нь болсон, 2 этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болохоор заасанд нийцүүлэн нэхэмжлэгч нараас зээлийн гэрээний үргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгож, зээлийн үүргээ биелүүлмэгц хариуцагч нарын эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ.
Тухайн тохиолдолд байрны засварын зардалд 3,000,000 төгрөг, ус дулааны төлбөр 1,164,101 төгрөг, алданги 566,718 төгрөг, цахилгааны төлбөр 214,314 төгрөг, нийт 4,945,133 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар нотлохгүй байна.
Өөрөөр хэлбэл гарах зардал, төлөх төлбөрийн талаар шаардлага гаргасан байх тул хангах үндэслэлгүй бөгөөд үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нар нь учирсан хохирлоо шаардах эрхтэй юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн 20,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч нар нь орон сууцыг чөлөөлөх боломжгүй бөгөөд 3 хувийн хүү 600,000 төгрөгийг 20 сарын хугацаагаар тооцож, 12,000,000 төгрөгийг болон шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2021.05.04-ны өдрөөс 2021.06.11-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож 740,000 төгрөгийг олох байсан орлого гэж хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гэрээнээс учирсан хохиролд 17,685,133 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн /70,200+59,307/ 129,507 төгрөг, хариуцагч нараас төлсөн 257,950 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 257,950 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 287 дугаар зүйлийн 287.1, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г , О нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулан, Г, И нарт олгож, гэрээний үүргээ биелүүлмэгц хариуцагч нарыг Баянгол дүүрэг, 11 хороо, 33 байр, 125 тоот орон сууцнаас чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 17,685,133 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 129,507 төгрөг, хариуцагч нараас төлсөн 257,950 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 257,950 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ