Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/91

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       Р.Мягмардорж

Нарийн бичгийн дарга         Э.Анхбаяр

Шүүгдэгч                                  Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн Гунгаагийн *******д холбогдох эрүүгийн 2431000000091 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сум 3 дугаар баг Дулаанхаан тосгон 3-2-15  тоотод оршин суух хаягтай, урьд

******* аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар  1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ******* овогт Гунгаагийн ******* /РД: МД-67090178/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сум Дулаанхаан тосгон 2 дугаар хороо 1 дүгээр хэсэг 20 тоот хашааны гадна 37-66 СЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний толгой хэсэгт гараараа болон төмрөөр цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: ...   Тэр өдөр манай хүргэн дүү Баттөр нь миний машинд орж ирчихээд  танай дүү чинь гээд маргаж муудсан талаараа яриад агсараад байхаар  гараараа нэг цохиод дараа нь төмрөөр толгой руу нь цохиод машинаас буулгасан. Хүний биед гэмтэл учруулсан миний буруу, гэм буруу хүлээн зөвшөөрч байна, өөр ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ийн өгсөн: "...Би ******* аймгийн ******* суманд мал маллаж амьдардаг. Гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг ба 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би өглөө 06 цагийн үед босоод мал ахуйгаа янзлаад гэрийнхээ галыг түлсэн. Өмнөх өдөр нь би архи уугаад миний дотор жаахан муу байсан тул эхнэр лүү 08 цаг 30 минутын үед залгаад “архины мөнгө байна уу?” гэхэд “байхгүй” гэхээр нь гэртээ байсан нэрмэлээ уусан юм. Тэгээд гэрээс гараад найз Бат-Эрдэнийн гэрт очоод дахин архи уусан. Тэднийд нэлээн сууж байгаад гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Тэгсэн нэг мэдэхэд би эмнэлгийн орон дээр хэвтсэн байдалтай 2 цагдаа ирсэн байсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед эхнэр ирээд намайг эмнэлгээс гаргасан. Эмнэлгээс гараад юу болсон талаар асуухад эхнэр болон хүүхдүүд маань эхнэрийн төрсөн ах ******* цохисон гэж хэлсэн. Би болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Өмнө нь бид хоёрын дунд ийм, тийм асуудал болж байгаагүй. Манай эхнэрийн ах нь болохоор  сайн харилцаатай байдаг. Харин архи уусан үедээ ааш араншин нь ширүүн болчихдог. Надад гомдол санал байхгүй учраас би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 25, 27 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын  өгсөн: "... Би өнөөдөр 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчим Телехан гэж айлд байж байхад гаднаас ******* ах орж ирээд хэсэг юм ярьж сууж байгаад ******* ахыг машинтайгаа явж байгаа гэдгийг мэдээд машинаар нь хүргүүлсэн. Манай хашааны  хажууханд ******* ахын хүргэн Баттөр явж байсан. Машин дотор Баттөр орж суухад архи үнэртэж нэлээн муудсан байсан. Бид гурвын дунд ойр зуурын юм яригдаж байгаад би гэртээ орохоор машинаас буугаад үлдсэн. *******, Баттөр нар цаашаагаа явсан. Бид гурвын дунд маргаан болоогүй. Баттөр малдаа явсангүй. Хүүхэд амарсан учраас хүүхэд малдаа явсан гээд архи уусан байдалтай байсан. Архи нэлээн үнэртэж байсан. ******* архи уугаагүй байсан. *******, Баттөр нар нэг нэгэндээ үг хаяж муудалцах шинж ажиглагдаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн ...Өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутын орчим гэртээ байж байхад гаднаас хажуу айлын 7 настай орж ирээд “өвөөгийн нүүрнээс цус гараад тогтохгүй байна” гэж хэлэхээр нь би гэрт нь очиход нүүр нь их хэмжээний цус болоод духны хэсгээс цус гарч байхаар нь эмнэлэг рүү залгаж дуудлага өгөөд цус тогтоох арга хэмжээ авч, юу болсон талаар Баттөр ахаас асуухад Баттөр ах согтуу байсан ба “хэнтэй архи уусан талаараа хэлэхгүй мэдэхгүй юу болсноо санахгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн гаднаас Болор эмч орж ирээд духанд нь оёдол тавихад тэнцүүгийн тэмдэг шиг 2 хөндлөн шарх үүсээд цус гарч байсныг оёж байхад ах ухаан алдсан. Энэ үед сумын цагдаад мэдэгдэхэд удаагүй ороод ирсэн юм. Сүүлд Баттөр ахыг ******* машиндаа суулгаад аваад явж байсан гэж Баттөр ахын бага хүү хэлэх үед мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдөр манай эрүүл мэндийн төвд 15 цаг 43 минутад духнаас цус гараад тогтохгүй, цус алдаад байна гэх дуудлагын дагуу би жолоочийн хамт Дулаанхаан тосгоны Хар усан тохой нэртэй газарт “би хаягийг нь мэдэхгүй байна"  дуудлага өгсөн иргэний гэрт ороход дотор 4 хүн байсан ба сандал дээр эрэгтэй хүн суучихсан толгойноос нь маш их хэмжээний цус асгарсан нүүр нь нэлэнхүйдээ цус болсон байдалтай байсан. Их хэмжээний цус гарч байсан учраас эмнэлэг авч явахгүй шууд цусыг нь тогтоох зорилгоор духанд оёдол тавиад, цус тогтоох, өвдөлт намдаах,шингэн сэлбэх тариаг хийсэн. Оёдол тавьж дууссаны дараа цус тогтсон тул хүний биеийн байдлыг гэрт нь тогтворжихийг хүлээж байгаад эрүүл мэндийн төв рүү авч явсан. Мөн оёдол тавьж байх хооронд уг хүн ухаан балартаж унасан, учир нь их хэмжээний цус алдсан байсан. Одоогоор эмчилгээ хийлгээд ******* гэх  иргэний биөийн байдал харьцангүй сайжирсан. Баттөрийн дух хэсэгт 2 хэсэг газар шарх үүссэн байсан ба би 6,7 гээд нийт 13 оёдол тавьсан. Мөн дух хэсэг нэлээд хавдсан байсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 36 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: Улаанбаатар хотод хоноод цаашаа Багануур дүүрэг рүү эгчийн хамт очоод Багануурт 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед очоод байж байтал над руу төрсөн ах ******* гар утсаар залгаад хүргэн ах Баттөр согтуу гудамжаар алхаад явж байна сая дэлгүүр орчихлоо гэж хэлсэн. Тэгсэн нөхөр Баттөрийн орсон дэлгүүрийн худалдагч над руу залгаад танай нөхөр согтуу явна таны дугаарыг ч сайн хэлж мэдэхгүй байна гэж хэлсэн. Согтуу байвал та нөхөрт маань битгий архи өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд утсаа салгаад Багануурт 19 цаг хүртэл байж байгаад Улаанбаатар хот руу гараад замдаа явж байтал хүү Бүрэнбаясах залгаад “аавыг ******* ах цохичихсон байна, цус алдаад ухаан алдчихсан байна" гэж хэлсэн. Тэгээд би шууд гэртээ ирж 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад ирэхэд нөхөр маань байхгүй болохоор нь эрүүл мэндийн төв орсон. Ороход нөхөр маань орон дээр хэвтчихсэн унтаж байсан. Тэгээд хэсэг байж байгаад нөхрийн биеийн байдал сайжирхаар нь би гэрлүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101 тоот...1. *******ийн биед духанд шарх, дух, баруун шанаад зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.  Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.  Духан дахь  шарх гэмтэл нь  дангаараа гэмтлийн зэрэгт хамаарч байна гэсэн дүгнэлт

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 65 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/,

Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/

Урьд  ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолууд / 82-97 дугаар хуудас /

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сум Дулаанхаан тосгон 2 дугаар хороо 1 дүгээр хэсэг 20 тоот хашааны гадна 37-66 СЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл дотор  хүргэн дүү *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний толгой хэсэгт гараараа болон төмрөөр цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.*******ийн мэдүүлсэн мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ийн өгсөн мэдүүлэг, /хх-ийн 25, 27 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын  өгсөн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн мэдүүлэг/ хх-ийн 36 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101 тоот ...1. *******ийн биед духанд шарх, дух, баруун шанаад зулгаралт гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.3.  Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Духанд шарх гэмтэл нь  дангаараа гэмтлийн зэрэгт хамаарч байна гэсэн дүгнэлт

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.*******ийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид  төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Г.******* нь иргэний нэхэмжлэгч буюу Эрүүл мэндийн даатгалын санд 144,900 төгрөг  хохирогч  *******ийн эмчилгээний зардлыг  төлж барагдуулан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Г.******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан    хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  Г.******* нь    зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол  ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн  хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг  мэдэгдэж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.*******ийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ******* аймгийн *******, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг  хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд   хяналт тавихыг  харъяалах  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Г хэлбэртэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт Гунгаагийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* ургийн овогт Гунгаагийн *******ийг 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Г.*******ийн ******* аймгийн *******, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг  хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  Г.*******ийг  зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол  ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн  хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг  мэдэгдэж , зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд   хяналт тавихыг  харъяалах  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

5. Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид болон бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай..

 

6. Хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г хэлбэртэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ