| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01603/И |
| Дугаар | 102/ШШ2021/01679 |
| Огноо | 2021-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2021/01679
2021 оны 06 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2021/01679 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “И” холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбат, Д.Намшир, хариуцагчийн төлөөлөгч П.Зориг, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” нь “И” ХХК-тай 20510772 (93214) дугаар бүхий Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ” байгуулсан. Уг гэрээнд заасан “Дахин дамжуулагч нь БГД, 10 хороонд байрлан, гар станцуудыг хөдөлгөөнтэй ашиглах” эрхийн бичгийн төлбөр 960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Манайх “И” ХХК-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 25.2.10-т ззасныг үндэслэн 2014.04.11-ний өдөр 2 жилийн хугацаатай эрхийн бичиг олгож “Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ”-г хариуцагчтай байгуулсан. “И” ХХК нь “Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ”-нд зааснаар 2014-2015 оныг хамрах 1 жилийн эрхийн бичгийн төлбөр болох 590,000 төгрөг, 2015-2016 оныг хамрах 1 жилийн эрхийн бичгийн төлбөр 590,000 төгрөг, нийт 1,180,000.00 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2014 онд 220,000 төгрөг төлж, 960,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойш “И” ХХК-д төлбөрийн нэхэмжлэлийг 2017, 2019 онуудад Хороонд бүртгэлтэй хаягаар нь хүргүүлж байсан гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014.04.11-ны радио давтамж ашиглах эрхийн гэрээний дагуу ашиглалт үйлчилгээний төлбөр болох жилийн төлбөр болох 220,000 төгрөг гэж заагдсан учир “Х” нэхэмжилсэн 1 жилийн эрхийн 590,000 төгрөг буюу 2 жилийн төлбөр болох 1,180,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. БГД, 3 хороо, 25 байр, 42 тоотод амьдран суух албан ёсны хаяг минь бичигдсэн байсан ба 2018, 2019, 2020 онуудад харилцаа холбооны зохицуулах холбооноос мэргэжилтнүүд нь удаа дараа миний 99119063 дугаараар холбогддог байсан ба шуудан хүргэгч нар 2020 оны хавар, зун, намар шуудангаас ярьж байна бичгээ ав хүргэж өгье гэхчлэн ковидийн дэглэм тогтоосон үеэр зуны амралтын үеэр гэртээ байхгүй үеэр 2 удаа ирсэн ба миний бие төмөр замын вокзалын шуудан дээр очиж 3 удаа асууж очиход байхгүй байна буцаагдсан байна гэж хэлж байсан. И ХХК нь 2014.04.11-ны өдрөөс 2016.04.11 одөр хүртэлх радио давтамж ашиглах эрхийн бичгийн 93214 тоот гэрээг байгуулсан. Тус компани нь харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн дугаар 062 тоот гэрчилгээгээ 2013.02.21-ны өдөр 1 жилийн хугацаатай авсан ба 2014.02.21-ны өдрөөс хойш өнөөдрийг болтол хугацаагаа сунгуулж чадаагүй учир радио давтамж ашиглах эрхээ цуцлуулах хүсэлттэй байна. Гэрээгээ цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч бичгээр хариу ирүүлээгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Х нь “И” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.
Хариуцагч нь үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний хугацаа сунгагдаагүй, гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн боловч албан тоотоор хариу ирүүлээгүй гээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, ачаа авахын тулд төлбөр бага хэмжээгээр төлсөн, хуульд төлөх үүргийг заагаагүй гэж маргалаа.
Х нь “И” ХХК-тай Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг байгуулан, 93214 дугаар эрхийн бичиг олгожээ.
Гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулсан байна.
Дээрх гэрээний нөхцөл, агуулгаас дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь давтамжийн зурвасыг дотоод хэрэгцээнд харилцааны станцын зориулалтаар ашиглуулах, хариуцагч нь ашиглалт, үйлчилгээний төлбөрт жил бүр 220,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, 1 жилийн төлбөрийг гэрээ байгуулсан хугацаанд төлжээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрэнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба хариуцагч нь харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний хугацаа нь сунгагдаагүйгээс 2014.04.11-ний өдрийн гэрээгээ цуцлах тухай хүсэлтийг Хнд 2014.09.08-ны өдөр гаргасан байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтооно гэж заасан ба нэхэмжлэгч нь энэхүү хүсэлтийг хүлээн авсан, хариуг мэдэгдэх гэтэл хаягтаа байгаагүй гэж тайлбарлах боловч ямар хариу өгсөн нь тодорхойгүй, энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул гэрээнээс татгалзсан хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байх тул дээрх үндэслэлүүдээр “И” ХХК-иас гэрээний үүрэгт 960,000 төгрөг гаргуулах тухай Хны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И” холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай Хны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ