Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/01691

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 30 өдөр                   Дугаар 102/ШШ2021/01691                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: НШШГ холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 879,691,175,02 төгрөг төлөх төлбөртэй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Энэ хүрээнд хариуцагчийн 2021.04.08-ны өдрийн 4/57 дугаар шинжээч томилох тогтоолын дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, Москвагийн гудамж 54 хаягтай үл хөдлөх эд хөрөнгө, 8022/5070 нэгж талбарын дугаартай 600 мкв газрын хамт “Виннервэй” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 2,405,745,000 төгрөгөөр үнэлжээ. Энэ барилгыг газрын хамтаар 2019 оны 10 сард Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2,237,974,000 төгрөгөөр үнэлжээ. 2019 оны 11 сараас арматур, лист зэрэг барилгын металь хийц, мод, бетон зуурмагийн үнэ огцом өссөн нь нийтэд илэрхий үйл баримт байна. Зөвхөн арматурын үнэ 2019 оныхоос 80 хувь өссөн статистик мэдээ байхад өмнөх үнэлгээнээс 100,0 сая төгрөгөөр илүү үнэлсэн нь уг объектыг илтэд үнэгүйдүүлж, бодит байдалд нийцэхгүй үнэлгээ хийсэн гэж үзнэ. Түүнчлэн 2019 онд хийсэн үнэлгээ нь зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлээгүй гэж үзэж тус шүүхийн 2020.01.16-ны 00258 дугаар шийдвэрээр хүчингүй болгосныг дурдах зүйтэй. Уг компанийн хийсэн үнэлгээг НШШГГ-ын 2021.05.19-ний 143/8717 дугаар мэдэгдлээр хүргүүлсэн байна. Харин үнэлгээний тайланг эх хувиар гардуулаагүй, зөвхөн фото зурган хэлбэрээр өгсөн. Хөрөнгийн унэлгээ зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй. Хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо барилгын материалын үнийн өсөлттэй уялдуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөнийг харгалзаагүй нь бодит нөхцөлд нийцэхгүй дүгнэлт гарчээ гэж үзэхээр байна. Тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлага хангахгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд тайланд тусгах мэдээллийг хуульчилсан ба 9.3.1-д үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл гэжээ. Хөрөнгө үнэлгээний тайланд үнэлгээг мэргэшсэн үнэлгээчин Д.Мөнхбат хийж гүйцэтгэсэн талаар дурдах боловч Д.Мөнхбатын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл тусгагдаагүй. Тайланд О.Бат-Эрдэнэ гэгч үсэг зурсан байх ба Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Сангийн яам 2014.12.27-нд О.Бат-Эрдэнэд 3 жилийн хугацаатай олгосон боловч хугацаа сунгагдсан эсэх мэдээлэл байхгүй байна. Мэргэшсэн үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл тусгагдаагүй. Иймд үнэлгээг зөвшөөрөхгүй байх тул Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, Москвагийн гудамж 54 хаягтай, үл хөдлөх эд хөрөнгө, 8022/5070 нэгж талбарын дугаартай 600 мкв газрын “Виннервэй” ХХК-ийн 2021.05.18-ны өдрийн Ш-5/1 дугаар үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2018.04.24-ний өдрийн 102/ШШ2018/01312 дугаар захирамжаар “Т” ХХК-иас 882.004.477 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Т” ХХК-д шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн ч барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж 54 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027858 дугаартай 1.620 м.кв талбайтай Авто засварын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 168022/5070 дугаартай 600 м.кв талбайтай Зочид буудал, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус битүүмжилж хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээд, өмчлөгч М.Саруул нараас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авч төлбөр авагчид танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул “Виннэрвэй” ХХК-иар үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгон хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Иймд үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоож, төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Т” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Виннервэй” ХХК-ийн 2021.05.18-ны өдрийн Ш-5/1 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Тус шүүхийн 2018.04.24-ний өдрийн 102/ШШ2018/01312 дугаар шүүгчийн захирамжаар “Т” ХХК нь 879,691,175 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 3 сарын хугацаанд төлөх, тохирсон хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталсан байна.

 

Нэхэмжлэгч нь НШШГГ-т 2021.04.05-ны өдөр өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгүүдийг 6,500,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь саналыг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

 

Хариуцагч нь 2021.04.09-ний өдрийн 4/57 дугаар тогтоолоор “Виннервэй” ХХК, О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгүүдийг 2,405,745,000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдэж, нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөнийг харгалзаагүй нь бодит нөхцөлд нийцэхгүй, тайланд нэр дурдагдсан Д.Мөнхбатын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл тусгагдаагүй, гарын үсэг зурсан О.Бат-Эрдэнэд Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Сангийн яам 2014.12.27-нд 3 жилийн хугацаатай олгосон боловч хугацаа сунгагдсан эсэх мэдээлэл байхгүй, мэргэшсэн үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл тусгагдаагүй гэж тайлбарлажээ.

 

Гэвч хэргийн үйл баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөнийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, тайланд нэр дурдагдсан этгээдийг үнэлгээ хийсэн гэж үзэхгүй бөгөөд О.Бат-Эрдэнэд олгогдсон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг 2021.03.23-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

 

Харин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасан үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл нь тайлбанд тусгагдаагүй нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, “Виннервэй” ХХК-ийн 2021.05.18-ны өдрийн Ш-5/1 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Т” ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ