| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/03895/И |
| Дугаар | 183/ШШ2021/01185 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2021/01185
| 2021 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 183/ШШ2021/01185 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э Э И ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э И ХХК /РД:/-д холбогдох
Цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүрэгт 105 671 872 төгрөг, алданги 52 835 936 төгрөг, нийт 158 507 808 төгрөг гаргуулах иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М, В.Х, хариуцагчийн төлөөлөгч Д.Р нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин, гэрч А.Гүндэгмаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э Э И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э Э И ХХК нь Э И ХХК-тай 2019 оны 7 сарын 22-ны цахилгаан шат нийлүүлэх FOCD-***** тоот гэрээ, 2019 оны 11 сарын 04-ны цахилгаан шат угсарч суурилуулах гэрээ FICD-***** тоот гэрээ, 2019 оны 11 сарын 04-ны өдөр дугаар А13-ЗГ-1****тоот орон сууц захиалгаар барих гэрээ тус бүр байгуулсан. Эф эф икс ХХК 5 ширхэг лифтийг 522 609 958.40 төгрөгөөр Э И ХХК-д нийлүүлж угсрах лифтний үнэд баригдаж буй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх төлбөрийн нөхцөлтэй гэрээ байгуулсан. Дээрх гэрээг дахин 2 гэрээ болгож, 4 ширхэг лифтийг Сэлэмт цамхаг ХХК-д нийлүүлэхээр, харин маргаан бүхий 1 лифтийг Э И ХХК-д нийлүүлэхээр 2019 оны 7 сарын 22-ны өдөр цахилгаан шат нийлүүлэх FOCD-***** тоот гэрээг байгуулсан. Гэтэл гэрээний 3.6-д гэрээнд гарын үсэг зурж баталгаажсанаар бартерын байрны тодорхой хувийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн өгнө гэсэн үүргийг захиалагч тал зөрчиж гэрээ байгуулснаас хойш даруй 102 хоногийн дараа олон удаа шаардуулснаар 2019 оны 11 сарын 04-ны өдөр дугаар А-13-ЗГ-1****тоот орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан нөхцөл байдал нь үйлдвэрлэгчид захиалга өгөхөд хугацаа хойшлогдох нөхцөл болсон. Гэрээний дагуу 1 ширхэг лифтнийн үнэ 105 671 872 төгрөгт тооцон Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцадын аманд баригдаж буй ****** сити-1 хотхон 1 дугаар В блокын 1 дугаар орцны 3 дугаар давхарын 45.53 м.кв талбай бүхий орон сууц бусдад зарж борлуулах буюу захиалан бариулах эрхийг шилжүүлэх эрхийг 2019 оны 11 сарын 04-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ А-13-ЗГ-1****тоот гэрээний дагуу Э Э И ХХК-д шилжүүлсэн. Үүний дараа лифт үйлдвэрлэхийн тулд 2019 оны 11 сарын 04-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ А-13-ЗГ-1****тоот гэрээг үндэслэн Э Э И ХХК иргэн Н.*****тай 2020 оны 11 сарын 11-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар 2019 оны 7 сарын 22-ны цахилгаан шат нийлүүлэх FOCD-***** тоот гэрээний 3.4 зүйлд заасан 105 671 872 төгрөгийн 1 ширхэг лифтийг гэрээний заасан хугацаанд багтаан БНХАУ-д үйлдвэрлэж, Монгол улсын гаалийн хилээр оруулж ирсэн бөгөөд лифтний тоног төхөөрөмжийг Э И ХХК өөрийн барилгын талбайд оруулсан. 2019 оны 7 сарын 22-ны цахилгаан шат угсарч, суурилуулах гэрээ FICD-***** тоот гэрээний 5.1-д зааснаар лифт ажлын талбайд буулгасан өдрөөс ажлын 50 хоногт багтаан угсрах хуваарьтай бөгөөд хугацаа тоолбол 2020 оны 2 сарын 07-ны өдрөөс эхлэн 2020 оны 4 сарын 27-ны дотор дуусган хүлээлгэн өгөх үүрэгтэй. Э Э И ХХК дээрх хугацаанд багтаан барилгын талбайд лифтээ буулган угсралтын ажлыг эхлэх гэтэл дээрх 1 ширхэг лифтийг угсруулахаас Э И ХХК үндэслэлгүйгээр татгалзсан албан бичиг 2020 оны 2 сарын 11-ны өдөр ирүүлсэн. Э Э И ХХК нь 2020 оны 2 сарын 14-ний өдрийн албан бичгээр нийлүүлэгч Э Э И ХХК нь гэрээний үүргээ зөрчөөгүй, захиалагч Э И ХХК нь гэрээнд заасан хугацаанд ширхэг лифтний үнэнд тооцон шилжүүлэх, орон сууцны захиалан бариулах гэрээ байгуулаагүй гэрээний үүргээ зөрсөн, гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйлсийн улмаас лифтний угсралтын ажил хойшилж болзошгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн. Э И ХХК нь 2020 оны 3 сарын 28-ны өдрийн дугаар А-47/20/ албан бичгээр лифтийг буцаан авахыг шаардсан бөгөөд шаардлагыг биелүүлэхээр Э Э И ХХК-ийн Арцад апартмент 7 дугаар блок дээр очсон боловч лифтийг Э И ХХК зөөж өөр агуулахад нүүлгэн байршуулсан бөгөөд лифтийг Э Э И ХХК-д буцаан өгөхөөс татгалзсан. Улмаар Э Э И ХХК нь 2020 оны 8 сарын 20-ны өдөр 55/20 албан бичгээр лифтний үнэ болох 105 671 872 төгрөгийг төлөхийг Э И ХХК-иас шаардсан. Мөн**** ХХК нь асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх үүднээс 2020 оны 9 сарын 03-ны өдрийн 70/20 албан бичгээр 2019 оны 11 сарын 04-ны өдөр иргэн Н.*****тай 2020 оны 11 сарын 11-ны өдөр гэрээний дагуу бартерт шилжүүлэх байрны өмчлөх эрхийн асуудлыг нэн түрүүнд зайлшгүй шийдвэрлэх нь зүйтэй. Э Э И ХХК-д хадгалагдаж буй угсралт хийгдээгүй 1 лифтний материал, тоног хэрэгслийг Э Э И ХХК захиалан бариулж буй өөр аль ч барилгад үнээр Э Э И ХХК лифтийг угсарч хүлээлгэн өгөх, Э Э И ХХК-тай гэрээ байгуулсан иргэн Н.*****ыг Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Арцадын аманд баригдаж буй ****** сити-1 хотхон 1 байрны, 45.53 м.кв байрыг ашиглалтад оруулснаар өмчлөгчөөр бүртгүүлэх саналтай байгаа тухай мэдэгдэж 2020 оны 9 сарын 06-ны өдрийн 18:00 цагаас өмнө хариуг албан бичгээр тодорхой санал ирүүлэхийг хүссэн. Гэвч Э И өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Иймд Э Э И ХХК нь Э И ХХК-ийн эсрэг Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Арцадын аманд баригдаж буй ****** сити-1 хотхон 1 дугаар байр В блокын 1 дугаар орцны 3 давхрын 45.53 м.кв талбай бүхий орон сууцны байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, 52 835 936 төгрөг гаргуулахаар шаардсаныг Э И ХХК-иас 2019.7.22-ны өдрийн цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүрэгт 105 671 872 төгрөг, алданги 52 835 936 төгрөг, нийт 158 507 808 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн байгаа. Бид шүүх хуралдаанд гэрчээр Б.М-ыг оролцуулах хүсэлт гаргасан хэдий ч энэ хүнээс асуух зүйл тодорхой болсон тул гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Хариуцагч Э И ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Э Э И ХХК нь Э И ХХК-тай 2019 оны 7 сарын 22-ны цахилгаан шат нийлүүлэх FOCD-***** тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр Э Э И ХХК нь 2019 оны 07 сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд IPS-I-MR маркийн 1 ширхэг лифтийг захиалан авчруулж, угсруулж хүлээлгэж өгөх, Э И ХХК нь гэрээний үүрэгт төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул манай компани үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичгийг 2019.12.30-ний өдөр, 2020.01.10-ны өдрүүдэд хүргүүлж, улмаар гэрээний 10,11 дүгээр зүйлд зааснаар хариуцлага тооцож, гэрээг цуцлах талаараа мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч уг компани нь ямар нэг арга хэмжээ аваагүй тул бид гэрээг цуцалж, өөр компаниар ажлаа гүйцэтгүүлсэн. Харин уг компани нь гэрээ цуцалсны дараа манай компанийн талбайд цахилгаан шат гэх зүйлийг авчирч тавьсныг бид буцаагаад хүлээлгэж өгсөн. Иймд гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, ажлаа хийгээгүй хэрнээ гэрээний үүрэг гэж шаардсан нь үндэслэлгүй юм. 2019.11.04-ний өдрийн гэрээ нь манай талаас ажлын хөлсөнд бартераар төлөх төлбөрийг баталгаажуулсан гэрээ болохоос үндсэн гэрээг өөрчилсөн зүйл огт байхгүй, гэрээнд энэ талаар тусгагдаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Мөн шүүх хуралдаанд Б.Гийг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Нэхэмжлэгч талын тайлбараар асуух зүйл маань тодорхой болсон гэв.
Шүүх гэрч А.Г-ийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э Э И ХХК хариуцагч Э И ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Арцадын аманд баригдаж буй ****** сити-1 хотхон 1 дугаар байр В блокын 1 дугаар орцны 3 давхрын 45.53 м.кв талбай бүхий орон сууцны байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, алдангийн 52 835 936 төгрөг гаргуулахаар шаардсныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э И ХХК-иас 2019.7.22-ны өдрийн цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүрэгт 105 671 872 төгрөг, алданги 52 835 936 төгрөг, нийт 158 507 808 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал ...хариуцагчийг гэрээний үүрэгт бартераар өгөх байрны асуудлыг тодорхой болгож өгөхгүй байснаас хугацаа хойшлогдсон бөгөөд 2019 оны 11 сарын 04-ний өдөр А13-ЗГ-1****тоот орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй ****** сити-1 хотхоны 1 дүгээр В блокийн 1 дүгээр орцны 3 давхрын 45.53 мкв талбай бүхий орон сууцыг Э Э И ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсноор гэрээ хэрэгжих боломжтой болсон, хариуцагч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул бид Иргэний хуулийн 215 дугаар зүйлд зааснаар саатуулан барих эрхтэй. Иргэний хуулийн 219.1, 343.1, 355.5, 355.4-т заасан нөхцлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг, хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж зааснаар 1 ширхэг цахилгаан шатны хөлс 105 671 872 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь цахилгаан шатны үүрэгт уг төлбөрийг төлөх үүрэгтэй ... гэж тайлбар гаргажээ.
Хариуцагч тал ...Бартераар хөлс авахаар тохиролцсон боловч уг байрыг өгөхгүй байснаас гэрээний үүрэг хойшлогдох үндэслэлгүй бөгөөд гэрээний хугацаандаа үүргээ биелүүлэх ёстой бөгөөд 2019.11.04-ний өдрийн гэрээгээр хугацаа сунгасан зүйл байхгүй, зөвхөн гэрээний үнийг хэрхэн төлөхөө тохирсон талуудын тохиролцоо. Үндсэн гэрээ 2019.07.22-ны өдрөөсөө хавсралт графикаар тохирсон, хугацаандаа үүргээ биелүүлээгүй бид хуульд заасны дагуу мэдэгдэл хүргэж, гэрээг цуцалсан.. гэж маргажээ.
Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.
Талуудын хооронд 2019 оны 7 сарын 22-ны өдөр FOCD-***** дугаар цахилгаан шат нийлүүлэх гэрээ, мөн өдөр цахилгаан шат угсарч, суурилуулах гэрээ FICD-***** тоот гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр Э Э И ХХК нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын ДЦГ, Арцатын залгайд байрлах захиалагчийн тодорхойлсон ерөнхий архитектур зураг төслийн дагуу цахилгаан шат нийлүүлэх, угсралтын ажлыг гүйцэтгэх, Э И ХХК нь цахилгаан шатны үнэнд баригдаж буй орон сууцнаас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх төлбөрийн нөхцөлтэйгөөр тохиролцож /бартераар/, гэрээг тус тус бичгээр байгуулжээ. /хх-149-155/
Түүнчлэн 2019 оны 07 сарын 22-ны өдөр дээрх ажлын тоон үзүүлэлт, үйлдвэрлэл, тээвэр, угсралтын ажлыг графикаар тохирч, уг ажлыг Э Э И ХХК нь 2019 оны 07 сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд IPS-I-MR маркийн 1 ширхэг лифтийг захиалан авчруулж, угсруулж хүлээлгэж өгөхөөр тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулж, гэрээнд хавсаргажээ./хх-ийн 152/
Нөгөөтэйгүүр, хариуцагч Э И ХХК нь нэхэмжлэгч Э Э И ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичгийг 2019.12.30-ний өдөр, 2020.01.10-ны өдрүүдэд хүргүүлсэнийг нэхэмжлэгч тал хүлээж авсан байх ба 2020 оны 2 сарын 11-ний өдрийн А-27/20 тоот албан бичгээр гэрээг цуцалж байгаа талаарх мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч компани хүлээн авсан баримт хавтаст хэргийн 17-р талд авагджээ.
Талуудын байгуулсан дээрх гэрээнүүдээс дүгнэхэд 2019.07.22-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний агуулгаар, түүнчлэн 2019.07.22-ны өдрийн Цахилгаан шат угсарч, суурилуулах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгаар байгуулагдсан холимог гэрээнүүд байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж тус тус заасан байна.
Талуудын хооронд эдгээр гэрээнүүд байгуулагдсан эсэх асуудлаар маргаагүй хэдий ч нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хариуцагчийг гэрээний үүргээ зөрчиж, хохирол учруулсан тул өөрөөс гаргасан зардал, эд хөрөнгийн үнийг, алдангийн хамт хохиролд тооцож шаарджээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн талаар хавтаст хэрэгт баримтаар нотлоогүй байна.
Талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас нэхэмжлэгч Э Э И ХХК нь 2019 оны 07 сарын 22-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүргийг гэрээнд заасан хугацаандаа биелүүлээгүй, түүнчлэн хариуцагч Э И ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар хугацаандаа үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, талууд дээрх гэрээгээр ажлын тоон үзүүлэлт, үйлдвэрлэл, тээвэр, угсралтын ажлыг графикаар тохирч, уг ажлыг Э Э И ХХК нь 2019 оны 07 сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд IPS-I-MR маркийн 1 ширхэг лифтийг захиалан авчруулж, угсруулж хүлээлгэж өгөхөөр тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба дээрх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс маргаан үүсч, хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэх асуудлаар албан бичиг болон мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж, түүнчлэн гэрээг цуцалсан нь хуульд нийцжээ.
Харин нэхэмжлэгч тал хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үнийг бартераар төлөхөөр тохирсон боловч бартерын байрыг тодорхой болгож өгөөгүйгээс гэрээний хугацаа хойшлогдсон, түүнчлэн 2019 оны 11 сарын 04-ний өдөр А13-ЗГ-1****тоот орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй ****** сити-1 хотхоны 1 дүгээр В блокийн 1 дүгээр орцны 3 давхрын 45.53 мкв талбай бүхий орон сууцыг Э Э И ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсноор гэрээ хэрэгжих боломжтой болсон, хариуцагч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Талуудын байгуулсан гэрээгээр ... цахилгаан шатны үнэнд баригдаж буй орон сууцнаас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх төлбөрийн нөхцөлтэйгөөр гэж тохиролцсон байх ба нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээний төлбөр төлөх үүргийг биелүүлээгүй үндэслэлээр цахилгаан шат захиалах хугацааг хойшлогдож, улмаар 2019 оны 11 сарын 04-ний өдрийн гэрээгээр гэрээний хугацааг сунгасан гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ талуудын байгуулсан гэрээний ажлын хөлсийг бартераар төлөх төлбөрийг баталгаажуулсан гэрээ гэж үзэхээр байх ба уг гэрээгээр 2019 оны 07 сарын 22-ны өдрийн гэрээний хугацааг сунгасан гэх үйл баримт тогтоогдохгүйн дээр нэхэмжлэгч нь энэ талаараа баримтаар нотлоогүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Э Э И ХХК нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно. гэснээр манай тал уг эрхээ хэрэгжүүлсэн гэж тайлбар гаргасан нь хуульд нийцээгүй байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд үндсэн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч Э Э И ХХК нь дээрх эрхийг хэрэгжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний талууд гэрээнд заасан хугацаанд үндсэн үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаанд үндсэн үүргээ хэрэгжүүлэхгүйгээр үүргийн гүйцэтгэлийг саатуулан барих нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр алданги шаардсан нь хуульд нийцэхгүй бөгөөд гэрээ цуцалсан тохиолдолд хохирол шаардана, харин гэрээний үүрэгтэй холбоотой алдангийг хохиролд оруулан тооцох үндэсгүй гэж дүгнэв.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал гэрч Б.М-ыг, хариуцагч тал гэрч Б.Г нарыг асуулгах хүсэлтээсээ татгалзсан тул уг гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж, гэрчийн мэдүүлэг аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э И ХХК-иас 158 507 808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э Э И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э Э И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 950 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ