Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

 Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       Р.Мягмардорж

Нарийн бичгийн дарга         Э.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч       Б.Балжидмаа

Шүүгдэгч                                  Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  Б.Ганзоригт холбогдох эрүүгийн 2331000000163 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн засаг дарга ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, усан сангийн 1-107 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Боржигон ургийн овогт Батсүхийн Ганзориг Регистрын дугаар /РД: МХ96071711/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ганзориг нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт “Гацуурт” ХХК-ийн ажилтан М.Ичинноровыг гар утсаараа бичлэг хийлээ гэж  гар утсыг нь булааж авахдаа зүүн гарын 2-р хурууны шивнүүр ясны үеийг гэмтээж , хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганзориг мэдүүлэхдээ ...  2023 оны 06 -р сарын 14-ний өдөр  манай сумын “Бүдүүний гүүр” дээр Ичинноров нь 5-6 машин дүүрэн хүмүүстэй  гарал үүсэлгүй “Гацуурт “ компаний  олон тооны адуу оруулах гэж ирсэн, бид  адууны гарал үүслийн бичиг баримтыг шаардаж гүүрэн дээр очиход Ичинноров утсаараа бичлэг хийж малчдыг дүрсжүүлэн “ та нарыг малаа хашуулаад  зогсож байхыг чинь харна “гэж хэлээд бичлэг хийгээд байхаар нь би утсыг нь булааж авсан. Ичинноровтой зууралдсан юм байхгүй, гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр үед тэнд Ичинноров зүгээр л явж байсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Ичинноровын өгсөн: "...Би Гацуурт ХХК-д малын тоо бүртгэгчээр 4 дэх жилдээ ажиллаж байна. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 320-иод тооны адуу унагатай ирсэн байсан тул би тоолох гээд өмнөөс нь явсан. Намайг Зүүнбүрэн сумын бүдүүний гүүрний цаахан талд очиход Цагааннуур сумын Тийрэг сумын малчид болон багийн засаг дарга Ганзориг, иргэдийн төлөөлөгчдийн орлогч дарга нэрийг нь мэдэхгүй, мөн Цагааннуур сумын гарал үүслийн бичиг өгдөг Алтаннавч нар ирчихсэн, адуунуудын урд хашаад зогсчихсон энүүгээр хөдөлгөөн хийлгэхгүй гээд байж байсан. Уг газарт байж байгаад буцаад байрлаж буй Гацууртын байр луу буцаж очоод хүүхдээ хөхүүлээд буцаад “Бүдүүний гүүр” лүү явсан. Тэгэхэд өмнө нь байсан хүмүүсээс илүү олон иргэд ирсэн байсан. Би шууд утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд Цагааннуур сумын багийн засаг дарга Ганзориг над руу тулж ирээд “яасан овоо их бичлэг хийдэг юм” гээд утастай гарыг минь мушгиад өөр лүү гээ огцом татсан. Би утсаа тавилгүй өөр лүүгээ татсан боловч Ганзориг дахин өөр лүүгээ огцом гарыг минь мушгиад утсыг минь аваад цааш яваад өгсөн. Миний хуруу өвдөөд зовиуртай байхаар нь шууд Зүүнбүрэн сумын эрүүл мэндийн төвд очиж гараа үзүүлсэн. Сумын эмч үзээд “долоовор хурууны урд үе хавдсан байна, яс чинь хугарсан байж магадгүй юм байна” гэж хэлээд боолт хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Нэргүйгийн өгсөн: Би 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажил дээр байж байтал 11 цагийн үед тамгын газрын Б.Ганзориг залгаад Гацуурт ХХК-н зөвшөөрөлгүй, гарал үүсэлгүй адуу сумын нутаг руу орох гэж байна, хамт явъя гэхээр нь би очиж уулзсан. Тэгээд би тамгын газрын ажилчдын хамт “Бүдүүний гүүр” гэх газарт очсон бөгөөд биднийг очих үед гүүрэн дээр ямар нэгэн хүн, мал байгаагүй. Тэр үед төлөөлөгч Мөнхболд намайг гүүрэн дээр адуу ирвэл оруулахгуй бай  гэж хэлсэн бөгөөд би Б.Ганзоригийн хамт хоносон. Бид хоёр гүүрэн дээр байх үед Ганзориг өөрийн багийн малчдаас 4 хүн дуудсан бөгөөд хоёр машинтай тэдгээр хүмүүс нь ирж хамт хоносон. Шөнө ямар нэг мал ирээгүй бөгөөд маргааш нь буюу 14-ний өдрийн 18 цагийн үед”  Гацуурт” ХХК-н унага ачсан ачааны машин ирсэн. Тухайн машин ирэх үед Б.Ганзориг уулзсан бөгөөд гарал үүсэлгүй тул буцаа гэсэн учир тухайн машиныг буцааж явуулсан. Тэгээд би удахгүй суманд ирээд байж байтал, араас дахин гүүрэн дээр дуудлага ирсэн бөгөөд Гацууртын мал орж ирэх гээд хүмүүс маргаан гаргаад байна гэхээр нь би дахин сумаас Б.Ганзоригийн хамт гүүр лүү явсан. Бид хоёрыг очих үед Ганцэцэг гэх эмэгтэй упаан өнгийн машинаар гүүр хаагаад тавьсан байсан бөгөөд гар нь гэмтсэн эмэгтэй болон бусад ажилчид гээд нэлээд хэдэн хүн байсан. Гэтэл гар нь гэмтдэг эмэгтэй гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан бөгөөд тэр үед Ганзориг очоод утсыг нь авах гэтэл өгөхгүй байсан бөгөөд Ганзориг гар утсыг нь булааж авсан. Утсыг аваад надад өгөхөөр нь буцаагаад, Гацууртын нэг хөгшин эмэгтэйд өгсөн. Нөгөө эмэгтэйд  утсыг өгөх гэсэн боловч хуруу нь гэмтсэн гээд эмнэлэг явсан байсан. Тэгээд би жижүүрт, болж байгаа зүйлийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд Зүүнбүрэн сумын хэсгийн мөрдөгч ирээд би сум руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Ганцэцэгээс... Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ажилчидтай адууг оруулж болохгүй гээд ярилцаж байх хооронд Ичинноров гэдэг эмэгтэй утсаараа бичлэг хийгээд хүн болгон руу утсаа тулгаад “та нар өнөөдөр инээж бай, маргааш яах талаар харна” гээд хэлтэл 3-р багийн засаг дарга Ганзориг, Ичинноров руу дөхөж очоод утасны дээд талаас нь бариад шууд булааж аваад цагдаа Нэргүйд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би ээлжийн жижүүрийн сувилагчаар ажиллаж байсан. Намайг ажил дээр байхад 21 цаг өнгөрч байхад хоёр эмэгтэй орж ирээд нэг нь миний хурууг хүн хойш нь нугалаад дарчихлаа гэж хэлсэн. Тухайн үед манай эмч А.Бямбаноров байсан ба би эмчид хэлсэн. Тэгээд эмч уг эмэгтэйг үзээд хурууны үен дээр овойцон байна гэж хэлээд савхаар чиг тавьж өгөөд гадна талаар боолт хийж аймаг руу явж үзүүлээрэй гэдэг талаар зөвлөмж тодорхойлолт хийж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Бямбаноровын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би сумын эрүүл мэндийн төвд хүн үзээд байж байхад 21 цаг өнгөрч байхад гаднаас 2 эмэгтэй орж ирээд Ичинноров гэдэг эмэгтэйг нь миний хурууг нэг залуу хойш нь дарчихлаа, мөн хурууг минь маажсан гэж хэлсэн. Уг эмэгтэйг үзэхэд долоовор хуруу зүүн гар гэж санаж байна 2 дугаар үеийн арын хэсэг 0.8 см орчим зүсэгдсэн шархтай шархыг дээд талаар хумс тал руу жижиг бондойж хөхөрсөн байдалтай байсан. Уг хурууг барьж үзэхэд хугарсан эсэх нь мэдэгдэхгүй байсан. Тийм учир рентгэн зураг авахуул гэж хэлээд хуруунд нь эм тавиад гадна талаар боолтоор боож явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Ариунболдын өгсөн: “...Миний хувьд 14-ний өдөр гэртээ байж байтал гүүрэн дээр зөвшөөрөлгүй мал ирсэн гээд хэрүүл маргаан болоод байж байсан. Би 19 цагийн үед ирсэн юм. Гэтэл Б.Ганзориг сумынхаа цагдаагийн хамт ирсэн бөгөөд нэг бичлэг хийж байсан хүүхний гар утсыг булааж аваад цагдаад өгсөн. Би тухайн үед гүүрний хашлага налаад зогсож байсан учир би сайн харсан. Тэгээд би хэрүүл маргаан болоод байхаар нь удалгүй гэр лүү гээ яваад өгсөн... “ гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч М.Алтаннавчын өгсөн ... Би 3 дугаар багийн засаг дарга Ганзориг руу гар утсаар залгаад адуунуудыг нааш туугаад байна, та хурдан ирээч гэж хэлсэн. Ганзориг 20-30 минутын дараа бид нар дээр ирэхэд малчид Гацууртын ажилчидтай маргалдаж байсан. Энэ үед нь Гацууртын ажилтан Ичинноров нь гар утсаараа бичлэг хийгээд хүн болгон дээр тулж очоод зураг аваад байсан.  Ганзориг чи яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ гээд утсыг нь булааж аваад цагдаа Нэргүйд өгсөн. Утсыг нь авахад цаг 21 цаг болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт ... М.Ичинноровын биед зүүн 2-р хуруу, шивнүүр ясны үе гэмтэж, хөдөлгөөнгүй болсон, хаван хавдартай, 2-р үен дээр няцарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх,  /хх-ийн 59-60 дүгээр хуудас/

Гэрэл зургын үзүүлэлт /хх-н 64 дүгээр хуудас /

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Шинжээч эмч Бүрэнжаргалын өгсөн: “...Дээрх гэмтэл нь гадны хүчин зүйлээс буюу унах, базах, цохих, татах үед үүссэн байх боломжтой..утастай нь базаад мушгих, татах, зулгаах үед үүссэн байх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 71-73 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Б.Ганзоригийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 85 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/

Хавтаст хэргийг материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 88-91 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Ганзориг нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт “Гацуурт” ХХК-ийн ажилтан М.Ичинноровыг гар утсаараа бичлэг хийлээ гэж уурлан гар утсыг нь булааж авахдаа зүүн гарын 2-р хурууны шивнүүр ясны үеийг гэмтээж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Ичинноровын өгсөн: "... Би шууд утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд Цагааннуур сумын багийн засаг дарга Ганзориг над руу тулж ирээд “яасан овоо их бичлэг хийдэг юм” гээд утастай гарыг минь мушгиад өөр лүү гээ огцом татсан. Би утсаа тавилгүй өөр лүү гээ татсан боловч дахин өөр лүү гээ огцом гарыг минь мушгиад утсыг минь аваад цааш яваад өгсөн. Миний хуруу өвдөөд зовиуртай байхаар нь шууд Зүүнбүрэн сумын эрүүл мэндийн төвд очиж гараа үзүүлсэн. Сумын эмч үзээд “долоовор хурууны урд үе хавдсан байна, яс чинь хугарсан байж магадгүй юм байна” гэж хэлээд боолт хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Нэргүйгийн өгсөн.... гар нь гэмтдэг эмэгтэй гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан бөгөөд тэр үед Ганзориг очоод утсыг нь авах гэтэл өгөхгүй байсан, Ганзориг гар утсыг нь булааж авсан. Утсыг аваад надад өгөхөөр нь буцаагаад, Гацууртын нэг хөгшин эмэгтэйд өгсөн. Нөгөө эмэгтэйд  утсыг өгөх гэсэн боловч хуруу нь гэмтсэн гээд эмнэлэг явсан байсан. Тэгээд би жижүүрт, болж байгаа зүйлийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд Зүүнбүрэн сумын хэсгийн мөрдөгч ирээд би сум руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Ганцэцэгээс... Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт”  ХХК-ийн ажилчидтай адууг оруулж болохгүй гээд ярилцаж байх хооронд Ичинноров гэдэг эмэгтэй утсаараа бичлэг хийгээд хүн болгон руу утсаа тулгаад “та нар өнөөдөр инээж бай, маргааш яах талаар харна” гээд хэлтэл 3-р багийн засаг дарга Ганзориг, Ичинноров руу дөхөж очоод утасны дээд талаас нь бариад шууд булааж аваад цагдаа Нэргүйд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би ээлжийн жижүүрийн сувилагчаар ажиллаж байсан. Намайг ажил дээр байхад 21 цаг өнгөрч байхад хоёр эмэгтэй орж ирээд нэг нь миний хурууг хүн хойш нь нугалаад дарчихлаа гэж хэлсэн. Тухайн үед манай эмч А.Бямбаноров байсан ба би эмчид хэлсэн. Тэгээд эмч уг эмэгтэйг үзээд хурууны үен дээр овойцон байна гэж хэлээд савхаар чиг тавьж өгөөд гадна талаар боолт хийж аймаг руу явж үзүүлээрэй гэдэг талаар зөвлөмж тодорхойлолт хийж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Бямбаноровын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би сумын эрүүл мэндийн төвд хүн үзээд байж байхад 21 цаг өнгөрч байхад гаднаас 2 эмэгтэй орж ирээд Ичинноров гэдэг эмэгтэйг нь миний хурууг нэг залуу хойш нь дарчихлаа, мөн хурууг минь маажсан гэж хэлсэн. Уг эмэгтэйг үзэхэд долоовор хуруу зүүн гар гэж санаж байна 2 дугаар үеийн арын хэсэг 0.8 см орчим зүсэгдсэн шархтай шархыг дээд талаар хумс тал руу жижиг бондойж хөхөрсөн байдалтай байсан. Уг хурууг барьж үзэхэд хугарсан эсэх нь мэдэгдэхгүй байсан. Тийм учир рентгэн зураг авахуул гэж хэлээд хуруунд нь эм тавиад гадна талаар боолтоор боож явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт ... М.Ичинноровын биед зүүн 2-р хуруу, шивнүүр ясны үе гэмтэж, хөдөлгөөнгүй болсон, хаван хавдартай, 2-р үен дээр няцарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх,  /хх-ийн 59-60 дүгээр хуудас/

Гэрэл зургын үзүүлэлт /хх-н 64 дүгээр хуудас /

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Шинжээч эмч Бүрэнжаргалын өгсөн: “...Дээрх гэмтэл нь гадны хүчин зүйлээс буюу унах, базах, цохих, татах үед үүссэн байх боломжтой..утастай нь базаад мушгих, татах, зулгаах үед үүссэн байх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Ганзоригийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Б.Ганзоригийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Ганзоригийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Б.Ганзоригоос ... би М.Ичинноровын гарт гэмтэл учруулаагүй, гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн, түүний өмгөөлөгчөөс... Шүүгдэгч Б.Ганзориг нь гар утсаар бичлэг хийж байсан  М.Ичиннорвын гар утсыг булааж авах явцад хохирогчийн гар гэмтсэн байх магадлалтай боловч энэ гэмтлийг санаатай учруулаагүй, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байхгүй байх тул  Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаас дүгнэхэд... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Ичинноровын өгсөн: "... Би шууд утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд Цагааннуур сумын багийн засаг дарга Ганзориг над руу тулж ирээд “яасан овоо их бичлэг хийдэг юм” гээд утастай гарыг минь мушгиад өөр лүүгээ огцом татсан. Би утсаа тавилгүй өөр лүүгээ татсан боловч Ганзориг  дахин өөр лүүгээ огцом татаж гарыг минь мушгиад утсыг минь аваад цааш яваад өгсөн. Миний хуруу өвдөөд зовиуртай байхаар нь шууд Зүүнбүрэн сумын эрүүл мэндийн төвд очиж гараа үзүүлсэн. Сумын эмч үзээд “долоовор хурууны урд үе хавдсан байна, яс чинь хугарсан байж магадгүй юм байна” гэж хэлээд боолт хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Нэргүйгийн өгсөн ... Ганзориг гар утсыг нь булааж авсан. Утсыг аваад надад өгөхөөр нь буцаагаад, Гацууртын нэг хөгшин эмэгтэйд өгсөн. Нөгөө эмэгтэйд  утсыг өгөх гэсэн боловч хуруу нь гэмтсэн гээд эмнэлэг явсан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Ганцэцэгээс... Ичинноров гэдэг эмэгтэй утсаараа бичлэг хийгээд хүн болгон руу утсаа тулгаад “та нар өнөөдөр инээж бай, маргааш яах талаар харна” гээд хэлтэл 3-р багийн засаг дарга Ганзориг, Ичинноров руу дөхөж очоод утасны дээд талаас нь бариад шууд булааж аваад цагдаа Нэргүйд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Бямбаноровын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би сумын эрүүл мэндийн төвд хүн үзээд байж байхад 21 цаг өнгөрч байхад гаднаас 2 эмэгтэй орж ирээд Ичинноров гэдэг эмэгтэйг нь миний хурууг нэг залуу хойш нь дарчихлаа, мөн хурууг минь маажсан гэж хэлсэн. Уг эмэгтэйг үзэхэд долоовор хуруу зүүн гар гэж санаж байна 2 дугаар үеийн арын хэсэг 0.8 см орчим зүсэгдсэн шархтай шархыг дээд талаар хумс тал руу жижиг бондойж хөхөрсөн байдалтай байсан. Уг хурууг барьж үзэхэд хугарсан эсэх нь мэдэгдэхгүй байсан. Тийм учир рентгэн зураг авахуул гэж хэлээд хуруунд нь эм тавиад гадна талаар боолтоор боож явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлт, шинжээч эмч Бүрэнжаргалын өгсөн: “...Дээрх гэмтэл нь гадны хүчин зүйлээс буюу унах, базах, цохих, татах үед үүссэн байх боломжтой..утастай нь базаад мушгих, татах, зулгаах үед үүссэн байх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Ганзориг нь ... гар утсыг булааж авах үед хохирогчийн гарт гэмтэл учирсан буюу хөнгөн хохирол учирсан ба тэр даруй эмнэлэг явсан болох нь гэрч Б.Нэргүй, гэрч А.Бямбаноров нарын мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Б.Ганзориг нь гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсан атлаа өнөөдрийг хүртэл ямар нэг хүсэлт гомдол гаргаагүй байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гэмтэл учруулаагүй буюу уг гэмтлийг санаатай учруулаагүй гэх мэдүүлэг, хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч М.Ичинноров нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул Б.Ганзориг нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Б.Ганзоригийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  зэрэг байдлыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Ганзоригт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ганзоригийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ганзориг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд хавтаст хэрэгт хавсаргагдсан СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Ганзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Батсүхийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Боржигон ургийн овогт Батсүхийн Ганзоригт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.Ганзоригийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Б.Ганзориг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хохирогч М.Ичинноров нь энэ гэмт хэргийн улмаас хохирлын баримт ирүүлээгүй ба нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Б.Ганзоригийн хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди-г,  хавтаст хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь энэ шийтгэх тогоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ