Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 156/шш2021/00307

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00307

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00232/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .......-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ..............-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, хариуцагч Т.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Уугантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Ж-тай 2011 онд танилцаж, 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Т.Ж архи согтууруулах ундаа хэрэглэдэг учир архинаас үүдэлтэй хэрүүл их гардаг. Бид Солонгос улсад хамт ажиллаж байсан. Монгол улсад ирснээс хойш байнга дарамталдаг болсон. Эвлэрүүлэн зуучлалын явцад Т.Ж-т архи, мөрийтэй тоглоомоос татгалзаж, надтай зүй бусаар харьцахаа боличих гэж хэлсэн боловч Т.Ж зөвшөөрөөгүй. Би архины хамааралтай хүнтэй хамт охиноо өсгөмөөргүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Ж.Н-нд хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Ж.Н-г эх С.М миний асрамжид үлдээж өгнө үү... гэжээ. 

Хариуцагч Т.Ж нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Ж миний бие С.М-тай 2011 онд танилцаж, 2017 онд гэр бүл болон 2018 онд охин Н-г төрмөгц хамт амьдарч ирсэн. Энэ хугацаанд одоог хүртэл эхнэр болох М архи ууж, гэр орноосоо хөөж туусан асуудал гаргаагүй болно.

Эхнэр М-тай амьдралаа өөдөн татах гэж ажил хийхээр 2019 онд Солонгос улс руу хамт явсан. Охин Н хамт амьдарч байгаад миний ээж 75 настай Д.С, эгч С.З харуулан 6 сартай үлдээгээд явсан. Удалгүй би өөрөө охиноо харах шаардлагатай болоод 2 сар гаран болоод Монголд эргэж ирсэн. Эхнэр  М үргэлжлүүлэн ажиллахаар болж 1 жил ажиллаад Монголд эргэж ирсэн. Солонгосд байхдаа надаас охиноо аваад сална гэж дарамталдаг байсан. Би 6 сартай охин Н-гоо 3 нас хүртэл нь эцэг хүний хувиар охиндоо амьнаасаа илүү хайртай хүний хувьд хайр халамжаар огт дутаагаагүй өсгөсөн. Эхнэр С.М 10 дугаар цэцэрлэгт багшаар 2020 оны 10 дугаар сард ажилд ороод зан нь эрс өөрчлөгдөж, архи ууж тасран ажлын хүнээрээ хүргүүлэн ирж охин болон өндөр настай ээжийн хажууд тасран унтаж гэр бүлээ үл тоон 2021 оны 03 дугаар сард хотын гэх залуутай сүүлэрч гэртээ ирэхээ больж эсвэл шөнө 2, 3 цагт ирэн архи үнэртүүлэн явдаг байсан. Би 75 настай ээжтэйгээ эхнэр, охинтойгоо хамт амьдардаг. Би гэр орондоо агсан согтуу тавьсан удаа байхгүй. Намайг ямар залуу гэдгийг манай хөрш, найзууд мэдэж байгаа. Бид хоёр Солонгос улсад ажиллаж байсан. Би С.М-аас өмнө Солонгос улсаас Монгол улсад ирээд архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэх зав ч байгаагүй. Учир нь миний охин жаахан байсан ээж, эгч маань харж байсан. Эгчийн ажил ороод би ээлжийн ажилтай байсан учир хүүхдээ хараад гэртээ байсан. Одоо ч хүүхдээ харж байгаа. Би охиноосоо хол байж, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Хэрвээ хүүхдийн тэтгэлгийн мөнгийг төлбөл эх С.М-г авах эрхгүйгээр хадгаламжид хүүхдийн тэтгэлгийг хийж байх саналтай байна.. Иймд амьнаас илүү хайртай ганц охиныг минь хайрлан халамжлах эрхийг надад өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Т.Ж-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.М хариуцагч Т.Ж-т холбогдуулан  гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хүүхдийн тэтгэлэг төлбөл ээжид нь биш охиныхоо нэр дээр данс нээлгэж хийлгэнэ, охиноо өөрийнхөө асрамжид авах хүсэлттэй байна хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2018 оны 07 дүгээр сарын 24ий өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Ж.Н төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон охин Ж.Н эрүүл бойжиж байна гэх өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг архи ууж агсам согтуу тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулж байнга хэл амаар доромжилж, охин бид хоёрыг гэрээсээ хөөж хамт амьдрах боломжгүй болсон тухай илэрхийсэн ба нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргасан боловч Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл-ээс үзэхэд хариуцагч Т.Ж нь нэхэмжлэгч С.М-тай зан харьцааны улмаас нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ, хариуцагч гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх саналтай байгаагаа, охиныгоо өөрийнхөө асрамжид үлдээхээ илэрхийлсэн боловч нэхэмжлэгч гэр бүлийн харилцааг хэвээр үргэлжүүлэхийг хүлээн зөвшөөрөөгүй өмнө нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй, хариуцагч архи дарс хааяа уудаг гэдгээ зөвшөөрсөн зэргийг харгалан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн, мөн хуульд зааснаар зохигчдын хэн аль нь хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй байна.

Зохигчийн хэн аль нь охин Ж.Н-г өөрийн асрамжид авахыг илэрхийлсэн боловч охин Ж.Н 02 нас, 08 сартай, одоо эхийхээ асрамжид байдаг, эх С.М нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2, 26.4, 26.6 зааснаар эцэг эх гэрлэлтээ  цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Т.Ж нь охин Ж.Н-тэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх С.М-гийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тухай заасан, зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.5-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр охин Ж.Н-г сар бүр эцэг Т.Ж-р нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2.523.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55.327 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Т.Ж, С.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Ж-н Н-г эх С.М-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ж.Н-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Ж-аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.М-д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдасугай.

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгасугай.

6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдасугай.

7.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, анхаарал халамжид байх, эцэг эхээсээ хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасны дагуу хүүхдийн эрхэд саад учруулахгүй байхыг эх С.М-д даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэг хүүхдийн тэтгэлэгт ногдох 55.327 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА