| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 108/2020/0079/Э |
| Дугаар | 952 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 952
108/2020/0079/Э
2020 07 30 2020/ДШМ/952
Г- /-/, Ш- /-/,
Ж- /-/,
Б.Э- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болормаа, О.Мөнгөнчимэг, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Монгол,
шүүгдэгч Г- /-/-ы өмгөөлөгч Ш.Сарангэрэл,
шүүгдэгч Ш- /-/-ы өмгөөлөгч Г.Энхтүвшин,
шүүгдэгч Ж- /-/-ны өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.Э-,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболдын даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 186 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлээр Г- /-/, Ш- /-/, Ж- /-/, Б.Э- нарт холбогдох эрүүгийн 1907001790193 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш- /-/ нь “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн нүүрсний гүний уурхайд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 5 дугаар сарын 21, 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд тус тус шалгалт хийж, Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зүйл заалтуудыг зөрчсөн үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан байхад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.” гэж, 24.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй.” гэж тус тус заасныг зөрчиж уурхайд ажилчдыг ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Батхуяг, Д.Цэгмэд, Э.Шижирболд нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан,
Ж- /-/ нь “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн уурхайн даргын үүргийг гүйцэтгэж байхдаа ажилчдыг “ажиллаж болно” гэж ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Батхуяг, Д.Цэгмэд, Э.Шижирболд нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан,
Г- /-/ нь “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна.” гэж заасныг зөрчиж уурхайн ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд ажиллуулсны улмаас тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Батхуяг, Д.Цэгмэд, Э.Шижирболд нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан,
Б.Э- нь “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт “үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт.” гэж, 17.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна.” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж тус тус заасныг зөрчиж, тус уурхайн ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажиллуулсны улмаас тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Батхуяг, Д.Цэгмэд, Э.Шижирболд нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Налайх дүүргийн прокурорын газраас: Г- /-/, Ш- /-/, Ж- /-/, Б.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрдэнийн Хөгжил” ХХК-д шалгалт хийсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн № 02-05369/88 дугаартай актаар үйл ажиллагааг нь 2 сарын хугацаатай түр зогсоосны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Эрдэнийн Хөгжил” ХХК-д 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Зөрчлийн хэрэг нээж улмаар 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр №0066345 дугаартай шийтгэлийн хуудсаар торгож шийдвэрлэх үед “Эрдэнийн Хөгжил” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон эсэх,
Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах талаар 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгийн хүрээнд Мэргэжлийн Хяналтын газар болон Цагдаагийн газар тус уурхайд ямар арга хэмжээ авсан эсэх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “Эрдэнийн Хөгжил” ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлуулах санал хүргүүлсэн нь тухайн цаг хугацаанд хэрхэн шийдвэрлэгдсэнийг шалгах, шүүх хуралдаанд шүүгдэгч Г--ийн өмгөөлөгчдийн зүгээс гаргаж ирсэн бичгийн баримт болон гар утасны бичлэгтэй холбогдуулан гэрч Б.Оюунбилэгийн шүүхэд өгсөн “2018 оны 8 дугаар сард Лхагвасүрэн гэж байцаагч лацыг авч уурхайг нээсэн, 2019 оны 4 дүгээр сард Оюунтүлхүүр гэх дүүргийн байцаагч лацыг авсан” талаар өгсөн мэдүүлэг, гэрч А.Оюунтүлхүүрийн шүүхэд өгсөн “2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр иргэдийн мэдээллээр уурхайд очиход лацгүй үйл ажиллагаа явуулж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр уурхайд осол болоход мөн лацгүй байсан учир лац тавьсан талаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Э- болон хэрэгт авагдсан уурхайд ажиллаж байсан гэрчүүд уурхайг ажиллаж байсан талаар мэдүүлсэн байхад
- уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор лацыг хэн хэзээ авсан,
- эрх бүхий албан тушаалтнуудаас уурхайг нээх зөвшөөрөл өгсөн эсэх,
- өгсөн бол ямар үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрсөн эсэх,
- эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж уурхайн зүгээс дур мэдэн нээсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дахин мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох шаардлагатай.
Хөдөлмөр аюулгүй байдлын талаар гаргасан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ХАБ-№18 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №19/39 дугаартай “Гранд Инженеринг” ХХК-ийн Далд уурхай аюулгүй байдлын талаар гаргасан шинжээчийн дүгнэлттэй уялдуулан хариуцах этгээдүүдийн талаар “Эрдэнийн Хөгжил” ХХК-ийн дүрэм, Компанийн тухай хууль тогтоомжоор шүүгдэгч нарын хүлээсэн эрх үүрэг, эрх зүйн байдалтай нь холбогдуулан дахин тогтоох шаардлагатай.
Мөн уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажилтнаар ажиллаж байсан гэх Юу Чун Лайгийн талаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ХАБ18 нэмэлт шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан түүнийг эрэн сурвалжлахтай болон хэрэгт асуугдах үйл ажиллагаатай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.3, 42.5 дугаар зүйлүүдэд заасан олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагаа хэрхэн гүйцэтгэсэн талаар хэрэгт цуглуулах, яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч тус бүрийн үйлдэлд ямар нотлох баримт хамааралтай талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалга ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Г- /-/, Ш- /-/, Ж- /-/, Б.Э- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн байцаалтаар яллагдагч Г- /-/, Ш- /-/, Ж- /-/, Б.Э- нарын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэн тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэл бүхий гэж үзнэ. Учир нь:
“Эрдэнийн хөгжил” ХХК нь төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудаас үйл ажиллагааг нь зогсоосон шийдвэр гарсан, энэ шийдвэр хүчин төгөлдөр байхад үйл ажиллагаа явуулсан, хүний амь нас хохирсон үйл баримт нотлогдсон байхад хэрэгт туйлын ач холбогдол багатай “лацыг хэн авсан болох, эрх бүхий албан тушаалтан уурхайг нээх зөвшөөрөл олгосон эсэх” гэх мэт асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа дутуу гүйцэтгэснийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэл болгож, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд илт үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн шаардлагыг бүхэлдээ зөрчсөн гэж үзнэ.Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 02-20/66 дугаартай албан бичгийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийн дагуу ямар арга хэмжээ авсан эсэхийг шалгах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнийн хөгжил ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлуулах санал хүргүүлсэн нь тухайн цаг хугацаанд хэрхэн шийдвэрлэгдсэнийг шалгах нь энэ гэмт хэргийн зүйлчлэл, нотолгооны хувьд ач холбогдолгүй, нөгөөтэйгүүр уг асуудлыг шалгаснаар ямар нөхцөл байдлыг бататгах, эсхүл тодруулах талаар захирамжид тодорхой заагаагүй нь шүүхийн тогтоол ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй байна. Шүүх шүүгдэгч Г-гийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн үл таних хоёр эмэгтэй хүний гар утсаар ярьсан ярианы бичлэг бүхий компакт дискийг хүлээн авч нотлох баримтын хэмжээнд үнэлж, бусад нотлох баримт болох гэрч Б.Оюунбилэг, А.Оюунтүлхүүр нарын мэдүүлэгтэй харьцуулан шинжлэн судалж шийдвэртээ оруулан дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж, 4 дэх хэсэгт “...Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ...” гэж, 6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй...” гэж заасныг тус тус зөрчсөн. Уг үл таних хоёр эмэгтэй хүний гар утсаар ярьсан ярианы бичлэгийг хийхдээ талууд харилцан тохиролцож бичлэг хийгээгүй гэж шүүх хуралдаанд шүүгдэгч Г- мэдүүлснээс үзэхэд нотлох баримтыг хууль бус аргаар, “хүнийг хууль бусаар мөрдөн мөшгөх, тагнаж чагнах”-ыг хориглосон Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж, дуу авианы бичлэг хийсэн байхад хавтаст хэрэгт авагдаагүй уг нотлох баримтыг үндэслэж хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “...Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.
Компанийн тухай хуульд зааснаар Г- /-/ нь “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Ш- /-/ нь гүйцэтгэх удирдлагаар, Ж- /-/ нь уурхайн даргаар, Б.Э- хөдөлмөр аюулгүй байдлыг хангах ажилтнаар гэмт хэрэг үйлдэгдэх үед ажиллаж байсан нь гэрч нарын мэдүүлгээр болон шинжээч нарын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ХАБ-№18 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдсон, Эрдэнийн хөгжил ХХК-ийн дүрэмд тэдний эдлэх эрх, хүлээх үүрэг, эрх зүйн байдалтай холбоотой зохицуулалт байхгүй тул дахин шалгах боломжгүй, өөрөөр хэлбэл шалгаснаар шинэ нөхцөл байдал тогтоогдохгүй юм. Гэмт хэрэг үйлдэгдэх үед тус компанид ажиллаж байсан Юу Чун Лай нь Монгол Улсын хилээр нэвтэрч Бүгд Найрамдах Хятад Ард улс руу явсан болох нь тогтоогдсон бөгөөд Юу Чун Лайгийн үйлдэлд тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Прокуророос яллагдагч Г- /-/, Ш- /-/, Ж- /-/, Б.Э- нарын үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэх байтал хавтас хэрэгт тусгагдаагүй хэргийг шалгуулахаар буцааж байгаа нь хянан хэлэлцэх хэмжээ хязгаарыг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, мөн прокуророос яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар дүгнэж, яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үйлдсэн байхад шүүх үндэслэлгүйгээр “...шүүгдэгч тус бүрийн үйлдэлд ямар нотлох баримт хамааралтай талаар дүгнээгүй...” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтад заасан шаардлагыг хангаагүй талаар тодорхой дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тус тус зөрчсөн байна.
Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 186 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, гэм буруугийн шүүх хуралдаанаас дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Батсайхан прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, Далд уурхай аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлт болон Хөдөлмөр аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлт хоёрт шүүх дүгнэлт хийхдээ эдгээр дүгнэлттэй уялдуулан шүүгдэгч нарын хүлээсэн эрх үүрэг, эрх зүйн байдалтай нь холбогдуулан дахин шалгаж тогтоох шаардлагатай гэж үзсэн. Далд уурхайн аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлт нь осол гарсан буюу тухайн хөрсний нуранги үүссэн шалтгаан нөхцөлийг тодорхойлж өгсөн дүгнэлт юм. Мөн эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудаас уурхайг нээх зөвшөөрөл өгсөн эсэхийг шалгаж тогтоох, тухайн лацыг хэн авсан болох нь эргэлзээтэй байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтаар “Эрдэнийн хөгжил” ХХК нь хулгайгаар нүүрс олборлож, эрх бүхий байгууллагаас лацадсан байхад үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд шат шатандаа Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн. Лацны асуудлаас гадна шүүгдэгч Г- /GAO WA/ эрсдэлийн сан үүсгээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дугаар зүйлд “аж ахуйн нэгж байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1,5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарцуулна” гэж заасан үүргийг зөрчсөн. Ш- /-/-ийн хувьд “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал шууд хариуцна. Мөн ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасныг зөрчсөн. Энэ хэргийн тухайд амь хохирогч болох Батбаяр, Цэгмид, Шижирболд гэх хүмүүсээс зөвхөн Цэгмидтэй хөдөлмөрийн байгуулсан боловч ажил олгогчийн гарын үсэг байгаагүй. Ж- /ZANG QINGGUO/ гэх хүний хувьд уурхайн даргын үүргийг гүйцэтгэж, тухайн хүмүүсийг ажилд гарахад ажлын заавар өгч байсан. Өөрөөр хэлбэл, тухайн хүмүүсийг ажил хийх үүрэг даалгавар өгч байсан гэх нөхцөл байдал тогтоогддог. Б.Э-ын хувьд, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтныг сургалтад хамруулах үүрэгтэй. Гэтэл уурхайн ажилтнуудыг сургалтад хамруулахгүй, ажлын байранд зохих сургалт, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна гэж заасан байхад энэ үүргээ биелүүлэлгүй өдөр тутмын зааварчилгаа өгч ажиллуулж байсан болох нь тогтоогддог. Түүнчлэн Юу Чун Лай гэх хүний асуудал энэ хэрэгт яригдаж байгаа. Тухайн хүний хувьд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хилээр гарсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна. 1987 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улсын болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээнд “эрэн сурвалжлагдаж буй этгээд нь хүсэлт хүлээн авагч талын иргэн бол гэмт этгээдийг шилжүүлэн өгөхгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ гэрээг зөрчиж Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Юу Чун Лайг эрүүгийн хэрэгт шалган шийдвэрлэх зорилгоор хүсэлт гарган шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдал байгаа. Гэтэл тусад нь шалгаж байгаа хэрэгт эрх зүйн туслалцааны хүсэлтийн дагуу ямар тодорхой ажиллагаа хийсэн болохыг шалгах нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүх дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мөнгөнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болормаа, О.Мөнгөнчимэг нарын өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгч хэт нэг талыг барьсан байр суурьтай байсан. Учир нь, урьдчилсан хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэхээр заасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гар утасны бичлэгийг огт гаргаж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтүүдэд оролцогч нараас ямар нэг гомдол гаргаагүй, тухайн үед бүгд танилцаж, гарын үсэг зурсан. Гэтэл үндсэн хуралдаанд шинжээчийн дүгнэлтийн асуудлыг ярьж, илтэд хууль зөрчсөн нотлох баримт гаргаж өгөхөд шүүгч хүлээж авсан. Мөн шүүгчийн захирамжид шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй талаар дурдаагүй. Эндээс тухайн шүүгчийн хандлага харагддаг. Тус шүүхийн Ерөнхий шүүгч хүн энэ талаар мэдэхгүй байна гэж байхгүй. Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөнөөс болж Монгол Улсад олон хэрэг гарч байна. Энэ хэргийн улмаас 9 хүүхэд өнчирч, 3 гэр бүл бэлэвсэн хоцорч, 3 хүн амь насаараа хохирсон бөгөөд үүнийг Улсын мөрдөн байцаах алба шалгаж хуулийн дагуу бүх материалыг бүрдүүлсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн гэж Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэсэн. Мөн уурхайн аюулгүй байдлын талаар тусдаа дүгнэлт гаргасан. Үүнд уурхайн тулгуур багана шаардлага хангаагүй байсан гэж тодорхой дүгнэсэн байхад шүүх хуралдаанд шүүгч “та ямар хууль үндэслэж, ямар заалт зөрчсөн болохыг бичээгүй байна” гэж хэлсэн. Шинжээч дүгнэлт гаргахдаа тусгай мэдлэгээ ашиглаж зөрчлийг тогтоохоос биш шүүхийн шийдвэрийг заахгүй. Хоёр тусдаа дүгнэлтэд мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч нараас ямар ч гомдол гаргаагүй байхад шүүх хуралдаанд шүүгч энэ талаар дурдаж хуулийг завхруулсан. Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд ажил үүргийн талаар тодорхой заасан. Гүйцэтгэх захирал, аюулгүй байдал хариуцсан ажилтан хэн хэн байсан гэдгийг бүгдийг шалгаж тогтоосон. Гэтэл шүүгч ямар хүнд хамааралтай болох нь ойлгомжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Амь хохирогч нар уурхайн гүн рүү орохгүй гэхэд хөдөлмөрийн хамгаалах хувцасгүй хүчээр оруулсан байдаг. Эрх бүхий байгууллагаас “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр бичгээр гарсан бөгөөд нээсэн талаарх шийдвэр огт байхгүй. Мөн Г- “уурхай хоёр хаалгатай бөгөөд нэг хаалга нь лацтай, нөгөө лацгүй хаалгаар оруулсан” гэж тодорхой мэдүүлсээр байхад шүүх уурхайн лацыг авч хаалгыг нээсэн эсэхийг тогтоо гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ямар ч ач холбогдолгүй. Түүнчлэн шүүх хуралдаанд тус компанийн ТУЗ-ийн дарга Г-, захирал нар оролцсоор байхад иргэний хариуцагч гэх тусдаа өөр хүнийг оруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд хариуцагч оролцож байхад хөндлөнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүн орж ирсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд гар утасны бичлэг гэх баримт гаргаж өгсөн. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтыг үндэслэж түүнийг нотлох баримтаар үнэлэхгүйгээр шалгаж тогтоо гэж буцаасан нь үндэслэлгүй. Юу Чун Лай Монгол Улсын хилээр гарч явсан асуудалд хоёр улсын хоорондын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажиллагаа явуулж, тусгаарлан шалгаж байгаа. Гэтэл анхан шатны шүүх түүний асуудлыг шалгаж тогтоохоор заасан нь хэргийг удаашруулах гэсэн санаатай үйлдэл гэж үзэж байна. Иймд хохирогч талаас шүүгчийн ёс зүйн алдаатай холбоотой асуудлын талаар гомдол гаргах хүсэлтэй байна. Мөн уурхайд үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг тогтоо гэсэн нь ойлгомжгүй. Учир нь, уурхайг хаасан талаарх шийдвэр хэрэгт авагдсан, нээсэн талаар шийдвэр, тушаал огт байхгүй буюу тогтоогдсон асуудлыг дахин шалгаж тогтоохоор заасан нь үндэслэлгүй юм. “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Г- бөгөөд гүйцэтгэх захирлыг томилсон тушаал, Б.Э-ын бичиг баримтууд бүгд хэрэгт авагдсан байхад шүүх ямар хуулийн, ямар зүйл заалт баримтлах ёстой гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г- /-/-ы өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.6-д заасан агуулгатай холбож дүгнэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, уурхайн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг дүгнэхдээ хориглосон, хаасан байсан газарт үйл ажиллагаа явуулсан гэж үзсэнтэй холбоотой гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодорхой болгох зорилгоор гарсан захирамж гэж ойлгож, хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хөдөлмөр аюулгүй байдлын талаар гаргасан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, “Гранд инженеринг” ХХК-ийн далд уурхайтай холбоотой дүгнэлтээр осол гарах болсон шалтгаан нөхцөлтэй шүүгдэгч нар яаж холбогдож байгааг шалгаж тогтоох ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Юу Чун Лайтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хүн нь уурхайн дарга байсан гэх үйл баримт тогтоогдсон. Тэгэхээр Ж- гэх хүн уурхайн дарга мөн эсэхэд эргэлзээ төрнө. Сүүлд шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримттай холбогдуулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ш- /-/-ы өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шалгаж тодруулах ёстой олон зүйл гарч ирсэн. Тухайлбал, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тухайн осол болсон уурхайд үйл ажиллагаа явуулж байсан асуудлыг авч үзэхэд Юу Чун Лай гэх хүн уурхайн дарга бөгөөд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан. Мөн хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, орчуулагч нарын бүрэлдэхүүн уурхайчдыг газрын гүн рүү орохын өмнө уурхай руу орж шалгаад монгол талын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан Б.Э- нарт уурхайд орж болно гэх үүрэг даалгавар, чиглэлийг өгсөн. Уурхайд орж ажиллах чиглэлийг бригадын дарга, мэргэжилтэн нар хийсэн байдаг. Эдгээр хүмүүсийг байцаахгүйгээр, ядаж гадаадад байгаа этгээдээс мэдүүлэг авч болохгүй байгаа бол монгол талын бригадыг ахалж явсан Жуунай буюу Мөнхчулуун гэх хүнийг асуух шаардлагатай болох нь тогтоогдсон. Энэ хэрэгт уурхайн дарга, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ерөнхий инженер нь Юу Чун Лай болох нь тогтоогдсон байхад уг хүнийг асуухгүйгээр хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжгүй, хүний эрхийг зөрчсөн асуудал болно гэж үзэж байна. Түүнчлэн гар утсан дээрх бичлэг нь 1 жилийн хугацаатай хадгалагдаад устгагддаг бөгөөд Г- гэх 100 хувийн хувьцаа эзэмшигч эмэгтэйг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас орж ирэхэд 3 хоногийн дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 1 хоног баривчилж, хэргийн материал танилцуулж гарын үсэг зуруулаад хэргийг прокурорт шилжүүлсэн. Тухайн үед Г--д нотлох баримт гаргаж өгөх боломж байгаагүй. Улмаар нотлох баримтуудаа прокурорын шатнаас гаргаж өгсөн. “Оюунтүлхүүр гэх Налайхын мэргэжлийн хяналтын улсын байцаагч үйл ажиллагааг зогсоож лац тавиад тэмдэглэл үйлдсэн. Гэтэл манай компани олборлолт хийгээгүй, тоног төхөөрөмж угсарч байсан тул уг үйл ажиллагаагаа явуулъя” гэдэг асуудлыг дээд шатны улсын байцаагч Оюунбилэг гэх хүнд албан ёсоор амаар хэлсний хариуд нь Оюунбилэг “Би Түлхүүрт хэлчихлээ, лацаа авахуулаад тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээнийхээ ажлыг хийж болно” гэсэн чиглэл өгсний дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс бичлэгт үзлэг хийлгэх тухай асуудлыг Нийслэлийн прокурор н.Наранчимэгт гаргаж өгсөн боловч шалгаагүй. Энэ талаарх баримт 7 дугаар хавтас хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж- /-/-ны өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгч Ж-г Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэсэн хэдий ч прокуророос хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэдэг үндэслэлээр ялласан. Мөн прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ миний үйлчлүүлэгчийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр үйл ажиллагааг нь зогсоосон байхад үйл ажиллагаа явуулсан мэтээр буруутгасан. Гэтэл миний үйлчлүүлэгч 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын хилээр Буянт-Ухаа боомтоор орж ирсэн тухай баримт хэрэгт авагдсан байгаа тул тухайн үйл баримттай холбогдуулж яллах үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын зүгээс ялтан шилжүүлэхтэй холбоотой асуудлыг тайлбарлаж байна. Шүүхээс хэргийн нөхцөл байдалтай холбогдуулан гэрчээр мэдүүлэг авахаар тусгасан. Түүнчлэн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр аврах ангиас том хэмжээний үзүүлэх, сургалт явагдахад “Эрдэнийн хөгжил” ХХК оролцсон. Үүнээс үзэхэд тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогддог. Иймд шүүгчийн захирамжид заасан асуудлыг нэг мөр шалгаж, энэ хэрэгт миний үйлчлүүлэгч яллагдах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Учир нь, би өөрийгөө тус байгууллагын ажилтан гэж үзэхгүй байна. Ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэний хэлнэ гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан. Мөн энэ хэрэг гарсны дараа хавтас хэрэгт авагдсан тушаал хууль бус, хуурамч болох нь нотлогдсон. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г- /-/, Ш- /-/, Ж- /-/, Б.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар тус зүйлд заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г- /-/, Ш- /-/, Ж- /-/, Б.Э- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 186 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г- /-/, Ш- /-/, Ж- /-/, Б.Э- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Г- /-/, Ш- /-/, Ж- /-/ нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Б.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН