Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2017/0022/з |
Дугаар | 125/ШШ/2017/0025 |
Огноо | 2017-07-04 |
Маргааны төрөл | Тендер, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 125/ШШ/2017/0025
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х ” ХХК-нийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Х ” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Х , хариуцагч Т.Д, Д.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х ” ХХК-ний захирал И.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х ” ХХК нь Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын ажлын тендер шалгаруулалтанд оролцсон бөгөөд уг тендер шалгаруулалтанд нэр бүхий 4 компани оролцож тендерийн үнэлгээний хорооноос “Буянт тэгш үйлс” ХХК–ийг тендерийн хороо сонгон шалгаруулж гэрээг сумын Засаг дарга байгуулсан байдаг. Тус наадмын талбайн тендерийн захиалагч тал нь Ховд аймгийн Ховд сумын ЗДТГ-ын Тендерийн үнэлгээний хороо болон ЗДТГ-н дарга гүйцэтгэгч байгууллага болох “Буянт тэгш үйлс” ХХК-тай байгуулахаар байтал сумын Засаг дарга гэрээ байгуулан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн.
Уг үнэлгээний хорооны шийдвэрийг Ховд аймгийн Ховд сумын Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай компани болон бусад компанид тараасан байдаг.Тэгээд би үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, тус компанийн материалыг үзэх үүднээс өөрийн компанийнхаа 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 06 тоот албан бичгийг Ховд сумын үнэлгээний хороонд хүргүүлсэн. Тэр өдөр Ховд аймгийн Ховд сумын ЗДТГ-ын даргын өрөөнд үнэлгээний хорооны дарга Т.Д , нарийн бичгийн дарга Х , Ховд аймгийн Ховд сумын ЗДТГ-ын дарга Х.Өнерхан нар надад шалгарсан компанийн хуулбар хувийг танилцуулсан. Би шалгарсан компанийг зөрчилтэй байна гэж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний 09 тоот албан бичгийг Ховд сумын үнэлгээний хороонд хүргүүлсэн. Ховд аймгийн Ховд сумын ЗДТГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн албан тоотыг надад өгсөн. Хариуцагч Т.Д таны гомдлыг хүлээж авах боломжгүй учраас та дээд шатны байгууллага Сангийн яаманд гомдлоо гаргана уу гэж хэлсэн. Би Сангийн яаманд гомдол гаргасан чинь Сангийн яамнаас ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй тул таны гомдол гаргах хугацаа 22 хоногоор хэтэрсэн учраас хүлээн авах боломжгүй гэдэг хариуг ирүүлсэн
Тендер шалгаруулалтанд оролцож ялсан “ Буянт тэгш үйлс” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.2, 30.1.б, 14.1.2, 30.1.3, 12.1-12.4, 27 дугаар зүйлүүдийг зөрчсөн байхад тус компанийг сонгон шалгаруулсан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн түүнчлэн “Буянт тэгш үйлс” ХХК нь тухайн ажлыг гүйцэтгэхэд, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ, үйлчилгээний автомашины түрээсийн гэрээ зэрэг баримт тендерийн баримт бичиг байхгүй, тендерийн баримт бичигт гараар засвар оруулсан, хуурамч мэдээллийг оруулсан байхад сонгон шалгаруулсан гомдолтой байна. Манай компанийн зүгээс тендерийн бичиг баримтад дурдсан бүх баримтыг бүрдүүлсэн боловч өөр компанийг сонгон шалгаруулсанд гомдолтой байгаа тул Ховд аймгийн Ховд сумын Наадмын талбайн засварын 2017.А/01 тоот тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “ Х “ ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч, Ховд аймгийн Ховд сумын Тендерийн үнэлгээний хорооны дарга Т.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 4-30 айлын орон сууцны 02 тоотод байрлах,4066073 тоот регистрийн дугаартай “Х ” ХХК-ны захирал И.Х-ы нэхэмжлэлтэй танилцаад Захиргааны хэрэг хянан тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Ховд сумын Засаг Даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь“ Наадмын талбайн их засвар “-ын ажлыг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу тендер шалгаруулалтын онцгой журмын харьцуулалтын аргыг хэрэглэсэн болно.
Уг тендерт “Буянт тэгш үйлс” ХХК, “ Турлиахт” ХХК, “Х ” ХХК, Ховд баганат” ХХК-ууд тендерт оролцох үнийн санал ирүүлснээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27,28 дугаар заалтуудын дагуу тендерийг хянан үзэж үнэлэхэд Ховд Баганат ХХК-ны барилгын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан, “Турлиахт” ХХКомпани нь сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан ирүүлээгүй тул үнэлгээний хороо тендерийн үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн болно.
Захиалагчийн баталсан 2017 оны 02 сарын 22-ны өдрийн А/01 дүгээр “Ховд сумын Наадмын талбайн засварын ажлыг худалдан авах тендерийн бичиг баримт”-т тендерт оролцогчдод өгөх зааварчилга, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэнд дараах шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээний хороо үнэлгээ хийсэн болно.Үүнд: 1.Үнийн санал, 2.Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт, 3.Сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар болон бусад бичиг баримт, 4.Харилцагч арилжааны банкнуудын хугацаа хэтэрсэн зээлгүй гэсэн тодорхойлолт, 5.Тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, ажилчдын боловсрол, мэргэжил, ур чадварын мэдээлэл, 6.Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй талаарх шүүхийн тодорхойлолт, 7. Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар.
Дээрх шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэхэд “Х ” ХХК-ны ирүүлсэн тендерийн бичиг баримт үндсэн шаардлага хангасан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил ,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 33 дугаар зүйлийн 33.2.2. дахь заалтуудын дагуу хамгийн бага үнээр эрэмбэлж үнэлэхэд үнэлгээний хорооны олонхын саналаар шалгаруулаагүй болно. Мөн сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг, санхүүгийн чадавх, ажлын туршлагаар нь үнэлэгдсэн болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2 дахь зүйлүүдэд үнэлгээний хорооны чиг үүргийг тодорхойлсон байдаг. Үнэлгээний хороо тендерийг үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч болох Засаг даргын Тамгын газрын даргад бичгээр өгөхөөр заасан байдаг.
Нэхэмжлэлд “2017 оны 04 сарын 18-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж өгөөгүй тул өөрийн биеэр очиж Үнэлгээний хорооноос авсан..” гэж бичсэн буруу таашаа мэдээлэл ба үнэлгээний хороо олгоогүй болно. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг үнэлгээний хороо мөн өдөрт багтааж захиалагчид бичгээр хүргүүлсэн болно. Тендерт оролцогчдод энэхүү мэдэгдэх үүргийг захиалагч хуулиар хүлээсэн байдаг тул үнэлгээний хороо хариуцахгүй болно. “Х ” ХХК нь нэхэмжлэлд: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.2, 30.1.б, 14.1.2, 30.1.3, 12.1-12.4 27 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж ..” үзсэн байна.
Нэхэмжлэлд “Буянт тэгш үйлс” ХХК нь тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн баримт бичиг байхгүй, тендерийн баримт бичигт гараар засвар оруулсан, хуурамч мэдээлэл оруулсан..” гэж мэдэгдсэн тендерт оролцогч “ Х ” ХХК нь энэхүү мэдээллийн хэнээс хэрхэн яаж авсан талаарх эх сурвалжаа дэлгэрэнгүй байдлаар өөрсдөө тайлбарлах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хорооны дарга Д.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х ” ХХК-ний 2017 оны 04 дүгээр сарын 06 –ны өдрийн 06 дугаартай албан бичигт “...шалгарсан компанийн бичиг баримт болон үнэлгээний хорооны шийдвэртэй танилцана...” гэсэн утга бүхий хүсэлт ирүүлсэн байдаг. Би тухайн үед танилцаж болохгүй гэдгийг хэлж байсан. Гэтэл гүйцэтгэгч компанийн нууцтай холбоотой материалтай танилцсан. Нэхэмжлэгч нь бусад компанийн материалтай танилцаж өөрөө үнэлгээ хийж явсан. Бид 2 тухайн үед гүйцэтгэгч компанийн материалтай танилцаж болохгүй гэж сануулж хэлсэн.
Гуравдагч этгээд “Буянт тэгш үйлс” ХХК-ний захирал Н.Цэндсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар: Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендер шалгаруулалтанд 4 компани оролцсон. Ингээд 2017 оны 03 сарын 30–ны өдрийн 246 албан бичгээр “Буянт тэгш үйлс” ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан гэсэн хариу ирсэн. 2017 оны 04 сарын 07-ны өдөр наадмын талбайн засварын ажлын гэрээ хийх өдөр дуусгавар болсон тул миний бие Засаг даргын Тамгын газрын дарга Х.Өнерханд энэ талаар мэдэгдсэн.
“Х ” ХХК нь тухайн засварын ажлын тендерийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гарсан өдрөөс хойш 5 хоногийн дотор гомдол эрхтэй байсан боловч 2017 оны 4 сарын 12-ны өдөр Ховд сумын Засаг даргын Тамгын газрын даргад гомдол гаргасан байдаг.
Ингээд бид мөн адил Ховд сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт манай компанийн тендерийн баримт бичгийг өрсөлдөгч компани болох Х ХХК-ны захиралд танилцуулсан нь буруу, Х ХХК нь Монгол улсын барилгын тусгай зөвшөөрөлтэй компанийн бүртгэлд бүртгэлгүй, 2013 онд тусгай зөвшөөрөл авснаас хойш дахин сунгалт хийгээгүй талаар дурдсан. Тендер шалгаруулалт нь явагдах сүүлийн хугацаа нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болох байсан тул бид дахин албан хүсэлтээ гаргасан. Ингээд тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж манай компанийн тендерийг хамгийн сайн үнэлгээтэй тендер гэж шалгаруулж ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х ” ХХК-нийн захирал И.Х нь Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан, Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендерийг үнэлсэн тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Х ” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гуравдагч этгээд “Буянт тэгш үйлс” ХХК-ны захирал Н.Цэндсүрэнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад бичиж ирүүлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нар гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн “...“Х ” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээс “...“Х ” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах...”-ыг хүссэн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Х ” ХХК-нийн “...Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Ховд сумын Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендерт “Буянт тэгш үйлс” ХХК-нийг шалгаруулсан шийдвэр гаргасныг тендерт оролцогч “Х ” ХХК нь эс зөвшөөрснөөр уг маргаан үүсчээ.
Нэхэмжлэгч “Х ” ХХК нь маргаж буй үндэслэлээ тайлбарлахдаа:
1. Тендерт шалгарсан “Буянт тэгш үйлс” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн /ТШӨХ-ийн/ тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-д дурдсан техник, тоног төхөөрөмжийн шаардлага хангаагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй,
2. Татварын албанд 4515573 төгрөгийн өртэй, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтыг зөрчсөн,
3. тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны / ТОӨЗ/ 1.1-д заасан “...сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт...” ирүүлэх шаардлагыг хангаагүй гэж маргажээ.
Тендерт шалгарсан “Буянт тэгш үйлс” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн /ТШӨХ-ийн/ тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-д дурьдсан техник, тоног төхөөрөмжийн шаардлага хангаагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, Татварын албанд 4515573 төгрөгийн өртэй, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” хангасан байхаар тогтоожээ.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ”, 14.4-д “энэ хуулийн 14.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заана, 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээ харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно, 16.2-д “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэжээ.
Үүний дагуу Ховд сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр захирамжаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь “Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендер”-ийн баримт бичгийг боловсруулсан ба уг тендерийн баримт бичигт оролцогчдын үзүүлэлтэнд татварын өр төлбөртэй эсэхийг нотолсон баримт болон тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ, үйлчилгээний авто машины түрээсийн гэрээ зэрэг баримт байхыг шалгуур үзүүлэлтэд тусгайлан заагаагүй байна.
Энэ нь тендерт шалгарсан “Буянт тэгш үйлс” ХХК-нийн техник тоног төхөөрөмж нь ТШӨХ-ийн ТОӨЗ-д дурьдсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн уг тендерийн баримт бичгийн ТШӨХ-д “... тендерт оролцогчид татварын өр төлбөргүй байх...”-ыг тусгайлан заагаагүй нь “Буянт тэгш үйлс” ХХК-нийн татварын өр төлбөртэй эсэхийг тогтоохыг шаардаагүй байна.
Харин тендерт оролцогчид нь ТШӨХ-ийн ТОӨЗ-ийн 1.1 /1/-д “... сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт...” ирүүлэхийг тусгайлан заасан ба өөрөөр хэлбэл тендерт оролцогчийн 2015, 2016 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн байхыг захиалагч тендерийн баримт бичигт тусгайлан заасан байна.
“Буянт тэгш үйлс” ХХК-нийн ирүүлсэн тендерийн материалд тус компани нь “Тэгш сан-Аудит” ХХК-нийн 2015 оны 02 сарын 08-ны өдрийн 51 дүгээр дүгнэлт ирүүлсэн ба уг дүгнэлтэнд “Буянт тэгш үйлс” ХХК-нийн 2014 оны 01 сарын 01-нээс 2014 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон аудитын дүгнэлт ирүүлсэн болох нь шүүхээс “Буянт тэгш үйлс” ХХК-ны тендерийн материалд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа ба энэ нь Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендерийн ТШӨХ-ийн ТОӨЗ-ийн 1.1 /1/ дэх заалтыг хангаагүй гэж үзэхээр байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан ба “Буянт тэгш үйлс” ХХК нь дээрх нөхцөлийн хангаагүй байгаа нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” буюу хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-д “тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт” гэх заалтыг зөрчсөн байх тул тус компаниас ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн нэг үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасан ба Ховд сумын Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тендерт үнэлгээ хийж гүйцэтгэгчээр шалгаруулсан нь дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой...” байх зарчмыг хангаж ажиллаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь “...“Х ” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хэсэгтэй холбогдуулан уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ