Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 156

 

С.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 64 дүгээр магадлалтай, 1711002780023 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, эмэгтэй, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 367 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан, Б овогт С-ийн О нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 4 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир гаргасан гомдолдоо “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Учир нь хохирогч Ц.Э байнга архи ууж, согтуурсан үедээ шүүгдэгчээс архины мөнгө нэхэх, архиар шахах, эд зүйлийг нь хулгайлах зэргээр байнгын сэтгэл санааны хүнд дарамтад байлгадаг, мөн хэрэг учрал болох үед шүүгдэгчийн үр хүүхэд нь нас барсан байдлыг бах таваа ханган ярьж, доромжилсон үйлдлийн улмаас сэтгэл санаа нь цочрон давчдаж, уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү. Хууль тогтоогчоос энэ гэмт хэргийн шинжийг хуульчлахдаа “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэжээ. Гэрч Т.Т, Г.Н болон шүүгдэгч С.О нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзвэл хохирогч Ц.Э нь архидан согтуурсан үедээ шүүгдэгчээс архины мөнгө нэхдэг, архиар шахах, эд зүйлийг нь хулгайлах зэргээр байнга дарамталдаг болох нь тогтоогддог. Мөн тухайн үед хань, үр хүүхдээ алдсан байхад бах таваа ханган доромжилсон үйлдлийг нь хууль ёсны, зүй ёсны үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд нь миний үйлчлүүлэгчийг хохирогчийг хутгалах, гэмтээх санаа зорилго огт агуулаагүй болохыг нотлохын зэрэгцээ уг гэмт хэргийн гол шинж болох тухайн үеийн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгоогүйн илрэл бөгөөд гагцхүү хүн хутгалчихлаа гэж хэлэхэд нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, хутгалуулсан газар нь алчуур тавьж тусламж үзүүлэх оролдлого хийсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч С.О нь хохирогч Ц.Э-г хутгалж, амь насанд нь аюултай гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Хохирогч Ц.Э нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “Миний бие эрүүл саруул болсон, тухайн гэмт хэрэг гарахад миний буруутай үйлдэл нөлөөлсөн, би С.О-гоос уучлалт гуйсан” гэснээс үзэхэд тухайн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох нь харагдаж байна. Мөн гэрч нарын мэдүүлгээс харахад хохирогч Ц.Э нь шүүгдэгчид хандаж “Чам шиг нөхрөө шороонд булсан хүн би биш” гэж хэлсэн, мөн байнгын ирж архи нэхэж дарамталдаг зэрэг нөхцөл байдлаас үүдэн сэтгэл санаа нь хүчтэй цочирдсоны улмаас тухайн хэргийг үйлдсэн болох нь тодорхой харагдаж байна. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар огт маргаагүй бөгөөд зөвхөн зүйлчлэлийн талаар маргаж гомдол гаргасан. Шүүгдэгчийн хоригдож байгаа хорих ангийн эмчийн тодорхойлолтоор түүний биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа. Шүүгдэгч С.О санаа сэтгэл нь хүчтэй цочирдсоны улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэнээс харахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.О нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шадивлан” зуслангийн задгайд байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Э-гийн зүүн далан тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Харин хоёр шатны шүүх С.О-гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэх, гэмт хэрэг гарах үеийн хохирогч, шүүгдэгч нарын харилцааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт буюу зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

С.О-г зэвсэг хэрэглэн халдахаас өмнө Ц.Э нь “чамайг бодвол миний 4 хүүхэд амьд байгаа, чамтай адилхан шороонд булсан хүн байхгүй” гэж хүү нь нас барсан С.О-г доромжилж зүй бус үйлдэл гаргасан, С.О нь хүүгээ алдсанаас хойш зан байдлын хувьд тогтворгүй болсон нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Ц.Э-гийн С.О-г дээрх байдлаар доромжилсон үйлдлийн улмаас түүний санаа сэтгэл гэнэтийн цочролд орсон, улмаар хохирогчийг хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.

Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой.

Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 64 дүгээр магадлалд “Шүүгдэгч Б овогт С-ийн О-г санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН