Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0105

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Мандахсайхан нарыг оролцуулан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 999 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Тэргүүн гарц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 999 дүгээр шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 19.4, 19.6-д заасныг тус тус баримтлан “Тэргүүн гарц” ХХК-ийн гаргасан “... Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдэл, мөн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “Талын монгол” ХХК-д Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг орших Дэлгэр нэртэй газарт 337.19 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Тэргүүн гарц” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Дэлгэр нэртэй газарт 337.19 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NЕ-025047 дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Тэргүүн гарц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус талбарт дахин хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэгдвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн заалтуудыг хэрэглээгүй, нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтуудыг Ашигт малтмалын газар хэрэгжүүлэн ажиллаж чадаагүй талаар маргасан байхад уг асуудалд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

... Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоосон.

... Ашигт малтмалын газраас Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ өөрсдийн нөөц бололцоог харгалзан аж ахуй нэгжүүдээс өргөдлийг шууд хүлээн авах бус харин цахим системд VРМ төхөөрөмжийн үндсэн дээр нэвтэрч, зарласан цахим сонгон шалгаруулалтанд оролцсоны үндсэн дээр хамгийн түрүүнд тухайн талбарт мэдээллээ ирүүлсэн этгээд нь Ашигт малтмалын газарт өргөдөл гаргах дугаар авах байдлаар зохицуулж байгаа талаар олон нийтэд мэдээлж холбогдох заавар, гарын авлагыг танилцуулсан.

“Тэргүүн гарц” ХХК нь ... хамгийн түрүүнд мэдээллээ оруулж шалгарсан тул өргөдөл гаргах эрхтэй болсон, ... Ашигт малтмалын газраас манай ирүүлсэн өргөдлийг хамгийн түрүүнд ирүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 7.1, 17.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан өргөдөл гэж үзээд ... Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн байхад ... шүүх хуулийн уг зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно хэмээн тодорхой заасны дагуу бөгөөд аймгийн засаг даргын хариу нь хуульд нийцэж байгаа эсэх, тухайн талбар нь тусгай хэрэгцээний болон нөөцөд авсан, ашигт малтмал эрэх, хайхыг хориглосон талбарт хамаарч байгаа эсэхийг Ашигт малтмалын газар өөрөө хянаж үзэж шийдвэрлэхээр байхад Ашигт малтмалын газар Говь-Алтай аймгийн Засаг даргын уг саналыг хянан үзэлгүйгээр, тус талбар нь улсын нөөц, орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй байхад ямар ч үндэслэлгүй саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид тодорхой болсон.

Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргана. Дээрх шийдвэрийн талаар аймаг, Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ” хэмээн тодорхой заасан байна.

Ашигт малтмалын газар нь ... энэ үүргээ хэрэгжүүлээгүй, аймгийн Засаг даргын саналд эрх зүйн шүүлтийг ... хийгээд Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дах хэсэгт заасныг хангаж байна гэж үзсэн, өөрөөр хэлбэл зөвшөөрөл хүссэн талбар нь улсын нөөцөд авсан талбай, орон нутгийн хэрэгцээний талбай гэж үзэж татгалзсан нь үндэслэлтэй гэж дүгнээд “Тэргүүн гарц” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Гэтэл ...  “Талын монгол групп” ХХК-ийн өргөдлийг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авч, Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрээр ... “Талын монгол групп” ХХК-д ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

... Энэхүү үйл ажиллагаа нь захиргааны байгууллагын үндсэн зарчим болох шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтойгоор зөрчсөн, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдэд хэрхэн ялгавартай, тэгш бус ханддаг, хуулийг хэрхэн ялгавартайгаар хэрэглэдгийн илэрхий жишээ болж байна.

... “Талын Монгол” ХХК нь цахим шалгаруулалтад оролцоогүй, бусадтай адил өрсөлдөж өргөдөл гаргах дугаар аваагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон ... бөгөөд ... хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар маргаагүй, баримт гарган өгөөгүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох эрх хэмжээг олгосны дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга өөрийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар саналыг хүчингүй болгож, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 292 дугаар саналаар “Тэргүүн гарц” ХХК-ийн өргөдөлд зөвшөөрсөн хариу өгсөн.

Шүүх хэргийн дээрх нөхцөл байдлыг үнэлэлгүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 999 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Тэргүүн гарц” ХХК-аас “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдэл, мөн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “Талын монгол групп” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Тэргүүн гарц” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Дэлгэр нэртэй газарт 337.19 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NЕ-025047 дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоож, “Тэргүүн гарц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус талбарт дахин хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ашигт малтмалын газраас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Дэлгэр нэртэй 340 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Тэргүүн гарц” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-025047 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.3-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаарх 6/595 дугаар мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлжээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор улсын нөөцөд авсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07/01 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, сумын иргэд дэмжихгүй санал гаргасан” үндэслэлээр уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөөгүй санал ирүүлснээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр “Тэргүүн гарц” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Үүний дараа “Тэргүүн гарц” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан талбайд “Талын монгол групп” ХХК-аас өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газар 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Говь-Алтай аймгийн Засаг даргад санал хүргүүлсэн, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу хариу ирүүлээгүйг зөвшөөрсөн гэж үзэж, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрээр уг компанид хайгуулын тухай зөвшөөрөл олгожээ.

Нэхэмжлэгчээс хариуцагч Кадастрын хэлтсийн энэхүү үйлдэлтэй холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн “Тэргүүн гарц” ХХК-ийн өргөдөлд аймгийн Засаг дарга хуульд нийцсэн санал ирүүлээгүй байхад дахин санал авах ажиллагааг хийлгүйгээр өргөдлийн бүртгэлээс хасч, дахин өөр этгээдийн өргөдлийг хүлээн авч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон” гэж тодорхойлжээ.

Шүүх хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “Талын монгол групп” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагатай холбогдуулж, уг шийдвэрийг гаргахдаа хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан журмыг баримталсан эсэхийг тодруулах, үүний тулд “Тэргүүн гарц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал ирснээс хойш сонгон шалгаруулалт дахин зарласан эсэх, “Талын монгол групп” ХХК-ийн өргөдөлтэй холбогдуулан Ашигт малтмалын газраас хүргүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/4009 дүгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг дарга хүлээн авсан эсэх, түүний дагуу санал өгөх ажиллагааг “Тэргүүн гарц” ХХК-тай адил явуулсан эсэх талаарх баримтыг цуглуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

Ялангуяа Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07/01 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 240 дүгээр тогтоолын хүрээнд тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын талбай хамрагдсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд ийнхүү хамаарч байгаа эсэхийг тодруулж, хамрагдаж байвал тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн хариуцагчийн үйлдлийн талаар холбогдох баримтуудыг бүрдүүлсний эцэст дүгнэлт өгөхөөр байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор шаардсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар албан бичиг нь захиргааны акт эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 999 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                        ШҮҮГЧ                                                Ц.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

                                        ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР