Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н-д холбогдох эрүүгийн 2425000000285 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ч.Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Н нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.М-г бусадтай хардлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийг сандлаар цохиж эрүүл мэндэд нь баруун сарвууны тав дугаар хурууны гурав дугаар шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт, баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрнө” гэв.

 

Хохирогч Ө.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ө.М-н “2024 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 00 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах 2-** тоотод унтаж байх үед гаднаас манай нөхөр Н  орж ирсэн. Манай нөхөр Хөвсгөл аймгаас ирсэн. Нөхөр орж ирээд хоол унд идээд хувцсаа тайлаад намайг хэвтэж байх үед чи над руу ямар учиртай мессеж явуулаад байгаа юм, чи бөгсний хэрүүл хийлээ, новш минь чамайг яасан ч яадаг юм гэсэн яагаад надад тэгж хэлж байгаа учир нь би 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Хөвсгөл аймаг руу яваагүй байх үед би гар утсан дээрээс нь нөхрийнхөө өөр хүнтэй чатласан нь харчихсан юм. Тухайн чатад гэр бүлээс гадуурх харилцааны утга агуулгатай буюу чамайг бодоод унтаж чадахгүй байна, өнөө орой Мөрөн суманд орж ирэх юм уу? тохирсон шүү цаг зав гарвал залгаарай, хөл өвдөөд байна эмчлээд өг гэсэн чатууд байсан. Би нөхрийгөө гэрээс гараад цагийн дараа нөхөр лүүгээ уг асуудпыг талаар асуусан юм. Уг асуудлаас болоод нөхөр орж ирээд хэрүүл өдөж эхэлсэн. Би Н гээс яагаад намайг араар тавиад байгаа юм гэж асуутал нөхөр шалтгаан нөхцөлөө хэлэхгүй уурлаад сандал аваад миний толгой, мөр хэсэг рүү цохисон, хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Намайг сандлаар цохисны улмаас сандал эвдэрч, эвдэрсэн хэсгээр ахиж зодсон. Намайг сандлаар олон цохиод байсан учир би толгой хамгаалах зорилготой баруун гараа толгой дээрээ барьтал миний баруун гарын алга, хуруу хэсэг рүү цохиж эхэлсэн. Миний хуруу гар хугарчихсан юм шиг өвдсөн. Намайг зодож байхад би унтлагынхаа хувцастай орондоо хэвтэж байсан. Ээж Н г болиулсан, Н  уурлаад гарах гэж байхдаа өөрийн Самсунг маркийн гар утсаа над руу шидчихсэн. Уг гар утас миний баруун нүд хэсэгт оносон. Миний баруун гарын алга хэсгийн яс хугарч, цуурсан, тархи доргисон, толгой өвдөж байна, баруун нүд улайлттай, цусан хураатай, хавдаж, хөхөрсөн. Зүүн гарын мөр, дал хэсэгт хөхрөлттэй. Гэр бүлийн гадуурх харилцаанаас болоод маргалдаж, намайг зодсон. 2024 оны 02 дугаар сард нөхөртэй гэр бүлийн харилцаанаас маргалдах үед Н  намайг зодож байсан. Миний толгой хэсэг рүү цохиод би Тайхар эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Өмнө хүүхдүүдээ зодож байсан гэхдээ хэзээ гэдгийн нь санахгүй байна. Миний сэтгэл санаанд хохирол учраагүй, шинжээч томилуулахгүй... Уг асуудал нь 2024 оны 02 дугаар сарын 28-нд би Н тэй өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ** тоотод хашаа байшингаа хямд зарлаа барилаа гэх асуудлаар маргалдаж муудалцсан. Тухайн үед Н  нь миний дал мөр хэсэг рүү нэг удаа, толгой хэсэг рүү нэг удаа цохисон асуудал гарсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11, 13-р тал/

2. Гэрч Н.Н-н “2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Шандын * тоотод байж байх үед гаднаас миний төрсөн эцэг Н  орж ирсэн. Манайд хоол унд идэж байгаад аав нь ээжтэй нь маргалдаад санамсаргүй гар утсаа шидээд оночихсон гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед нээх тоохгүй байсан. Маргааш нь манай нөхөр Ү  надад аавыг ээж цагдаад өгчихсөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-р тал/

3. Гэрч Б.Ү ын “2024 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу шанд * тоотод унтаж байх үед миний гар утас дуугарч хадам аав Н н төрсөн дүү П  залгаад Н , М  нар хоорондоо маргалдаад зодолдсон юм шиг байна, чи гэрт очоодох гэж хэлсэн. Би хадам аавын гэрт очих үед хадам аав байхгүй, хадам ээж М ын баруун нүд хөхөрсөн, хавдсан, уйлсан байдалтай байсан, би хадам ээжээс юу болсон талаар асуух үед ээж дугарч өгөхгүй, гар утаснаас болоод гэж хэлсэн. Хадам ээжийн төрсөн эх Ө  гэх хүн хардалтаас болоод Н  чинь хүн алах нь Н  М  нар учир зүггүй хэрэлдээд хоорондоо зодолдоод унасан гэж хэлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө М тай маргалдаад уур хүрээд гар утсаа аваад шидчихсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/

4. Гэрч Т.Ө гийн “2024 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 00 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн ** тоотод унтаж байх үед гаднаас Н  орж ирсэн. Н  Хөвсгөл аймаг явчихаад ирж байгаа юм. Би Н г орж ирэхээр нь хоол халааж өгчхөөд орондоо ороод хэвтэж байтал Н , М  нар маргалдаж эхэлсэн. Би М  Н  нарын маргалдаж байгаа өрөөнд ортол Н  нь гэрийн хуванцар сандлаар М ыг цохиж байсан. Би Н г боль гэж хэлтэл Н  зодохоо болиод гэрийн хаалга руу очоод хувцсаа өмсөж эхэлсэн. М  амандаа үглээд ёолоод Н  гар утсаа М  луу шидчихсэн. Н  гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/

5. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 359 дугаартай “Ө.М-н биед баруун сарвууны тав дугаар хурууны гурав дугаар шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт, баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Баруун сарвууны тав дугаар хурууны гурав дугаар шивнүүр ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархи доргилт, баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 22-24-р тал/

6. Яллагдагч Я.Н гийн “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн эхнэр М тай гэр бүлээс гадуурх харилцааны улмаас хардаж улмаар хэрэлдэж, өөрийн эхнэрийг сандлаар зодсон асуудал байгаа 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгаас Хөвсгөл аймаг руу шатахуун тээвэрлэх ажлаар явсан. Намайг замд явж байх үед миний гар утас дуугараад О-н нөхөр Г гэх хүн залгаад юу болоод байгаа юм бэ, танай эхнэр М  над руу чатаар над руу О  та хоёрын чатны зургийн дараад над руу явуулсан байна, би юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэж хэлээд утсаа тасалчихсан. Би Хөвсгөлд ачаагаа өгчихөөд буцаад Эрдэнэт хотод ирээд шууд гэр лүүгээ ортол М  унтаж байсан, хадам ээж надад хоол халааж өгсөн. Би хоолоо идчихээд өчигдөр болсон явдалд уур хүрээд өөрийн эхнэр М тай маргалдаж, би гэрийн пиовар сандлаар хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. М ыг цохисон, тухайн сандал М ыг цохисны улмаас эвдэрсэн учир би хог руу хаячихсан, дараа нь би гэрээс гарах гэж байтал араас хэрүүл өдөөд байсан учир би М  руу өөрийн самсунг А12 маркийн гар утсыг шидсэн, тухайн утас М ын баруун нүд хэсэгт оносон. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас маргалдаж уураа барьж дийлэхгүй зодчихсон юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 58-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ Ч.Н нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.М-г бусадтай хардлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийг сандлаар олон удаа цохиж эрүүл мэндэд нь баруун сарвууны тав дугаар хурууны гурав дугаар шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт, баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ө.М-н “Намайг сандлаар цохисны улмаас сандал эвдэрч, эвдэрсэн хэсгээр ахиж зодсон. Намайг сандлаар олон цохиод байсан учир би толгой хамгаалах зорилготой баруун гараа толгой дээрээ барьтал миний баруун гарын алга, хуруу хэсэг рүү цохиж эхэлсэн, миний хуруу гар өвдөөд хугарчихсан юм шиг өвдсөн. Н  уурлаад гарах гэж байхдаа өөрийн Самсунг маркийн гар утсаа над руу шидчихсэн. Уг гар утас миний баруун нүд хэсэгт оносон” гэх мэдүүлэг, гэрч Н.Н-н “Манайд хоол унд идэж байгаад аав нь ээжтэй нь маргалдаад санамсаргүй гар утсаа шидээд оночихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Ү ын “ээж М ын баруун нүд хөхөрсөн, хавдсан, уйлсан байдалтай байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Ө гийн “Н  нь гэрийн хуванцар сандлаар М ыг цохиж байсан. Би Н г боль гэж хэлтэл Н  зодохоо болиод гэрийн хаалга руу очоод хувцсаа өмсөж эхэлсэн. М  амандаа үглээд ёолоод Н  гар утсаа М  луу шидчихсэн. Н  гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг, яллагдагч Я.Н гийн “Эхнэр М тай маргалдаж, би гэрийн пиовар сандлаар хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. М ыг цохисон, тухайн сандал М ыг цохисны улмаас эвдэрсэн учир би хог руу хаячихсан, дараа нь би гэрээс гарах гэж байтал араас хэрүүл өдөөд байсан учир би М  руу өөрийн самсунг А12 маркийн гар утсыг шидсэн, тухайн утас М ын баруун нүд хэсэгт оносон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 359 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Н нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ** тоот гэртээ эхнэр Ө.М тай маргалдаж, хохирогчийг сандлаар цохиж эрүүл мэндэд нь баруун сарвууны тав дугаар хурууны гурав дугаар шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт, баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Н нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Ө.М тай маргалдан сандлаар олон удаа цохиж, шууд санаатай үйлдлээр бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.М-н эрүүл мэндэд баруун сарвууны тав дугаар хурууны гурав дугаар шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт, баруун нүдний алимны салст, нүүрэнд цусхуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай улсын яллагчийн санал үндэслэлтэй гэж үзэв.

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд торгох ялыг 3 сараас дээш хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь Эрүүгийн хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтад нийцнэ гэж үзэв. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хэсэгчлэн төлүүлэх хугацааг 3 сараас дээш хугацаагаар тогтоох нь шүүгдэгчийн эрхи зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Ч-ны Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Н-г 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан 3 000 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС