| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/01462/И |
| Дугаар | 102/ШШ2021/02141 |
| Огноо | 2021-09-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2021/02141
| 2021 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2021/02141 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:... тоотод байрлах, регистр 2545039, ... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:... оршин суух, регистр ВЮ 83052204, ... холбогдох
... төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ХХК нь ...-тай 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байдаг, 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр аль нэг тал нь гэрээ цуцлах санал гаргаагүй тул түрээсийн гэрээний 2.1-т заасны дагуу талуудын хооронд байгуулсан ... тоот гэрээ нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгагдсан байдаг.Түрээслэгч ... нь энэхүү гэрээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн эзэмшлийн м.кв үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн Алтан төгрөг үйлчилгээний төвийн нэг хэсэг болох 2 давхрын худалдааны зааланд байрлах талбайг бэлэн хувцасны худалдаа зориулалтаар, түрээсийн төлбөрийг сарын 1 740 000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч ...-ийн хүсэлтийн дагуу түрээсийн төлбөрийг сарын 1 400 000 төгрөг болгон хөнгөлж дэмжлэг үзүүлсэн байдаг.Тус түрээсийн төлбөрт цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, газрын төлбөр, хог хаягдлын хураамж, харуул хамгаалалт, гал хулгайн дохиоллын системээр үйлчилсний төлбөр, НӨАТ зэрэг зардлууд багтаж байгаа болно.Иргэний хуулийн 318 дугаар зүйл 318.1-т Түрээсийн гэрээний 3 дугаар зүйл 3.5-д ...Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тухайн сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийн дотор бэлнээр болон дансаар төлж барагдуулна..., гэж заасан байдаг боловч түрээслэгч ... нь гэрээний төлбөр төлөх үүргээ шударгаар, хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрлээ.Энэ нь нэхэмжлэлд хавсаргасан харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээгээр нотлогдож байдаг.Бидний зүгээс тухай бүрт нь түрээсийн төлбөрөө төлөх талаар амаар болон нэхэмжлэхийн дагуу мэдэгдэж байсан.Тухайн үед талбайдаа үргэлжлүүлэн ажиллана, бараагаа худалдаж байгаа гэх мэт хариу өгдөг байсан.Түрээслэгчийн түрээсийн төлбөрөө төлөөгүй талбай ашиглаж байгаа энэ хугацаанд бид өмнөөс нь тэдний ашигласан ашиглалтын зардал буюу цахилгаан, дулааны төлбөр мөн татвар хураамж, хог тээвэр, харуул хамгаалалтыг төлж байсан.Үүгээр гэрээний дагуу түрээсийн төлбөрөө өгөхгүй байхад хүлээцтэй байж бусдад талбай ашиглуулж байгаа энэ явдал нь түрээсийн төлбөрөөр орлогоо олж ажилчдаа цалинжуулж үйл ажиллагаагаа явуулдаг манай байгууллагын санхүүгийн байдалд хүндрэл учрахад хүргэсэн.Бидний зүгээс ...-д үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан ч шүүхээр яваад аваарай гэх хариу өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөрийн төлөлт хийгээгүй ба гэрээ цуцлах санал гаргаагүй, талбай хүлээлгэж өгөөгүй, түлхүүр нь түрээслэгчид байсаар байгаа буюу талбай ашигласан хэвээр байгаа болно.Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу ... нь дараах үүргийг бидний өмнө хүлээсэн байдаг. Тодруулбал гэрээний: 4.1.3-т ...түрээслэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хяналт тавьж, гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд түрээслүүлэгч гэрээнд заасан алдангийг төлүүлэх, түрээсийн гэрээг дангаараа цуцалж, хохирлоо төлүүлэх зэрэг арга хэмжээ авах эрхтэй..., 8.8-д ...Түрээсийн талбайг хүлээлгэн өгөх өдөр хүртэл түрээсийн төлбөр тооцогдоно..., 6.1 ...түрээсийн байрыг бүх тоноглолын хамт анх авсан нөхцөлөөс дордуулахгүйгээр актаар хүлээлгэн өгнө... мөн, 6.3 ...түрээслэгч гэрээгээр хүлээсэн уургээ биелүүлээгүйгээс түрээслүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн арилгана... гэж тус тус заасан байдаг.Ийнхүү ...-ийн 2020 оноос эхэлсэн талбай ашигласан хугацааны түрээсийн үлдэгдэл нь хуримтлагдаж явсаар 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар талбай ашигласан хугацааны төлөгдөөгүй үлдэгдэл 15 120 000 төгрөг болсон байна.Иймд түрээслэгчийн зүгээс хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс тус компанид учирсан хохирол болох 15 120 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасны дагуу ...-аас гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... ХХК нь ...-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд талбай ашигласан хугацааны үлдэгдэл төлбөр 15 120 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг.Тус нэхэмжлэлийн үнийн дүнг бодохдоо нэхэмжлэл гаргах өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааг оруулан, түрээсийн төлбөрийг бүтнээр нь тооцсон байдаг.Учир нь хариуцагч ... нь түрээсийн талбайг энэ хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгаж байсан ба бидний зүгээс түрээсийн төлбөрөө өгөх талаар байнга шаардлага тавьдаг байсан үүгээр Ж.Санжаа нь 2021 оны 05 сарын 11-ний өдөр талбайгаас юмаа зөөн түлхүүр хүлээлгэж өгөн талбайг орхин гарсан. Энэ нь ...-ийн өөрийн гарын үсэгтэй талбай хүлээлцэх актаар нотлогдож байдаг.Бидний зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйл 8.11-т ...Гэрээний хугацаа дуусч талууд гэрээг цааш үргэлжлүүлэхгүй байхаар харилцан тохиролцсон бол гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дотор түрээслэгч түрээсийн талбайг цэвэрлэж, эд зүйлсийг анх шилжүүлэн өгсөн байдлаар нь ердийн элэгдлийг тооцон түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгнө.Түрээсийн талбайг хүлээлгэн өгөх өдөр хүртэл түрээсийн төлбөр тооцогдоно..." гэж заасан байгаа.
Мөн ....-гийн тавьсан хөл хорионд байсан үеийн төлбөрийг өгөх боломжгүй гэх хүсэлтийг харгалзан бидний зүгээс зөвхөн талбай ашигласан хугацааны төлбөрийг тооцон гаргаж, бүх нийтийг хамарсан хөл хорионд байсан үеийн хоногуудыг хасан ойлгомжтой байдлаар тооцсон үнэн дүнг гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.Тодруулбал:Улсын хэмжээнд нийт тогтоосон хөл хорионд байсан хугацааг дурдвал:2020 оны 11 дүгээр сарын 1З-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл.Энэ хугацаанд талбай ашигласан өдрийг тооцвол:2020 он 11 дүгээр capд 13 хоног ажилласан, 2020 он 12 дугаар capд 10 хоног ажилласан, 2021 он 1 дүгээр capд 21 хоног ажилласан, 2021 он 2 дугаар capд 16 хоног ажилласан, 2021 он 3 дугаар capд хөл хорио байгаагүй, 2021 он 4 дүгээр capд 10 хоног ажилласан байна./талбай хүлээлцсэн 2021 оны 05 сарын 11-ны өдөр хүртэл 10 хоног бодсон 5 сарыг оруулж бодоогүй/.Хүснэгтэд ажилласан хоногийг тооцсон үнэн дүнг харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээгээр хавсаргасан. Тус үнийг бодохдоо бид алданги торгууль бодоогүй болно. Үүгээр манай зүгээс 15 120 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 866 667 төгрөгийг багасган 8 253 333 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна.Иймд Иргэний хуулийн 326 дугаар зүйл мөн хуулийн 227 дугаар зүйл мөн хуулийн 295 дугаар зүйл 295.4 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3 дахь хэсэг ...Түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түрээслүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн арилгана... болон 8.11 дэх хэсэгт ...Түрээсийн талбайг хулээлгэн өгөх өдөр хүртэл түрээсийн төлбөр тооцогдоно... гэж тус тус зааны дагуу хариуцагч ...-аас талбай ашигласан хугацааны үлдэгдэл төлбөр буюу гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай байгууллагад учирсан хохирол болох 8 253 333 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .... ХХК-ийн ... худалдааны төвийн нэг хэсэг буюу 2 давхарт байрлах талбайг "Бэлэн хувцасны худалдаа" зориулалтаар 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан.Бид гэрээг сунгахад гарын үсэг зурж сунгаагүй автоматаар сунгагдсан байсан, 2020 оны 10 сард өвлийн бараа татан авалт хийгээд хол хорио тавиад бараагаа борлуулж чадаагүй. Шинэ жилийн өмнө 12 сард бараагаа буулган бид гарлаа гэдгээ хэлсэн. Тухайн үед бид албан бичгээр хандаж гарах ёстой гэдгийг мэдээгүй учраас гарахдаа албан бичгээр хандаад хүлээлгэж өгөх байсан.Бид гарахдаа түрээсийн талбайг бүрэн сулласан байсан ч дотор нь тавилга болон тохижилтын тоног төхөөрөмжөө үлдээсэн байсан.Тэр үед дэлгүүрийн менежер Алтай гэдэг хүнд гарна гэдгээ хэлж байсан.Үлдээсэн тавилга болон бусад зүйлээ зараад нэхэмжлэгчийг хохиролгүй болгох гэсэн бодолтой байсан.Анх түрээсийн гэрээ байгуулахад нэхэмжлэгч байгууллага 1 400 000 төгрөгийн барьцаа хөрөнгө гээд барьцаалсан.Барьцаа хөрөнгө болох 1 400 000 төгрөгийг 5 500 000 төгрөгөөс хасаж өгөх саналтай байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч ...-аас түрээсийн гэрээний үүрэгт 15 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагын дүнг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр багасган 8 253 333 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээслэгчийн хүсэлтээр нэг сарын түрээсийн төлбөрийг 1 400 000 төгрөг болгосон, улсын хэмжээнд хөл хориотой байсан хугацааны түрээсийн төлбөрийг хасаж тооцсон, мөн алданги тооцоогүй, манайх түрээсийн эд хөрөнгөө 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ...-аас хүлээн авсан тул түрээсийн төлбөрт 8 253 333 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн ажлын байранд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 5 500 000 төгрөгийг төлнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
.... ХХК нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө гудамж, 44/5 тоотод байршилтай, ... тоот гэрчилгээний дугаартай, ... улсын бүртгэлийн дугаартай, 3590 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч ....-д 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нэг сарын 1 740 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан үндэслэлд нийцэж байна./хх-7, 9, 10, 11/
Гэрээний 8 дугаар зүйлийн 8.11-т Гэрээний хугацаа дуусч, талууд гэрээг цааш үргэлжлүүлэхгүй байхаар харилцан тохиролцсон бол гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дотор түрээслэгч түрээсийн талбайг цэвэрлэж, эд зүйлсийг анх шилжүүлэн өгсөн байдлаар нь ердийн элэгдэл хорогдлыг тооцон түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгнө.Түрээсийн талбайг хүлээлгэн өгөх өдөр хүртэл түрээсийн төлбөр тооцогдоно гэж талууд тохирсон байна.
Нэхэмжлэгч байгууллагад түрээсийн эд хөрөнгийг ... нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгсөн тухай баримтад зурагдсан хариуцагчийн гарын үсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргахгүй байна./хх-23/
Нэхэмжлэгч байгууллага нь түрээслэгчийн хүсэлтийг харгалзан түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан, цар тахлын улмаас бүх нийтийн хөл хориотой байсан хугацааны төлбөрийг хасч тооцсон, гэрээгээр тохирсон алданги шаардаагүй байх байхад Ж.Санжаа нь түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 8 253 333 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан ...-.гаас 8 253 333 /найман сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж ... ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...-гаас 147 003 төгрөгийг гаргуулан ...-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН